Д.Нонна багш - бидний үлгэр дуурайл

Амьдралынхаа 40 гаруй жилийн хугацаанд бага насны хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын асуудалд ухаан бодол, сэтгэл, зүтгэлээ зориулан ирсэн, одоо ч бидэнд үлгэр дуурайл болон ажиллаж байгаа Д.Нонна багшийнхаа тухай хэдэн үг тэрлэхээр шийдлээ. Тэрбээр Монгол улсад орчин үеийн хүүхдийн цэцэрлэгийг хөгжүүлэх, багшлах болон удирдах боловсон хүчин бэлтгэх, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр боловсруулах, бага насны хүүхэд, эцэг эхэд зориулсан ном, гарын авлага бүтээх гээд өргөн хүрээний ажил хөдөлмөр эрхэлсээр ирсэн нөр их хөдөлмөрч хүн билээ.

Юуны өмнө Д.Нонна багшийн амьдралын замнал руу нь бага боловч өнгийн харъя.

Амьдралын замнал

Д.Нонна багш 1935 оны 5 дугаар сарын 30-нд Дашзэвгийн анхны охин болон Москва хотод төрсөн, гахай жилтэй. 1942-1951 онд Улаанбаатар хотын орос 1 дүгээр сургуулийн бага, бүрэн бус дунд сургуулийг төгсжээ.

УБДС-ийн оюутнууд, 1956 он.

  1953-1957 онд Улсын багшийн институтыг орос хэлний багш мэргэжлээр төгсөж, 1957 оны 8 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотын Багшийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллахын сацуу 1959-1962 онд цэцэрлэгийн мэргэжилтэн В.Ф.Максаковагийн орчуулагчаар хавсран ажилласан байна.

1962-1963 оны хичээлийн жилд Цэцэрлэгийн багшийн сургууль Багшийн сургуулиас тусгаарлан гарахад Д.Нонна багш орос хэлний болон сургуулийн өмнөх насны хүүхдийн дүрслэх урлаг, байгаль заах арга зүй, гэр ахуйн хичээлийг давхар зааж байсан аж. Ингээд 1963-1967 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуульд суралцан сургуулийн өмнөх сурган, сэтгэл судлал, арга зүйч мэргэжлээр төгсөж ирсэн.

Эрхүүгийн УБДС-ийн оюутнууд, 1963 он.

1967-1970 онд Ардын Боловсролын яамны боловсон хүчний хэлтэс ба Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэст мэргэжилтэн, 1970-1981 онд СХУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1981-1990 онд Ардын Боловсролын яаманд хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад, 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

Д.Нонна багш хэдийгээр тэгэвэрт гарсан ч 1991-1994 онд нийслэлийн 147 болон 122 дугаар цэцэрлэгүүдэд арга зүйч багш, Монген сургууль, Америкийн гэр цэцэрлэгт зөвлөх багшаар ажиллаж байсан. Мөн “Өүлэн ээжийн төв” ТББ байгуулж, цэцэрлэгт хамрагдаагүй олон хүүхдийг сургуульд бэлтгэх буянтай үйлийг хийж ирсэн билээ.

Миний мэдэх Д.Нонна багш

Д.Нонна багш бол ясны хөдөлмөрч хүн дээ гэж юуны өмнө хэлмээр байна. Өдгөө 70 гаруй насыг насалсан ч зүгээр сууна гэж үгүй. Уншиж судлах, бичиж боловсруулах, багш нарт зөвлөн туслах, уулзалт ярилцлага, ахмадын ажилд оролцох гээд байнга завгүй. Сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон  “насан туршийн боловсрол” буюу хүн бол хүүхэд ахуйгаасаа эхлэн насан эцэстлээ байнга суралцан хөгжиж, дэвжин дээшилж байх ёстой гэсэн үзэл санааг амьрал дээр хэрэгжүүж буй биет төлөөлөгч.

Орос хэл бол Д.Нонна багшийн бараг төрөлх хэл нь гэлтэй. Орос хэлээр гарсан сэтгүүл, ном хэвлэл, сүүлийн үед мөн вэбсайтуудын идэвхтэй хэрэглэгч. Хувийнх нь онцлогоос дурдахад сайн хань, сайхан ээж, эмээ. Өмсөж зүүхээ тохируулж биеэ сайхан авч явна, жимс, ногоо ургуулж арчлахдаа гаргуун, олон төрлийн амтлаг сайхан хоол, зууш, ундаа, нарийн боов хийнэ. Шулуун шударга, няцаж шантраад байдаггүй, санаж бодсоноо шууд л хэлчихнэ. Энэ нь зарим хүний дургүйг хүргэдэг ч байж болох. 

