
Төсөлд суурилсан суралцахуйн үндсэн 6 зарчим
Хүүхэд төвт, тэдний сонирхон судлах эрмэлзлийг өдөөдөг, амьдралд ойр, бусадтай хамтран ажил үйл гүйцэтгэхэд дадлагажуулдаг чухал арга бол төсөлд суурилсан суралцахуй билээ. Төсөлд суурилсан суралцауйн явц, үр дүнг тодорхойлдог гол зарчмуудыг үндэслэлтэй, ойлгомжтойгоор тодорхойлсон Ражеев Ранжин (2024)-гийн бүтээлийг орчуулан цувралаар хүргэж байна. Тэрбээр “Төсөлд суурилсан сургалт нь суралцагчдыг туршлага хуримтлуулан суралцах үйл явцын төвд нь тавьж, тэдэнд цогц асуудлыг судлах, эргэцүүлэн асуулт тавих, шийдвэрлэх боломжийг олгодог боловсролын динамик арга юм (Rajeev Ranjan. 2024) гээд дараах зургаан зарчмыг онцлон тодорхойлжээ.
Төсөлд суурилсан суралцахуйн үндсэн зургаан зарчим: Судлан шинжлэх суралцахуй, Бодит амьдралын холбоо, Хамтын ажиллагаа ба багын ажил, Суралцагчдын дуу хоолой ба сонголт, Эргэцүүлэл ба эргэх холбоо, Жинхэнэ үнэлгээ.
1. Судлан шинжлэх суралцахуй
Судлан шинжлэх суралцахуй нь төсөлд суурилсан сургалтын чухал тулгын чулуу юм. Үүнд суралцагчдын асуулт, сониуч зан, судалгааг сургалтын үйл явцыг удирдах боловсролын стратеги болгон ашигладаг. Суралцагчид мэдээллийг идэвхгүй хүлээн авагч байхын оронд, асууж лавлан сурвалжлах замаар мэдлэгийг эрж хайж, чадвараа хөгжүүлж, ойлголтоо гүнзгийрүүлэн идэвхтэй оролцдог.
Төсөлд суурилсан суралцахуй дахь судлан шинжлэхүйн үүрэг
Судлан шинжлэхуй нь төсөлд суурилсан суралцахуйг чиглүүлэх асуултаас эхэлдэг бөгөөд энэ нь суралцагчдын сонирхлыг татахуйц, ач холбогдол бүхий нээлттэй, сорилттой асуулт байна. Энэ асуулт нь төслийн үндэс суурь болж, суралцагчдын судалгаа, хэлэлцүүлэг, асуудал шийдвэрлэх хүчин чармайлтыг чиглүүлдэг. Судлан шинжлэх үйл явц нь суралцагчдад янз бүрийн эх сурвалжийг судлах, нэмэлт асуулт дэвшүүлэх, сэдвийг гүнзгийрүүлэхэд түлхэц өгдөг бөгөөд ингэснээр тухайн агуулгын талаар илүү гүнзгий ойлголттой болоход тусалдаг.
Дээд түвшний сэтгэн бодох чадварыг дэмжихэд судалгаанд суурилсан суралцахуй нөлөөлдөгийг судалгаа харуулсан. Edelson, Gordin, and Pea (1999) нар судалгаагаараа судалгаанд суурилсан үйл ажиллагаанд оролцдог суралцагчид мэдээлэлд дүн шинжилгээ хийх, олон эх сурвалжаас авсан мэдлэгээ нэгтгэх, сурсан зүйлээ шинэ нөхцөл байдалд ашиглах чадвар нь мэдэгдэхүйц сайжирч байсныг тогтоожээ. Ийнхүү төсөлд суурилсан суралцахуйн зорилго нь зөвхөн хариултыг эрж олох бус, харин насан туршийн суралцах үйл явцыг хөгжүүлэхтэй нийцдэг.
Судлан шинжлэхүйд суурилан суралцах жишээ
Төсөлт ажлын хүрээн дэх судлан шинжилж суралцах жишээг дунд сургуулийн байгалийн шинжлэх ухааны төслөөс харж болно. Сурагчид орон нутгийнхаа байгаль орчны асуудлыг авч үзнэ. Чиглүүлэх асуулт нь "Бид сургуулийнхаа нүүрстөрөгчийн хэмжээг хэрхэн бууруулах вэ?" Асуултын дагуу сурагчид нүүрстөрөгч гэж юу вэ гэдгийг гүнзгийрүүлэн судалж, сургуулийнхаа тухайн үеийн байдлыг судалж тогтоогоод, түүний байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах шийдлүүдийг боловсруулна. Энэ үйл явцад өгөгдөл цуглуулах, олсон үр дүнд дүн шинжилгээ хийх, сайтар судлагдсан саналыг танилцуулах зэрэг үйлүүд хийгдэх бөгөөд алхам бүрийг сурагчид өөрсдөө шийдэж тодорхойлно.
