Монгол хүүхэд Япон цэцэрлэгт суралцсан ТЭМДЭГЛЭЛ

АЛГАСАЖ БОЛОХ ОРШИЛ

Ананд бол Улаанбаатар хотод төрж өссөн хоёр ой, зургаан сартай хүү. Монголын улсын гэх тодотголтой цэцэрлэг хүрэлцээ муу байдгаас хүүхдүүдээ намар бүр сугалаа сугалуулж, азтай нэг нь цэцэрлэгтэй үлдэж, “азгүй” нэг нь өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт явах эсвэл гэртээ үлдэж, аав ээж хоёрын нэг нь ажлаасаа гарах шаардлагатай болно. Анандын аав нь Япон улсад ажиллаж амьдардаг бол би (ээж нь) Улаанбаатар хотод сэтгүүлчийн завгүй ажилтай. Бид аав дээрээ очиж хэсэг хугацаанд амьдрах нь тодорхой болсон учраас өөрсдийн амьдардаг хороолол доторх боломжийн үнэтэй, сайн цэцэрлэг олж тэндээ хэдэн сар суралцсан юм.

Яг найман сар цэцэрлэгт явсны дараа дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж, Засгийн газрын шийдвэрээр хувийн болон улсын бүх цэцэрлэгүүд хөл хорио тогтоосон учир Анандыг Дарханд амьдардаг эмээ нь ирж харахаар боллоо. Харж өгөх хүнтэй бидний хувьд гомдоллох эрхгүй, азтайдаа тооцогдоно. Өвлийн идэр есийн хүйтэнд Анандын адил бүх л хүүхдүүд гэрийн хорионд орж, цэвэр агаараар ч амьсгалах эрхгүй, ер нь хэцүүхэн болж эхэллээ. Унаа тэрэгтэй улс хүүхдүүдээ хотоос зайдуу аваад гарчих ч бидэн шиг “гахай явган, нохой нүцгэн” улс хүүхдийнхээ эрүүл мэндэд тун чиг санаа зовох болов. Гадуур хүүхдийнх бүү хэл том хүний амны хаалт ховордож, үнэ нь тэнгэрт хадав. Том хүний амны хаалтыг оосор бүчийг нь уяж багасгаад зүүлгэх ч зузаан өвлийн хувцастай үед дээш, доош болж хөдлөх нь шаггүй ажил. Дээр нь хүүхдүүд хийцгүйрэхдээ амны хаалтаа хэлээрээ оролдож сахилгагүйтэхээр яг л уруулын хэсэг нь нороод бохирдчих нь тунчиг тоогүй. 

Ингээд Ананд яг хоёр сар дөрвөн хананы дунд амьдарлаа. Жин нэмлээ, ааш нь ихэслээ харин ханиад томуу тусах нь илт багасав. Явах өдөр ойртсоор л…

2020 оны хоёрдугаар сарын 21-ний үүрээр Ананд бид хоёр эмээ, өвөө нарынхаа хамт нисэх онгоцны буудлыг зорилоо. Цүнхэндээ гар ариутгагч, солионы амны хаалт, нусны алчуур зэрэг халдвараас хамгаалах гэсэн бяцхан эд зүйлсээ үүрсээр эмээ өвөөтэйгөө салах ёс гүйцэтгэв. Ананд бид хоёрын хэн хэн нь анх удаа онгоцонд сууж үзэж буй нь тэр… Гуч гаруй бас гурав “гаруй” настай хоёр хүн эх орноо анх удаа орхиж үзэж буй нь энэ.

Ид хөдөлгөөнтэй, өөрийнхөөрөө бүгдийг шийдэх гэдэг, уурлах юм бол хамгийн чангаараа орилж, хүссэн газраа хэвтээд өгдөг ийм насны хүүхдийг бүтэн 8 цагийн турш онгоцоор, бас амны хаалт зүүлгээд, халдвараас хамгаалаад авч явна гэдэг миний хувьд сорилт байлаа. Инчеоны нисэх онгоцны буудал дээр онгоц сэлгэх ёстой, гэтэл гайхал настай эмэгтэйгээс шалтгаалан Солонгост коронавирусийн халдвар ид тархаж, онгоцны буудлын бүх л дэлгүүр хоршоо хаалгаа барьжээ. Айдастай л байв. Гэвч алхам тутамдаа халдвар хамгааллын дэглэмээ сайн барьж, онгоцонд ч, нисэх онгоцны буудал дээр ч амны хаалтаасаа салахгүй байхад аюулгүй.

Удалгүй Ананд амны хаалттай олон цаг болоход давчдаж эхлэв. Амны хаалтаа авна гэж уурлаж, уцаарлаж эхэлсэн ч уйлуулаад ч хамаагүй амны хаалтыг нь зүүлгэх л чухал боллоо. Эхний чиглэлд МИАТ-ын онгоцоор Инчеонд хүрсэн тул онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд хүүхэдтэй хүнд хоёр дахин анхаарал тавьж, дараалсан гурван сул суудал олж Анандыг унтуулах, тав тухыг нь бодолцож хөнжил, дэр сэлтийг байн байн зөөж гүйв. Үйлчлэгч дуудах хонхыг уйдсан, бухимдсан Ананд санаатай, санамсаргүй байнга дарах бөгөөд тэр бүрийг тоолгүй инээмсэглэн өнгөрүүлэх нь аргагүй нэг эх орны “нүнжиг”.

