Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ – Түгээмэл асуулт, хариулт
- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явц дахь хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх үнэлгээ ер нь ямар онцлогтой вэ?
Өмнө нь бид хүүхэд юу сурсан бэ гэдгийг үнэлдэг байсан бол одоо бидний явуулсан сургалт, бусад үйл ажиллагааны үр дүнд хүүхэд бүр ямар хүн болж байна вэ гэдгийг үнэлж байгаа нь хамгийн онцлог юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийг нэг бүрчилсэн мэдлэг, чадвараар нь бус, эзэмшсэн чадамжаар нь үнэлж байна гэсэн үг. Мэдлэг, чадвараар нь үнэлэхэд хүүхдийн хөгжлийн хөдөлгөгч хүч болсон тэдний дотоод ертөнц, жишээлбэл дур сонирхол, дуртай дургүй зүйл, сэдэл, хүсэл эрмэлзэл, чармайлт илэрч харагддаггүй. Чадамж (competence) гэдэг нь ихээхэн нийлмэл ойлголт бөгөөд үүн дотор мэдлэг, чадвараас гадна хүүхдийн зан чанар, харилцаа, сонирхол, сэдэл, хэвшил дадал гэх мэт олон зүйлс агуулагдаж, тэдгээр нь хоорондоо харилцан нөлөөлж байдаг.
- “Чадамж” гэхээр мэдлэг, чадвар, төлөвшил бүгд хамрагдана гэдгийг мэдээд байна л даа. Гэхдээ илүү тодруулбал?
Жишээлбэл, жолооч нарыг машин барих чадамж эзэмшсэн хүмүүс гэж хэлж болно. Тэдэнд ямар мэдлэг хэрэгтэй вэ гэвэл машины төрөл ангилал, манай замд аль нь тохиромжтой, бензин хэр иддэг зэрэг наад захын мэдлэгээс эхлээд техникийн бүрэн бүтэн байдал, Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн мэдлэг зайлшгүй шаардлагатай. Мөн жолоочид мэдлэгээс гадна тодорхой чадварууд шаардагдана. Тухайлбал, замын болон орчны нөхцөл байдалд хурд, хүчээ тохируулах, зогсоол, гараашид машинаа байрлуулах гэх мэт. Эдгээрийн хажуугаар жолоочид ихээхэн мэдрэмж, машин барих сонирхол, сэдэл (мотив), зориг, анхаарал болгоомжлол байдаг. Жолоодлогын өмнө бүсээ хийх, толио тааруулах зэрэг дадал болж хэвшсэн зүйлс ч бас бий. Тэгэхээр машин барих чадамж нь ийм олон зүйлийг агуулна гэсэн үг.
Үүнтэй адилхан бага насны хүүхдийн хувьд жишээлбэл, хэл ярианы чадамжид дуу чимээ, авианы ялгаа, тухайн үг юуг илэрхийлж байгаа, бусдын хэлж байгаа үг, өгүүлбэр, ярьсан зүйлийн утга санаа, ном, зураг дээр юу байгаа зэргийг мэдэхээс гадна үг, өгүүлбэр, бусдын ярьсан зүйлийг сонсох, ойлгох, санаа бодол, үлгэр, өгүүллэгийн утгыг илэрхийлэн ярих зэрэг олон чадвар багтана. Эдгээр мэдлэг, чадвараас гадна хүүхдийн зүтгэл чармайлт, идэвх, оролцоо, сэдэл, бусадтай харилцах дур сонирхол болон бусад хүн өөрт нь хэрхэн хандаж харилцаж байгааг мэдрэх мэдрэмж ч хэл ярианы чадамжтай холбоотой.
Ийм нийлмэл зүйл буюу чадамж илрүүлэх гэж байгаа болохоор манай багш нар хүүхэд бүрийг үнэлэхдээ “Чөлөөт ажиглалт”, ажиглалтын хуудсын дагуу явуулах “Нарийвчилсан бүтэцтэй ажиглалт”, “Хувийн хавтас” хөтлөлт гэсэн нийлмэл аргыг ашиглаад байгаа юм.
