
Цагаан сарын мэндчилгээний үгс
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүгдээрээ элбэг сайхан шинэлээрэй!
ооо
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал авч, ухаарлаа сэлбэж
Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй!
ооо
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжээрэй!
ооо
Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
ооо
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
ооо
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
ооо
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
ооо
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл, бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс, нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх, саруул сайхан
Эрч дүүрэн, сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Т.Туул