“Минийх”

Балчир насны хүүхэдтэй ажиллахад танаас их тэвчээр, сэтгэлийн хүч шаардана. Тэд харснаа авах гэнэ, булаацалдана, уурлана, уйлна, юм болгонд хүрнэ, татна, асгана, шиднэ...

Яагаад бүгдийг “минийх” гэдэг вэ?

Тэд тойрон хүрээлж байгаа орчинтойгоо танилцах  гээд цаг завгүй хөдөлнө.  Гэр доторх тавилга хэрэгсэл, аяга таваг, сав суулга, цэцэг ургамал, салхи шуурга, бороо гээд тэдэнд бүх зүйл шинэ. Өөртөө тааралдсан бүхнийг зөвхөн “минийх” гэж ойлгоно. Өөртэй нь харилцагч юу бодож, ямар сэтгэгдэлтэй байгааг тэд анзаарах сөгөө байхгүй, мэдэх ч үгүй. Мөн “би” гэж хэн бэ гэдгээ ч мэдэхгүй. 

            Энэ үест хүүхэд  тойрон хүрээлж буй орчноосоо өөрийгөө салган авч үзэж чаддаггүй бөгөөд бүх зүйлс өөртөө нь нэгдмэл нэг зүйл байна. Гадаа тоглоомын талбай,  тэнд байгаа элс, чийгийн хорхой, гэрт нь байдаг тоглоом наадгай, ээжийнх нь гоо сайхны хэрэгсэл, ээж бол тэртэй тэргүй, бүгд өөрийнх нь байна. Тэр “өөрийнх” нь юмнаас хэн нэгэн авах гэвэл эсэргүүцэл илэрхийлнэ. Ойрхон дүү дагуулсан хүүхэд дүүгээсээ мөөмөө, ээжээ харамлаж уйлаад хэцүү байдаг даа.
        Ингээд тэд “би” гэж нэг хүн байна гэдгээ, өөрөөр хэлбэл өөрийгөө мэдэрч, таньж эхлэх бөгөөд гэхдээ хоёр хүртэлх насанд тэдэнд “чи”, “чинийх” гэсэн ойлголт байхгүй. Бусдад тоглоом наадгай, эд зүйлсээ өгнө, буцааж авна, хамтарч дундаа хэрэглэнэ гэсэн ойлголт мөн үгүй.  Ийнхүү өөрийгөө бүхний төвд тавьдаг, өөрийнхөөрөө зүтгэдэг нэгэн үе балчир насныханд байдаг.

Харилцаанд суралцах

         Тэд аажмаар бусдын сэтгэлийн хөдөлгөөн ямар байгаа, өөрт нь хэрхэн хандаж байгаа, мөн юуг хориглож, юуг зөвшөөрч байгааг мэдэрч эхэлнэ. Ийнхүү бусдаас өөрт нь ямар хариу үйлдэл ирж байгааг мэдэрдэг болсноор тэд бусадтай харилцах харилцаанд суралцаж эхэлнэ. Өөрөө бусадтай ямаршуу байдлаар харилцсанаа ч мэддэг болно. Жишээлбэл, өрж байгуулсан зүйлийг нь нураасан болохоор нөгөө хүүхэд нь гомдолтой байна гэдгийг мэднэ, эсвэл хажуу дахь хүүхэд нь уйлж эхэлбэл түүнийг өөрийн эрхгүй илж аргадана.

Тэдэнтэй хэрхэн харилцах вэ?

·         Юуны өмнө ээж аав нар өөрсдөө тайван амгалан байх. Энэ бол хүүхэд бүрт байдаг хэвийн зан авир, хөгжлийнх нь нэгэн үе шат, балчир насныхны бие даан өөрийнхөө хүслийг хэрэгжүүлэх гэсэн оролдлогын илэрхийлэл.

 

·         Өөрийгөө болон хүүхдээ бухимдуулаад байхгүйн тулд өөрсдийнхөө хэрэглээний зүйлс, эвдэрч хэмхрэх зүйлийг хүүхдийн гар хүрэхгүй, харагдаад байхааргүй газар байрлуулах (Нэгэн аавын яриа: Хүү маань том болж дажгүй явдаг болсон. Харин гэрт байдаг юмнуудын байршил улам л дээшлээд байгаа даа)

 

·         Энэ насанд хүүхэд өөрийгөө хамгаалж болгоомжлохоо мэдэхгүй тул тааралдсанаа барьж авна, татна, асгана. Иймд халуун савтай цай, халуун индүү, мөн шил, шаазан хэрэглэл, цахилгааны залгуур, розетка,  үнхэж амандаа хийж болзошгүй жижиг зүйлс гэх мэтийг хүүхдээс хол байлгаж, хүүхэд чөлөөтэй хөдлөх, “судлах”, орчин нөхцөлийг бүрдүүлэх.

 

·         Хамгийн дуртай тоглоом, хувцас, хэрэглэлээ өөрөө эзэмшин хэрэглэхийг нь  хүлээн зөвшөөрөх.

 

·         Энэ бол Билгүүний машин, энэ бол аавын ном, үзэг гэх мэтээр хүний ба өөрийн эд зүйлсийг ялгадаг болоход нь туслах. Хүний юмыг хамаагүй авч болохгүй гэдгийг мэдрүүлэх.

Н.Хорлоо