- Хүүхдийн мэдлэг, чадварыг шалгах зурагтай ном, материалууд байдаг болжээ. Эдгээрийг болон тестээр үнэлэх аргыг хэрэглэж болох уу?
Тест юм уу бэлтгэсэн дасгал даалгавраар тодорхой нэг мэдлэг, чадварыг л илрүүлж харна уу гэхээс биш, тухайн хүүхдийн чадамж, онцлогийг илрүүлэх боломжгүй. Бага насны хүүхдийн хувьд хэлсэн, хийсэн хоёр нь зөрөх тохиолдол цөөнгүй. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье. Манай ихэр ач охид 4 нас хагастай байхдаа нэг өдөр “Эмээ, өвөө хаалгаа хамаагүй хүнд тайлж өгч болохгүй. Тэгвэл хулгайч орж ирээд хамаг юмыг чинь аваад явчихна шүү.” гээд л сургамжилж гарлаа. Бид ч эд маань овоо ухаан сууж байна уу даа гэж бодож суув. Хэд хоногийн дараа аав ээж нь тэднийг гэртээ үлдээгээд “За, хаалгаа битгий хүнд тайлж өгөөрэй. Аав ээж нь дэлгүүр ороод ирье.” гэжээ. Тэгээд төдөлгүй буцаад ирэхэд нөгөө 2 маань баахан сонгуулийн сурталчилгааны материал тавьчихсан үзээд сууж байна гэнэ. “Та 2 яагаад танихгүй хүнд хаалгаа тайлаад өгчихөв өө?” гэхэд “Хаалга тогшихоор нь тайлаад өгчихсөн.” гэсэн байгаа юм. Үүнтэй адилхан жишээлбэл, зурагт материал дээр ийм нөхцөл байдлыг харуулаад тест байдлаар асуухад хүүхэд “Танихгүй хүнд хаалгаа тайлж өгч болохгүй” гэж хариулбал “зөв, сайн байна” гээд дүгнэчихвэл буруу үнэлчихэж байгаа юм. Иймд хүүхдийг зөвхөн үйлийн гүйцэтгэлээр нь л бодитой үнэлэх боломжтой.
Тэгэхээр ерөөсөө хүүхдийг үнэлэх үндсэн арга бол ажиглалт. Гэхдээ яг байгаа байдал, амьдрал дунд ажиглах. Цэцэрлэгийн өдөр тутмын амьдралын явцад хүүхэд биеэ хэрхэн авч явж байгаа, явуулсан үйл ажиллагаанууд, тоглоомд хэрхэн оролцож байгаа, ямар зан ааш гаргаж, бусадтай хэрхэн харилцаж байгаа гэх мэт бүх талаас нь хүүхэд бүрийг мэдэрч ажиглана, түүнийгээ баримтжуулна.
- Хүүхдийг үнэлэхэд цаг хугацааны хувьд хүндрэлтэй байна. Ажлын цагаар үнэлэх боломж байдаггүй. Харин чөлөөт ажиглалт хийж болдог. Чөлөөт ажиглалтаар хүүхдийг үнэлж болох уу?
Үнэлгээ нь цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад, ажлын цагаар л хийгдэнэ. Харин багшаас ихээхэн мэдрэмж, бүх хүүхдийг хараандаа байлгах, ажиглах чадвар шаардана. Хүүхдээ үнэлэх гэж байна гээд тусгай цаг гаргаад, нэмэлт ажил хийгээд байх шаардлагагүй. Хүүхдийн хувийн хавтсын мэдээллийг багш мөн л Чөлөөт ажиглалтын адилаар өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад хүүхэдтэй өөртэй нь хамтран, эцэг эхийн оролцоотой бүрдүүлэх боломжтой. Хичээлийн жилийн эхлэл, төгсгөлд хүүхдийг Ажиглалтын хуудсаар үнэлэхэд багшийн Чөлөөт ажиглалтын тэмдэглэл, Хувийн хавтсын мэдээлэл баримт нотолгоо нь болж өгнө.
