Хүүд минь ердөө халуун үнсэлт л хэрэгтэй байсан

Хүү минь 4 настай, цэцэрлэгийн ахлах бүлэгт байж билээ. Одоо хүү маань сургуулийн сурагч, дүү дагуулсан том “агаа” болсон.  Энэ нь хэдийгээр хэдэн жилийн өмнөх үйл явдал боловч эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаанд иймэрхүү зүйл бишгүй тохиолддог тул би Бүүвэй сайтын уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ.

                               

Би, чи, бас та бид бүгдээрээ хүүхэд байсан. Дэгэж дэрвэсэн гэнэн томоогүй хүүхэд нас минь дэндүү жаргалтай, бас мартагдашгүй. Саяхан мэт санагдаж байна... Хайртай аав ээжийнхээ гараас хөтлөөд элдэв амттан авхуулж, эрхэлж нялхраад л...

Гэтэл яг энэ цаг үед би өөрөө ээж болчихсон танхил хоёр үрээ хөтлөөд хайраар бялхан алхаад л. Үнэхээр л хорвоогийн жам, хүний ёс энэ л байх.

Аав ээждээ үнэлж баршгүй үр нь болж төрнө гэдэг тэнгэрлиг их хувь заяа.  Ижийгээ өвтгөж, энэ хорвоод мэндэлсэн би нэг л өдөр ээжийнхээ мэдэрч байсан тэр их өвдөлтийг биеэрээ амсч анхны үрээ төрүүлж билээ.

 Ямар ч эх хүн үрдээ сайн ээж байхыг хүсдэг. Би ч өөрийгөө сайн ээж л гэж боддог байлаа. Гэвч сайн ээжийн үүрэг гэдэг хүүхдээ цэцэрлэгээс нь аваад харих замдаа дэлгүүрээр орж хүүхдийнхээ дуртай бүхнийг нь авч өгч, бас хүүхэд нь хиргүй цэвэрхэн хувцастай, хоолтой ундтай, дулаахан тав тухтай гэрт хүүхдээ өсгөж байгаагаар хязгаарлагддаггүй юм байна. Бид чинь хүүхдийнхээ дотоод ертөнц, ухаан бодлыг нь ухаж ойлгодоггүй юм байна (гэхдээ бүх ээжүүд би ш л дээ).

Хэдэн хоногийн өмнө би хүүгээ нагац эгчээр цэцэрлэгт нь хүргүүлэх гэтэл ээжээрээ хүргүүлнэ гээд учиргүй их цухиран уйлсан. Би хүүгээ ганц удаа хүргүүлчихэд чинь яасан маягтай юм, маяглалгүй хүргүүл гэж зэмлэлээ. Хүү маань ээжтэй явна гэж уйлсаар л... Сүүлдээ аргадаж, ээж нь орой авахдаа хүүгийнхээ дуртай тараг, чихрийг аваад очъё, ямар тоглоом авах уу? Ээж нь дэлгүүрээс аваад очъё гэж гуйсан. Энэ нь ч тус болсонгүй, улам уйлсаар... Уг нь би 4 настай бяцхан хүүгээ чихэр, тоглоомонд хууртана гэж бодсон. Хүү минь хууртсангүй. Эцэст нь хүүгээ өрөвдөөд тэвэрч аргадаж, тайвшруулаад ярилцаж үзлээ.

Миний хүү яг яамаар байгаагаа ээждээ хэл дээ гэж гуйхад хүү минь: Ээж ээ, та тэгвэл Аниаг (нагац эгчийг) намайг цэцэрлэг рүү оруулахдаа үнсээд оруулаарай гэж хэлээрэй гэдэг байгаа... Би юу ч хэлж чадахгүй нулимас цийлэгнээд л явчихсан. Тэгээд эгчид нь миний хүүг анги руу нь үнсэж оруулаарай гээд явуулсан.

Эвий дээ миний муу дөрөвхөн настай жаахан үрийг тэр өдөр цэцэрлэгт нь хэн хүргэж өгөх нь тийм ч чухал биш, ганцхан халуун дулаан үнсэлт л хэрэгтэй байсан гэдгийг хүүтэйгээ ярилцаж байж л ойлгосон. Учир нь би хүүгээ өглөө бүр цэцэрлэгт нь өгөхдөө миний хүү хичээлээ сайн хийгээрэй, хайртай шүү, ээж нь эртхэн ирж авна аа гэж хэлээд тэвэрч үнсчихээд оруулдаг байсан юм. Ажлаасаа хоцорчихвий гэж яарахдаа дээрх хэдэн үгсийг түргэн хэллэг шиг хэлчихээд л гараад гүйдэг байсан. Энэ хэсэгхэн хором миний хүүд ямар их үнэ цэнэтэй байдагийг би тэр өдөр л ойлгож билээ. Миний хүү тэгэхэд хайрыг л хүссэн, хүүхдэд хайр л хэрэгтэй. Ээжийн тэврэлт, ээжийн үнсэлт ...

Бид хүүхдээ зүрх сэтгэлээсээ хайрладаг ч, бас тэднийхээ зүрх сэтгэлийг цаг ямагт  сонсч байх нь тэдэнд илүү их хайрлал болдог юм байна.

Тэд чихэр, жимс төдий өнгөц зүйлд үргэлж хууртагдахгүй.

Тэдний минь дотоод сэтгэл, оюун санаа нэгээхэн том ертөнц гэдэгт итгэнэм.

                                                                                                                       

Ээж  Л.Орхонтуул (Дундговь аймаг)