Хөхөөр хооллох чухал
Хөхөөр хооллох чухал
“Би төрснийхөө дараа хүүхдээ заавал хөхөөрөө хооллоно. Хүүхдээ хөхүүлэхдээ хөхөө сайтар амлуулаад л болоо” гэж бодож байлаа. Гэтэл хүүхэд хөхүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш, бүхэл бүтэн урлаг юм билээ. Байрлалаа зөв сонгоно, баруун, зүүн хөхөө ээлжилж хөхүүлнэ, хөхөө сайтар суллана гээд л. Хүүхдээ хоёр хоног хөхүүлээд л миний хөхний толгой хагарч, хүү маань хөхөө амлах үед би ор дуу тавих дөхөж, хөлс чийхараад явчихна.... (нэгэн ээжийн ярианаас) Энэ мэт хүүхдийг хөхөөр хооллохтой холбогдон үүсдэг зарим асуудалд зөвлөж байна.
Хөхөөр хоолохын ач тус
Нялх хүүхдийн хамгийн сайн хоол бол эхийн сүү. Эхийн сүү нь шинээр мэндэлсэн хүүхдийн ходоод гэдсэнд зохицсон, халуун, хүйтэн нь тохирсон, хадгалалт хамгаалалт шаардахгүй, байнга шинээрээ байдаг, үнэгүй, хангалттай хэмжээтэй... Хүүхдэд юу хэрэгтэй, тэр бүгдийг эхийн сүү агууулна.
Хүүхдээ хөхүүлэх нь ээжид ч мөн ач тустай. Хүүхдээ хөхүүлснээр эхийн сав амархан агшиж хэвийн байдалдаа орно, жирэмсэн үеийн жингийн нэмэгдэл амархан арилна, мөн хүүхдээ удаан хөхүүлбэл хөхний хавдрыг бууруулна гэсэн таамаглал ч бий. Мөн хүүхэд эхийнхээ хөхийг хөхөснөөр ээж, хүүхэд хоёрын хооронд дотоод нарийн нандин холбоо үүсч бий болдог увидастай. Хүүхэд тань таны энгэрт наалдан хөхөснөөр хайр халамж, хамгаалагдсан байдлыг мэдэрнэ.
Эхийн сүү нь хүүхдийн өсөлт хөгжилтийн үе шат бүрт хэрэгтэй хамгийн тэжээллэг бодисуудыг агуулдаг. Хүүхдийн тархины үйл ажиллагаа хөгжихөд онцгой нөлөөлнө. Хөхний сүү өвчин үүсгэгч бичил биетүүдийг хөнөөх нэн өндөр чадвартай байдгаас хүүхдийг элдэв өвчнөөс хамгаалах, дархлаа тогтоох ач тустай. Хөхөөрөө байсан хүүхэд, ялангуяа эхний зургаан сардаа бүрэн хөхөөрөө байсан бол хожим харшил авах, саахарын өвчин тусах нь бага байдаг байна.
Хүүхдийг хөхөөр хооллохтой холбогдох зарим зөвлөмжийг танд хүргэе.
Хөхний толгой хагарахаас сэргийлэх
Зарим анх төрж буй ээжийн хөхний толгой хагарч дээр дурдсан хүндрэлтэй байдалд ордог. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зүйлийг анхаарна уу.
· Жирэмсэн байх үедээ хөхөө бэлтгэнэ. Хөхнийхөө толгойг имрэх, нойтон алчуураар арчих, шүршүүрт цохиулах зэргээр хөх, хөхнийхөө толгойн эсэргүйцэх чадварыг сайжруулж байвал тустай. Хэрэв хөхний толгой (товч) хавтгай, наашаа гарч ирээгүй шигдсэн байвал хуруугаараа имэрч, оролдож, толгойг нь наашаа товойлгож гаргана. Хэрэв энэ нь үр дүнд эс хүрвээс хөхний толгойг нааш гаргах зориулалттай хөхний аяга /малгай/-ыг зүүх шаардлагатай.
