Олон дүрийн том хүүхэлдэй

Манайх Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 7 дугаар цэцэрлэг. Надад анх том хүүхэлдэй хийх нэг аргачлалаар хүүхэлдэйний  олон дүрийг бүтээж болох юм гэсэн санаа төрсөн. Ингээд бид туулай, хулгана, баавгай, гүнж зэрэг олон хүүхэлдэй бүтээж ашигласан нь үр дүнгээ өгч, манай цэцэрлэгийн брэнд сургалтын хэрэглэгдэхүүн болж байгаа. Үүнийг хүүхдийн аль ч насанд ашиглаж болдог.

Энэхүү хүүхэлдэйг ашиглах нь хүүхэд үлгэр, өгүүллэгийн агуулгыг сэтгэл хөдлөлтэйгээр, сонирхон хүлээж авах,  үлгэр ярьж сурах, бодож сэтгэх, гар, хурууны хөдөлгөөнөө зохицуулах, хамтдаа дүр бүтээж тоглох зэрэг ач холбогдолтой.    

Хүүхэлдэй (туулай) хийх материал

  1. Толгой хийх бага зэрэг суналттай нейлонон цагаан даавуу, 20х30 см
  2. Их бие хийх суналттай даавуу, 35х30см
  3. Хормой хийх 3 өнгийн атлас, тус бүр 45х60 см
  4. Хамар, ам, нүүрний хэсэг хийх саарал, цагаан, хар, улаан өнгөтэй цэмбэн даавууны өөдөс
  5. Нүд хийх 2 ширхэг цагаан өнгийн тоглоомон шүр,бэлэн нүд 2 ширхэг
  6. Толгой, их биед чихэх хэмжээний синтофон

 

Бусад хэрэглэгдэхүүн

  1. Оёдлын машин
  2. Утас, том зүү
  3. Наахад хэрэглэдэг халаадаг буу, цавуу
  4. Хайч
  5. Харандаа
  6. Шугам

 

Хийх аргачлал

Хүүхэлдэйг хэрхэн хийхийг туулай хийх аргачлалаар танилцуулъя.

Толгой хийх

1. Толгой хийх цагаан  даавуугаа давхарлаж тавиад, дээр нь 36 см-ын  хэмжээтэй тойрог   зурна.

Ойролцоо хэмжээтэй сав ашиглан, амсрыг тойруулан зурсан ч болно.

 

2. Зураасны дагуу тойруулан хайчилна. Дараагаар нь хайчилж авсан 2 давхар дугуй даавууныхаа ирмэгийг тойргоос дотогш 0,5 см-ын зайтайгаар нийлүүлж оёно. Оёхын  өмнө тойрог дээрээ 5 см-ын зайтай хэмжээд, 2 талд нь босоо зураасаар тэмдэглэнэ. Энэ хэсгийг оёхгүй үлдээж, ам гаргана. 

 

3. Оёлгүй үлдээсэн  амаараа дотор нь синтофон хийнэ.

Синтофоноо сайтар чихэж толгойгоо хатуу, бөмбөг шиг хэлбэртэй болгож өгнө.

 

4. Нүд хийхдээ толгойны  2 талд  нүдний хэмжээ авч тэмдэглэнэ. 2 нүдний хоорондын зай  4 см байна.

 

5. Утас зүүгээ бэлтгэж утасны үзүүрийг зангидаад, зүүндээ нэг шүр сүвлэж тэмдэглэгээ хийсэн цэгээс цааш нь  нэвт хатгаж, зүүг нөгөө нүдний хэсгээр гаргаж ирнэ.

 

6. Утсаа чанга татаад, дахиж нэг шүрийг утсанд тогтооно. Утасны үзүүрийг 2 зангидна.

Ийнхүү туулайны толгойд 2 нүд хийх хонхорхой бий болно. Ямар ч хүүхэлдэйний нүд хийхэд энэ аргыг хэрэглэнэ.

 

7. Хамар хийхдээ саарал өнгийн эсгий даавуунаас 7х7см-ын хэмжээтэй эсгэж аваад, диагоналдан хайчилж гурвалжин болгоно.

 

8. Хайчилж авсан 1 гурвалжин эсгий даавууныхаа 2 ирмэгийг давхцуулан хуруувч хэлбэртэй болгож оёно.

 

9. Оёж дуусаад дотор нь бага зэрэг синтофон чихэж хийнэ.

 

10. Хийсэн хамраа толгой  дээр байгаа 2 шүр буюу нүдний голд, доохон талд нь халуун цавуугаар наана.

