Монголын уламжлалт хэмжүүр
Энэхүү материалыг ээж аав, багш нарынхаа мэдлэгийн санд зориуллаа. Гэхдээ монголын уламжлалт хэмжүүрээс зарим энгийнийг нь бага насны хүүхэдтэй ажиллахдаа ашиглаж болох юм. Жишээлбэл, уртын хэмжүүрээс 1 хуруу, 2 хуруу, 3 хуруу, 4 хуруу, төө, алд, алхам, шингэний хэмжүүрээс шанага, аяга, халбага гэх мэт.
Монголчуудын өргөн хэрэглэгдэж байсан уламжлалт хэмжүүрийн зарим нэг нь нийгэм, түүхийн хөгжлийн эрхээр цөөн хэрэглэгдэх буюу хэрэглээнээс гарсан ч ихэнх хэмжүүр нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд өргөн хэрэглэгдэж байна.
Монголчууд их багыг зүүний сүвэгчийн чинээ, будаан чинээ, тариан чинээ, хумсын толион чинээ, хуруун чинээ, алгын чинээ, гэрийн буйрын чинээ гэх мэтээр илэрхийлдэг бөгөөд энэхүү хэмжүүр нь манай ард түмний олон зуун жилийн амьдралаас урган гарсан, өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж ирсэн баялаг хэмжүүр юм.
Монгол үгийн сан уламжлалт уртын хэмжээ заасан үгсээр маш баялаг юм.
Эрдэмтэн судлаачид эдгээр хэмжээ заасан үгсийг ийнхүү ангилжээ.
- Гар хуруугаар илэрхийлэх
- Биеэр илэрхийлэх
- Малын явдлаар илэрхийлэх
- Хөлөөр илэрхийлэх
- Ямар нэгэн хугацаанд малын явж өнгөрсөн зайгаар хэмжих
- Хажуу тийш буюу хөндлөн хэмнэлээр хэмжих
- Өндөр тийш буюу юмны өргөн, гүнийг босоо хэмнэлээр хэмжихэд зориулагдсан үгс
- Аливаа зүйлийн их бага, овор хэмжээ, талбай зэргийг хэмжихэд зориулагдсан үгс
- Уран сайхны өнгө аястай үгс
- Бусад хэмжээс
Цаг хугацааг илэрхийлэхдээ:
- Элэр балрын үед
- Дээр үед
- Тэр дээр цагт
- Эрт дээр цагт
- Эрт урьд цагт
- Урьд нэгэн цагт
- Урьдын урьд юм гэнэ
- Балар эрт цагт
- Аль дивангар... гэх мэт үгсийг ашиглаж ирсэн бөгөөд мөн байгалийн үзэгдэлтэй жишиж (Алтайг алгын чинээ байхад, Дэлхийг дээврийн чинээ байхад г.м) илэрхийлж байжээ.
Жишээ нь: “Аль дивангарт зургаан зүйл, хамаг амьтны эх болсон, илэрхий зөөлөн авирт, илтэд хурдан тонилгогч Ногоон дарь эх Яншин сүмд, Дүнжин гарвын хийдэд арваас далан долоон насыг хүртэл даяныг баясалган суув”. (Ногоон дарь эхийн туужаас)
“Эрт урьд цагт нар сая мандаж байхад, навч сая дэлгэрч, төр сая тогтож, түмэн сая хурж байхад Бэтгэлжин бор шувуу байж гэнэ”. (Бэтгэлжин бор шувуу. Домог үлгэр)
“Урьд баларын цагт ганц хүүтэй нэгэн хаан, хүүгээ хүнээс нуугаад ердөө үзүүлдэггүй байжээ”. (Монгол ардын домог үлгэрээс)
“Эрт урьд цагт
Газрын өр сая тогтож байхад
Галын хүй сая улайж байхад
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг довцог байхад
Нар сая мандаж байхад
Сар сая мандаж байхад
Цахилдаг сая хөхөрч байхад бурхан хүнийг бүтээх гэж эр, эм хоёр хүний дүрс хийгээд амь оруулах мөнхийн рашаанд явах болжээ“. (Хүн нүцгэн, нохой үстэй болсон учир. Домог үлгэр)
“Эрт цагт долоон бор оготно байж гэнэ. Алгын чинээ газартай юм байж. Нэг өдөр газар дээр нь атгын чинээ цас ороход, ах дүү долуулаа арилгаж байгаад шагайн чинээ шар тос олжээ”. (Долоон бор оготно. Монгол ардын үлгэр )
“Хэзээний язгуур цагт хар халзан зусаг хонь хамар дээрээ шагайн чинээ шар тос наагаад Зууд мөргөхөөр явж гэнэ“. (Домог үлгэр)
“Уужим их газрыг
Довын төдий байхад
Уулзаж нөхөрлөсөн билээ, би
Усан их мөрнийг
Горхийн төдий байхад
Учирч танилцсан билээ, би” ... МНТ
Мөн эдгээрээс гадна өргөн цэлгэр уудмыг газар дэлхийтэй харьцуулан үзээд чухам хэзээ тийм байсныг тодорхойлохдоо” Хулан чихтыг унага байхад, Хувхай зээрийг янзага байхад, мөн “ Захын модыг найтаг байхад, Загал марлыг зоргол байхад” гэх мэтээр илэрхийлж байжээ.
