Боловсролын арга хэмжээний үр нөлөө, үр дүнд нарийвчилсан ажиглалтын оруулах хувь нэмэр

МУБИС-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ жил “Боловсролын чанар, үр дүн” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болсон энэхүү хуралд Монголоос гадна АНУ, Герман, Итали, ОХУ, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Конго зэрэг есөн орны 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, “Боловсролын үйлчилгээний чанар, үр дүн”, “Боловсролын чанар, үр дүнгийн хэмжилт, үнэлгээ”, “Боловсролын чанар, үр дүнгийн баталгаажуулалт” сэдэвт гурван салбар хуралдаанаар илтгэлээ хэлэлцүүлэв.

Салбар хуралдаанд Др.Бернхард Нагел (ХБНГУ, Бавар муж, Бага насны хүүхдийн судалгааны улсын институт)-ийн СӨБ-ын үр нөлөө, үр дүнтэй холбогдох асуудлаар тавьсан илтгэлтэй танилцана уу.

Хураангуй

Харьцуулсан судалгаанууд (жишээлбэл: PISA)-ын нөлөөгөөр оролцогч олон улс орон боловсролын системын үр нөлөө (Effectiveness), үр дүн (efficiency) болон сурган хүмүүжүүлэх арга зүйн асуудлыг сургуулийн түвшинд авч үзэж хэлэлцэх болсон хэдий ч сургуулийн өмнөх боловсрол үүнд орхигдсоор ирсэн. Энэ нь зарим талаар сургуулийн өмнөх боловсролын эзлэх байр суурьтай холбоотой ч, гол нь хүүхдэд тохирсон, ээлтэй арга ажиллагаанаас шалтгаалж байв.   

Нарийвчилсан ажиглалт нь хялбархан арга замаар маш олон тооны хүүхдийн хөгжлийн талаар үнэн зөв, бодитой мэдээлэл авахад тохиромжтой арга юм. Энэ нь мөн боловсролын бодлогын арга хэмжээг хүүхдийн хөгжилтэй уялдуулан судлах чухал нөхцөлийг бүрдүүлдэг.

Нарийвчилсан ажиглалтын мэдээллийн тусламжтайгаар сургуулийн өмнөх боловсролын салбарт авах арга хэмжээний үр нөлөө ба үр дүнд хэрхэн нөлөөлж болохыг хүүхдийн хөгжлийн “Ажиглалтын хуудас”-ын Монголын жишээ болон Үйл ажиллалгааны  үр нөлөө, үр дүнд зориулан цэцэрлэгт нэмэлт санхүүжилт олгосон нэгэн судалгааны жишээгээр харууллаа.

 

I           Үр дүн (efficiency) ба үр нөлөө (Effectiveness)

Сургуулийн өмнөх боловсролд авсан арга хэмжээний үр дүн (efficiency), үр нөлөө (Effectiveness) ямар байна вэ гэсэн асуудалд юуны өмнө үр нөлөө (Effectiveness)-тэй холбогдох асуулт гарч ирдэг: Тухайлбал,"Бүтцийн, материаллаг болон хүн хүчний талаар авсан арга хэмжээ нь хүүхдийн хөгжил, боловсролд мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлж чадсан уу?” Харин үр дүн (efficiency)-тэй холбогдох асуулт бол дараах байдлаар тавигдана: “Бүтцийн, материаллаг болон хүн хүчний талаар авсан арга хэмжээ нь хүүхдийн хөгжил, боловсролд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр аль болох сайн үр дүнтэйгээр зохион байгуулагдаж чадсан уу?”   

Бүтцийн чанар (бүтцийн болон техникийн орчин нөхцөл) ба үйл явцын чанар (амжилт гаргасан байдал, мөн тухайн үйл явцад хамрагдсан мэргэжлийн хүмүүс, эцэг эхийн реакци)-ийг харьцангуй сайн тогтоож болох ч, үүнийг үр дүнгийн чанар (мэдэгдэхүйуц амжилт эсвэл бүтэлгүйтэл) гэж үзэхэд төвөгтэй.

Сургуулийн хувьд бол ихэвчлэн сурлагын амжилтын сорил, шалгалтын дүнгээр тухайн ангид тавьсан зорилго хэрэгжсэн эсэхийг авч үздэг. Энэхүү сорилуудаар анги эсвэл сургуулиудыг харьцуулан судалж болдог.  

Энэхүү үйл явц сургуулийн өмнөх боловсролд илүү төвөгтэй бөгөөд энэ нь олон оронд заавал хэрэгжүүлэх куррикулим байхгүй, харин чадамжид чиглэсэн сургалт, хүмүүжлийн хөтөлбөртэй байдагтай холбоотой.  Өөрөөр хэлбэл, энэ нь хүүхдийг насных нь хөгжил болон авьяас чадварт тохируулан аль болох ихийг чаддаг болоход дэмжлэг үзүүлдэгтэй холбоотой.  