 

11. Наасныхаа дараа  хамрын үзүүрээс 2,5 см хайчилж авна. Ингэхэд хамрын үзүүр хавтгай болно.

 

12. Хамар дээр хар өнгийн эсгий даавууг 0,7 см орчим өндөртэйгээр гурвалжлан нааж өгнө.

 

13. Дараа нь улаан өнгийн эсгий даавуугаар долоовор хурууны өндөгний чинээ дугуй хайчлан хамрын хавтгай хэсэг дээрээ халуун цавуугаар наана.

 

14. Нүүрний өнгө оруулахын тулд толгойн дээд хэсэг буюу духны хэсэгт цагаан өнгийн эсгий даавуугаар оруулага нааж өгнө.  Оруулга нь толгойн оройны оёдол хүртэл байна. Амьтдын толгой өөр өөр хэлбэртэй  байдаг тул нүд, хамрын хэмжээг сайтар зохицуулан хийнэ. Зарим амьтанд оруулага оруулахгүй тохиолдол ч байдаг.

 

15. Эрүү болон шанааг саарал өнгийн эсгий даавуугаар нааж тодруулна. Эрүүний доод хэсгийг 3 хэсэгт хайчилвал толгойн хэлбэрт тааруулан хумиж наахад амархан болдог.

 

16. Нүдний хонхорхойн хэсэгт нүд наах суурь болгож, бага зэрэг синтафон наана.

 

17. Чих хийхдээ саарал өнгийн эсгий даавуу дээр 11,5 см урттай, 5 см өргөнтэй чих зураад хайчилж авна.

 

18. Толгойн дээд хэсэгт 2 чихээ байрлуулан халуун цавуугаар  наана. Цагаан өнгийн эсгий даавуугаар чихний дотор хэсгийг дүрслэн наана. Дараа нь хоёр нүдээ байрлуулж наана.

 

Тайлбар:  Нэг хүүхэлдэйний дээд, доод тал нь хоёр янзын толгойтой байна. Өөрөөр хэлбэл, нэг хүүхэлдэйгээр 2 өөр амьтан эсвэл 2 өөр хүн дүрсэлнэ.

 

Их бие хийх

1. Их бие хийх 30х35 см-ын хэмжээтэй бага зэрэг суналттай нейлонон даавууныхаа 2 захыг  давхарлан уртааш нь тавина. Даавуугаа зурагт харуулснаар давхар эсгэж авна.

 

2. Эсгэж авсан материалынхаа дээд, доод хэсгийг үлдээгээд хавсарч оёно.

 

3. Оёхгүй  үлдээсэн хэсгээр синтфоноо маш сайн чихэж  хатуу болгоно.

 

4. Цагаан болон шар өнгийн атласаар цамц хийнэ. Цамцаа дараах хэмжээгээр эсгэж, машиндаж оёно. Цээжний урт 13,5 см, цээжний тойрог 28 см, захны өргөн 4 см,  ханцуйны урт 10 см.

Нэг хүүхэлдэйгээр 2 өөр амьтан дүрслэх тул ийнхүү шар, цагаан өнгийн 2 цамц эсгэж оёно.

 

5. Их биеийн 2 талаас  оёсон цамцнуудаа  өмсгөнө.

 

6. Хормой хийх 45х60 см өнгийн даавуунуудаа уртааш нь нийлүүлж, уут хэлбэрт оруулан  оёно. Бэлэн болсон их бие дээр хормойгоо барьж гараар оёно.

 

7. Дараа нь толгойг их биед залгаж оёно.

Туулайны нөгөө талд өөр амьтан дүрсэлнэ.

 

Олон талт хүүхэлдэйн хэрэглээ

Туулай хийх энэхүү аргачлалаар бусад бүх төрлийн амьтан, эрэгтэй, эмэгтэй хүн, өвгөн, эмгэн, охин зэрэг бүхий л үлгэрийн баатрын дүр төрхийг урлан бүтээж болно. 

Гурван баавгай, Уйланхай гүнж, Улаан малгайт үлгэрийн баатрууд

 

Том хүүхэлдэйг хүүхэд  өөрөө бариад бусдадаа үлгэр ярьж өгдөг.

 

Багш нар маань хүүхдүүдэд  үлгэр ярихдаа хүүхэлдэйнүүдээ ашигладаг.

 

 

Том хүүхэлдэй зохион бүтээсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 7 дугаар цэцэрлэгийн багш Э.Алтанчимэг