Шүүмжит шинжилгээ
Төсөлд суурилсан сургалтын хүрээнд судлан шинжлэх үйл нь суралцагчдын бие даасан байдал, бие даан суралцах чадварыг дэмжиж, бие даасан сэтгэгчийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч энэ нь ялангуяа суралцагч бүрийн судлан шинжлэх үйлд хангалттай дэмжлэг үзүүлж байна уу гэдэгт эргэлзээ дагуулдаг. Иймд багш суралцагчдад судалгааны зааварчилгааг нарийвчлан өгөхгүйгээр үйл явцыг болгоомжтой чиглүүлэх шаардлагатай. Энэхүү тэнцвэрийг хадгалах нь суралцагчдын өөрийн удирдлагатай суралцахуйг хангахын зэрэгцээ боловсролын зорилгыг биелүүлэхэд ач холбогдолтой.
2. Бодит амьдралын холбоо
Бодит амьдралын холбоо нь төсөлд суурилсан суралцахуйн өөр нэг үндсэн зарчим юм. Бодит амьдралтай холбоотой байлгана гэдэг нь суралцагчдын туршлага хуримтлуулан суралцах үйл явцыг тэдний амьдрал болон ангиас гадуурх нийгмийн амьдралтай холбохыг онцолдог. Академик агуулгыг бодит амьдралын сэдэв, асуудал, сорилттой холбож өгөх нь төсөлд суурилсан суралцахуйг илүү утга учиртай, сонирхолтой болгодог.
Бодит амьдралтай холбоотой байхын ач холбогдол
Төсөл суурилсан суралцахуйн нэг гол давуу тал бол ангид суралцсан зүйл болон бодит амьдрал хоорондын зөрөөг арилгахад оршино. Суралцагчид бодит амьдралын асуудлыг шийдвэрлэх төсөл дээр ажиллахдаа өөрийн мэдлэг, чадварынхаа практик хэрэглээг олж хардаг. Ингэснээр тэд суралцаж буй үйл нь хамт олон болон нийгэмд хэрхэн нөлөөлдгийг ойлгодог тул тэдний хүсэл эрмэлзэл, зүтгэл чармайлтыг нэмэгдүүлдэг.
Боловсрол бодит амьдралтай холбоотой байх нь суралцагчдын суралцахуйн үр дүнг сайжруулдагийг судалгаа харуулж байна. Жишээлбэл, Boaler (1997) судалгаагаараа бодит амьдрал, төсөлд суурилсан үйл ажиллагаанд оролцсон суралцагчдыг уламжлалт хийсвэр математикийн хичээлд хамрагдсан суралцагчидтай харьцуулахад математикийн ойлголт, асуудал шийдвэрлэх чадвараараа ихээхэн ахицтай байсныг харуулжээ. Бодит нөхцөл байдал нь суралцагчдад математикийн ухагдахууныг утга учиртай хэрэгжүүлэх хүрээг бий болгож, илүү гүнзгий суралцахад нөлөөлдөг.
Төслийн бодит амьдралтай холбоотой байх жишээ
Нийгмийн ухааны багш сурагчдад өөрийн хотын орон гэргүй хүмүүстэй холбоотой асуудлыг хөндсөн нийгмийн ухааны төсөл өгч болох юм. "Манай нийгэм дэх орон гэргүйчүүдийн тоог бууруулахын тулд юу хийж болох вэ?" гэсэн чиглүүлэх асуулт байж болно. Сурагчид орон гэргүйдлийн шалтгаан, үр дагаврыг судалж, орон нутгийн үйлчилгээ үзүүлэгчтэй ярилцлага хийж, асуудлыг арилгахад туслах санаачилга гарган, санал боловсруулна. Төслийн төгсгөлд орон нутгийн засаг захиргааны албан тушаалтнуудад танилцуулга хийх эсвэл орон гэргүй хүмүүсийг хамгаалах байрыг дэмжих хандивын аян зохион байгуулж болох юм.
Шүүмжит шинжилгээ
Бодит амьдралтай холбох нь төсөлт ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нарийн төлөвлөлт, нөөцийг шаарддаг. Багш төсөл нь зөвхөн бодит амьдралтай холбоотой байх төдийгүй анги танхимын хязгаарлагдмал хүрээнд хэрэгжих боломжтой байхад анхаарна. Бодит амьдралын төслүүдэд олон нийтийн байгууллага эсвэл салбарын мэргэжилтнүүд зэрэг гадны түншүүдтэй хамтран ажиллах шаардлага тулгардаг тул үүнийг зохицуулахад бэрхшээл тулгарч магадгүй. Гэвч эдгээр сорилтыг үл харгалзан төслийг бодит амьдралтай холбох нь суралцагчдын урам зоригийг нэмэгдүүлэх, тэдэнд асуудлыг гүнзгий судлах, практик ур чадвараа хөгжүүлэх зэрэг боломж олгодогоороо чухал ач холбогдолтой.
