“ДЭЛХИЙН ТОМ ХИЧЭЭЛ” сургуулийн өмнөх боловсролд
НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОРИЛГО
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн боловсрол (ТХБ)-ын төлөөх салбар дамнасан, бүх түвшний байгууллага хоорондын хамтын санаачилгыг илрүүлэн нэгтгэж, хамтын ажиллагааны арга механизмын зураглалын төсөл боловсруулах
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд дараах товлосон үйл ажиллагаа зохион байгуулсан.
1. “ТХ/ТХБ ба Алсын Хараа-2050 монгол Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын санаачилга”-ын суурь болох нь” нэгдсэн зөвлөгөөн
2. “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлэг (багш нар болон бусад оролцогчдын хүрээнд)
3. “Тогтвортой хөгжлийн төлөөх түншлэл-Орон нутгийн манлайлал” олон нийтийн форум
4. “Хүүхдийн эрх-Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” хэлэлцүүлэг (хяналтын болон боловсролын байгууллагуудын төлөөллийн хүрээнд)
5. “Бүх түвшний тогтвортой хөгжлийн боловсролд тулгарч буй онол, практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал
6. “Өсвөр үеийнхний дуу хоолой-Байгаль орчны залуу сурвалжлагч” хүүхэд залуучуудын форум
Товлосон үйл ажиллагааны нэг болох “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлгийг 2021 оны 3 дугаар сарын 26-аас 5 дугаар сарын 4 хүртэлх хугацаанд дараах үе шаттай зохион байгууллаа.
Зураг 1
“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” хэлэлцүүлгийн зорилго нь суралцагчдын ТХБ-ын мэдлэг, чадвар, арга, хандлага эзэмших, тогтвортой амьдралын хэв маяг, зан үйлд суралцах хөтлөх хувирган өөрчлөх арга зүйд суурилсан арга зүйн шинэлэг санаа, шийдэл бүхий хичээлийг түншлэгч талуудтай хамтран бүтээх, сургалтын менежментийг хөгжүүлж, багшлахуйн сайн туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой явагдсан.
Эхний шатанд ЕБС, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаж буй багш, удирдах ажилтан, мэргэжилтнүүд хамтын санаачилгаар ТХБ-ын төлөөх чадавхийг дэмжсэн арга зүйн шинэлэг санаа бүхий сургалт, үйл ажиллагааны хөтөлбөрийг ангилал бүрээр боловсруулан тус үйл ажиллагааг зохион байгуулж, түүнийгээ Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд илгээсэн билээ. Аймаг, нийслэлийн СӨБ-ын багш, удирдах ажилтнууд идэвхтэй оролцсон ба эхний шалгаруулалтад нийт 96 арга зүйн төлөвлөлт ирүүлснээс 20-ыг нь дараагийн шатанд шалгаруулж цахим батламж олгосон. Шалгарсан арга зүйн төлөвлөлтийн тоо, нэрсийг дараах хүснэгтээр харууллаа.
Хүснэгт 1
Шинэлэг арга зүйн санааны төлөвлөлтүүдийг 2-оос 6 хүртэлх насны ангилалаар авсан. Нийт ирүүлсэн арга зүйн төлөвлөлтийн 90%-ийг 4-6 хүртэлх насны ангилалаар боловсруулсан байлаа. Үүнийг графикаар харуулбал:
Гарфик 1
Боловсруулж ирсэн төлөвлөлтийн үргэлжлэх хугацаа 20 минутаар, 1-14 хоногийн хугацаанд хийж болохоор боловсруулсан байсан. Хэлбэрийн хувьд комик ном хэлбэрээр 5, сургамжит өгүүллэгээр 6, туршилт танин мэдэхүйн үйл ажиллагаанд суурилсан 20, төсөлт ажлаар 6, экскурсээр 1, бусад арга зүйн боловсруулалтаар 58-ыг тус тус боловсруулсан байв. Үүнийг графикаар харуулбал:
График 2
20 шалгарсан шинэлэг арга зүйн төлөвлөлтөөс дараах 3-ыг шалгаруулж 2021 оны 5 сарын 4-ний өдөр зохион байгуулсан “Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” үндэсний арга хэмжээний үйл ажиллагаанд хэлэлцүүлсэн.