Дараах зургаас сурган хүмүүжүүлэх ажлын чанар нь бүтцийн, материаллаг болон хүн хүчний орчин нөхцөлөөс хэрхэн хамаардгийг харж болно. Сурган хүмүүжүүлэх ажлын чанар нь эргээд хүүхдийн хөгжилд нөлөөлдөг. Сургуулийн өмнөх боловсролын бодлогын арга хэмжээнүүд нь сургалтын чанарыг сайжруулах замаар хүүхдийн хөгжилд аль болохоор сайн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэх ёстой. 

Арга хэмжээнүүд хүүхдийн хөгжлийг дэмжин үр нөлөө (Effectiveness)-тэй байсан уу?, Арга хэмжээнүүд хүүхдийн хөгжлийг сайжруулан үр дүн (efficiency)-тэй байсан уу? гэсэн асуултын хариултыг олоход тодорхой арга зүй шаардагддаг. Энэхүү арга зүй нь хүүхдийн хөгжлийн стандартчилагдсан баримтжуулалт юм. Баримтжуулсан мэдээллүүдийг хооронд нь харьцуулахаас гадна хэд хэдэн жилийн мэдээллийг ашиглан авсан арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлснийг тогтоож болдог.  Үүнд ерөнхийдөө тест ба ажиглалтын арга хэрэглэгддэг.

 

II          Тест ба ажиглалтын арга

Бүхий л аргуудыг авч үзэхэд тэдгээрийн чанарын асуудал хамгийн чухал. Үүнд ялангуяа дараах асуудлууд шийдвэрлэх нөлөөтэй:  

  • Онолын баталгаажуулалт: Арга нь сүүлийн үеийн судалгааны үр дүнгийн түвшинтэй нийцсэн байвал зохино. Өөрөөр хэлбэл энэ нь хамгийн сүүлийн үеийн мэдлэгийн түвшинд байх бөгөөд шинжлэх ухааны хүлээн зөвшөөрөгдсөн онолоор баталгаажсан байна.
  • Эмпирик хамгаалалт: Энэ нь судлагдсан арга уу? Энэ арга нь "бодитой", "найдвартай байдал", "хүчин төгөлдөр" зэрэг чанарын шалгуурыг хангаж байна уу? Асуултуудын сонголт, хамралт нь хүүхдийн “хөгжлийн чиглэлүүд”-ийг харуулж, бүрэн тусгасан байна уу?       
  • Анхан шатны боловсрол (СӨБ)-ын сургалтын хөтөлбөртэй  нийцэх: Тухайн арга нь сургалтын хөтөлбөрт тусгагдсан боловсролын зорилгууд болон байгууллагын сургалтын үзэл баримтлал, онцлогтой холбогдох шаардлагатай агуулгыг агуулсан байна уу?
  • Практик дахь зохицолгоо: Арга нь хэрэгжүүлэхэд хэр зэрэг хүндрэлтэй вэ? Энэ нь цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажилд дэмжлэг үзүүлэх үү? Цэцэрлэг дэх мэргэжлийн хүмүүс болон эцэг эхчүүдэд хэр ойлгомжтой вэ? Энэ нь “лабораторийн нөхцөл байдал”-ыг шаардах уу, эсвэл үүнийг өдөр тутмын амьдралтай уялдуулж болох уу? Мэргэжлийн ямар компетенциүд шаардагдах вэ? Хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдөх бол?  

Бага насны хүүхдийн хүрээнд уламжлалт тестийн аргыг стандартчилагдсан ажиглалтын аргатай харьцуулахад уламжлалт тестийн аргын сул талууд амархан тодорч харагдана.   

Тестийн сул тал

  1. Төдийлөн тохиромжтой бус тестийн аргууд
  2. Бага насны хүүхэд тестийн нөхцөл байдалд дасаагүй байдаг.  Иймд хүүхдүүд амжилт гаргах жинхэнэ чадвараа харуулахгүй байх аюултай
  3. Хүүхдийг тестээр шалгахад ганцаарчлан ажиллах шаардлагатай тул ачаалал ихтэй
  4. Хүүхдүүдээс ангиар нь тест авахад олон тооны зориуд сургагдсан мэргэжлийн хүн шаардагддаг учраас эдийн засгийн хувьд үрэлгэн

 