Зөвхөн чөлөөт ажиглалтаар хүүхдийг үнэлэх учир дутагдалтай. Яагаад гэвэл чөлөөт ажиглалтаар хүүхдийн зарим онцлог зүйлс илэрч харагдана уу гэхээс биш, бүх талын хөгжил харагдахгүй. Түүнээс гадна чөлөөт ажиглалтын мэдээллийг нэгтгэн дүгнэхэд их цаг хугацаа зарцуулна, ачаалал нэмэгдэнэ.
- Ажиглалтын хуудсын зарим асуултыг эцэг эхээр үнэлүүлж болох уу?
Ажиглалтын хуудсын дагуу хүүхдийг үнэлэх нь багшийн хийх мэргэжлийн ажил бөгөөд эцэг эх, олон нийтэд цэцэрлэгийн багшийн ур чадварыг харуулах, үнэлэмжийг дээшлүүлэх нэг чухал арга хэрэгсэл юм. Ажиглалтын хуудсын асуултуудын дагуу хүүхдийг үнэлснээр багшийн хүүхдийг оношлох, тэдэнтэй ажиллах ур чадвар сайжрахад ч ач тустай. Ажиглалтын хуудсаар үнэлэх үнэлгээ нь хүүхэд бүрийн хөгжлийг дагаж дэмжих, хүүхэд бүрт тохирсон дэмжлэг туслалцаа үзүүлэхэд багшид л хэрэглэгдэнэ.
Эцэг эх хүүхдээ сайн мэдэхийн хувьд тухайн хүүхдийн талаарх зарим мэдээллийг эцэг эхээс авч болно. Ийм мэдээллийг өглөө, оройд хүүхдээ өгөх, авах, бусад уулзалтын үеэр эцэг эхтэй хийх чөлөөт ярилцлагын явцад тандаж олж авбал илүү бодитой байх болно. Эцэг эхээс авсан тэрхүү мэдээллийг багш өөрийн ажиглалтаар баталгаажуулан Ажиглалтын хуудсын үнэлгээнд ашиглана уу гэхээс биш, эцэг эхээр Ажиглалтын хуудсын асуултуудыг үнэлүүлэхгүй.
- Хүүхдийн Хувийн хавтсанд Чөлөөт ажиглалтын тэмдэглэл, Ажиглалтын хуудсыг хийж болох уу?
Хүүхэд бүрийн Чөлөөт ажиглалтын тэмдэглэл, Ажиглалтын хуудсыг багш тухайн хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэхдээ суурь материал болгон ашиглана. Иймд эдгээр материалыг багш өөртөө хадгалах бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаандаа шаардлагатай зүйлсийг тусган төлөвлөж, хэрэгжүүлнэ.
Харин багш Ажиглалтын хуудас, Чөлөөт ажиглалтын тэмдэглэлийг эцэг эхтэй хийх ганцаарчилсан ярилцлагадаа ашиглавал тухайн хүүхдийн давуу, сул тал, онцлог тодорхой харагдаж, ярилцлага илүү баримт нотолгоотой, үр дүнтэй байх болно.
- Чөлөөт ажиглалтаар ажиглалтын тэмдэглэл хөтлөгдөхгүй хүүхэд үлдвэл яах вэ?
Чөлөөт ажиглалтын тэмдэглэл зарим хүүхэд дээр олон бичигдсэн байхад, зарим хүүхэд дээр цөөн буюу огт бичигдээгүй тохиолдол байж болзошгүй. Хүүхдийн давуу тал, сонирхлыг илрүүлж, түүнд нь тохирсон үйл ажиллагаанд татан оролцуулбал тухайн хүүхдээс тодорхой мэдээлэл ирж л таарна. Иймд аль нэг хүүхдэд чөлөөт ажиглалтын тэмдэглэл бичигдээгүй бол багш тухайн хүүхдийг бүрэн таньж мэдээгүй, эрэлт хэрэгцээ, сонирхолд нь нийцсэн үйл ажиллагаа дутмаг явуулж байна гэж үзэх үндэстэй. Багш ийм хүүхдэд илүү анхаарлаа хандуулж, харилцаж дотоод ертөнц рүү нь нэвтрэн орохыг хичээх хэрэгтэй.