МИАТ-ын онгоцноос бууснаас хойш бид хоёр хөтлөлцөөд эгээ л “харанхуй”-руу орчихов. Инчеоны нисэх буудлаас Япон руу дамжин нисэх гэсэн хэдэн Монголтойгоо буусан ч хаашаа, хэрхэн явж, ямар “гэйт”-ээр орохоо нэг нь ч мэдэхгүй, сандралдав. Зарим нь Нагояад газардах бол зарим нь Осакад газардах ёстой. Харин бид хоёрыг Осака явах гэж байгааг сонссон эгч “Би мэдэх юм алга, та хоёрыг л дагаад явчихъя” гээд сэтгэл амрав бололтой. Үр хүүхдэдээ л очих гэсэн настан аж. Гэтэл үнэндээ би ч мэдэхгүй байдаг, яадаг билээ.

Ингээд  өнгө эрээлжилсэн самбар ширтэж ширтэж, өөрийн гэйтийг олж, Монголчуудаасаа ганцаар тасран явахаар боллоо. Цаг хугацаа болон нисэх онгоцны буудлууд зөрснөөс тэр. Кинон дээр гардаг шиг хясалтайгаар бид хоёрыг “сүргээс” тасалчих шиг санагдах нь хоржоонтой. Уг нь онгоцонд суухаас эхлээд бид хоёрыг асууж тойглож, инээмсэглэн, онгоцоос буухад наана цаана гарч явж, ачаа өргөлцөж явсан ах хүү, “Дагаад л явчихъя” гэж итгэж хэлсэн эгч хоёртойгоо гангар гунгар гэлцсэн шиг явсан бол…

Жинхэнээсээ Ананд бид хоёр мэдэхгүй, чадахгүй, үзээгүй газарт хоёулханаа үлдэж, дараагийн онгоц руугаа, дараагийн нислэг рүүгээ урсгал усанд хөвөх мэт яаж ч юм мэдэхгүй, “хөвсөөр” явж суув. Мэдээж энэ удаагийн онгоцонд бид хоёр л Монгол хүн, дээр нь би л хүүхэдтэй явж байлаа. МИАТ-ыг бодвол тав тух, үйлчилгээ, хоол унд муутай онгоцоор бас л орилж чаралж, амны хаалтаа авна авахгүй, бууна буухгүй, суудлын даруулгаа зүүнэ, зүүхгүй гэсээр гурван цаг нисэж ирлээ. Үнэхээр хүнд байсан шүү. Одоо аав нь тосож байгаа учир ингээд нуруу тэнийлээ гэж бодтол бас л тийм байсангүй.

Осака дахь онгоцны буудалд буусан даруйд гадны улсуудын иргэдийг нэг гэйтээр оруулж, тэдэнд оршин суух үнэмлэхийг нь шууд хэвлэн өгдөг учиртай аж. Ингэхийн тулд ямар хаяг дээр ирж байгаа, ямар хугацаатай ирж байгаагаас эхлээд гадаад паспорт, шар хуудас гээд хэд хэдэн цонхоор дамжиж бичиг баримт бүрдүүлэв. Энэ үед би хоёр том чемодан, нэг үүргэвч “маллаж” явсны зэрэгцээ хамгийн том “ачаа”, байсхийгээд л уурлаад газар хэвтчих эсвэл амны хаалтаа тайлах гэж уурлан уйлах Анандыг тэвэрч явлаа. Олон цагийн нислэгт Ананд байтугай би ч ядарч байв. Онгоцноос бууснаас хойш бараг 50 минут нааш цааш хөлхөв. Ингэхдээ дунд нь уурлаж газар хэвтэх бүрд нь Анандын гарыг ариутгаж явна. “Одоо жаахан л” гэж гүрийсээр оршин суух үнэмлэхээ аваад цааш гарлаа…

АНАНД ЦЭЦЭРЛЭГТ ОРЛОО

Аав нь ажилдаа явж, ээж нь хэлээ сурах хичээлээ давтах шаардлагатайн дээр хамгийн гол нь удаан хугацаанд хөл хорионд сууж “зожгирсон” Ананд нийгэмших хэрэгтэй байсан учир цэцэрлэгт орохоор боллоо. Бид хоёрыг ирснээс долоо хоногийн дараа Монгол улс хилээ хаав. Япон дахь халдварын тохиолдол эрс нэмэгдсэн ч бидний амьдарч буй хотод нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байв. Улс даяар онцгой дэглэм тогтоосон ч цэцэрлэгүүд хэвийн ажиллаж байсан үе. Анандын шинэ цэцэрлэгт цор ганц хүүхэд ирсэн ч үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх аж.

