Лейпциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэг

Олон улсын тоглоомын үзэсгэлэн үзэх явцдаа мэргэжил нэгт нөхөд Б.Оюунгэрэл, Б.Наранцэцэг бид гурав ХБНГУ-ын “Захсен” холбооны улсын Лейциг хотын “Хүүхдийн ертөнц” цэцэрлэгтэй танилцаж билээ.  
“Хүүхдийн ертөнц” („Kinderland“) цэцэрлэг нь Лейпциг хотын төвд Штернвартенштразе (in der Sternwartenstrasse) гудамжид орших бөгөөд Лейпциг хотын харьяаны өөрөөр хэлбэл тус хотын өмчит  цэцэрлэг юм. Манайхны нэрлэдэгээр “ясли-цэцэрлэгийн комбинат”. ХБНГУ-д эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байгаа тул цэцэрлэгүүд яслийн бүлэгтэй байх нь олширчээ.

Тус цэцэрлэг 151 хүүхэдтэй, 20 сурган хүмүүжүүлэгчид (багш, хүүхэд асрагч)-тэй томоохон цэцэрлэг юм. Хүүхдүүдийн 1/3 нь 3 хүртэлх насны хүүхэд буюу яслийн насныхан, 2/3 нь цэцэрлэгийн насны хүүхдүүд. Багш нарын ажлын цаг харилцан адилгүй, долоо хоногт ажиллах цаг нь 30 цаг, 32 цаг эсвэл 36 цаг гэх мэт янз бүр. Тэд ажилласан цагаараа цалин хөлсөө ялгавартайгаар авдаг.

Үзэл баримтлал, үйл ажиллагааны онцлог 

Захсений холбооны улс Цэцэрлэгийн сургалт-хүмүүжлийн хөтөлбөртэй. Түүнд цэцэрлэгийн үйл ажиллагаа “Монтессори, Рижжио, Фрэнэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалаар явагдана” гэсэн ерөнхий чигийг заасан байдаг. Цэцэрлэгүүд эдгээр сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал дээр тулгуурлан өөр өөрсдийн онцлогтой үйл ажиллагаа явуулдаг аж. Цэцэрлэгт ажиллаж буй томчууд бол үйл ажиллагаандаа “зааж сургагч” бус, харин “хүүхдийн хөгжлийг дагагч, чиглүүлэгч, хамтран ажиллагч гэсэн үзэл санааг баримталдаг. Багш бол мэдлэг, чадварыг дамжуулагч биш. Хүүхэд өөрийнхөө дотоод нөөц бололцоонд тулгуурлан өөрөө хөгжих чадавхитай, боловсрол бол хүний амьдралын чанарт нөлөөлдөг хүчин зүйл гэж үздэг.

Тус цэцэрлэг “нээлттэй ажиллах” үзэл баримтлалыг барьж ажилладагаараа онцлог. “Нээлттэй ажиллана” (offene Arbeit) гэж юу вэ гэхээр цэцэрлэгт явагддаг өдөр тутмын үйл ажиллагаа манайх шиг дандаа анги ангидаа явагддаггүй. Анги тус бүрийн хүүхдүүд “өглөөний тойрог”-ийн дараа өөрийн сонирхол, сонголтоор цэцэрлэгийн аль нэг өрөөнд очиж, бусад бүлгийн өөртэйгээ адил сонирхолтой хүүхдүүдтэй хамт тоглон наадаж, хүсэж сонирхсон зүйлсээ хийдэгт оршино.

Цэцэрлэгийн өрөөнүүд дүрслэх урлаг, биеийн тамир-хөдөлгөөн, туршилт-танин мэдэхүй, сэдэвт тоглоом, өрж байгуулах тоглоом, урлангийн гэх мэтээр тус тусдаа тохижуулагдсан байдаг аж. Бүлэг бүрийн хүүхдүүд нийтээрээ гадаа гарч зугаална, тоглоно гэж бас үгүй. Гадаа талбайд тоглох сонирхолтой хүүхдүүд “өглөөний тойрог”-ынхоо дараа гадагшаа гарч, тоглож болно. Тэнд нэг багш байх ба гадаа тоглох хүүхдүүдийг харгалзаж, үйл ажиллагааг нь чиглүүлнэ. Бид хүүхдийн фото зураг авах зөвшөөрөлгүй байсан тул зөвхөн орчныг нь харууллаа.

