Цэцэрлэгт эцэг эхтэй хүүхдийн хөгжлийн талаарх ярилцлагыг амжилттай явуулах 10 дүрэм

Тогтмол явагддаг хөгжлийн ярилцлага нь цэцэрлэгийн чанарын чухал үзүүлэлт. Германд гэхэд жишээлбэл, хөгжлийн ярилцлагыг хуульчилж өгсөн байдаг. 

Хөгжлийн ярилцлагаар:

  1. Эцэг эхчүүд хүүхэд нь цэцэрлэг, яслид өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаар ойлголт авна.
  2. Багш, эцэг эхчүүдэд хүүхдийн хөгжлийн талаар нэгдмэл нэг үзэл бодол бий болно. Энэхүү үзэл бодол нь хүүхдийн өнгөрсөн, өнөө, ирээдүйн хөгжлийг хамарна. Эцэг эх хүүхдэд нь тухайн үед ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг мэддэг болно.  
  3. Тухайн үед хүүхдэд юу чухал, одоо юу хийж байгаа, дараагийн хөгжлийн алхам нь ямар байх гэдгийг хамтдаа бодох боломж олгоно. Жишээ нь: Тохиромжтой,  сэтгэл санааг нь татах тоглоомын материалаар дэмжих.

Эдгээрийг ойлгосноор эцэг эх хөгжлийн ярилцлагыг дуртай, найдвартайгаар хүлээн авч, ярилцлагад анхаарах зүйлээ бэлтгэнэ. Ярилцлагын явцад эцэг эхчүүд өөрсдөд нь нухацтай хүндэтгэлтэй хандаж байна, чадварыг нь хүлээн зөвшөөрч байна  гэдгийг мэдэрсэн тохиолдолд тэд ямар нэг байдлаар зай бариад байхгүй. Үүнд сайн хамтын ажиллагааны түлхүүр оршино.

Хөгжлийн ярилцлагыг хэрхэн явуулах нэгдмэл процедурыг хамт олон дотроо ярилцаж тогтох хэрэгтэй. Энэхүү нэгдмэл процедур нь байгууллагын үзэл баримтлалын нэг бүрэлдэхүүн хэсэг байна.

1. Ярилцлагын бэлтгэлийг сайн хангах

Бүх хэрэгцээт материалаа бэлтгэх. Жишээ нь: Хүүхдийг ажигласан баримтууд, Хувийн хавтас, бичлэгээ харуулах техник хэрэгсэл гэх мэт. Тухайн хүүхдийн талаар хамт ажиллагсадтайгаа мөн ярилцсан байна. 

2. Таатай уур амьсгал бүрдүүлэх

Халуун дотноор урьж байна даа гэсэн мэдрэмж төрсөн тохиолдолд эцэг эх ярилцлагад дуртай ирдэг.  Мэндлэхээсээ эхлээд л эцэг эх бол надад маш чухал хүмүүс шүү гэсэн мэдрэмж төрүүл. Ийм хүндэтгэлийг бий болгоход ярилцлага явуулах өрөө мөн нөлөөлнө.

3. Ярилцлага яаж явагдах бүтцийг тодорхой танилцуулах

Ярилцлага ямар хугацаатай үргэлжлэхийг урьдчилан тогтооно. Хөгжлийн ярилцлагын өмнө ярилцлагын явц ямар байхыг төлөвлөж тэмдэглэ.  Үүндээ өөрөө ярихаар төлөвлөсөн агуулгаа бич. Ач холбогдлоор нь эрэмбэл. Жишээ нь: 1. Хүүхдийн одоогийн хөгжлийн байдал, 2. Өмнөх хөгжлийнх нь тойм, 3. Эцэг эхийн санаа бодол, 4. Байгууллагаас тавьж буй шаардлага.   

Хэрэв цаг гарвал бусад мэдээллийн дагуу ярилцана.

4. Ойлгомжтой үг хэллэг хэрэглэх

Мэргэжлийн чадамж нь мэргэжлийн олон үг хэллэг хэрэглэснээр бус, харин тодорхой, ойлгомжтой ажиглалтын баримтуудаар илэрнэ. Эцэг эхэд ойлгомжтой бус томьёолол нь тодорхой бус байдлыг бий болгож, түгшүүр төрүүлдэг.  Ихээхэн төвөгтэй зүйлийн учир холбогдлыг ойлгомжтой тайлбарлаж чадаж байвал мэргэжлийн өндөр ур чадвартай байгаагийн шинж.