“Кидс хаус” цэцэрлэг бол Анандын аавын ажилладаг компанийн нэг салбар учир ажилчдын хүүхдүүдэд хямдралтай үнээр үйлчилдэг нь бидэнд “олз” боллоо. Өдөрт 1000 иэн буюу монгол мөнгөөр 26 мянган төгрөг орчим байна. Монгол мөнгөнд хувиргаж бодоход үнэтэй сонсогдох хэдий ч Японы ханшаар тооцож үзвэл боломжийн гэж хэлж болно. Биднийг очиж уулзахад хоёр багш, гурван хүүхэд тосож авав. Гурван хүүхэд нь гадаа талбайд гулсуур дээр гулсаж, элсэн дээр тоглож байгааг нь хараад “Тиймээ, хэдэн сар гэртээ “хоригдсон” хүүд маань яг л энэ хэрэгтэй” гэж бодосхийгээд амжив. Ингээд аав, ээж хоёрт нь цэцэрлэгийн өдөр тутмын цагийн хуваарь, бэлдэх ёстой зүйлс, үнэ төлбөр зэргийг танилцуулж байхад Ананд аль хэдийнэ цэцэрлэгийнхээ тоглоомон дунд орж суугаад, бид хоёрыг анхаарах сөхөөгүй тоглож эхэлсэн байлаа.

Энэ цэцэрлэг, цэцэрлэг гэхээсээ илүүтэй хүүхэд харах нэг төрлийн үйлчилгээ, манайхаар бол хувийн цэцэрлэг гэж хэлж болохоор… Монгол шиг л бодоод хөтөлбөр сэлтийг нь сонирхон үзвэл дуу шүлэг, заана гэхээсээ илүү “Хүүхдийг тань хүн болгоход илүү анхаарна” гэсэн нь нэгэн шинэ сэдэл, ертөнцийг миний хувьд нээв.

БЭЛДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС: Хүүхэд өдөрт гадаа ихэнх цагаа өнгөрүүлдэг учраас гадаа өмссөн хувцасыг нь өдөрт багадаа нэг удаа сольдог. Иймээс ирэхдээ гурван ээлжийн өмд, цамц, богино цамц, оймс зэргийг бэлдэж ирнэ. Эдгээр нь дуусвал “Кидс хаус”-ын хувцаснаас түр өмсөж болох ч эцэг эх нь өөрсдөө хувцсыг нь тооцоолон нэмж өгж явуулах ёстой. Хүүхэд өмдөндөө шээсэн бол цэвэр усаар зайлаад, тусгай уутанд хийж цүнхэнд нь хийн буцааж явуулна. Ер нь хувцас цэвэр байсан ч хүүхэд их хөлөрдөг тул өдөрт заавал нэг удаа хувцсыг сольж, угааж байх ёстойг бид суралцав.

Мөн гар нүүрийн алчуур. Заавал оосортой бас нэр бичих хэсэгтэй байх ёстой бөгөөд угаас Японы дэлгүүрүүдэд яг ийм алчуур элбэг зарагддаг. Бид Анандад юникорнтой ягаан алчуур сонгон авав. Энэ алчуурыг өдөр бүр цүнхэнд буцаан явуулах бөгөөд хэт цэвэрч ээжүүд өдөр бүр энэ алчуурыг нь угааж буцаана. Миний хувьд үнэрлэж үзээд, хараад угаах эсэхээ шийддэг байв.

Хөнжил гудас. Зайлшгүй бэлдэх ёстой зүйлсийн жагсаалтад чухал бас үнэтэйд тооцогдох зүйл нь энэ байв. Хамгийн хямддаа 4000 орчим иэнээр худалдаж авсан хүүхдийн хөнжил гудас маш өхөөрдөм, цэгцтэй, угааж арчлахад хялбар, цэвэрхэн санагдах болов. Хуучин, өмнө хэрэглэж байсан, хүний хүүхдийн хөнжил гудаст биш өөрийнхдөө унтана гэхээр сэтгэл амар. Энэ цэцэрлэгээсээ гарсан ч дараагийн цэцэрлэгтээ үүнийгээ хэрэглэчих учир гар татахгүй авч өгөхөөр шийдлээ. Гэртээ ч энэ хөнжил гудсыг хэрэглэхэд давуу тал олон. Цэцэрлэгт яваагүй үедээ Анандын өдрийн унтлага дөхөхөд нь шууд л орыг нь засахад унтах ёстойгоо мэдээд биеэ бэлддэг болсон байв. Энэ хөнжил гудсыг хоёр долоо хоногт заавав нэг удаа угааж цэвэрлэнэ.

Усны сав. Япон кино, анимэ, зургууд дээр хүүхдүүд нь нэг нэг үүргэвч зүүхээс гадна, нэг нэг усны сав барьсан яваа нь нүдэнд дасал болчихсон санагдлаа. Өдөртөө уух цай, жүүс эсвэл тусгай ус зэргийг нь энэ саванд нь хийж өгч явуулна. Зарим хүүхдүүд зүгээр ч нэг ус уухгүй, заавал ариутгаж шүүсэн цэвэр ус уудаг тул “Кидс хаус” өөрсдийн уснаас өгч болох ч гэрээсээ авч ирэхийг санал болгодог. Хүүхэд усны саваа ч болов өөрөө хямгадаж явснаар хариуцлагад бага багаар суралцаж, юм өргөж явахад ямар саад бэрхшээл тулгардаг, хэрхэн барьж явах ёстой вэ гэдгийг дотроо ойлгож , эв дүй суудаг юм байна.