1. Баянхонгор аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Д.Сарантунгалаг (Боловсрол судлалын магистр, зөвлөх багш) ахлагчтай 1 дүгээр цэцэрлэгийн багш Г.Пүрэвдулам (боловсрол судлалын магистр), 2 дугаар цэцэрлэгийн багш А.Даваасүрэн (тэргүүлэх мэргэжлийн зэрэгтэй) нарын багийн хамтран боловсруулсан “Дусал хүү мазаалайд тусалсан нь”
2. БГД-ийн 87 дугаар цэцэрлэгийн арга зүйч Д.Оюунтуяа (магистр, зөвлөх багш) ахлагчтай М.Оюунцэцэг, Ц.Бадампүрэв, М.Удвал, Т.Санчирмаа багш нарын багийн боловсруулсан “Надад ч бас хамаатай”
3. Дархан-Уул аймгийн 22 дугаар цэцэрлэгийн цэцэрлэгийн эрхлэгч М.Уранчимэг ахлагчтай арга зүйч П.Амаржаргал, багш Д.Нэргүй Ё.Өлзийтуяа Ш.Мөнхнаран С.Уранчимэг Б.Отгонзаяа нарын багийн боловсруулсан “Өөрт байгаа бүхнээ хуваалцъя”
Хүснэгт 1-д буй шалгарсан 20 шинэлэг арга зүйн төлөвлөлтийг bagsh.itpd.mn вэбсайтаас үзэх боломжтой.
Шинэлэг арга зүйн санаа бүхий сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийн ололттой тал нь:
1. Аймаг, нийслэлийн цэцэрлэгүүд хамтын санаачилгатайгаар багаар ажиллаж шинэлэг арга зүйн төлөвлөлтийг боловсруулсан. Багш нарын багт арга зүйч, эрхлэгч, мэргэжилтнүүд нэгдэж хамтарч ажилласан.
2. Хувирган өөрчлөх шинэлэг санаа, шийдэл бүхий төлөвлөлтүүдийг хийсэн.
3. Хийсэн ажлынхаа хүрээнд багш, ажилтнууд эрэл хайлт хийх замаар бүтээлчээр ажиллан, bagsh.itpd.mn вэбсайт дээр байршуулсан нөөц материалуудыг уншин судалсны үр дүнд ТХБ-ын талаарх мэдлэг, чадвар, хандлага, ойлголт нэмэгдсэн.
4. Шинэлэг арга зүйн төлөвлөлтүүддээ үйл ажиллагааг алхамчилж, тодорхой болгож өгснөөр дараа нь хэн нэгэн багш аваад хувирган өөрчлөөд ашиглах боломжтойгоор боловсруулсан.
5. Үйл ажиилагааны төгсгөлд үр дүн нь тодорхой харагдахаар зорилго, агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнийг сонгон боловсруулсан.
6. Сургалтад МХХТ-ыг өргөн ашигласнаар багш, ажилтнуудын МХХТ-ыг сургалтад ашиглах болон хувь хүний чадвар нэмэгдсэн.
7. Дэлхийн том хичээл (The World's Largest Lesson (globalgoals.org)) вэбсайттай танилцсанаар бага насны хүүхдэд зориулсан арга зүйн шинэлэг хөтөлбөрүүдээс санаа, сэдэл авах болсон.
8. Цаашид сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ын агуулга, үзэл санааг тусгах боломжтойг олж харан өөрийн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт тусгаж ажиллахаар санаа бодлоо хуваалцаж байсан.
Шинэлэг, ололттой тал олон байсан ч цаашид анхаарах зүйлүүд байлаа. Цаашид анхаарах зүйл:
1. Төлөвлөлтийн агуулга, сэдэв дээр анхаарах. ТХБ-ын тухай ойлголтыг зөвхөн усаа хэмнэх, хогоо ангилж хаях гэдгээр хязгаарламааргүй байна. ТХБ-д жендерийн тэгш эрх, хүний эрх, тогвортой хөгжил, дэлхийн иргэншил гэсэн 4 үндсэн чиглэл байдаг. ИймдТХБ-ыг арай өргөн хүрээгээр харж, дээрх 4 чиглэлээс СӨНХ-ийн хөгжлийн түвшинд буулган агуулга, сэдвээ сонгох. Тухайлбал: Хүүхдийг дэлхийн иргэн болж төлөвших, бие бялдар, танин мэдэхүйн, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд дараах агуулгын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөх боломжтой байна.
- Хүмүүсийн тухай (ажил мэргэжлийн онцлог, өөрөөсөө өөр ялгаатай хүүхэдтэй хэрхэн харилцах-тэгш байдал, монгол ёс заншил, уламжлал, олон үндэсний соёл...)
- Хөгжил цэцэглэлт (байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, өөрийн хувь нэмрээ хэрхэн яаж оруулах, бусдад яаж нөлөөлж хамтран ажиллах...)