· Хүүхдээ хөхүүлэхдээ хөхнийхөө толгойг бүрэн сайн үнхүүлэх, эс тэгвээс хөхний сүү жигд урсан гарч ирэхгүй бөгөөд нэг талаас нь хүүхэд хүчлэн сорсноос хөхний толгой амархан хагарна. Үүний тулд хөхнийхөө толгойг хүүхдийн доод уруулд нь хүргэж шүргэхэд хүүхэд хөхөх рефлексээрээ амаа томхон ангайна. Энэ үест хөхнийхөө толгойг аманд нь гүнзгий хийж өгнө. Хүүхэд хөх рүү өөрөө тэмүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
· Хүүхэд хөхөж байгаад унтаад өгвөл тэр даруйд хуруугаараа хөхөө дарж амнаас нь аятайхан сугалж авна.
· Хөхүүлснийхээ дараа хөхний толгой дээр байгаа хүүхдийн шүлстэй холилдсон сүүг тэр чигээр нь хатаана. Энэ нь үрэвсэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Мөн хөхнийхөө толгой дээр хэдэн дусал хөхний сүү түрхээд хатааж болно.
· Хүүхдээ хөхүүлэх байрлалаа хэвтээ, суугаа, хажуунаас гэх мэт янз бүрээр өөрчилж байх. Энэ тохиолдолд хөхний хэсэг бүр адил ачаалагдах бөгөөд мөн хөхний сүү тал талаасаа бүрэн суллагдана.
Бас бус зөвлөмжүүд
- Хүссэн үед нь хөхүүлэх. Аль болох төрсөн даруйдаа хүүхдээ хөхүүлэхийг хичээгээрэй. Таны ангир шар уураг хүүхдэд тань шинэ гадаад орчинд дасахад мэндэлсэн мөчөөс нь эхлэн тус болно. “Хүүхдээ ойр ойрхон хөхүүлэх нь сайн, зөв. Гэхдээ ер нь өдөрт хэдэн удаа хөхүүлэх болж байна аа?” гэсэн асуултад Германы Эх баригчдын холбооны хэвлэлийн төлөөлөгч Др.Эдит Волвер (Edith Wolber) “Хүүхдээ хүссэн үед нь хөхүүлэх үнэхээр сайн. Хүүхэд 24 цагийн дотор наймаас арван хоёр удаа хөхөх бол хэвийн үзэгдэл. Яагаад гэвэл эхийн сүү 60 минутын дотор бүрэн шингэж дуусдаг. Тэгэхээр өлсөж байгаагаа мэдэгдэж дохио өгөхөөс яахав” (1) гэжээ.
- Хүүхдийн гэдэс дүүрэх. Хөхүүлэх бүрдээ хөхөө бүрэн сайн амлуулж хүүхдээ агаар залгихаас сэргийлнэ. Гэсэн хэдий ч хүүхэд хөхнийх ч бай, угжных ч бай хөхөх хооронд амсхийх явцдаа агаар залгиж, хүүхдийн гэдэс дүүрэх тохиолдол элбэг тохиолддог. Иймд нэг хөхөө хөхүүлээд дараагийн хөхөө хөхүүлэх хооронд, мөн хөхүүлж дууссаны дараа хүүхдээ хэхрүүлж залгисан агаарыг нь гаргана. Хүүхдийг хөдөлгөх, босоо байдлаар тэвэрч гэдэс дээр нь хөнгөн дарж өгөх, урагш нь бөхийлгөх, мөрөө түшүүлж тэврээд нуруун дээр нь сулхан тогших зэргээр хүүхдэдээ хэхрэхэд нь тусална.