Хоол. Өдөрт нэг удаа хоол идэж, хоёр удаа хөнгөн амттан идэх хуваарьтай. Амттанд сэмбээ, жигнэмэг, талх, пичень сэлт багтана. Харин өдрийн нэг хоолыг ээж нь хийж өгч явуулах ёстой учир хүүхдэд таарсан бентоны сав шинээр худалдан авах ёстой боллоо. Бид Тоторотой бүдэг ногоон сав худалдан авч, би анх удаа л хүүдээ өдрийн хоол бэлдэж өгдөг хэв маягт шилжихээр болж бөөн догдлол болох нь тэр. Угийн хоол муу хийдэг би энэ удаа хичээхээс өөр аргагүй болж, хоолны тухай өдөр шөнөгүй бодох болов. Учир нь миний хийсэн хоолоор л хүүхэд минь амин дэмээ авах учир юу юуг багтаах вэ, юу юуг тэр иддэггүй вэ, юунд дуртай вэ гэх мэтээр “бясалгах” нь яггүй даваа байлаа. Өмнө нь, Монгол дахь цэцэрлэгийн хоолны хуваарийг харахад чацаргана, булууны ясны шөлтэй гоймонтой хоол, аарц, гараар хийсэн боорцог гээд л сэтгэлд хүрсэн, нүнжигтэй сайхан хоолнууд байждээ. Хүүхдийнхээ өдрийн хоолонд огт санаа зовдоггүй байснаа санав. Энд харин эсрэгээрээ, ажилтай байсан ч хамаагүй эцэг эхээс нь хариуцлагыг нь нэхдэг аж.

Малгай. Өдөржин гадаа тоглодог жаалуудад заавал байх ёстой зүйл бол малгай. Эндэхийн хүүхдийн малгайнууд ардаа жижиг дөрвөлжин алчууртай байх нь элбэг бөгөөд хүзүүг нь ч мөн нарнаас хамгаалж, салхитай үед сэрүү татуулдаг бололтой.

Хүүхдийг цэцэрлэгээс авч байх хүний биеийн байцаалт, цээж зураг. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой энэ шаардлагад зориулан би цээж зургаа бэлдэж, оршин суух үнэмлэхээ хувилан аваачиж өгөв. Японд хүүхэд алга болох явдал бишгүй тул зайлшгүй үүний дагуу хүүхдийг өгч, авалцдаг дүрэмтэй. Мөн өглөө бүр бөглөж явуулдаг хуудас дээр ч орой хэн авахыг нь бичиж өгдөг учиртай.

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

ЭЦЭГ ЭХИЙН ЗҮГЭЭС – Өглөө бүр бөглөж явуулдаг хуудас гэдэг нь Анандын тухай өдөр бүр багш, эцэг эх  нь хоёр талаас бичиж байх өдрийн тэмдэглэл юм. Өчигдөр орой хэдэн цагт унтаж, өглөө хэдэн цагт боссон бэ, өглөө биеийн дулааныг хэдэн цагт үзэхэд хэд байсан бэ, өглөөний цайндаа юу юу идэв, өчигдөр эсвэл өнөө өглөөний баас нь ямар байв, сүү эсвэл ус уусан уу, хэдэн граммыг уув, орой хэн авах вэ гэсэн асуулгуудтай хуудсыг өглөө бүр заавал нэг бүрчлэн бөглөх ёстой. Мөн доод нүдэнд нь өчигдөр эсвэл өглөө болсон онцлох үйл явдлуудыг тэмдэглэн үлдээнэ. Тухайлбал, өчигдөр ирээд ааш муутай байсан, өөрөө хоолоо идэхээ больчихсон, цэцэрлэг дээрээ багш нь идүүлж байгаа юу, хүн цохьдог болчихлоо цэцэрлэг дээрээ ийм үйлдэл гаргаж байна уу, өчигдөр цэцэрлэгээсээ ирээд жаахан хол яваад ирсэн учир ядарсан шүү, гэртээ гэнэт л Японоор 1-10 хүртэл тооллоо гэх мэтээр бичнэ. Харин…

ЦЭЦЭРЛЭГИЙН ЗҮГЭЭС –  Ананд өглөө ямар амттан идэв, үдээс хойш ямар амттан идэв, ээжийнхээ хийж өгч явуулсан хоолыг ямар зан төрхтэй /дуртай, дургүй, гайхсан, баярласан/ идэв, өдрийн хэдэн цагт биеийн халууныг нь хэмжихэд хэд байв гэх мэтийг бөглөнө. Мөн доод талын хүснэгтэд Ананд өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийсэн тухай нэг бүрчлэн бичих нь хамгийн сонирхолтой. Орой бүр манай гэр бүлийнхэн дэвтрээ гаргаж ирээд Анандын юу хийсэн тухай уншихаар яардаг байв. Тухайлбал, өнөөдөр багш нарынхаа хамтаар далай явлаа, эхлээд уснаас айгаад ойртохгүй байснаа удалгүй маш жаргалтай болж, сүүлд нь явах болоход гарахгүй гэсэн, цэцэрлэг дээр нь гитартай хүн ирж дуу дуулж өгөхөд “Baby shark” дууг бүгдийг нь мэдээд ангийнхандаа болон багш нартаа хөдөлгөөнийг нь хийж үзүүлсэн, найзуудтайгаа харилцаа үүсгэж эхэлсэн, хувингаар элс хутгаад асгаад ахин хувингаар элс хутгаж асгах үйлдлээ нэгэн дор 20 гаруй удаа хийлээ гэх мэтээр хөврөнө. Мэдээж энэ бүхэн бүгд Япон хэл дээр бичигдэх бөгөөд эхлээд би хэлж нөхөр бичдэг байснаа удалгүй өөрөө бичих гэж хичээдэг болов. Миний хичээл зүтгэлийг харсан багш нар нь нэг өдөр “Google Translate” ашиглаад бүх тайлбарыг монголоор бичсэн байх нь тэр.