Туршилт, танин мэдэхүйн өрөө

 

Гадаа тоглохыг хүсэгчид

 

Яслийн анги

Харин яслийн хүүхдүүд нь ангидаа байдаг. 3 нас хүрээд тэд цэцэрлэгийн насны хүүхдүүд байдаг хэсэг рүү шилждэг бөгөөд яслийн багш нар нь хүүхдүүдтэйгээ хамтдаа дээшээ дэвшиж очдог. Ингэснээр орчин нөхцөл, үйл ажиллагаа өөрчлөгдсөн ч хүүхэд ойр дотны хүнтэйгээ хамт байгаа болохоор сэтгэл санаа нь таатай бөгөөд цэцэрлэгт дасан зохицоход тустай байдаг байна.

Яслийн нэг анги залгаа байрлах хоёр өрөөтэй. Хүүхдүүд тэр өрөөнүүдэд хуваагдан тоглож нааддаг. Нэг өрөөнд нь байсан хүүхдүүд хэсэг хугацааны дараа нөгөө өрөөндөө солигдон ордог. Нэг өрөө нь голдуу өрж байгуулах тоглоомтой байхад, нөгөө өрөөнд нь сэдэвт тоглоомын материал элбэг.

Яслийн нэг анги 17 хүүхэдтэй, тэдэнтэй 1 багш, 2 хүүхэд асрагч ажилладаг. Ариун цэврийн өрөө нь туршилт хийх, усаар тоглоход зориулагдсан хэсэгтэй. Яслийн хүүхдүүдийн таних тэмдгийг өөрийнх нь фото зургаар хийсэн байна. Энэ нь хүүхдүүд өөрийгөө таньж сурахад тустай байдаг аж. Мөн хүүхдийн эргэн тойронд гэр бүлийнхний фото зургуудыг байршуулсан байх ба энэ нь хүүхдийг тайвшруулах, ойр дотны хүмүүстэйгээ ойрхон байгаа мэдрэмж авахад тустай байдаг гэнэ.

Яслийн ангийн хүүхдүүд хөтөвч хэрэглэдэггүй, шууд 00-ын суултуур ашиглана. Суултуур нь хөтөвчнөөс ялгаагүй намхан, маш жижигхэн. Энэ нь манайхан шиг олон хөтөвч үгааж цэвэрлэхгүй амар байдаг бололтой. Зарим хүүхэд нь “памперс” хэрэглэнэ.

Цэцэрлэгийн ангиудын дотоод байдлаас

Цэцэрлэгийн хүүхдүүд аль нэг ангид харьяалагдах боловч дээр дурдсанчилан ангидаа байгаад байх нь ховор. Анги тус бүр том, жижиг янз бүрийн насны хүүхэдтэй. Манайхаар холимог бүлэг. Ингэж янз бүрийн насны хүүхэд нэг ангид байхад томчууд нь бага насныхныгаа асрах, анхаарал халамж тавихад сурдаг, хариуцлага хүлээдэг, мөн өөртөө итгэлтэй болоход их нөлөөтэй байдаг ажээ. Харин бага насныхан нь томчуудаасаа ихийг сурдаг.

Цэцэрлэгийн орлогч эрхлэгч Корина Ротткаемпер (Corinna Rottkaemper)-т бидний хооронд дараах яриа явагдсан.

-    Бидний үзэж танилцсан Баварын цэцэрлэгүүд хүүхдээс гарсан санал, санаачилгын дагуу тодорхой сэдвийг сонгон (төсөлт ажил) түүн дээрээ нэг хэсэг хугацаанд ажилладаг юм билээ. Танайд тийм “төсөлт ажил” явагддаггүй юм аа даа?