5. Хөгжлийг тодорхой, эцэг эхэд ойлгомжтой байдлаар танилцуулах

Ач холбогдол бүхий тодорхой үзүүлж харуулах материал ашигласнаар эцэг эх хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах ойлголт авна. Хүүхдийн хөгжлийн талаар ажигласан  зүйлсээ хүүхдийн төсөлт ажил, фото зураг, видео бичлэгийн хэсэг, ярианы бичлэг эсвэл өргөн агуулгатай Хувийн хавтсаар тодруул.

6.    Үнэлэхгүй байх, харин суралцахуйн ахицыг онцлох

Балчир болон бага насанд хүүхэд хөгжлийн чиглэлүүд болон хөгжлийн хурдаараа харилцан адилгүй байдаг. Иймээс үнэлгээ өгөх их хэцүү. Бусад хүүхэдтэй харьцуулах тохиолдолд эцэг эх санаа зовниж эхэлдэг. Харин хүүхэд тус бүрийг ажиглалтын хуудсын дагуу сайтар баримтжуулсан тохиолдолд тухайн хүүхдийн хөгжлийн ахиц тодорхой харагддаг. Эцэг эх хүүхдийнхээ ахиц дэвшлийг мэдэрснээр тэдэнд багштай хамтран хүүхдэдээ туслах, дэмжих сэдэл бий болно.

7.    Гол зүйл дээрээ төвлөрөх

Ярилцах явцдаа гол зүйл дээрээ төвлөрнө. Хүүхдийн хөгжлийн талаар гол зүйлийг тодорхой томьёолж хэлнэ. Түүнтэйгээ холбоотой жишээнүүд харуулж танилцуулна. Эцэг эхийн асуултад хариулна. Ярилцах зүйлээсээ хазайлгүй, ямагт зорилго руугаа чиглэж ярилцана.   

8.    Эцэг эхийг оролцуулах

Ярилцлагын явцад эцэг эхэд санаагаа хэлэх, ярилцах хангалттай цаг хугацаа олгоно.

Өөрийнхөө хэлсэн санаа бүрийн төгсгөлд эцэг эхээс ойлгосон, эсэх, мөн ямар нэгэн сэтгэгдэл, асуулт байна уу гэдгийг асуух хэрэгтэй. Хүүхэд нь гэртээ ямаршуу байдаг?, Юу хийдэг?, Түүнийг нь Та яаж үнэлдэг? гэх мэтээр хүүхдийнхээ зан харилцааг ажигласан ажиглалт руу ямагт яриаг нь чиглүүлнэ.

       9. Ярилцлагын гол санааг нэгтгэн дүгнэх

Ярилцлагын нэг бүрчилсэн агуулгын төгсгөлд гол зүйлийг нь товч нэгтгэн хэлнэ. Энэ нь эцэг эх ярилцлагын чухал санааг тусган авахад дөхөм болно. Ярилцлагын төгсгөлд Эцэг эх хүүхэд дээрээ хөгжлийн ямар эерэг зүйлсийг олж ажигласан?,  Хаана нь хүүхдэд дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байна вэ?, Эцэг эх болон би тухайн хүүхдийг цаашид дэмжихдээ юу хийж болох? Мэргэжлийн зөвлөгөө (хүүхдийн эмч, хүүхдийн сэтгэл судлаач, хэл засалч) авах шаардлага байна уу, үгүй юу? гэх мэтээр чухал зүйлсээ нэгтгэн дүгнэнэ.

10.  Үр дүнг бичиж тэмдэглэх

Ярилцлагын үр дүн, магадгүй зарим санаа, тохирсон зүйлээ тэмдэглэж баримтжуулж авах нь чухал. Энэ нь дараа явуулах хөгжлийн ярилцлагын агуулгын суурь болно. Энэхүү тэмдэглэлийг хүүхдийн хувийн хэрэгт хийж болох бөгөөд хүн бүр үзэх шаардлагагүй.

 

Prof. h.c. Dr. phil Dr. h.c. Bernhard Nagel (Бернхард Нагел)