3. Хамтын ажиллагаа ба багын ажил
Төслийн явц дахь хамтын ажиллагаа ба багын ажил нь сургалтын нийгэмшихүйн нөлөөлөл, бусадтай үр дүнтэй ажиллахын ач холбогдлыг харуулдаг. Төсөлд суурилсан суралцахуйн төслүүд нь суралцагчдаас ихэвчлэн багаар ажиллахыг шаарддаг бөгөөд тэд нийтлэг зорилгод хүрэх, асуудлыг шийдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүн бий болгохын тулд хамтран ажиллах ёстой байдаг.
Төсөлд суурилсан суралцахуй дахь хамтын ажиллагааны үүрэг
Төсөлт ажил дахь хамтын ажиллагаа нь зөвхөн хамтран ажиллах тухай биш юм. Энэ нь илүү сайн үр дүнд хүрэхийн тулд багийн гишүүдийн янз бүрийн давуу тал, харах өнцгийг ашиглахад оршино. Суралцагчид багаар ажилласнаар үр дүнтэй харилцах, үүрэг, хариуцлагаа тохиролцох, зөрчилдөөнийг зохицуулах, бие биеийнхээ суралцахуйд дэмжлэг үзүүлэхэд суралцдаг. Эдгээр туршлага нь орчин үеийн ажлын байрны хамтын ажиллагааны шинж чанарыг харуулдаг бөгөөд амжилт нь бусадтай хэр зэрэг сайн хамтарч ажиллах чадвараас хамаардаг.
Хамтын ажиллагаа нь сургалтын үр дүнг сайжруулдаг болох нь судалгаанаас ямагт харагддаг. Johnson, Johnson, and Smith (2007) нарын хийсэн мета-шинжилгээгээр суралцагчид хамтын зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллах нь өрсөлдөөнт болон хувь хүний ганцаараа суралцах орчинтой харьцуулахад сурлагын өндөр амжилт гаргаж, мэдээллийг илүү сайн хадгалж, хүмүүстэй харилцах чадварыг сайжруулдаг нь тогтоогдсон байдаг. Хамтын ажиллагаа нь төслийн хүрээнд суралцагчдад утга учиртай харилцан яриа өрнүүлэх, санал бодлоо хуваалцах, бие биеийнхээ оруулсан хувь нэмэр дээр тулгуурлан ажиллах боломжийг олгож, тэдний суралцах туршлагыг баяжуулдаг.
Төсөл дэх хамтын ажиллагаа ба багын ажлын жишээ
Ахлах сургуулийн англи хэлний төсөлт ажлаар багш сурагчдад түүхэн чухал үйл явдлын талаар мультимедиа танилцуулга хийх даалгавар өгч болох юм. Багийн гишүүн бүр өөрийн чадвар, сонирхлоос хамааран жишээлбэл, судлаач, кино зохиолч, видео редактор, хөтлөгч гэх мэт өөр өөр үүрэг гүйцэтгэж болно. Төслийн туршид сурагчид тогтмол харилцаж, бие биедээ санал хүсэлтээ өгч, хувь хүний оруулсан хувь нэмрийг нэгдсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгоход нэгтгэх ёстой. Энэхүү хамтын ажиллагааны үйл явц нь тэдний түүхэн үйл явдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлээд зогсохгүй багаар үр дүнтэй ажиллах чадварыг хөгжүүлдэг.
Шүүмжит шинжилгээ
Хамтын ажиллагаа нь төсөлд суурилсан суралцахуйн хүчирхэг тал хэдий ч бэрхшээлийг дагуулдаг. Суралцагчид төрөлхийн багаар ажиллахдаа харилцан адилгүй байдаг тул үүнээс үүдэн тэгш бус оролцоо, хүмүүс хоорондын зөрчилдөөн, бүгд адил үүрэг хариуцлага хүлээхгүй байх зэрэг асуудлууд гардаг талтай. Багш эдгээр сорилтыг даван туулахын тулд үр дүнг тодорхой тогтох, суралцагчдад ялгаатай үүрэг даалгавар өгөх зэргээр тэдний хамтын ажиллагааны ур чадварыг хөгжүүлэхэд байнга анхаарч, туслан дэмжих шаардлагатай. Хамтын ажлын үнэлгээг хийхдээ шударга байдал, хүн бүрийн хариуцлагыг хангахын тулд хувь хүний болон багийн хувь нэмрийг харгалзан үзнэ.
Үргэлжлэл бий.
Орчуулсан Н.Норжхорлоо
Эх сурвалж: Rajeev Ranjan (2024). SIX Core Principles of Project-Based Learning (PBL). https://www.linkedin.com/
Нүүр зураг: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын цэцэрлэг. zindaa.mn