Зарим хэсэг нь ойлгомжгүй боловч хөгжилтэй, хайр хүргэм, харахад хүндлэл төрөх энэ дэвтрийг нээх тоолонд илүү их хичээмээр санагдах нь гарцаагүй. Зөвхөн дэвтрээр зогсохгүй нэг өглөө очиход багш нар нь бичгийн цаасан дээр “Өглөөний мэнд, өдрийн мэнд, сайхан амарсан уу” гэх мэт өргөн хэрэглээний үгсийг монголоор биччихсэн, хэрхэн дууддагийг нь тэмдэглэж авахаар бэлдсэн байв.

Харин дараагийн нэг өдөр очиход тэд өөрсдийгөө Монголоор танилцуулсан юм. Алс Япон орны цэцэрлэгийн хоёр багшид Монгол хэл сурах хэрэгцээ шаардлага байхгүй л дээ.

Гэхдээ тэд өөрсдийнхөө төлөө гэхээс илүүтэй бусдын төлөө Монгол хэл сурах гэж хичээж буй нь тэр. Үйлдлээрээ үлгэрлэнэ гэдэг л энэ байх. Мэдээж сандарч, догдолсон би сурсан хэд гурван өгүүлбэрээ холбож, өөрийгөө хариу танилцуулснаар бидний хамгийн урт удаан харилцан яриа өрнөсөн юм. Тэд ингэж хичээж байхад би тэднээс ч их хичээх ёстой шиг санагдаж хэл сурах хичээлдээ улам их шамдах боллоо.

ЗУРГИЙН ЦОМОГ

Анандыг анхны өдөр нь дасгах санаатай дөрөвхөн цаг л өглөө. Өглөө хүргэж, өдөр нь авахад багш нь хоёр ширхэг гэрэл зураг угаачихсан барьж зогсов.

Хүүгийн цэцэрлэгийн анхны өдөр. Ийм өдрүүд ээж аавуудын хувьд хамгийн чухал. Гэвч ээж аавууд бүгд л ангид нь орж зургийг нь авна гээд зүтгэчихвэл ариун цэврийн хувьд ч, багш нарын хувьд ч хэцүүхэн. Коронавирус гарсан энэ үед бүр ч тохиромжгүй. Хий дэмий л ангиасаа гарч ирж байгаа эсвэл цэцэрлэгийн гаднах талбайд ганц зураг авч дурсгал болгон хадгалдаг. Гэтэл энэ нь маш оновчтой шийдэл байв. Хүүхдийн хөгжилтэй, дурсамжтай үеүдийг өдөр бүр гэрэл зургийн хальсанд буулгаж, улирлын эцэст багш нар нь гараар хийсэн гэрэл зургийн цомог болгон ээж аавуудад бэлэглэнэ. Угаагаад,, гараар гоёж чимээд өгсөн энэ цомогт орсон зургуудыг USB авч ирээд файлаар авах боломжтой.

Харин сар бүрийн төгсгөлд зургуудыг нэг бичгийн цаасан дээр хөгжилтэй үгнүүдийн хамтаар зохиомжилж өрөөд ээж аавуудад өгнө. Эдгээр зургуудыг багш нар гар утсаараа л авчихдаг. Үүнээс сайхан бэлэг гэж юу байх билээ…

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД АНХААРАХ НЬ…

Анх бид цэцэрлэгт нь өгөхийн тулд эрүүл мэндийн хэд хэдэн хуудас бөглөсөн юм. Ямар ямар вакцинд хамрагдаж байсан, ямар өвчин тусаж байсан, одоо ямар өвчинтэй вэ гэх мэт ерөнхий мэдээллийг өгөхөөс гадна харшилтай хоол хүнсний жагсаалтыг зайлшгүй гаргаж өгнө. Тухайлбал, Анандын амны эргэн тойронд улаан биржгэр харшил байн байн гараад байсан тул бид цусны шинжилгээнд хамруулж, чухам ямар хүнснээс харшил өгөөд байгааг олж тогтоов. Өндөгний цагаан, киви жимс хоёроос харшилтай болох нь батлагдаж, нээрэн бодох нь ээ яг л энэ хоёр хүнсийг хэрэглэсний дараа амны ойролцоо улайдаг болохыг нэхэн санав. Гэхдээ бүрэн хориглохоос илүүтэй бага багахан өгч байхад гэмгүй, том болоод зүгээр болчихдог гэж эмч хэллээ. Тиймээс хааяа өдрийн хоолонд нь өндөг хийх гэхээр “Цэцэрлэг дээр өндөг эсвэл киви идүүлэх бол заавал эмчийн бичиг шаардлагатай” гээд халгаасангүй.