- Хөгжмийн багш нар цэцэрлэгийн нийт хүүхэд дээр ажиглалт, үнэлгээ хийхэд ачаалал их байна. Багшид ачаалал багатайгаар бусад багш нартай хамтран хүүхдийг яаж үнэлэх вэ?
Хөгжмийн багш тухайн цэцэрлэгийн нийт хүүхэдтэй хөгжмийн үйл ажиллагаа явуулдаг учраас бүх хүүхдийн “Хөгжмийн чадамж”-ийг үнэлнэ гэж шаардаж болохгүй. Хөгжмийн багш цэцэрлэгийн бүх хүүхдэд хөгжмийн үйл ажиллагаа явуулдаг хэдий ч тэдэнтэй хязгаарлагдмал хугацаанд, жишээлбэл нэг удаадаа 30 орчим минут ажилладаг. 200 гаруй хүүхэдтэй том цэцэрлэгт хөгжмийн багш нэг ангид долоо хоногт нэг удаа л хөгжмийн үйл ажиллагаа явуулах болов уу. Харин бүлгийн багш хүүхдүүдтэйгээ бүтэн өдрийн турш ажилладаг бөгөөд энэ явцад хүүхэд дуулах, бүжиглэх, жүжиглэх, хөгжимт тоглоом тоглох зэрэг хөгжимтэй холбоотой үйлүүд цөөнгүй хийдэг. Тэгэхээр хүүхэд бүрийн хөгжмийн чадамжийг бүлгийн багш, хөгжмийн багш хамтран үнэлэх шаардлагатай.
Зарим цэцэрлэгийн хөгжмийн багш үйл ажиллагааныхаа явцад чөлөөт ажиглалтаар тэмдэглэсэн мэдээллээ бүлгийн багшид тухай бүрд нь өгдөг, Ажиглалтын хуудсаар үнэлэх явцад хамтран ярилцдаг туршлага байна. Ер нь Ажиглалтын хуудсын асуултуудын дагуу үнэлэхэд тухайн хүүхдийн талаар хэдий чинээ олон хүн оролцож, ярилцаж, мэдээллээ солилцвол үнэлгээ төдий чинээ бодитой байх болно.
- Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэхдээ хувилбарт сургалтын хүүхдийг хэрхэн үнэлэх вэ?
Хувилбарт сургалтын хүүхдүүд ердийн цэцэрлэгийн хүүхдүүдтэй харьцуулахад богино хугацаанд сургалтад хамрагддагаараа онцлогтой. Тухайлбал, малчдын хүүхэд жилдээ 1 удаа нэг сарын хугацаагаар зуны нүүдлийн цэцэрлэгт хамрагдаж байх жишээтэй. Энэ хугацаанд багш хүүхдүүд дээр Чөлөөт ажиглалтын тэмдэглэл хөтөлж, Хувийн хавтсын баяжуулалт хийнэ. Харин Ажиглалтын хуудсын дагуу хийх Нарийвчилсан бүтэцтэй ажиглалтыг жилдээ нэг удаа л хийх ба дараагийн жил ахиц өөрчлөлтийг нь тогтооно.
- Ажиглалтын хуудсын гурвалжин, дөрвөлжнийхөө ялгааг сайн ойлгуулж өгнө үү. Уншаад байхад тохироц нь давтамж юм шиг, давтамж нь тохироц юм шиг байгаад байна. Ялгааг нь олж харж чадахгүй байна?
Ажиглалтын хуудсын асуулт бүрийн ард буй 1-ээс 5-ын тооны зарим нь дугуй дүрс дотор, зарим нь дөрвөлжин дүрс дотор байгаа. Дараах зургаас харна уу.