Нарийвчилсан ажиглалтын давуу тал

  1. Ажиглалтыг явуулах тодорхой зааварчилгатай
  2. Хүүхдийн хөгжлийн чиглэлүүдээр ажиглах тодорхой асуултуудтай
  3. Ажиглалтын салбарууд нь тодорхой
  4. Ажиглалтын агуулгуудыг тодорхой дурдсан
  5. Явц нь стандартчилагдсан тул харьцуулах боломжтой
  6. Ажиглагч багш нь стандартчилагдсан сургуулилттай
  7. Тоон болон чанарын талаас нь нэгтгэн дүгнэж болдог
  8. "Ажиглалтын мэдлэг"-ийг бичиж тэмдэглэж болдог
  9. Өдөр тутмын амьдрал дунд ажиглаж болдог, лаборатори шаардахгүй
  10.  Ажиглалтыг удирдан явуулж болдог
  11. Мэргэжлийн хамгаалалт хийхэд амархан
  12. Явц болон үнэлгээг нь амархан харьцуулах боломжтой
  13. Үр дүнг харуулахад хялбар
  14. Янз бүрийн цаг хугацаанд хийсэн ажиглалтыг амархан харьцуулж болдог
  15. Ажиглалтын муруй шугам (raster) нь баг хамт олныг “нэг үг хэлтэй” байхад хүргэдэг
  16. Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийн ажигласан зүйлсийг амархан нэгтгэж, ангилан цэгцэлж болдог

 

III         Монголын ажиглалтын хуудас

Монголын цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг улс даяар ажиглан харьцуулж болохуйц стандартчилагдсан ажиглалтын аргыг боловсруулан хэрэглэсэн.  Ажиглалтын үр дүнг орон нутгийн хэмжээ (Жишээ нь: Хот-хөдөө)-нд түүнчлэн цаг хугацаа (олон жилээр)-гаар нь харьцуулах боломж бүрдсэн.  

Хүүхдийн хөгжлийн долоон чиглэлээр ажиглалт явагддаг: 

Энэ аргаар хүүхэд бүрийн хөгжлийн явцыг зөвхөн ганц бус, хэд хэдэн жилээр баримтжуулах боломжтой. Энэхүү стандартчилалаар хүүхдийн наснаас хамааралгүйгээр хөгжлийн ахицыг нь тогтоож болдог.  

Ийнхүү үүгээр зарчмын хувьд боловсролд авч буй арга хэмжээний өөрчлөлтийн нөлөөллийг судлан тогтоох боломжтой.

 

IV        Мюнхений судалгаа

Германы Мюнхен хотын цэцэрлэгүүдэд стандартчилагдсан ажиглалтын хуудсын тусламжтайгаар боловсролын бодлогын арга хэмжээнүүдийн нөлөөллийг тогтоох нэгэн судалгаа хийгдсэн. Мюнхений судалгааны зорилго нь нэмэлт санхүүжилтийн нөлөөллийг үнэлэхэд оршиж байв. Үүнд санхүүжилтыг янз бүрийн байдлаар зарцуулах боломжтой байсан бөгөөд тухайн санхүүжилтээр “Бүтцийн, материаллаг эсвэл хүн хүчний салбарт хийсэн ямар өөрчлөлт нь хамгийн их үр нөлөө (Effectiveness), үр дүн (efficiency)-тэй байна бэ?” гэсэн асуултад хариулт олох шаардлагатай байсан.

Дараах зураглалд (A) Байгууллагуудад олгосон нэмэгдэл санхүүжилт (B) Нэмэлт санхүүжилтын ашиглалт,  (C) Санхүүжилтээр хийсэн бүтцийн өөрчлөлт, (D) Сурган хүмүүжүүлэх ажлын чанарын сайжралт-янз бүрийн чиглэлээр, (E) Илүү өндөр чадамжтай хүүхэд гэсэн хэсгүүдийн харилцан нөлөөлөх гинжин холбоог харууллаа.

Хүүхдийн хөгжлийн мэдээлэл нь сайжирч байгаа зүйлсийн шалгуур үзүүлэлт болон ашиглагдсан.  Бүтцийн, материаллаг болон хүн хүчний чанарын шалгууруудаар мэдээллийг нэмж цуглуулах замаар хөгжлийн боломжуудыг сайжруулахад аль хүчин зүйл нь мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж байгааг мөн зарчмын хувьд тодорхойлох боломжтой байсан.

Хүүхдийн хөгжлийн түвшний мэдээллийг стандартчилагдсан ажиглалтын аргаар тогтсон цаг хугацаанд 3 удаа хүүхдийн хөгжлийн чиглэлүүдээр авч тогтоосон.

Бүтцийн, материаллаг болон хүн хүчний үйл явцын чанарын шалгууруудаар эерэг өөрчлөлтүүдийг тодорхойлох боломжтой. 

Хөдөлгөөн, нийгэмшил, сэтгэлийн хөдөлгөөн, сэдэл, хэл яриа, байгалийн шинжлэх ухаан, дүрслэх урлагын компетенцийн чиглэлээр хүүхдийн компетенци ба сонирхолд илэрхий ахиц гарсан нь статистик үзүүлэлтээр батлагдсан.

 

СӨБС-ийн удирдлага, багш болон судлаач мэргэжилтнүүд Др.Нагелийн хамт, 2018.05.05

 

--- о О о ---