Ойрын жилүүдийнх нь ажил Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын түүхийг судлах, бичиж цэгцлэх, мөн энэ салбарын тулгын чулууг тавилцаж, ажиллаж байсан ахмад хүмүүсийнхээ түүх, дурсамжийг бичихэд голлон чиглэж байна. Саяхан Д.Нонна багшийн “Монгол улсын сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь” ном хэвлэгдэн гарсан нь хойч үедээ үлдээж буй үнэ цэнэтэй бүтээл юм. Одоо энэ түүхэн зохиолд бичигдсэн зарим зүйлсийг үргэлжлүүлэн нарийвчлан судлах, зарим материалыг интернетэд тавьж олны хүртэл болгоход цаг заваа заран сууна.  

Багшийн багшийн багш

Д.Нонна багшийн багшлах ажил дээр дурдсанаар өдгөөгөөс хагас зуун жилийн тэртээ эхэлсэн. Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуулийн анхны багш нарын нэг.  

Багшийн сургуулийн багш нар, Д.Нонна, Монгол улсын гавьяат багш Б.Сэмжид, 1961 он.

Тэрбээр 1957-1963 онд Багшийн сургууль, Цэцэрлэгийн багш бэлтгэх сургуульд багш, мөн дараа нь удирдах болон эрдэм шинжилгээний ажил хийх явцдаа УБДС, Цэцэрлэгийн багшийн сургууль, “Лаавай” дээд сургуулийн цэцэрлэгийн ангид цагийн багшаар ажиллан нийт 40 шахам жил багшийн ажил хийж ирсэн. Түүний бэлтгэж гаргасан олон хүмүүжүүлэгч багш, эрхлэгчид манай орны өнцөг булан бүрт амжилттай ажиллаж ирснээс заримыг нь дурдахад Л.Балжид, С.Урмаа, С.Майдаржав нар нь “Монгол улсын гавьяат багш” цол хүртсэн билээ. Шавь нар нь ч дараагийн үеийн багш нараа дадлагажуулан бэлтгэсээр. Ийнхүү Д.Нонна гэсэн нэрийн ард “багш” гэж хэлдэггүй хүн энэ салбартаа л үгүй билээ.

Аймгуудаас мэргэжил дээшлүүлэхээр ирсэн цэцэрлэгийн багш нар, 1969 он.

1976 оноос багш нарын мэргэжил дээшлүүлэх курсэд ирсэн (таван жил тутамд цэцэрлэгийн багш, эрхлэгчид мэргэжил дээшлүүлэх 1 сарын курсэд хот, хөдөөнөөс ирдэг байсан) цэцэрлэгийн багш нарт сургалтын шинэ технологийг эзэмшүүлэх зорилгоор ЗХУ-ын нэрт сэтгэл судлаач А.В.Запорожцын нэрэмжит эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтдийг урьж, сургуулийн өмнөх боловсролд гарч байгаа шинэлэг зүйл болон туршлагаас 1 сарын семинар-сургалт явуулж, тэдэнтэй тогтмол холбоотой ажиллан өөрийн орны цэцэрлэгийн багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлдэг байсан тул 1988 онд СССР-ийн Гэгээрлийн яамны “ПОЧЁТНАЯ ГРАМОТА” (хүндэт жуух)-аар шагнуулж байв.

Д.Нонна багш гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа 1994 оноос “Өүлэн ээжийн төв”- төрийн бус байгууллага байгуулж, олон улсын байгуллага болох “Английн хүүхдийг ивээх сан”-тай хамтран цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг сургуульд бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлэн Улаанбаатар хотын гэр хороолол, Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймаг, Дархан хотын цэцэрлэгт хамрагдаагүй 22000 хүүхдийг сургуульд бэлтгэн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид амжилттай элсүүлсэн. Ийнхүү тэрбээр бяцхан хүүхдүүдийн багш, мөн тэдний багшийн багшаар ажилласаар ирэв.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо, Улиастай дахь “Өүлэн ээж”-ийн гэрийн сургалт, 1999 он.