Хүүхдийн зан чанар, харилцааны илрэл, сонирхол, дуртай, дургүй зүйл, дадал хэвшилтэй холбоотой асуулт нь дугуй дотор, хүүхдийн хийж буй үйлийн гүйцэтгэлийн чанартай холбоотой асуулт нь дөрвөлжин дотор байна гэж хамгийн энгийнээр ойлгож болно. Жишээлбэл, Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамжийн “Эрүүл мэндээ хамгаалах” гэсэн хэсэгт хүүхэд “Гараа бохирдсон үед болон бие зассаны дараа сануулгагүйгээр угаах” гэсэн асуулт дугуй дүрс дотор бий. Үүнийг багш үнэлэхдээ тухайн хүүхэд дээр сануулгагүйгээр гараа угаах үйлдэл хэр олон давтагдаж байна вэ гэдгийг л ажиглаж, тохирох тоог тэмдэглэнэ. Үүнд ямар нэг бэлтгэл ажил шаардлагагүй, зөвхөн хүүхдэд гараа угаах үйл хэр зэрэг хэвшил болж байгааг л тухайн үед нь ажиглана.
Гэтэл “Биеийн хөдөлгөөнөө удирдах” хэсэгт “Хөлийг салгалгүйгээр зураасны дагуу үсэрнэ” гэсэн асуулт дөрвөлжин дотор бий. Үүнийг үнэлэхдээ хүүхэд үсрэхдээ хөлөө салгаж байна уу, зураасны цаана наана үсэрч байна уу, эсвэл яг зураасан дээгүүр үсэрч байна уу гэх мэт гүйцэтгэлийн чанарыг ажиглаж байж тохирох тоог тэмдэглэнэ.
- Хүүхдийг ажиглах хуудас нь бүлэг бүрд адил асуулттай учир 3 настай хүүхдийн хувьд арай хүнд байна?
Үнэлгээнийхээ мөн чанарыг ойлгосон багшаас ийм асуулт гарахгүй. Багш хүүхдийг үнэлэхдээ тоо бүрийн ард байгаа тайлбарын утгыг маш сайн анхаарч, ойлгож, тохирох тоог тэмдэглэнэ. Хэрэв хүүхдэд хүнддээд чадахгүй эсвэл асуусан зүйл ажиглагдахгүй байвал “огт тохиолддоггүй” эсвэл “огт тохирохгүй байна” гэсэн “1”-ийн тоог тэмдэглэнэ. Ер нь 3 настнууд бол ихэнхдээ “1”-ийн тоон дээр л байх болов уу. Цаашдаа нас ахих тутам мэдлэг, чадвар нь сайжирч, дадал хэвшил суух нь мэдээж.
Жил бүр нэг асуултын дагуу хүүхдийг ажигласнаар хүүхэд хэр ахиж дэвшиж, хөгжиж байгааг тогтоох сайн талтай.
- Багш нарын хүүхдийг ажиглах чадварыг сайжруулах ямар аргууд байна вэ?
Багш хүүхэдтэй ажиллахдаа өөрөөр хэлбэл, өдрийн турш хэдий чинээ мэдрэмжтэй, гярхай байна, төдий чинээ хүүхэд бүрийг сайн таньж мэдэж, бодитой оношилно.
Цэцэрлэг бүр Заах аргын нэгдлийн ажлаараа багш нарынхаа ажиглах чадварыг сайжруулахын тулд дараах энгийн аргуудыг хэрэглэж болох юм. Жишээлбэл:
а\ Цэцэрлэгийн багш нарын хүүхэдтэй ажиллаж буй бэлэн видео бичлэгийг (Жишээ нь: Цэцэрлэг, аймаг, дүүргийн түвшинд, улсын хэмжээнд явагдсан “Сайн үйл ажиллагаа”-ны бичлэг, вэбсайтууд дээрх бичлэг) эхлээд хамтаараа үзэж, хүүхдүүд дээр юу ажигласнаа ярилцах. Дараа нь Ажиглалтын хуудсын тодорхой асуултыг сонгоод түүнийхээ дагуу уг видеог дахиж үзэх. Хоёр дахь удаагаа сонгосон асуултын дагуу хүүхдүүдийг ажигласны дараа ярилцлага хийхэд багш нар илүү нарийн зүйлсийг олж харсан байх вий.
б\ Аль нэг багшийн явуулж буй үйл ажиллагаанд бусад багш нар суугаад 2-3 хүүхдийг сонгож, тэр хүүхдүүд дээр анхаарлаа төвлөрүүлж ажиглах, анзаарсан зүйлсээ тэмдэглэх. Хүүхэд багшийн зааврыг хэр ойлгож, биелүүлж байгаа, идэвх, чармайлт, үйлийн гүйцэтгэл ямар байгаа гэх мэтээр ажиглалт хийх чиглэлээ эхлээд тохирч болно. Дараа нь хүн бүр ажигласан зүйлсээ танилцуулж ярилцах.