- Гараг дэлхий (эх дэлхий, байгалийн нөөц дуусдаг учир дэлхийд үлдээх ул мөрөө яаж багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад би-манай гэр бүл-цэцэрлэг-орон нутаг хэрхэн, яаж хувь нэмрээ оруулах, хамгаалах)
- Энх тайван (найзтайгаа болон бусадтай эвтэй найртай харилцах, өөрийн болон хүмүүс хоорондын эвтэй байдлын эерэг нөлөөг ойлгох...)
- Түншлэл (“би” бусадтай хамтарч ажиллах, багаар ажиллах арга барилд суралцах...) зэрэг агуулгын хүрээнд
2. Сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтийг бүтцийн дагуу боловсруулах.
- Сэдвийн нэр
- Зорилго
- Хүрэх үр дүн
- Хэрэглэгдэхүүн
- Арга зүй
- Үйлийн алхамчлал
- Үнэлгээ
3. Нэг удаагийн төлөвлөлтийн зорилго, зорилтоо оновчтой, тодорхой, хэмжигдэхүйц, биелэгдэхээр томьёолох.
4. Төлөвлөлтийн үйлийн алхамчлал нь багшийн үйл ажиллагаа давамгайлсан, хүүхдийн оролцоо багатай байгааг цаашид нийт багш нар анхаарч, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах.
5. Сургалтын аргуудын ялгааг сайн ойлгож төлөвлөлтөд тусгах. Тухайлбал. Асуудал шийдвэрлэх арга гэдгийг ихэнх төлөвлөлтөд тусгасан боловч асуудлаа олоод үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа үйл явц харагдахгүй байсан. Асуудал шийдвэрлэх арга өөрөө 5 үе шаттай сургалтын томоохон арга байдаг. Үүнийг багш нар бие даан олж судлахыг зөвлөж байна.
6. Шинжлэх ухааны мэдлэг олгохыг чухалчилсан байдал их анзаарагдсан. Энэ нь “мэдлэгээр сав дүүргэх хандлага”-аасаа салахгүй байгаагийн илрэл. Мөн хүүхдээс асууж байгаа асуултуудыг аль болох нээлттэй асуулт байхаар төлөвлөх.
7. Сургалт, үйл ажиллагааны төлөвлөлтөд үйл ажиллагааны болон хүүхдийг үнэлэх үнэлгээг тусгаагүй. Багшлахуй ба суралцахуйн хамтын үйлд тулгуурласан үнэлгээ, үнэлгээний олон төрлийн аргыг хэрэглэх /өөрийгөө үнэлэх, бусдыг үнэлэх, багийн үнэлгээ гэх мэт/. (Энд хасалт хийв. Үе шат бүрийг үнэлээд байх нь бас нэг гажуудал руу аваачина.)
8. Төлөвлөлтийн нэр томьёон дээр анхаарах. Зарим аймаг, дүүргээс ирсэн төлөвлөлтүүд “Нэгж хичээл, ээлжит хичээлийн төлөвлөлт, хичээл, суралцахуйн чиглэл” гэсэн нэр, томьёонуудыг ашигласан байсан. Цаашид цэцэрлэгүүд БШУ-ны сайдын 2020 оны 11 сарын 27-ны өдөр батлагдсан А/164 тоот тушаалыг баримталж ажиллах. (журмын 1.4 дэх заалт, 3 дугаар бүлэг)
9. Баримт бичиг боловсруулах чадвараа нэмэгдүүлэх. Баримт бичгийн бүтэц, зөв бичгийн дүрмийн алдаа, найруулга зэрэг дээр анхаарах.
10. Эцэст нь хэлэхэд багшийн “хатуу төлөвлөснөө заадаг, хичээллэх хандлага” нь хэвээрээ ажиглагдаж байна. Чиглүүлэх, туслах, дэмжих, хамтран оролцох байдлаар өөрчлөгдөх, хүүхэд идэвхтэй, бүтээлч байх боломжийг олгох: Бага насны хүүхдийн сурах үйлийн онцлогийг мэдэрч ажиллах шаардлагатай байна.
Дэлхийн том хичээл-тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хэлэлцүүлэгт амжилттай оролцсон бүх СӨББ-д ажиллаж байгаа багш, ажилтнуудад БМДИ-ийн зүгээс баярласнаа илэрхийлье. Та бүхнийхээ бага насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх нэр хүндтэй бөгөөд амаргүй ажилд тань амжилт хүсье.
Д.Нарантуяа
(БМДИ-ийн суралцагчийн хөгжлийн албаны СӨБ-ын багшийн хөгжил хариуцсан арга зүйч)
2021.05.24