Эрдэм шинжилгээний ажилтан, түүний бүтээл туурвал

Д.Нонна багш 1970-1981 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа сургуулийн өмнөх 0-6 настай хүүхэд дээр судалгаа хийж, түүн дээрээ тулгуурлан цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгон 1976 онд “Цэцэрлэгийн хүмүүжил сургалтын программа”, 1982 онд шинээр “Яслийн хүүхдийн хүмүүжил сургалтын программ”-ыг  орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтарч боловсруулж гаргасан.

1986 онд “Сургуулийн өмнөх 0-8 насны хүүхдийн хүмүүжил, сургалтын программ” бүтээлийг холбогдох хүмүүстэй хамтран гаргасан. Энэхүү хөтөлбөрт 3-7 насны монгол хүүхдийн үгийн санг нэмэгдүүлэх асуудлыг судалж тусган мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг мал аж ахуйтай танилцуулах агуулгыг 1-7 насны хүүхдэд ямар дэс дараатай эзэмшүүлэх аргыг судалж, боловсруулан оруулсан нь шинэлэг зүйл байв.

1986 оны сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт гарын авлагууд нэн хэрэгцээтэй байсан тул оросын эрдэмтдийн заах аргын гарын авлагаас зохиомжлон орчуулж, мөн  өөрийн орны онцлог дээр тулгуурлан багш нарт зориулсан зарим гарын авлагыг боловсруулан гаргах ажил хийгдсэн. Тухайлбал, Д.Нонна, Ц.Удэрпил, Д.Пунцаг, Ванчиг нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, Д.Нонна, П.Дулмаа нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдийг байгальтай танилцуулах арга зүй”, Д.Нонна, Га.Цэрэндорж нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд биеийн тамир заах арга зүй” гэсэн номуудыг дурдаж болох юм. Мөн Ж.Лхагвасүрэн, А.Батжаргал нарын “ Сургуулийн өмнөх насны хүүхдэд дуу хөгжим заах арга зүй”, Ш.Гандолгор, Ч.Түмэндэлгэр нарын “Сургуулийн өмнөх насны хүүхдэд дүрслэх урлагын хичээл заах арга зүй” гэсэн заах аргын анхны гарын авлагуудыг дурдаж болно.  

СХУ-ны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахмад ажилтнууд, 2009 он.

Д.Нонна багш 1970 оноос сургуулийн өмнөх насны хүүхдэд уншиж өгөх уран зохиолыг сонгон түүвэрлэж, зохиолуудын агуулга нь хүүхдэд хэр ойлгомжтой, хүмүүжлийн ач холбогдол, хэллэг, үгийн давтамж, хэмжээ, үгийн утга зэрэг нь энэ насныханд хэр зохицохыг судалсны үндсэн дээр 1-7 настай хүүхдэд зориулан “Багачууддаа уншиж өгөөрэй” 1, 2 ном гаргаж, түүнийгээ 2 удаа хэвлүүлэн цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг эхийн гарын авлага болгосон.

Нийслэлийн Ажилчны районы ажилчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Засгийн газраас 1977 оноос хүүхдийн цэцэрлэгүүдэд орос хэлний сургалт явуулах шийдвэр гарахад сургалт хүмүүжлийн хөтөлбөрийг орос хэл дээр гаргах шаардлага гарч, Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан дэд эрдэмтэн Шодорова Заяа, хүрээлэнгийн захирал С.Гадинжидийн хамт орос хэлний сургалтын хөтөлбөр боловсруулан гаргаж, Ажилчины районы 46, 53, 28, 27 дугаар цэцэрлэг дээр туршилт явуулж байв. Үүний үр дүнд ерөнхий боловсролын 18 дугаар сургууль (захирал нь Гэгээрлийн яамны орлогч сайд  агсан Галсан) орос хэлний сургалттай сургууль болж, цэцэрлэгт орос хэлний бэлтгэл хийсэн хүүхдийг тэнд элсүүлэн сургаж эхэлжээ.

Хүүхдэд зориулсан хөдөлгөөнт тоглоом ховор, эрэлт хэрэгцээ их байсан тул Д.Нонна багш 1979 онд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийн 88 хөдөлгөөнт тоглоом боловсруулж, заах аргын захидлаар орон нутгийн цэцэрлэгүүдэд хүргүүлж байсан байна.