в\ Өөрийнхөө цэцэрлэгийн хүүхдүүд үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаад бичлэг хийх. Бичлэгээ хамтдаа (эрхлэгч, арга зүйч, багш нар мөн туслах багш нар) үзэж, хүн бүр хүүхдүүд дээр ажигласан зүйлээ танилцуулж, ярилцах. Ажиглах зүйлсээ эхлээд тохирч эсвэл Ажиглалтын хуудсаас зарим асуултыг сонгон ажиглалт хийвэл илүү үр дүнтэй байх болно.
г\ Багш бүр “Чөлөөт ажиглалт”-ын тэмдэглэлээ бусдадаа танилцуулж, бусад нь шаардлага хангаж байгаа эсэхэд зөвлөн туслах. Мөн өөрсдийнхөө сайн болсон гэж үзсэн Чөлөөт ажиглалтын тэмдэглэлийг бусдадаа танилцуулж, туршлагаа хуваалцах.
- Хүүхдийг сургуульд элсэхэд Хувийн хавтас, Ажиглалтын хуудсыг нь бага ангийн багшид хүлээлгэж өгөх үү?
Багш нар хүүхэд бүр дээр Чөлөөт ажиглалтын тэмдэглэл, Хувийн хавтас хөтөлж, Ажиглалтын хуудсын дагуу үнэлж байгаа нь тухайн хүүхдэд (мөн эцэг эхэд) бага насных нь үнэ цэнэтэй түүхийг баримтжуулж, бүтээж өгч байгаа юм. Яагаад гэвэл энэ насанд хүүхэд ямар зан ааш гаргадаг, бусадтай хэрхэн харилцдаг, юуг сонирхдог, юугаараа давуу, идэвх, оролцоо нь ямар байдаг зэргээс ямар хүн болох нь үндсэндээ харагддаг. Тийм ч учраас зарим улс оронд хүмүүсийг шинээр ажилд авахдаа цэцэрлэгийн үеийн түүхтэй нь танилцдаг юм билээ. Тэгэхээр хүүхэд бүрийн үнэлгээтэй холбогдох мэдээллүүд тухайн хүүхдийн нууцтай холбогдоно, мөн маш бодитой байх шаардлагатай.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт “Багш, эцэг эх хүүхэд бүрийн үнэлгээний мэдээллийн нууцлалыг хадгална...” гэсэн бий. Иймд цэцэрлэгийн багш хүүхдийн Хувийн хавтас, Ажиглалтын хуудсын мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр бага ангийн багшид шууд хүлээлгэн өгөхгүй. Үүнийг эцэг эхтэй зөвшилцөж байж шийднэ. Харин цэцэрлэгийн багш сургуульд элсэхэд нь хүүхэд бүр дээр хөгжлийнх нь ахиц дэвшил, давуу тал, анхаарах зүйлсийнх нь талаар товч тодорхойлон бичсэн (“Сургуульд элсэх захиа” гэдэг ч юм уу) мэдээллийг гаргаж өгч байх шаардлагатай. Багш хүүхэд бүрийн цэцэрлэгт байх үеийн талаар маш их мэдээлэл, баримттай, түүнчлэн хүүхэд бүр дээр жил бүр намар хичээлийн жил эхлэхэд ямар байсан, хавар нь түүнд ямар ахиц дэвшил гарсантай холбогдох товч дүгнэлтийг бичиж байгаа болохоор энэ нь цэцэрлэгийн багшийн хувьд их хүндрэлтэй асуудал биш.
Ер нь цэцэрлэг, бага ангийн багш, эцэг эх 3 хэдий чинээ ойр дотно харилцаж, мэдээллээ бүрэн солилцоно, хүүхдэд төдий чинээ шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, сургуульд суралцахад нь хүндрэл багатай байх болно.
Асуултад хариулсан Н.Норжхорлоо