Эзлэхүүн багтаамж, овор хэмжээг илэрхийлсэн олон үг байдаг бөгөөд хамгийн жижиг зүйлийг хумхын тоос, асар том зүйлийг тэнгэр газар, уул, хадтай жишин илэрхийлдэг байжээ.
Шингэн зүйлийг хөхүүр, тогоо, гүзээ, хувин, данх, домбо, шанага, аяга, тагш, халбага зэрэг сав суулга, мөн гарын алганы хонхор, балга зэрэг зүйлсийн багтаамжаар, бутархай зүйлийг шуудай, тогоо, аяга, шанага, атга, чимх гэх мэт зүйлсээр илэрхийлдэг байсан байна.
Жишээ нь: “Тэр шувуу өвлийн хүйтэнд өлсөнө гэж, хаврын хатууд харшина гэж хайртай бэтгэ гүендээ чимх будаа чихэж, атга будаа агуулсан” юм байжээ. (Бэтгэлжин бор шувуу)
“Хэзээний эрт цагт тариач хааны нутагт өнчин Бүш гэдэг хөвүүн, түс гэдэг годилтой, аягын чинээ нууртай байдаг санжээ”. (Монгол ардын үлгэр)
Аливаа зүйлийн хурдан удааныг илэрхийлэхдээ “нүд ирмэхийн зуур”, “хуй салхи мэт”, “шувуу шиг”, “жигүүртэй юм шиг”, “сум шиг”, “үхэр шиг” гэх зэргийн үг ашиглахаас гадна “цай чанах зуур”, “тамхи нэрэх”, нүдний хор гаргах” зэрэг өдөр тутмын үйлдэлтэйгээ жишдэг байжээ.
Мөн талбайн хэмжээг илэрхийлэхдээ бачуу давчуу буюу уйтан явцууг хумсны толиотой, өргөн, цэлгэр уудмыг газар дэлхийтэй дүйцүүлж үздэг байна.
Жишээ нь: Алтайг алгын чинээ, Дэлхийг дээврийн чинээ байхад”, “гэрийн чинээ”, “уулын чинээ”, “толгойн чинээ”, “тойгон чинээ” зэргээр илэрхийлж байсан байна.
Эдгээр олон хэмжээсүүдээс гадна газар, алд, дэлэм, төө зэрэг уламжлалт хэмжээсийг ашигладаг баялаг түүх, соёлтой ард түмэн юм.
Алга дарам - 10 см
Өвдөг - 50-60 см
Шилбэ - 20-25 см
Шагай- 10-15 см
Туурай - 7-8 см
Богийн туруу - 3 см
Бодын туруу - 6 м
Нэг хуруу - 2 см
Мухар сөөм - 15 см
Төө- 20 см
Алд - 1,50см
Дэлэм - 1м
Мухар тохой - 33 см
Алхам - 1 м
Зуур хоногийн газар - 210-220 км
Хоногийн газар - 120-130 км
Бүтэн өдрийн газар - 90-100 км
Хагас өдрийн газар - 40-45 км
Адууны бэлчээр - 4-10 км
Аргамжааны газар - 2-5 км
Хонины бэлчээр - 1-2,5 км
Тугалын бэлчээр - 500 м-1 км
Ж.Эрдэнэтунгалаг