1970 оноос эхлэн хүүхдийг сургуульд бэлтгэх, ялангуяа гэр хорооллын болон малчдын цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдэд сургуульд элсэхэд нь тулгарч байсан бэрхшээл, тэднийг хэрхэн сургуульд бэлтгэх асуудлыг судалж, түршсаны үр дүнд 1974 онд Сайд нарын зөвлөлийн 20 дугаар тогтоол гаргуулж, улсын хэмжээгээр сургуульд орох нийт 7 настай хүүхдийг сургууль дээр заавал 1 сарын бэлтгэл хийлгэж байж сургуульд элсүүлэх асуудлыг шийдсэн юм. (энэ үйл ажиллагаа 2007 зогссон)

Төрийн ажилтан

1981-1990 онд Д.Нонна багш сайдын томилолтоор Ардын боловсролын яамны “Хүүхдийн цэцэрлэгийн хэлтэс”-ийн даргаар Д.Лхагсүрэн, Ш.Гандолгор, Ч.Орломжав, Ч.Балжиням зэрэг мэргэжилнүүд (би ч мөн хамт ажиллаж байсан)-тэй нэг баг болон ажиллаж байхдаа хүүхдийн цэцэрлэгийг нэмэгдүүлэх, барилгажуулах, албан газрын цэцэрлэгүүдийг хөгжүүлэх, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог өсгөх, цэцэрлэгийн материалаг баазыг сайжруулах, цэцэрлэгийн багш нарын чадвар чансааг сайжруулах, сургуулийн өмнөх боловсролын салбарт дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх, олон улсын семинарт монголын сургуулийн өмнөх боловсролын хөгжлийг сурталчлах, үндэсний багш нарын туршлагыг сурталчлан хэрэгжүүлэх, цэцэрлэгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдэх, цэцэрлэгийн хүмүүжил сургалтын агуулгын туршилт судалгааг боловсронгуй болгох, цэцэрлэгийн заах аргын ном, гарын авлага боловсруулан хэвлүүлж багш нарт хүргэх зэргээр монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүрхээ өгч, сургуулийн өмнөх боловсролыг хөгжүүлэхийн төлөө хүч хөдөлмөрөө зориулан ирсэн нэгэн.

Тэрбээр “Би Боловсролын хүрээлэн болон яаманд байхдаа 18 аймгийг 2-3 удаа тойрч, аймгийн төв болон сумдын цэцэрлэг бүрт очиж, багш нартай нь уулзан тэдний санал хүсэлтийг авч, зөвлөн тусалж байсан” хэмээн ярьж байсан.

Гэгээрлийн яамны Боловсролын хэлтсийн дарга нарын үзлэг, Хатгал хот, 1970 он.

Д.Нонна багш 1982 онд “Боловсролын хууль”-ийг боловсруулах үед хуулийн  хоёрдугаар бүлэг болох “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил” гэсэн бүлгийг боловсруулан оруулсан нь сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин бүрдэх чухал суурь болсон.  

Хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ 1986 онд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 421 дүгээр тогтоол боловсруулан гаргасан нь хүүхдийн цэцэрлэгүүдийг нэмэгдүүлэн хөгжүүлэх, цэцэрлэгийн боловсон хүчнийг чанаржуулах, аймаг орон нутгийн удирдлага, ард иргэдийн анхаарлыг хүүхдийн ясли, цэцэрлэг рүү хандуулах, үйлдвэр, албан газар бүр ажиллагсдынхаа хүүхдэд анхаарал халамж тавихад ихээхэн түлхэц үзүүлсэн. Энэхүү тогтоол хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсрол тогтвортойгоор хөгжиж, иргэдээс бага насны хүүхдэд тавих анхаарал сайжирч, орон нутагт үйлдвэр албан газруудын цэцэрлэг олноор байгуулагдан хүүхдийн хамралтын хувь нэмэгдсэн юм.

