Хүүхдэд хэрэгтэй 9 өгүүлбэр
Ээж аав нар бага насны хүүхэдтэйгээ хамт байхдаа ямар нэг байдлаар хоорондоо харилцаж ярилцсаар байдаг. Гэхдээ зарим үг, өгүүлбэр хүүхдэд илүү эерэгээр нөлөөлдөг, түүнчлэн бие биеэ ойлгож дотносоход ихээхэн тустай байдаг ажээ. Энд хүүхэдтэйгээ ярилцахдаа хэрэглэж байх 9 өгүүлбэр [1]-ийг онцоллоо.
1. Чи юу хийж байсан ч, би чамд хайртай.
Хүүхэд өөрөө ярьж сурахаасаа өмнө бүр нялх байхдаа ч дуу хоолойны өнгө аяс, харцаараа холбогдох, тэвэрч авах зэргээс биднийг ойлгодог. Бага насныхны хувьд “Би чамд хайртай” гэсэн үг зайлшгүй эрэлт хэрэгцээ байдаг. “Надад хайртай байна” гэдгийг мэдэрсэн тохиолдолд тэд хорвоотой танилцах ажилдаа идэвхтэйгээр ордог. Бага насныхан ээж аавд би таалагдахгүй байна уу эсвэл миний яаж харилцсан, юу хийсэн нь таалагдахгүй байна уу гэдгийг сайн ялгаж салгаж ойлгодоггүй ажээ.
2. Чи үүнийг чадна, би чамд итгэж байна.
Би ямар нэг зүйлийг хийж чадлаа гэсэн мэдрэмж нь хүүхдийг аж жаргалтай болгодог. Иймд хүүхдээ ямагт зоригжуулж, хийж чадахгүй байхад нь урам хугарсны хэрэггүй. Гэр бүл дэх өдөр тутмын амьдралд хувцсаа өмсөх, хоолны ширээ засах, дэлгүүрт худалдаа хийхэд туслах, талх, жимс хэрчих гэх мэт “амжилт гаргах” даалгавар, ажлууд бишгүйдээ бий.
3. Чи алдаа гаргаж болно.
Хүүхдээсээ бүгдийг чадна гэж бүү хүлээгээрэй. Алдаа гаргаж байж л хүүхэд асуудлыг шийдвэрлэхэд суралцана. Ээж аав нар хүүхдийн гаргасан алдааг хүүхдээс ирж буй мэдээлэл гэж ойлгох хэрэгтэй. Алдаанд нь бухимдахгүйгээр жишээлбэл, цэцэрлэгийн багшид охин нь хувцсаа хямгадахгүй цамцаа алга болгосонд сэтгэл дундуур байгаагаа, эсвэл хүүхдийн эмчид хүү нь ямар ч бөмбөгийг барьж авч чадахгүй байгааг тайван тайлбарлаарай. Тэд танд тусална. Аливаа үйлийг заавал зөв, сайн гүйцэтгэхээсээ илүү хүүхэд тань шинэ зүйлийг оролдож хийж үзэх хүсэл эрмэлзэлтэй, алдаа гаргахаас айхгүй байх нь чухал.
4. Чи юу хийснээ хар даа.
Зөв магтах, зөв загнах нь өдөр тутмын том сэдэв. Жишээлбэл, “Сайн хийсэн байна.” гэх нь үр дүнтэй магтаал биш. Үүгээр хүүхдэд юу сайн хийснийг нь тодорхой хэлээгүй учраас түүнийг эргэлзээнд хүргэнэ. Хүүхэд ихэнхдээ яаж байгаад амжилт гаргаснаа мэддэггүй. Иймд америкын сурган хүмүүжүүлэгч Др.Жим Тэулор (Jim Taylor) эцэг эхчүүдэд хүүхдийг зүгээр магтсанаас яг тухайн үед юу хийж байгааг нь онцлохыг хүссэн байдаг. Жишээлбэл, “Өө, ямар мундаг вэ? Чи өөрөө савлуур дээр ганцаараа авираад гарчихаж!”
5. Ингэж хийж байгаа чинь сайн байна.