- Хөхний сүү зангирвал. Хөхүүл ээж нарт олонтаа тохиолддог зүйл бол хөхний сүү зангиран сайн гарахгүй, хөх халуу оргин хатуурч өвчин орох. Энэ тохиолдолд халуун бүлээн алчуур хөхөн дээрээ 10 минут орчим тавиад хөхөө бүх талаас нь, ялангуяа зангирсан хэсгийг өвчин намдтал нь нэлээд удаан сайтар үрж илж өгнө. Мөн шүүгээгүй аарцаар жин тавихад нааштай нөлөө үзүүлнэ. Аарцаараа хөхний угаас толгой хүртэл үрнэ, аарцаа хөхөн дээгүүрээ түрхэж тавиад бүлээн болоод ирэхээр нь солино. Марлийн завсар аарцаа хийж хөхөн дээгүүрээ тавиад дээрээс нь хөхний даруулгаа өмсөж бас болно. Эдгээр нь үр дүн өгөхгүй бол хөхний саалтуур хэрэглэж хөхөө суллахаас өөр аргагүйд хүрнэ. Гэхдээ түүнийг зөвхөн хөхний сүүний зангираа алга болтол л хэрэглэнэ.
- Хүүхдээ цатгахгүй бол. Хөхний сүү бага, хүүхдээ цатгахгүй байвал яаран угжихын оронд та өөр сүү ихтэй ээжид хөхүүлэх боломжийг эхлэн судлаарай. Угж хөхөх нь сүү муутай хөх хөхөхөөс хялбар байдаг тул хүүхэд нэг л угж хөхчихвэл хөхөө хөхөх дургүй болох талтай. Хөхөндөө сүү оруулахын тулд хүүхдээ аль болох ойр ойрхон хөхүүлэхийг оролдож, хөхнийхөө бүх хэсэгт хүргэж өдөөж өгнө. Мөн ядарснаас хөхөнд сүү орох нь муу байх тул та аль болох унтаж амрах, адаглаад ваннанд орох, хөлөө бүлээн усанд дүрж байлгахыг хичээгээрэй.
- Хүүхэд гулгих. Хүүхдэд ямар нэг зовиургүй, өсөж байгаа нь мэдрэгдэж байгаа мөртлөө хөхүүлсний дараа гулгиад байвал энэ нь хэвийн үзэгдэл. Хүүхдийн ходоодны үйл ажиллагаа жигдрээд ирэхээр энэ нь гайгүй болно. Энэ тохиолдолд хүүхдээ аль болох хөдөлгөөн багатай байлгаж, толгойг нь өндөрлөж хажуудуулсхийж хэвтүүлнэ. Эгц дээш нь харуулж хэвтүүлвэл гулгидасдаа хахаж цацах аюултай.
- Ээжийн хооллолт. Та аль болох шим тэжээл сайтай хоолоор хооллоорой. Ногоо, жимс, мах, сүү цагаан идээ, үр тариан бүтээгдэхүүн ахиухан, өөх тостой болон чихэрлэг зүйлийг бага хэрэглэх хэрэгтэй.
Хүүхэд хөхүүлснээр хөхний хэлбэр галбир алдагдах уу?
Зарим залуу ээж “Хүүхэд хөхүүлснээр хөхний хэлбэр галбир алдагдана” гээд хүүхдээ удаан хөхүүлэхээс татгалздаг. “Хүүхдээ хөхүүлэх, хөхүүлэхгүй байх, урт хугацаанд хөхүүлэхийн аль аль нь хөхний хэлбэр галбирт нөлөөлдөггүй бөгөөд харин жирэмслэлт түүнд нөлөөлдөг” (2). Жирэмслэлийн үед хөхний булчирхайд өөрчлөлт орж томордог бөгөөд энэ нь буцаж хэвийн байдалдаа ортол багагүй цаг хугацаа шаарддаг. Жирэмслэлтийн улмаас хөхөнд гарах өөрчлөлт нь арьсны доорх холбогч эд султай хүнд илүү ажиглагддаг байна.
П.Жаргал
Ашигласан материал:
1. Stillen: Gut angelegt! - aber wie?, eltern.de
2. Stillen schadet dem Busen, Irrtümer zum Thema Stillen, eltern.de