Мөн энэ цэцэрлэг хотын хүүхдийн эмнэлэгтэй  хамтарч ажилладаг учраас улиралд нэг удаа хүүхдийг эмчийн үзлэгт хамруулна. Өсөлт хөгжил хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжилж өгөх үзлэг ямар ч үнэ төлбөргүй бөгөөд хэдний өдөр, хэдэн цагаас очих ёстойг тов тодорхой зааж өгсөн байдаг. Бараг 21 хоногийн өмнө үзлэгийн цаасыг өгдөг учир цаг заваа тохируулах нь л ээж аавын хийх ёстой ажил болж байгаа юм.

Харин цэцэрлэг дээр өдөр бүр хүүхдийн халууныг үзэж, өтгөн шингэн нь ямар байсныг заавал бичиж тэмдэглэх төдийгүй, өдрийн хоолноос нь дээж авч, хөргөгчинд 14 хоног хадгална. Мөн хүүхдийн халуун 37 хэмээс дээш бол шууд эцэг эхийг дуудаж хүүхдийг хүлээлгэн өгнө. Ер нь тэдэнд хүүхдээ өгсөн бол санаа зовох зүйлгүй ажлаа амжуулж болно.

УЛС ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВ

Анандыг цэцэрлэгт ороод тун удаагүй байхад Япон улс даяар онцгой дэглэм тогтоож, иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байхыг санал болгов. Иймд цэцэрлэгт явах хүүхдүүд багаслаа. Гурав, дөрөв, гурав дөрөв гэсээр сүүлдээ Анандаас өөр явах хүүхэдгүй болов. Бид ч санаа зовж, ганцхан хүүхэд харахын төлөө хоёрын хоёр багшийг өглөө эрт ирүүлж, өдөржин цэцэрлэгт уяж байна гээд Анандыг өгөхөө болих тухай, эсвэл эртхэн авч байх тухай багш нартай нь ярилцав. Тэд харин ч эсрэгээрээ:

“Бид хүүхэд ирсэн ч ирээгүй ч ажиллах учраас Ананд байвал маш их баярлах болно. Өөр хүүхэд байхгүй дээр Анандтай илүү сайн харилцаа тогтоож, ойлголцож авах нь бидэнд сайхан байх болно” гэж байв.

Мөн зарим өдрүүдэд 15 цагт ирээд авъя гэвэл “17 цагт ирээд аваач” гэж хичээнгүйлэн гуйна. Мэдээж ажил нь учир хэт ёсорхуу байдлаар ийн хандаж байгааг бид мэдэж хариуг нь өгөх ч ямар ч тохиолдолд өөрийгөө хоёрт, бусдыг түрүүнд тавьж буй нь ажиглагдах аж.

ТЭД ӨДӨРТ ЮУ ХИЙЖ ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ

Өглөөний 08 цагт хүүхдүүд цэцэрлэг дээрээ цуглаж, гадаах тоглоомын талбайд гарч тоглоно. Энэ хооронд хүүхдүүдийн биеийн дулааныг ээлж дараалан үзэх бөгөөд хүүхүүд хүссэн тоглоомоороо тоглоно.

09:10 цаг гэхэд хүүхдүүдийг ариун цэврийн өрөөнд оруулж, бие засуулах, гар нүүрийг нь угааж ариутгана.

09:15 цаг гэхэд хүүхдүүд цэцэрлэгээс бэлддэг багахан зууш, амттан сэлтийг иднэ. Энэ зуушнаас ч мөн дээж авч, зип түгжээтэй уутанд хийн огноог нь тэмдэглээд 14 хоног хөргөгчинд хадгална. Хэрэв хүүхэд хоолны хордлогод орвол хэрэг болох аж.

Ингээд 10:20 цаг хүртэл хүүхдүүд ахин тоглоцгооно, энэ удаа тэд цэцэрлэг доторх тоглоомуудаараа тоглох эсвэл багш нартайгаа бүтээлч ажлуудыг хийдэг. Тухайлбал, өнгө өнгийн цаасууд наах, гарын алгаар хээ гаргаж зураг зурах, хайчилбар хийж, зураг зурах гэх мэт. Зарим онцгой өдрүүдэд хүүхдүүд багш нартайгаа сакүра үзэхээр эсвэл далайн эрэгт тоглохоор явж болно. Хорвоотой танилцуулж байгаа хамгийн том сургалт энэ биш гэж үү…

Доорх зурагт багш нар нь хүүхдүүдийн хамтаар пэнкэйк хийж байна. “Маргааш пэнкэйк хамтдаа хийх юм, идүүлж болох уу” гэж асуухад нь “Тэгэлгүй яах вэ” гэж хариулсан ч энэ жаахан хүүхдүүдийг пэнкэйк хийнэ гэж бодсонгүй. Үнэндээ бид хоол унд хийхдээ хүүхдээ оролцуулдаггүй. Яарч сандарсных бас ядарч төвдсөнийх гээд аль аль л байдаг байх. Гайхалтай нь тэдний пэнкэйк хийсэн өдрийн зургаас харахад хүүхдүүд бүх ажилд гар бие оролцсон байлаа. Ингээд хүүхдүүдийн хийсэн пэнкэйкийг орой аав ээжийг нь ирэхэд бэлэглэж явуулав. Анх удаа л хүүгийнхээ гарын пэнкэйкийг идэж үзэх нь тэр.  Хоёрхон настай юм, чадахгүй дээ, гэмтчих вий, бушуухан өөрөө хийчихье гэж бодож огт болохгүй юм гэдгийг энэ сургалт бидэнд ойлгуулав.

