Цэцэрлэгийн хамт олон өөрийн байгууллагын чанарын үнэлгээг хэрхэн гүйцэтгэх вэ?

Хичээлийн жил төгсгөлдөө ирж, цэцэрлэгүүд бүтэн жилийнхээ ажлыг тухайлбал, бидний явуулсан үйл ажиллагаа хэр зэрэг чанартай байв гэдгээ дүгнэн ярилцаж байгаа болов уу. Иймд чанарын үнэлгээ хэрхэн явагдахыг авч үзье.

Сургуулийн өмнөх боловсролын бага насны хүүхдийн хөгжил төлөвшилд үзүүлэх эерэг нөлөө нь түүний чанараас голлон хамаардаг. Иймд улс орнууд сургуулийн өмнөх боловсролын чанарт ихээхэн анхаардгийг ХБНГУ “Сайн цэцэрлэгийн хууль” (Gute Kita Gesetz. 2019) [1] гэсэн СӨБ-ын чанарыг сайжруулах хуультай, Австрали улс “Үндэсний чанарын стандарт” (National Quality Standard. 2018) [2] хэмээх СӨБ-ын чанарын бүрэлдэхүүн хэсэг, үзүүлэлтүүдийг заасан стандарттай зэрэг жишээнээс харж болно.

Чанарын үнэлгээний хэрэгсэл ямар байх вэ?

Чанарын үнэлгээ явуулахад юуны өмнө СӨБ-ын чанарыг хэмжихэд ашиглах нэгдсэн багаж хэрэгслээ бий болгох шаардлагатай. Чанарын үнэлгээний хэрэгсэл ямар байх вэ? Чанарын үнэлгээний хэрэгсэл нь байгууллагын өөрийн дотоод үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээний аль алинд адилхан хэрэглэгдэнэ. Үүнд үнэлгээ хийх чиглэл, тэдгээрийг хэрхэн үнэлэх шалгуур, аргачлал тодорхой байна. Үнэлгээний хэрэгсэл нь ямар бүрэлдэхүүн хэсэгтэй байх, тэдгээр нь юу агуулахыг Хүснэгт 1-д жишээлэн харууллаа.

Хүснэгт 1. Чанарын үнэлгээний хэрэгслийн бүрэлдэхүүн хэсэг, түүний агуулга

Бүрэлдэхүүн хэсэг

Агуулга

1

Гадаад, дотоод орчин

Зай талбай, хөдөлгөөний боломж, тоног хэрэгсэл ...

2

Багш, хүүхдийн харилцан үйлчлэл

Аливаа үйл болон шийдвэр гаргалтад багш, хүүхдийн оролцоо; багшийн ажиглалт, чиглүүлэг, нөлөөлөл; хүүхэд-хүүхдийн харилцан нөлөөлөл...

3

Асаргаа, хамгаалал

Хоол, унд; амралт, ачаалал; эрүүл ахуйн орчин, үйл ажиллагаа ...

4

Сургалт бусад үйл ажиллагаа

Төлөвлөлт, бүтэц, зохион байгуулалт, баримтжуулалт ...

5

Индивидуалчлал

Хүүхэд бүрийн ​​сонирхол, хэрэгцээг харгалзаж буй байдал, зохицсон материал, дэмжлэг, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх ажиллагаа

6

Хэрэглэгдэхүүн, түүний ашиглалт

Сургалт, тоглоом, бусад үйл ажиллагааны материал...

7

Эцэг эх ба багш

Эцэг эхтэй хамтран ажиллах ажиллагаа, багшийн эрэлт хэрэгцээ, мэргэжил дээшлүүлэлт, хамтын ажиллагаа, харилцан нөлөөлөл...

Дээрх бүрэлдэхүүн хэсэг нь дотроо, жишээлбэл, “Сургалт” нь суралцахуйн чиглэлүүдээр нарийвчлан задарч болно.

Чанар нь нэг удаа тогтоогоод орхих зүйл биш бөгөөд байнга сайжирч хөгжиж байдаг үйл явцын шинж чанартай. Иймд хэрэгсэл нь тухайн түвшнээс цааш ахиц дэвшлийг тогтоож харуулах боломжтой байна. Үүгээрээ үнэлгээний хэрэгсэл нь багш, ажилтнууд өөрийн болон байгууллагынхаа ажлын чанарыг сайжруулахад тусалж чиглүүлэх бас нэгэн үүрэгтэй. Үүнийг ХБНГУ-ын СӨБ-ын байгууллагын “Үндэсний чанарын үзүүлэлтийн католог” (BMFSFJ_PaedQuis. 2016)-ын [3] Үнэлгээний хуудаснаас жишээ болгон Хүснэгт 2-д харууллаа. Энэхүү хуудсанд багш өөрийнхөө ажлыг үнэлж, тохирох нүдэнд тэмдэглэгээ хийнэ.

Хүснэгт 2. Чанарын үнэлгээний хуудасны жишээ

Суралцахуйн чиглэл: Хэл яриа

Багш, хүүхдийн харилцан үйлчлэл

Огт үгүй

Хааяа нэг

Зарим-даа

Ихэнх­­дээ

Бараг байнга

Байн-га\Дандаа

1

Би өдрийн турш хүүхэдтэй тэдний болон өөрийнхөө хүсэл, сонирхол, туршлага, мэдрэмжийн талаар ярилцах олон боломжийг ашигладаг.

