Бага насныхан хэрхэн суралцдаг вэ?

Суралцах гэж юу вэ?

Бид суралцах гэдгийг ерөнхийдөө урьд өмнө нь мэддэггүй, чаддаггүй байсан ямар нэг зүйлийг эзэмшихийг хэлдэг. Хүүхэд урьд нь байгаагүй шинэ зүйлтэй тулгарснаар суралцаж эхэлдэг. Эцэг эх хүүхдээ дэмжин идэвхжүүлж, шаардагдах орчин нөхцөлийг бүрдүүлснээр суралцах үйлийн амжилтыг ахиулах боломжтой. Амжилттай сайн суралцахыг хүүхэд юу мэддэг, чаддаг болсон бэ гэдгээс илүүтэй тухайн хүүхдийн зан үйлд ямар эерэг өөрчлөлт гарав гэдгээр авч үзэх нь чухал. Зөвхөн үүгээр л хүүхэд буюу хүн шинэ зүйл сурч мэдсэн нь "нотлогдоно". Жишээлбэл, уурлахдаа нэгнийхээ үснээс зулгааж болохгүй гэдгийг мэдээд, амьдрал дээр хэрэгжүүлэхгүй бол суралцах үйлд үр дүн гараагүй байна гэсэн үг. 

Хүүхэд хэрхэн суралцдаг вэ?

Хүүхэд юуны өмнө оролдлого, ажиглалт, даган дуурайлтаар суралцдаг.

Оролдлого ба алдаа (Trial and Error) - Туршиж үзэж суралцах

Хэл яриагаар төдийлөн нөлөөлөх боломжгүй нялх болон балчир насныхан “оролдлого ба алдаа” (Daniel Fuhr) зарчмын дагуу шууд практик үйлээр суралцдаг. Тэд оролдож үзнэ, нэг бол амжилтанд хүрнэ эсвэл бүтэлгүйтнэ. Ийм байдлаар тэд хүрээлэн буй орчин болон өөрөө хэрхэн ажиллах талаар олон зүйлийг олж мэднэ. Ингэснээр тэд шинэ чадвар эзэмшиж, өөрийн чадвар, чадахгүй байгаа зүйлээ мэддэг болно. Хүүхэд “Оролдлого ба алдаа” зарчмыг өдөр тутмын бүхий л нөхцөл байдалд хэрэгжүүлж болно: Аав, ээжээсээ арга эвийг нь олж чихэр авах, тоглож байхдаа блокоор аль болох өндөрт цамхаг барих гэх мэт. Хүүхэд оролдоно, бүтэлгүйтнэ, амжилтанд хүрэх хүртлээ дахин оролдоно. Тухайн суралцах зүйлийн төвөгтэй байдлаас шалтгаалан богино хугацаанд эсвэл хэдэн өдөр, долоо хоног, сараар үргэлжилнэ.

“Амьд” загвар дээр суралцах

Хүүхэд эцэг эх, насанд хүрэгчдийг ажиглаж, тэдний бодит үлгэр дуурайллаас суралцдаг.  Хүүхэд хүний үг яриа, үйл хөдлөлийг даган дуурайхаас гадна хандлагыг ч хүртэл дуурайдаг. Үүгээр хүүхдийн сурах үйл  ажиллагаа ихэвчлэн явагддаг бөгөөд тэд өөрийг нь хайрладаг, ойр дотны хүмүүсээ "үлгэр загвар" болгодог. “Загвар”-ыг ажиглах явцад тэдний тархинд суралцах процесс явагдана. Тэд урьд өмнө мэддэггүй байсан шинэ зан үйлийг мэдэж авна, ашиглана, эзэмшсэн зан үйлээ өөрөөр илэрхийлж үзнэ.   

Дэмжлэг, идэвхжүүлэлтээр суралцах

Эцэг эхчүүд энэ сургалтын зарчмыг хүүхдээ тодорхой чиглэлд чиглүүлэхдээ ашиглаж болно. Суралцах явцад "зөв" зан авирыг хүлээн зөвшөөрч дэмжин, сөрөг зан авирыг үл тоомсорлох байдлаар тааламжгүй байгаагаа илэрхийлнэ. Энэ нь сөрөг зан авирыг арилгахад тустай. Учир нь хүүхэд үүгээр зохисгүй эсвэл хүсээгүй зан авирыг өөртөө тусган авна. Тэд өөрийнх нь санаа бодол, үйлийг хүлээн зөвшөөрсөн, дэмжсэн тохиолдолд илүү идэвхтэй суралцдаг.

Тоглох явцдаа суралцах

Хүүхдийн хувьд тоглох, суралцах нь хамтдаа нэг үйл. Тоглох үйл хүүхдийн өөрийн санаачилгаар бий болох бөгөөд тэд тоглоомоороо юу хүсэж байгаа, юу чаддагаа харуулна. Хүүхэд тоглох явцдаа суралцахад эцэг эх, насанд хүрэгчдийн өдөөлт, санаа чухал. Хүүхэд тоглоомоороо тойрон хүрээлж буй орчинтойгоо танилцаж, өдөр тутмын хэрэглээний эд зүйлс, юмсыг юунд хэрэглэдэг, юугаараа ялгаатай зэргээр ойлголт төсөөлөлтэй болно, хөдөлгөөний чадвар, эв дүй нь сайжирна, бусадтай харилцах, асуудлыг шийдвэрлэх арга ухаанд суралцана. Тэд тоглохдоо ихэвчлэн анхаарлаа төвлөрүүлж, хийж буй үйлээ үнэнчээр гүйцэтгэсээр байдаг. 

 

Та хүүхдээ суралцахад нь хэрхэн дэмжих вэ?

 

Таны хүүхдийн сурах үйлдэл ерөнхийдөө өөрөөс нь үүдэн өрнөнө. Та харин хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжсэн, олон янзын боломж олгосон, өдөөсөн орчныг бүрдүүлээрэй.

  1. Хүүхэд тань ямар нэгэн зүйлийг айдасгүйгээр оролдож, туршиж үзэх тааламжтай уур амьсгал, орчныг бүрдүүлэх
  2. Хүүхдийнхээ сурах үйл явцад анхаарлаа хандуулж, тусалж дэмжихэд бэлэн байх
  3. Хүүхдийнхээ чадварт итгэж, өөрөө бие даан олон зүйлийг туршиж үзэх боломж олгох
  4. Оролдож туршиж үзэх, сурахад нь өдөөлт өгөх, санаа авах орчныг бүрдүүлэх
  5. Үг хэллэг, үйл хөдлөл бүрдээ хянамгай хандаж, үлгэр дуурайл үзүүлэх
  6. Хүүхэдтэйгээ хамт тоглох
  7. Хүүхдээ алдаа гаргах, урам хугарсан үед нь найрсаг, хайраа илэрхийлэн хандах
  8. Суралцах үйл нь үргэлж хөгжилтэй, баяр баясгалантай байхад анхаарах

 

Хүүхэд маш их чадвар, чадавхитай. Тэд хэдий чинээ чөлөөтэй хөдөлж, дарамт шахалтгүйгээр туршиж үзэх, бусадтай идэвхтэй харилцах тусам суралцахдаа сэтгэл ханамжтай, сонирхолтой байж, илүү үр дүн гаргах болно.

 

Н.Хорлоо

Эх сурвалж:

Daniel Fuhr. Wie lernen Kinder? Wie können Eltern sie unterstützen?. https://www.vaterfreuden.de/vaterschaft/erziehungsfragen/wie-lernen-kinder-wie-k%C3%B6nnen-eltern-sie-unterst%C3%BCtzen