Нэг удаа Анандыг аав ээж хоёр нь хамтдаа хүргэж өгөв. Замдаа их хөгжилтэй байсан учир цэцэрлэг рүүгээ орохдоо дуу муутай, дургүйхэн байгааг багш нь ажиглачихав. Юу болсныг хальтхан асуугаад л өнгөрсөн ч өдрийн тэмдэглэл дээр бичсэнээр бид хоёрыг явсны дараа Анандын сэтгэлийг сэргэхийн тулд хоёр багш нь аваад гудмаар жаал алхсан гэжээ. Гудамжаар алхаж явахад хөгжилтэй байсан Ананд удалгүй тайвширч, хэвийн болоод цэцэрлэг дээрээ их л жаргалтай хүн өдрийг өнгөрүүлсэн бололтой.  Хүүхдийн сэтгэлзүйг тэд үргэлж л ажиглаж, санаа тавьж байдгийн ганцхан жишээ л энэ юм.

Ингээд 10:20 цагт ахин ариун цэврийн өрөөнд бие засаж, гар нүүрээ угаагаад 10:30 гэхэд гадаа тоглохоор гарна. Ананд Японд ирснээсээ хойш нэг ч удаа ханиад хүрээгүй бөгөөд анх ирэхдээ өмсөж ирсэн хувцаснууд нь хоёр сарын дараа гэхэд багадаж, томддог байсан хувцаснууд нь яг таардаг болсон нь байнга гадаа тоглож байсантай холбоотой гэж боддог.

Мөн хүүхдүүдийг цэцэрлэг рүүгээ орсон даруйд оймсыг нь тайлж шалан дээр хөл нүцгэн явуулдаг. Жихүүн өдөр байдгаар нь дулаалаад очиход ч оймсыг нь тайлаад л оруулна. Зарим хүүхдүүд гадаах талбайд ч хөл нүцгэн гүйж яваа харагддаг.

Чийрэгжүүлэх энэ аргыг зөвхөн манай Монголд л ашигладаггүй бололтой. Ингээд бүтэн цаг орчим гадаа тоглосны дараа…

11:45 цагт ахин ариун цэврийн өрөөг ашиглана. Үргэлжлүүлэн…

12:00 цагт үдийн хоолны бэлтгэл буюу хоол халаах, өдрийн хоолны ширээ засах зэрэг ажлыг хийгээд 12:15 гэхэд хүүхдүүд өдрийн хоолоо идэж эхэлсэн байдаг. Харин…

12:30 цаг гэхэд тэд унтаж эхэлдэг.

ХҮҮХДҮҮДИЙГ УНТАЖ БАЙХ ХООРОНД БАГШ НАР – Өдөр бүр заавал хийх ёстой зүйлс бол хүүхдийн өдрийн тэмдэглэл хөтлөх, байгууллагадаа зориулан өдөр тутмын тайлан бичих, таван минут тутамд нэг удаа унтаж буй хүүхдүүдийн амьсгал, байдлыг шалгаж тэмдэглэх зэрэг орно. Харин долоо хоногт 2-3 удаа хүүхдүүдийн өсөлтийн муруйг тэмдэглэх, бүтээлч хичээлийн бэлтгэл ажил хангах, мэдээллийн хуудас бэлдэх зэрэг дотоод ажлуудаа амжуулна. 

14:30 цаг болоход хүүхдүүд эхнээсээ сэрнэ. Сэрсэн даруйд нь ариун цэврийн өрөөний тусламж үзүүлж, ахиад л гар нүүрийг нь угааж цэмцийлгэнэ.

15:00 цаг гэхэд үдийн зууш, амттанаа идээд гадаа тоглохоор гарна. Заримдаа гадаа бороотой эсвэл салхитай үед тэд цэцэрлэг дээрээ үлдэж, зураг зурж, наамал нааж болно. Ананд өнөөдөр тийм зүйл зурлаа гэхээсээ илүүтэй “Ананд өнөөдөр 30 минут зураг зурахаар төвлөрч суусан” гэх мэт тайлбарууд өдрийн тэмдэглэл дээр нь голцуу харагдана.  Энэ нь мөнөөх ийм тийм авьяаст сургана гэхээс илүү хүн болоход нь анхаарна гэсэн тодотголын нэг хэсэг билээ…

16:00 цагаас эхлээд ээж аав нар хүүхдүүдээ авахаар ирж, багш нар өдөр тутмын цэвэрлэгээ буюу тоос соруулах, тоглоом халдваргүйжүүлэх ажлуудаа нугална. Энэ бол тэдний өдөр бүр зайлшгүй мөрддөг цагийн хуваарь.

БАЯРТАЙ БАГШ НАР МИНЬ…

Гурван сар гаруй “Кидс хаус”-т явсны дараа манай гэр бүл өөр хот руу нүүхээр боллоо. Ананд бид хоёрыг Монголд байхад л энэ нүүдэл суудал төлөвлөгдсөн байсан юм. Япондоо хөдөөд тооцогдох ч бидний хувьд чамлахааргүй хөгжилтэй энэ газраас явна гэхэд ганц л зүйлд хоргодож байсан нь “Кидс хаус” байв. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандаж, Анандыг харж байгаа, Анандад хүрч байгаа нь хүртэл хайр цацруулсан багш нараасаа салах л хэцүү байлаа. Ананд юугаа мэдэх билээ, надад л хэцүү тусав.

