Францын ерөнхийлөгчийн захиалсан судалгаанд хүүхдүүд 13 нас хүртлээ ухаалаг гар утас хэрэглэхгүйг зөвлөжээ

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ оны эхээр хүүхдийн дэлгэц (дижитал)-ийн хэрэглээний хор уршгийг тогтоох судалгааг тус улсын тэргүүлэх эрдэмтдийн багт захиалан хийлгэжээ. Гурван сар үргэлжилсэн энэхүү судалгааны тайлан саяхан нийтлэгдэн байна. Тайлан нийтлэгдсэний дараа Засгийн газар одоогоор хэрхэн ажиллах талаар шийдвэр гаргаагүй байгаа ч тэрбээр нэгдүгээр сард "Хориг, хязгаарлалт хийж магадгүй" гэсэн байна. Иймд уг судалгааны үр дүнд үндэслэн Францын засгийн газар тодорхой арга хэмжээ авч болзошгүй.

Энэхүү хүнд цохилт бүхий тайланд “хүүхдийн анхаарлыг татах, танин мэдэхүйн бүх хэлбэрийг ашиглан тэднийг дэлгэцэнд уяатай байлгах, хянах, дахин татан оролцуулах, мөнгө олох стратегитэй” технологийн салбарын ашиг хонжоо хайдаг компаниудаас хүүхдүүдийг хамгаалах шаардлагатай гэж дурджээ.

Мэдрэлийн эмч Серван Моутон, Пол-Броуссын эмнэлгийн сэтгэцийн эмгэг, донтолтын албаны дарга Амин Бенямина нарын ахалсан эрдэмтдийн баг энэхүү гурван сар үргэлжилсэн судалгаандаа  нас насны хүүхдийн дижитал хэрэглээний хор уршгийг үнэлж, зөвлөмж гаргасан байна. Үүнд:

  1. Гурван нас хүртлээ хүүхэд бүх төрлийн дэлгэцээс хол байх ёстой. Үүнд телевиз ч багтана.
  2. Хүүхэд 11 нас хүртлээ аль нэг утас хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  3. 11-13 насанд интернэтэд холбогдоогүй утас хэрэглэж болно.
  4. 13 наснаас ухаалаг утас хэрэглэхийг зөвшөөрнө.
  5. 15 насанд хүүхэд гэхэд зөвхөн Мастодон гэх мэт "ёс суртахуунтай" олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандах боломжтой.
  6. TikTok, Instagram, Snapchat гэх мэт ердийн, олон нийтийн зах зээл дээр, ашгийн төлөө ажилладаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өсвөр насныханд 18 нас хүрэхээс нааш ашиглах боломжгүй гэж тэд тогтоожээ.

 

Энэхүү тайланд нялх, балчир насныхантай холбогдуулан эцэг эхчүүдэд хатуу зөвлөмж өгч, эхчүүд, нялх хүүхдийн хоорондын ээнэгшлийг дэмжихийн тулд төрөх тасагт гар утас, дэлгэцийг аль болох хязгаарлах хэрэгтэй гэжээ. Утасны хэрэглээг хүүхэд асран хамгаалагчдын дунд ч бас анхаарч үзэх нь чухал ажээ.  

Зургаан нас хүртэлх хүүхдийн хувьд бүх төрлийн дэлгэцийг "хүчтэй хязгаарлах" байх ёстой бөгөөд зөвхөн насанд хүрсэн хүнтэй хамт боловсролын агуулгад маш ховор хэрэглэнэ. Зургаан нас хүрээгүй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн дэлгэцийг бүрмөсөн хориглох хэрэгтэй.

Бага сургуульд хүүхдүүдэд хөгжлийн бэрхшээлээс бусад тохиолдолд бие даалган таблет эсвэл дижитал төхөөрөмж өгч болохгүй.

Уг тайланд үлгэр, өгүүллэг ярихад ашигладаг тоглоомоос бусад тоглоомуудыг хориглохыг санал болгосон байна. Моутон "Зургаан нас хүрэхээс өмнө хүүхэд хөгжихийн тулд дэлгэц ашиглах шаардлагагүй" "Үнэндээ дэлгэц нь энэ насанд тэдний зөв хөгжлийг зогсоож чадна." гэжээ.

Дижитал хэрэглээ нь бага насныхны сэтгэл хөдлөлийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж тайланд дурджээ. Үүнд бага насны хүүхдүүдийг хооллож байхдаа утсаа гүйлгэн харж байдаг насанд хүрэгчид эсвэл ар талд нь зурагт байнга асаалттай байдаг гэр бүл багтана.

Эрдэмтэд хүүхдүүдийн дижитал хэрэглээнд эцэг эхийг буруутгахын оронд нийгэм бүхэлдээ өөрчлөгдөх ёстойг зөвлөжээ. Тухайлбал ажлын бус цагаар дэлгэцээс бүрэн холддог байх, дэлгэцээс ангид ресторан, кафе зэрэг олон нийтийн газрууд бий болгох, эцэг эхчүүд гэртээ ирээд гар утсаа тусгай хайрцагт хадгалж хэвших зэрэг аргуудыг зөвлөсөн байна.

Судлаачдын ахлагч Бенямина “Технологи бол гайхамшиг. Цаашдаа ч тийм байх болно. Гэхдээ технологи хүмүүст үйлчлэх ёстой болохоос биш тэдний эрүүл мэнд, бүтээмжийг муутгадаг зүйл байх ёсгүй” гэжээ. Тэрбээр мөн хүүхдүүдийн хувьд технологийн хэт хэрэглээ нь нүдний хараа, бодисын солилцоо,  оюуны хөгжил, анхаарал төвлөрөл, таних мэдэхүйн үйл явц зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлдөг гэжээ.

 

П.Жаргал

 

Эх сурвалж: The Guardian. 2024. Stop children using smartphones until they are 13, says French report. https://www.theguardian.com/world/2024/apr/30/stop-children-using-smartphones-until-they-are-13-say-french-experts-in-report#:~:text=Children%20should%20not%20be%20allowed,experts%20commissioned%20by%20Emmanuel%20Macron.