 

 

 

 

 

 

2

Би хамгийн балчир насныхандаа жишээлбэл, сонирхолтой тоглоомын материал, өдөр тутмын эд зүйлсийг санал болгож, тэднийг өдрийн турш аман яриа болон биеийн хэлэмжээр харилцаанд оролцуулдаг.

 

 

 

 

 

 

3

Би өдөр тутмын үйл ажиллагааг хэл яриагаар чиглүүлдэг (жишээлбэл, ширээ засах,  аялалд гарахад бэлтгэх)

 

 

 

 

 

 

4

Би хамгийн балчир хүүхдүүдтэйгээ хувцас өмсгөх, тайлах, живх солих, хооллох зэрэг өдөр тутмын нөхцөл байдлыг ашиглан ойлголцож харилцдаг.

 

 

 

 

 

 

 

Байгууллагын чанарын үнэлгээ хэрхэн явагдах вэ?

Чанарын үнэлгээгээр гаднаас хэн нэгэн шууд очиж шалгаад, аль нэг СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааны чанарыг тогтоохгүй. Хүснэгт 1-д заасны дагуу тухайн байгууллага дээрх өөрийн дотоод үнэлгээ зонхилох байрыг эзэлнэ. Багш, ажилтнууд өөрсдөө үйл ажиллагааныхаа чанарыг үнэлэх нь тэдэнд байгууллагынхаа ажлын чанарыг алхам алхмаар сайжруулах сэдэл, зорилго бий болоход тустай бөгөөд гадны улс орнуудын үнэлгээний чиг хандлага ч ийм байна.

Чанарын баталгааг хангахад чиглэсэн дотоод үнэлгээ нь үнэлгээний хэрэгсэл дэх тодорхой чиглэл, үзүүлэлт, аргачлалын дагуу явагдана. Хамт олны болон үйл явцын чанарыг тодорхойлоход практик үйл ажиллагаа (багш хүүхдийн харилцан үйлчлэл, хүүхэд хоорондын харилцаа гэх мэт)-г ажиглах, багш, ажилтан, эцэг эх, хүүхэдтэй ярилцлага хийх, асуулга авах зэрэг нэлээд олон талт ажил явагдана. Үр дүнгийн чанарыг тодорхойлоход багшаас хүүхэд бүрийн чадамжийн ахицыг тогтоосон байдал, түүний нотлох баримт буюу баримтжуулалттай танилцах, хүүхдийн эзэмшсэн дадал зуршлыг ажиглах, эцэг эхтэй ярилцлага хийх зэргээр ажиллана.

Байгууллагын удирдлага, багш, ажилтнууд үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах ажлыг дараах алхмаар гүйцэтгэнэ. Үүнд:

Тухайн нөхцөл байдлын шинжилгээ хийх

Багш, ажилтан бүр Хүснэгт 2-д жишээлэн харуулсан үнэлгээний хуудсын адилаар гаргасан бүх үнэлгээний хуудсын дагуу өөрийнхөө ажилд шинжилгээ хийнэ. Үүнд суралцахуйн чиглэл бүрээр ангийнхаа нийт хүүхдийн үр дүнгийн үнэлгээ (чадамжийн үнэлгээ)-г ашиглана. Цэцэрлэгийн удирдлага (эрхлэгч, арга зүйч) багш нарын өөрийн үнэлгээний материалыг чиглэл, үзүүлэлт бүрээр нэгтгэнэ.

 Хэлэлцэх, зорилго дээрээ тогтох

Нөхцөл байдлын шинжилгээнд тулгуурлан хамтаараа чанарын аль чиглэлийн ямар үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай, энэ нь байгууллагын сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын аль хэсэгтэй болон ямар хүмүүс (хүүхэд, эцэг эх, ажилтнууд, үүсгэн байгуулагч гэх мэт)-тэй холбогдож байгаа, үүнийг ямар арга замаар сайжруулах боломжтой гэх мэтээр хэлэлцэнэ. Хэлэлцүүлэг дээрээ тулгуурлан зорилгоо томьёолж, тохирно.

 Зорилгоо хэрэгжүүлэх үе шатуудыг төлөвлөх

Ямар ажлуудыг зохион байгуулах, хэрэгжих хугацаа нь ямар байх, гол хариуцах эзэн нь  хэн, хамтран ажиллах хүмүүсийн нэр, үүнд ямар нөөц материал шаардлагатай, зорилгын хэрэгжилтийг хэн, хэрхэн хянах зэрэг асуудлыг төлөвлөлтөд тусгана. Чанарын өөрчлөлт харьцангуй удаан хугацаанд гарах тул төлөвлөлтийг 1-2 жилээр хийнэ. Ийнхүү хамт олны зорилго, гүйцэтгэх ажил тодорхой болж, үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулах нэгэн үеийн ажил эхэлнэ. Хамт олныг өөрсдийн дотоод үнэлгээ хийхэд мэдлэгжүүлж, чадваржуулж байх нь чухал.

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. Bundesministerium fuer Faminie, Senioren, Frauen und Jugend. (2019): Gute Kita Gesetz. (KiTa-Qualitaetsgesetz). https://www.gute-kita-portal. de/

2. Australian Children’s Education & Care Quality Authority. (2018): National Quality Standard. https://www.acecqa.gov.au/nqf/national-qualitystandard

3. BMFSFJ_PaedQuis. (2019): Qualitaet in Tageseinrichtungen fuer Kinder von 0 bis 6 Jahren. Nationale Qualitaetsinitiative im System der Tageseinrichtungen fuer Kinder. pdf