Явахын өмнөхөн “Ээжүүдийн өдөр болох гэж байгаа ч тэр үеэр та нар явчих болохоор бэлдсэн бэлгээ түрүүлээд өгчихье” гэсээр Анандад гараар хийсэн гоёмсог цаасан малгай өмсүүлээд надад бэлэг барив. 

Цэцэрлэгийн анхны өдрөөс сүүлийн өдөр хүртэлх бүх зургийг эрээлжлүүлэн нааж гоёсон зургийн цоморлиг, Анандын далайгаас түүсэн чулуунуудыг ашиглаж хийсэн хөргөгчний наалт, хэзээ билээдээ “Та хоёрын зургийг авч болох уу” гээд авч байсан гэрэл зурганд цаасаар жааз хийж, Анандын алганы хээгээр чимсэн тийм л үнэтэй, энгийн, хэзээ ч мартагдахгүй, хэзээ ч авч байгаагүй тийм бэлэг надад өгсөн билээ. Тэд бэлэг болон тоглоомыг ямар ч зардал гаргахгүйгээр, тун бүтээлчээр, үргэлж өөрсдийн гараар хийж, бичиж бэлддэг аж.

Юуны өмнө гурван сарын хугацаанд хамаг сэтгэлээ зориулсан багш нартаа талархсан сэтгэгдлээ илэрхийлж захидал бичиж, мэйлээр харилцаж байх болов. Мөн Монгол хоол гэж бууз, нийслэл салад чадан ядан хийж өдрийн хоолоор дайлав. Аавтай нь хамт хийхээр төлөвлөж амралтын өдрийг нь дайруулан өдрөө товлосон ч гэнэтхэн л ажилтай болж би ганцаар үлдчихэв. Монгол хоолны нэр хүндийг “унагачихгүй” санаатай хэрэндээ хичээж бөмбөлзөв. Монголоос явахад найзынхаа “Хүнд бэлэглээрэй” гэж бэлдэж явуулсан монгол агуулгатай түлхүүрний оосроос тэдэнд бэлэглэж, хэлж чадах бүх сайхан үгсээ хэлээд явлаа.

Харин багш нар намайг цэцэрлэгийн тухай нийтлэл бичих гэж байгааг сонсоод өдөр тутамд юу хийж өнгөрүүлдэг, юун дээр анхаардаг зэргийг тусгайлан гараар бичиж өгсөн бөгөөд Анандын зургийн цомгийн ард өөрсдийн гараар сэтгэлийн үгээ бичиж, хэрхэн өсөж томорч байгааг нь мэйлээр харуулж байгаарай гэж захисан байв. Тэр захидалд “Анандынхаа инээдийг, эргэлдэж тоглож байгааг нь, баяр жаргалтай байгаа царайг нь санана даа” гэх мэт хоолой зангирам өгүүлбэрүүд ч байлаа. Ананд энэ гурван сард Япон хэлний олон үг сурсан нь Япон айлд хэд хоног айлчлах үеэр ажиглагдав. Хэрэглээ нь байхгүй учир сурсан үгээ гэртээ ашиглаад байдаггүй байж. Энэ хугацаанд уурлахаараа газар хэвтэж, юм шиддэг нь багасжээ. Өглөө хар нүд хуу татав уу, үгүй юу, хувцасны шүүгээ онгойлгоод явъя, явъя гэсээр яардаг хүү минь багш нартаа сүүлийн удаа нэг үнсүүлж аваад дараагийн аялалдаа гарлаа…

… Одоо зургаадугаар сар гараад Ананд аав ээж хоёрын хамтаар шинэ хотод амьдарч байна. Ковид19-өөс шалтгаалж цэцэрлэгүүд хаалга барьсан байснаа тун саяхан нээгдэж эхлэв. Анандыг улсын цэцэрлэгт оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд гурван нас хүрсэн байх шаардлагатай тул бид 10 дугаар сарыг хүлээхээс өөр аргагүйд хүрсэн. Харин тэр хүртэл түр хүүхэд харах үйлчилгээ бүхий цэцэрлэгт явуулах бодолтой ч эцэг эхийнх нь хамт ярилцлагад оруулах, хэрэв тэнцвэл дараагийн шатанд хүүхдүүдтэй хамт байлгаж ажиглана гэх мэт өндөр шалгуурууд биднийг хүлээж байна. Бид хэрэндээ муухай аашаа засаж, бүдүүлэг үйлдлүүдээ зогсоохоор хичээцгээж эхлэв.

Дараагийн цэцэрлэгийн адал явдал, шинэ сорилтууд Анандыг бас ээжийг нь хүлээж байна.

Монголд ч олон сайхан цэцэрлэг, багш нар бий. Эх орны минь ирээдүй болсон багачууд өсөн торниж буй цэцэрлэгүүд, багш нар дээрх тэмдэглэлээс авах гээхийн ухаанаар бага ч атугай санаа авч, хэрэгжүүлж, тусгаасай хэмээн сэтгэл гарган сийрүүлэв.

2020.06.07

Б.Гэрэлмаа

Эх сурвалж:  https://eguur.mn/