Эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого (2013 он)- д “Эцэг эх, багш хамтран ажиллах түншүүд” гэсэн зарчим бий. Энэ нь эцэг эх ба багш хүүхдийн хөгжил төлөвшилд адил тэгш үүрэг, хариуцлага хүлээнэ гэсэн үг. Иймд тэдэнд тухайн хүүхдийн талаар ярилцаж, ойлголцон мэдээллээ солилцож байх хэрэгцээ бий. Эцэг эхтэй хийх ярилцлага гол нь хүүхдийг ажиглахаас үүдэлтэй. Манай багш нарын хувьд хүүхэд бүрийг ажиглаад, баримтжуулсан тодорхой мэдээллүүдтэй болоод байгаа. Тэрхүү мэдээллээ эцэг эхтэй хэрхэн хуваалцах, ер нь эцэг эхтэй хийх ярилцлагыг яаж зохион байгуулах вэ гэсэн асуулт ялангуяа залуу багш нарын хувьд хүндхэн тусдаг.  Ярилцлага нь бие биеэсээ зай барихад хүргэхгүй, ярилцлагын дараа аль аль нь сэтгэл ханамжтай үлдэх, цаашдаа тухайн хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх үр дагавартай байх нь чухал.     Багш нартаа эцэг эхтэй хийх ярилцлагыг үр дүнтэй явуулах 10 алхам [1]-ыг орчуулан хүргэж байна.           1. Ярилцлагад бэлтгэх нь ярилцлага амжилттай болох эхний бөгөөд чухал алхам. Санаагаа цуглуулж цэгцлээд, ярилцлагынхаа зорилгыг томьёолж, явц, агуулгыг төлөвлөнө. Энэ нь хэдийгээр тодорхой хугацаа шаарддаг ч дараа нь ярилцлага сэтгэл ханамжтайгаар төгсөхөд тустай.   2. Ярилцагчдаа хандах хандлага эцэг эхтэй хийх ярилцлагыг амжилттай болгоход шийдвэрлэх нөлөөтэй.  Ярилцахаасаа өмнө та дотроо бодож үзээрэй: Эцэг эхчүүдийн талаар би юу гэж боддог вэ? Тэднийг би адил эрх бүхий түнш гэж чин сэтгэлээсээ хүлээж авдаг уу? Би тэдний үнэт зүйлс, намтар, асуудлуудыг мэддэг билүү? Хүн бүр өөрийн үнэт зүйл (боловсролын талаар), итгэл үнэмшилтэй гэдгийг хувь хүнийх нь хувьд зөвшөөрч, хүндэтгэл, талархалтай хандана.   3. Эцэг эхтэй хийх ярилцлага хангалттай хугацаатай мөн ямар нэг саад болох зүйлгүй байхад анхаарна. Утсаа унтраах, хаалгандаа тэмдэглэгээ (анхааруулга) өлгөх гэх мэтээр. Энэ нь эцэг эхэд хүндэтгэл үзүүлж байгааг харуулахын зэрэгцээ та миний анхаарлын төвд байна, таны эрэлт хэрэгцээнд нийцэн ажиллана гэсэн дохио сигнал өгнө.      4. Эцэг эхтэй нөхөрсөг, анхаарал хүндэтгэлтэй мэдчилнэ. Тухайн орон нутгийн онцлогоос хамааран гар барих эсвэл гар барихгүйгээр мэдчилнэ.  Инээмсэглэх, ирсэн зам эсвэл цаг агаарын талаар товч ярилцах нь анхны “мөсийг хагалах” болно.  Хэцүүхэн ярилцлага болох байлаа ч гэсэн эцэг эхэд тааламжтай мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй.   5. Эцэг эхэд ярилцлагын хугацаа, агуулга, зорилгыг танилцуулна. Санал нэг байгаа эсэхийг эцэг эхээс асуу. Ингэснээр таны хамтран ярилцагч өөрийг нь үнэлж байгаа мөн сонголт байна гэсэн мэдрэмж авч, хамтран ажиллах үүд нээгдэнэ.   6. Эцэг эхэд өөрийн зүгээс асуудлуудаа тодорхой ярих боломж олгох. Гол санааг нь давтан хэлж, тухайн санааг зөв ойлгосон, эсэхээ асуу. Энэ нь намайг сайн сонсож байна, ярилцах сонирхолтой байна гэсэн дохиог эцэг эхэд өгнө. 7. Та санал, өөрчлөх гэж буй зүйлээ асуулт байдлаар томьёолж хэлнэ. Жишээ нь: Өнөөг хүртэл хэрэглэж ирснээс хүмүүжлийн өөр тактик хэрэглээд үзвэл илүү үр дүнтэй байж магадгүй юу, Та юу гэж бодож байна вэ? Ийнхүү асуултаараа та нэг талаас харилцагчаа эрэгцүүлэн бодоход, нөгөө талаас эцэг эхэд өөрсдөө аль нэг өөрчлөлтийн санаа руу хүрч очих сонголт, мэдрэмж бий болоход нөлөөлнө.   8. Асуултын дагуу эцэг эхийн гаргасан санааг магтаж, үнэлнэ. Энэ нь эцэг эхийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Тэд танд гэрэл гэгээ цацруулсан нүд, инээмсэглэл эсвэл үгээр хариу талархал илэрхийлнэ. Үүгээр таны үнэлэмж мөн дээшилнэ.     9. Хэрэв эцэг эхтэй хийсэн ярилцлага тэдэнд дарамттай байдлаар төгсөхөд хүрвэл Та аль алинд нь давуу байдал (Win-win situation) бий болгохыг зориорой. Үүнд та өөрийнхөө санааг эерэг байдлаар томьёолно. Жишээ нь:  (“танай хүү залхуу, хөдөлж өгдөггүй” гэхийн оронд) Хүү тань энерги, эрч хүчээ сайн зохицуулдаг, эрүүл мэндээ яаж хамгаалахыг сайн мэддэг гэвч... Ингэхдээ бодит мэдээлэл өгөхөд анхаарна. Эцэг эхийн хувийн асуудал руу орж болохгүй. Тэгвэл харилцагч хоорондын мэдээлэл солилцоо үр дүнгүй болно. Зорьсон зорилгодоо хүрч чадахгүйд хүрвэл харилцан буулт хийж тохиролцоно. Ингэснээр аль аль нь амжилттайгаар ярилцлага төгсөнө.   10. Эцэг эхтэй хийсэн ярилцлагынхаа үр дүн болон авах арга хэмжээгээ тэмдэглэж бичээрэй. Үүгээр тухайн цэг рүү хүрэх гол агуулга, тодорхой заалтууд үлдэх бөгөөд урт хугацааны дараа ч үүнийг унших боломжтой.       Эх сурвалж:  https://www.nicole-wache.de/elterngespraeche/