-    Бид хүүхдийн эрэлт, хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан ажилладаг. Төсөлт ажил хүүхдийн эрэлт хэрэгцээ, санал санаачилгад тулгуурлан явагддаг боловч тухайн сэдэв бүх хүүхдэд нэгэн адил сонирхолтой байна гэж үгүй.  Ихэнх хүүхдэд тухайн төсөлт ажил сонирхолтой байхад заримд нь сонирхолгүй байж таарна. Багшийн “хий” гэсэн зааварчилгаар хүүхэд ажиллах нь тэдэнд олигтой юм авч ирдэггүй. Хүүхэд тус бүрийн өөрийнх нь хүсэл сонирхол, идэвхээр аливааг хийлгэх нь үр дүнтэй. Бид “хүчирхэг хүн” бэлдэхийг л зорьдог. Өөрөө өөрийгөө авч явах, амьдрах ухаантай хүн болгох. Тэрнээс бүгд тоть шиг даган дуурайхдаа гол нь биш. Бид ийнхүү “нээлттэй ажилласнаар” хүүхэд бүрийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг  хангах боломжтой. Манайхны хүүхэдтэй ажиллах, өөрөөр хэлбэл, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа Япон, Хятад зэрэг улсынхаас өөр. Тэнд хүүхэд мэдлэг, чадвар эзэмшсэнээр нийгмийн хөгжлийн хурдацад илүү хувь нэмэр оруулна гэж үздэг бол бид хүүхэд бүрийг өөрийнх нь боломж, хурдац, сонирхлоор нь хөгжүүлж, давуу талыг нь батжуулж, өөрийнхөө хүчинд итгэж, өөрийгөө авч явах чадвартай болоход түлхүү анхаардаг.
 

Хүүхдүүд, ялангуяа сургуульд элсэн суралцах насны хүүхдүүд ийнхүү голдуу өөрсдийнхөө дураар, сонирхлоор байж байгаад 1 дүгээр ангид элсэн суралцахад тэдэнд бэрхшээл учирдаггүй юу?

-    Үгүй, харин ч хүүхдүүд таньж мэддэг хэдэн хүүхэдтэй бус, өөр өөр хүүхэдтэй харилцах, хамтрах, зохицох туршлагыг илүү эзэмшсэн байдаг. Тэгээд ч манай 1 ба 2 дугаар ангиуд бол “сурагч болох”-д дасан зохицох үе шат гэж хэлж болно.

Анги бүрийн хаалганы хажууд хүүхдийн өндөрт тохируулан жижиг зурагт байрлуулж, түүгээр өмнөх өдөрт хүүхдүүдийн оролцсон үйл ажиллагааны бичлэгийг харуулна. Үүнийг хүүхдүүд өөрсдөө үзэхээс гадна, эцэг эх сонирхон үзнэ.

 

“Хүүхдүүд ямар нэгэн дүрс бүхий таних тэмдэг хэрэглэдэг байсан. Цэцэрлэгт байхад нь манай охиных дандаа “нимбэг” байдаг байсан. Одоо бол үгүй. Хүүхдийн таних тэмдгийг зургаар нь хийгээд нэрийг нь бичихэд цэцэрлэгийн насныхны хувьд өөрийг нь, нэрийг нь мөн үгээр төлөөлүүлж бичиж болдог гэсэн ойлголт авдаг”

 

Хөгжмийн өрөөний хэсэг

 

Сэдэвт тоглоомын өрөө нь бидний төсөөлдөгөөс их өөр. Өрөөнд дараах зураг дээр буй дугуйтай том тавиур хэд хэд байна. Түүнийг хүүхдүүд цааш нааш нь хөдөлгөн ашиглана. Мөн хүүхэд өмсөөд тоглох төрөл бүрийн хувцас, том том өрж байгуулах материал, сандал гэх мэт хэрэглээний янз бүрийн зүйлс байх бөгөөд хүүхдүүд тоглох орчноо өөрсдөө дүрслэн бүтээдэг аж.

 

Хүүхдүүд карнавальд бэлтгэн ангиа чимэглэсэн нь

 

Биеийн тамирын өрөөний авирах шат

 

Чөлөөт тоглоомын булангийн хэсэг

 

Урлангийн өрөө

 

Хүүхэд бүр өөрийн Хувийн хавтастай. Хавтсанд хүүхдийн цэцэрлэгтээ оролцсон үйл ажиллагааны фото зураг, хийсэн бүтээлүүд, тухайн хүүхдийн талаар багшийн бичсэн зүйлс гэх янз бүрийн зүйлс байна. Хүүхдийн хавтсыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр авч үзэж болдоггүй.

 

Хоолны өрөө. Хийж бэлтгэсэн хоол тусгай сонгогдсон компаниас ирдэг. Хамгийн эхлээд унтдаг хүүхдүүдээс эхлэн ээлж дараагаараа хүүхдүүд энэ өрөөнд ирж хоолоо иддэг.

 

Эрхэм уншигч Та авах гээхийн ухаанаар хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Ямартай ч ганц хоёр ч болов санаа, сэдэл авсан бол бид баярлах болно.

 

Н.Норжхорлоо