Тэрбээр Ардын боловсролын яамны хүүхдийн цэцэрлэгийн хэлтсийн дарга агсан Э.Кармын үйл ажиллагааг ийнхүү үргэлжлүүлэн авч явахын зэрэгцээ Хүүхдийн төлөө фондын зөвлөлийн гишүүний үүргийг давхар хариуцаж, 1982-1984 онд Цэдэнбал-Филатова А.И.-тай хамтран цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсний хангамжийг сайжруулах, багш нарын ажлын хуваарь гаргах, өнчин хүүхдийн цэцэрлэгийн орон тоо батлуулах, тэнд ажиллах багш нарыг сонгон ажиллуулах зэрэг олон асуудлыг шийдэж байсан.

Манай улс 1988 онд дайнд нэрвэгдсэн Афганистаны 27 өнчин хүүхдийг 2 багшийн хамт хүлээн авч, Улаанбаатар хотын өнчин хүүхдийн 58 дугаар цэцэрлэг дээр 2 жил асран сувилж, ая тухтай байлган 1990 онд тэднийг эрүүл энх нутаг буцаасан билээ. Үүнд Д.Нонна багш тэдгээр хүүхэдтэй ажиллах цэцэрлэгийн багш нарыг сонгох, өвчтэй хүүхэд олон ирсэн тул тэднийг эмчлүүлж эрүүлжүүлэхэд Эх нялхсын газар, халдвартын эмнэлэгтэй хамтран ажиллах зэргээр ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан билээ.  

Нийгмийн зүтгэлтэн

Д.Нонна багш 1994 оноос “Өүлэн ээжийн төв” төрийн бус байгуулага байгуулж, Английн хүүхдийг эвээх сан, Монголын хүүхдийн эрхийн төв, Хатагтай нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллага, Сонгинохайрхан дүүргийн Гэгээрэл төв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүргийн зарим хороо, нийслэл, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь аймгийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Энэ байгууллагынхаа шугамаар цэцэрлэгт хамрагдах боломжгүй малчдын болон гэр хорооллын хүүхэд болон эцэг эх, явуулын багш нарт зориулсан 11 төрлийн гарын авлага боловсруулан холбогдох хүмүүс, хүүхдэд хэрэглүүлж ирсэн.

Алтан гадаас одонгоор шагнуулав, 2007 он.

Тэрбээр “хүн болохын учир” сэдвээр сургалтын төлөвлөгөө, зөвлөмж заах аргын захидал боловсруулж багш нарт хүргэх, интернетээс бусад орны сургуулийн өмнөх боловсролд гарч байгаа шинэлэг арга барилаас орчуулан багш нарт хүргэх, мөн асуудал хөндсөн өгүүллээрээ болохгүй зүйлсийг “чимхэх”  (...вэбсайт ажиллуулдаг), сурагчдад хүн болох тухай яриа, лекц хийх, хүүхэд, эцэг эх, багш нарын дунд ярилцлага зохион байгуулах зэрэг олон талт ажлыг амжуулсаар явна.

Д.Нонна багш “Өүлэн эхийн оюуныг бадрах клуб”-ын удирдах зөвлөлийн гишүүн Л.Нарантуяатай хамтран 2007 оноос одоог хүртэл дүүрэг, аймаг орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, эцэг эх, эмээ өвөө, ахмадууд, хорооны хөдөлмөрчдийн дунд “Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн оролцоо”, “Хүн болохын учир”, “Хүүхэдтэй хэрхэн яаж харьцах, гэр бүлийн гишүүдийн харьцаа”, “Эрүүл явахын учир” зэрэг “Гэр бүлийн зан байдал төлөвшилтийн цогц сургалт” сэдвээр нийт 150 байгуулага 25000 хүнийг хамарсан сургалт хийсэн байна.

Мөн тэрбээр Монголын Боловсролын ахмад удирдах ажилтны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ахмадын багш нарын олон нийтийн ажилд идэвхтэй оролцогч.

“Шинэ жил”-ийн баяраар, 2011 он, зүүн гар талаас: Д.Рая, Д.Нонна, М.Намжилсүрэн, Д.Нансалмаа

Ийнхүү Д.Нонна багш бол Монгол улсын хүүхэд багачууд, тэдний багш нарын сайн сайхны төлөө, сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн төлөө өөрийн бүхий л мэдлэг, чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан ажилласаар ирсэн бид бүхний үлгэр дуурайл билээ.

Бидэндээ “Мятаршгүй Жулиа” болсон багш Тандаа эрүүл энх, сайн сайхан бүхэн, урт удаан наслахыг хүсэн ерөөе!

 

Н.Норжхорлоо