Түмэн шагайн баяр

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэг "Шагай” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүнд манай бүтээлч багш нар, туслах багш, тогооч, харуул хамгаалалтын ажилтан, үйлчлэгч, угаагч зэрэг хүн бүр, ялангуяа эцэг эхийн оролцоо чухал байрыг эзэлдэг. Бид анх 2013 онд 12 алтан шагай гипсээр урлан бүтээж бүлгүүддээ бэлэглэж, “Шагай” дэд хөтөлбөрийнхөө нээлтийг хийж  байсан. Одоо анх цуглуулсан 100 ширхэг шагай маань арвижин 2018 онд 10000 болж, бид “Түмэн шагайн баяр”-аа тэмдэглэлээ.

Энэхүү дэд хөтөлбөр нь хүүхэд бүрд хүртээжтэй, тэдний сонирхол, нас сэтгэхүйд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээж баяжуулах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах зорилготой. Бид шагайгаар хийсэн 55 төрлийн 288 сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон. Манай  “Шагай” дэд хөтөлбөрийн онцлог нь 5 дахь өдөр бүр Шагай цагаараараа Туслах багшийн цаг, Эмээгийн цаг, заримдаа Өвөөгийн цагийг бий болгож, тэд хүүхдүүдтэй шагайгаар тоглож наадах, зааж сургах, холбогдох үлгэр домог ярилцах, сургаал үгс, аман наадам хэлэлцэх, шагайн тоглоом, хэрэглэгдэхүүн бэлтгэх зэрэг төрөл бүрийн сонирхолтой ажлуудыг хийдэг. Бид энэ үйл ажиллагаагаар ээж аав нартайгаа хамтран Хүүхэд нэг эрдэнэ хүмүүжил мянган эрдэнэ гэсэн уриан дор хүүхэд бүр зөв хүн болон төлөвшихэд онцгойлон анхаардаг. Өвөө, эмээгийн сургаал  нь орчин үеийн залуу аав ээжүүдэд хүүхдээ зөв хөгжүүлж, төлөвшүүлэхэд нэн чухал хэрэгтэй байдаг.

Монгол ардын тоглоом наадмыг сургалт болон бусад  үйл ажиллагаанд ашиглах нь 2-6 насны хүүхдийн оюун ухаан задарч, сэтгэн бодох чадвар хөгжих, авхаалж самбаа, харилцааны чадвар сайжрах, тэд бүтээлч үйл ажиллагаанд суралцах зэрэг олон эерэг нөлөөтэй нь илт харагддаг. Мөн гэр бүлийн гишүүд хүүхэдтэйгээ тоглож наадах, ажиллахад дэм болохын зэрэгцээ тэд хоорондоо болон цэцэрлэгийн хамт олонтой ойртон нягтрахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Ингээд бид олсон амжилтаа дүгнэн, бахархаж, эцэг эх , эмээ өвөө, хүн бүрийн оролцоо, хамтын зүтгэл чармайлтаар “Түмэн шагайн баяр”-аа хийлээ.

 “Түмэн шагайн баяр”-ын онцлог нь оролцогч багийн гишүүд үндэсний хувцсаараа гоёж, гэрийн даалгавараараа ардын тоглоом наадгайн түүх, үндэсний хувцасны өв соёл, уламжлал билэгдэл, домог, хуулийн тухай бусад багийнхандаа мэдлэг, мэдээлэл өгөхөөр бэлтгэж ирсэнд оршино.

“Түмэн шагайн баяр”-ын үйл явцаас:

Марал бүлгийн Б.Алтантуяа ахлагчтай “Дөрвөн бэрх” баг

 

Оч бүлгийн Д.Цэцэгээ ахлагчтай “Таван эрдэнэ“ баг

 

Марс бүлгийн эцэг эхийн төлөөлөл. Ихрүүдийн ээж Б.Отгонсүрэн ардын дуу дуулсан нь

 

Сансар бүлгийн Х.Бүжин ахлагчтай “Нүүдэлчин“ баг

 

Солонго бүлгийн Б.Цасчихэр ахлагчтай “Оторчин“ баг

 

Цацраг бүлгийн Л.Ариунтуяа ахлагчтай “Тэмээчин“ баг

 

“Түмэн шагайн баяр”-аар Цацраг бэлтгэл бүлгийн хүүхдүүд алаг мэлхий өрж, аман наадам хэлэлцэв.

 

“Түмэн шагайн баяр”-ын үеэр ээж аав нарын http://www.news.mn зэрэг вэбсайтуудаас бэлтгэж танилцуулсан Монголчуудын цээрлэх ёсон буюу аман хуулиас толилуулъя.

МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСОН

Монголчуудын цээрлэх ёс нь зүгээр нэг улиг болсон учирлал биш, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа бөгөөд ертөнцийн учир шалтгаан хийгээд энергийн урсгалыг билэг оюунаараа танин мэдсэн ард түмний хууль болно.

  1. Аав, ээжийнхээ өөдөөс хялайн харах, хэдэрлэх, хараал хэлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс амьтны амь бүрлэгснээс дутуугүй нүгэл хилэнц болно.
  1. Айлд ороод баганын хоорондуур гарах, цай идээ авч, өгөлцөхийг ёс журамгүй хэмээн цээрлэнэ.
  1. Ална гэдэг үгийг хамаа  бус хэлэхийг цээрлэдэг. Хонь мал муучлах, гаргах, махлах, төхөөрөх хэмээн цээрлэн хэлдэг ёс буй.
  1. Ам хамхилгүй, ам уралдуулан хүнээс өрсөн ярихыг ухаан мунхаг чалчаагийн шинж хэмээн цээрлэнэ. Мөн ёс журамгүй гэнэ. Чалчаа хүн хүндгүй болно.
  1. Амар мэнд асууж байхад хариу эс дуугарахыг цээрлэнэ. Эс дуугарваас ихэрхэг, мулгуу, ёс үл мэдэгч гэгдэнэ.
  1. Ахмад настны дэргэд хүндлэхийн учир элдэв хараал, зүхэл алиа шалиг үг хэлэхийг цээрлэнэ.
  1. Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Зохист нийцүүлэн насных нь намба төлөвт тааруулж хүндлэн гуайлж дуудна. Жишээнь: өндөр уулыг харвал хайрхан гэж дууд, өвгөд настантай золговол аав ээж гэж дууд хэмээн сургадаг.
  1. Аяганы амсар эмтэрхий бол алив хүнд цай унд хийж барихыг цээрлэнэ. Хэрэв тийн үйлдвээс үл хүндэлсэн болно.
  1. Гуйлгачин хүнд өглөг өгөхдөө гараас гарт атгуулахыг хориглоно. Зөрчвөөс гараар дамжин хишиг буян зайлна гэнэ. Мөнгө зоосыг алга, өвөр дээр нь чулуудаж өгнө, хүнс эд зүйлсийг шанага аягаар уут саванд нь хийж өгдөг заншилтай.
  1. Гуйлгачин ядуу хүнийг ядуу хоосноор нь дайрч доромжлохыг цээрлэнэ. Урьд насны лай ланчиг, энэ насны үйлийн үрээр зовж яваа хүнийг дайрч доромжилвоос өөрийн чинь хар толгой дээр хожим тэрхүү зовлон бууна, ядарсан амьтныг гомдоох их нүгэл болно гэнэ.
  1. Ёс төр, хууль цаазыг үл дагахыг цээрлэнэ. “Ёс алдвал хүндгүй, хууль сөрвөл толгойгүй” гэх буюу “Ёс ёмбогор, төр төмбөгөр” гэхийн учир заавал дагаж мөрдөхийг хичээнэ.
  1. Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморио сольсноос өөрцгүй гэнэ. Мөн хүний хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.
  1. Малгайгаа газар хаях буюу хамаа бус тавихыг цээрлэнэ. “Хоёр хүн явахад нэг нь ахалдаг, ганцаараа явахад малгай нь ахалдаг” гэх буюу малгай сүлд хийморийн бэлэгдэл тул хүндэтгэн үзнэ.
  1. Могой алахыг цээрлэнэ. Зөрчвөөс амь насанд аюултай, газар усны эзэн хилэгнэнэ гэнэ. Гэрт могой орвол мод, галын хайчаар хавчин толгой дээр нь сүү дусаагаад хол хаяна.
  1. Ном судрыг сэвтээх, урахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс эрдэм ном сурах заяа буян зайлна гэнэ.
  1. Ном бичиг үзэж байгаад дэлгээтэй орхихыг цээрлэнэ. Зөрчвөөс мартамхай болно гэх буюу ном муу сурна гэнэ.

 

“Түмэн шагайн баяр”-ын Тэргүүн байрыг Д.Отгончимэг багштай ангийн туслах багш Б.Ариунтуяа, 2 дугаар байрыг  Б.Наранхүү багштай ангийн туслах багш С.Гэрэлтуяа, 3 дугаар байрыг Б.Жаргал багштай ангийн туслах багш Д.Цэцэгээ, тусгай байрыг Б.Пүрэвсүрэн багштай ангийн туслах багш Б.Алтантуяа , Болормаа багштай ангийн туслах багш Б.Эрдэнэчимэг нар эзэллээ.

 

Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйч С.Эрдэнэцэцэг