Зарим ээж аав байнга хүүхдээ засаж залруулахыг оролддог. Та өөр дээрээ ч гэсэн бодоод үзээрэй. Арайхийж нэг юм хийж бүтээгээд байхад шүүмжлэлд өртвөл таатай биш. Үүнтэй адил “Савлуурт зөв савлахын тулд чи хөлөө дээш нь сайн өргөх хэрэгтэй.” “Өргөст хэмхээ чи хэтэрхий бүдүүн хэрчсэн байна." ”Зөвхөн зүтгэл гаргаад, амжилт гаргахгүй бол ямар хэрэг байхав.” гэх мэт үгийг хүүхэд байнга сонсвол өөртөө итгэх итгэл, идэвх оролдлогод нь сайнаар нөлөөлөхгүй. Хүүхэд амьдрал практик дээрх дасгал сургуулилалт, ажиглалтаараа л зөв хийж сурдаг.
6. Би чиний найдвартай түшиг тулгуур.
Хүүхдэд миний энэ байгаа орчин айх аюулгүй гэсэн мэдрэмж, түүн дотор би хэн нэгний хамгаалалт, нөмөр нөөлгөнд байгаа гэдгийг мэдрэх нь чухал. Хүүхэд нялх байхдаа өлсөх, айх, уйдахаараа уйлахад нь томчууд хариу үйлдэл үзүүлэх, цаашдаа хөдөлгөөнд ороод ирэхэд томчууд хориглохгүйгээр бие даан оролдох, хийх боломж олгож байгаа зэргээс энэхүү мэдрэмжийг олж авдаг. Мөн тодорхой тохиолдлуудад, жишээлбэл, гүйж яваад өвдгөө шалбалахад “Яадаг билээ” гээд тэвдэхийн оронд “Зүгээр ээ, зүгээр биз дээ?” гэж асуух нь хүүхэд өөрөө өөртөө туслах ямар нэг сонголт хийхийг нээлттэй орхиж байгаа хэрэг.
7. Бусад хүн\хүүхэд бидэнд хамаагүй биш.
Бага насныхан бол үндсэндээ хувиа бодогчид. Зарим ээж аав ер нь энэ маань бусадтай эд зүйлсээ хуваалцахад суралцаж чадах уу даа гэж эрзэлздэг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд юун түрүүнд хүн ер нь сэтгэлийн хөдөлгөөнөө яаж зөв тайлбарладаг, мөн түүнд нь яаж хариу үйлдэл үзүүлэх ёстойг томчуудын жишээн дээр суралцах шаардлагатай. Үүнд томчууд сэтгэл санаа, мэдрэмжээ үгээр илэрхийлж харуулна. “Болдоо энэ хүрзийг авах гээд их ууртай байна. Бид одоо яах вэ? Хэвнүүдээ өгчих үү?” гэх мэт. Мөн уур, баяр хөөр, аз жаргал, уйтгар гуниг гэх мэт үгстэй тохирох үйл явдал тохиолдоход анзаарч нэрлэж, хүүхэдтэйгээ ярилцаж байх.
8. Чи “баярлалаа” гэж хэлсэн үү?
Эелдэг харилцааны үндсэн хэлбэрүүдэд хүүхэд багаасаа суралцана. Үүнд мөн л үлгэр дуурайлал чухлаар нөлөөлнө. Жишээлбэл, нөхөртөө аяга, тавгаа угаасанд талархах, эхнэртээ хоол хийсэнд баярласнаа илэрхийлэх зэрэг нь бага зүйл биш. Хэзээ ч мартахгүй, байнгын хэрэглээний үг бол “Баярлалаа”.
9. Үгүй л гэсэн бол үгүй.
Бүгдийг зөвшөөрөөд байх нь ихэвчлэн зөрчилд эсвэл тууштай бус байдалд хүргэдэг. Хүүхэд ямар үед томчууд өөрийг нь дагахыг андахгүй мэддэг. Ядарсан, анхаарал нь сарнисан, өөр хүн байгаа гэх мэт. Гэхдээ тэд өөрийнх нь санаагаар болсон зүйл хожим ямар хор нөлөөтэйг харамсалтай нь мэддэггүй. Тэгэхээр “үгүй” гэдэг үгийг үндэслэлтэй, тууштай хэрэглэж байгаарай.
Н.Хорлоо
Эх сурвалж: