Шөнө үүссэн түүх

 “Гэрэл ба харанхуй” сэдвийн хүрээнд хүүхдэд уншиж өгч, ярилцаж болох “Шөнө үүссэн түүх” хэмээх энэтхэг ардын үлгэр болон холбогдох “Уулан дээрх үхэр” тоглоомыг танилцуулъя. Тоглоомыг та орчин нөхцөлдөө тохируулан, жишээлбэл, сарлагтай газар нутагт бол “үхэр”-ийн оронд “сарлаг” хэмээн нэрлэж тоглуулаарай.  

Шөнө үүссэн түүх

 (Энэтхэг ардын үлгэр)

Эрт дээр үед бүх амьтан нэг хэлээр ярьдаг байхад шөнө гэж байдаггүй байжээ. Үргэлж л нар гарсаар байдаг байлаа. Амьтад байнга сэтгэл дундуур, өдөр бүр хоорондоо хэрэлдэж, тэмцэлддэг байсан гэнэ. Индианчуудын бурхан Маниту амьтдад хэд хэдэн удаа сануулсан боловч сануулгыг нь хэрэгжүүлэхгүй байсан нь түүнд таалагдсангүй. Иймээс шийтгэл болгож нарыг хар бүтээлгээр бүтээж орхив. Ингэснээр амьтад бие биеэ харж чадахгүй мөн хэрүүлээ зогсооно гэж үзжээ. Түүгээр ч барахгүй тэд цөмөөрөө цугларч, яаж нарны бүтээлгийг авч болох талаар бодож ярилцах байх гэж бодсон байна.

Ингээд нарны бүтээлгийг авахаар амьтад оролдож эхлэв. Нэг хүчтэй том баавгай бүтээлгэнд хүрэхийн тулд нэг уулнаас нөгөө уул руу үсрэв. Тэр хүрч чадалгүй хоншоороороо газар хатган унав. Түүнээс хойш баавгай шантгар хамартай болсон гэнэ. Тас шувуу харин толгойгоо бүтээлгэний доогуур шургууулж амжжээ. Тас нэлээд хэсэг хугацааны дараа толгой нь наранд ойрхон байсан тул толгойных нь үс хуйхлагдсаныг анзаарав. Тэрээр халзан толгойтой дэлхий рүү буцаж ирээд, өнөөг хүртэл халзнаараа байдаг болсон гэнэ. Ирвэс, хүрхэрсэн хүчит могой гэх мэт амьтад бүгдээрээ оролдож үзсэн ч амжилт олсонгүй. Бяцхан  туяхан эрээн далт бялзуухай (колибри) хүртэл бүтээлэгт хүрэхээр нисэв. Бусад амьтад түүнийг шоолон инээлдэж байлаа. Бялзуухай хурц хошуугаараа бүтээлгийг цоолоход тэр нүхээр нь нарны гэрэл дэлхий рүү гялсхийн тусав. Бүтээлгэнд нүх гарган гэрэл гэгээтэй болсонд  бялзуухайд бусад амьтад талархан баяр хөөр болцгоов. Бурхан амьтдыг хараад одоо эд нар эвтэй болох нь дээ гээд нарнаас бүтээлгийг авав. Гэхдээ амьтад өмнөхөө байнга санаж байг гээд өнөөг хүртэл 12 цагийн дараа бүтээлгээ наран дээр байнга тавьдаг болжээ.       

Уулан дээрх үхэр

Зулзаган мод ургасан харанхуй “ойн” хэсэгт хүүхдүүдийн зогсох хэсгийг тэмдэглэсэн зураас татна. Багш хүүхдүүдээс ойролцоогоор 50 метрийн зайд ойн нөгөө талд байна. Багш гартаа тод гэрэлтэй гар чийдэн (“Уулан дээрх үхэр”) барьсан байна. Гар чийдэнгийн оронд мөн аль нэг гэрэл цацруулагч ашиглаж болно. Багш “Уулан дээрх үхэр-1, 2, 3” гэж чангаар хэлэнгээ гар чийдэнгийнхээ гэрлийг цацруулан дороо биеэрээ нэг удаа эргэнэ. Энэ хооронд хүүхдүүд “Уулан дээрх үхэр” рүү ойртоно. Гар чийдэнгийн гэрлийг хүүхдүүд рүү тусгахад тэд хөдөлгөөнгүй зогсоно. Хөдөлж урагш алхаад уулын үхэрт баригдсан хүүхэд анх зогсож байсан зураас руу буцаж очих бөгөөд дараагийн ээлжинд дахин тэрхүү гарааны цэгээсээ эхлэн тоглоомд оролцоно. Хамгийн эхэнд шөнийн уулан дээрх үхэр (гар чийдэнд)-т гараа хүргэсэн хүүхэд тоглоомд түрүүлнэ.

 

Эх сурвалж: Ergänzung zum Beitrag „Hell und Dunkel“ von Dirk Nießing in kindergarten heute, Ausgabe 11-12/16

 

Орчуулсан Н.Норжхорлоо