Хүүхэд тань бишүүрхээд байна уу?

Хүүхэд тань бишүүрхээд байна уу?

Зургаа, долоон сар хүртлээ хүүхэд авах гэсэн хэн болгонд очиж, тэврүүлж баясгалантай байдаг. Гэтэл аль нэг өдөр хүүхэд тань танайд ирсэн хүнээс царайгаа буруулж, юун очих нь байтугай, уйлж чарлан таныг эвгүй байдалд ч оруулж мэднэ. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ бол хэвийн үзэгдэл, бүр байх ч ёстой, хүүхдийн зүй зохистой хөгжлийн илрэл.

 

Хүүхэд яагаад бишүүрхдэг вэ?

Хүүхэд эхлээд хэнтэй удаан байсан, хэнийг сайн таньдаг, таньдаггүйгээ мэддэггүй. Ямартаа ч ээжийнхээ халуун хөхөнд наалдан хамгаалагдсан, аятай тайван байдлыг мэдэрнэ. Ээжийнх эелдэг сайхан царай харагдаж, өхөөрдөхөд инээж баясана.

Гэтэл долоо найман сартайгаасаа гэнэт ээжээс нь шал өөр танихгүй царай байгааг олж мэдээд айх, итгэхгүйн хоёрын хооронд эргэлзэнэ. Тэгээд тэр танихгүй хүн өөр рүү нь ойртоход эсэргүйцэл илэрхийлнэ, уйлна. Энэ нь  хүүхэд орчны хүмүүсээ ухамсартайгаар мэдэрч, хүүхдийн  хөгжилд чанарын өөрчлөлт гарч байгаагийн илрэл юм.

“Судлаачид хүүхэд бишүүрхэж-сандралд орох нь уураг тархин дахь үйл явцын огцом өөрчлөлтийн хэлбэр хэмээн үзэж байна. Амьдралынхаа эхний найм, есөн сарын дотор хүүхэд эцэг эхтэйгээ дохио, зангаа, дуу авиа, нүүр царайны хувирал, үнэр, бие биендээ хүрэх, барьж авах зэрэг мэдрэхүйн хэлээрээ маш сайн ойлголцож чаддаг, түүндээ дассан байдаг байна. Гэтэл танихгүй хүн хүүхэдтэй харилцахад хэдийгээр тухайн хүн аав ээжтэй нь аль болох адилхан дохио зангаа, үг хэллэг хэрэглэн харилцахыг хичээдэг ч түүний үнэр, дууны өнгө, нүүр царай нь мэддэг, дассан загвараас өөр байх тул хүүхдийн тархи “энэ биш байна” гэсэн мэдээлэл өгдөг байна” (1) Тэгээд л хүүхэд бажгадаж, бидний хэлдэгээр  бишүүрхэж асуудал манддаг ажээ.

 

Хүүхдийн бишүүрхэл харилцан адилгүй

Бишүүрхэх үе хэзээ эхлэх нь хүүхэд бүрт адилгүй. Зарим хүүхэд 4 ба 5 сартайгаасаа бусдаас эмээх, бишүүрхэх хандлага гаргаж эхэлж байхад заримд нь ой хүрч байж ийм байдал илрэх жишээтэй. Олонхи хүүхдэд долоогоос найман сар орчимдоо бишүүрхэж эхэлдэг байна.

Хүүхдүүдийн бишүүрхэл янз бүр.  Зарим нь хүн харангуутаа уйлж орь дуу тавьж байхад зарим нь аядуу тайван. Ямартаа ч нүүр царайны хувирал, биеийн хөдөлгөөнөөр нь "Над руу битгий ойрт" гэж хэлж байгаа нь илт мэдэгдэнэ.

Нийтлэг байдлаар авч үзэхэд  ээжээсээ эсвэл юмнаас зуураад хөдлөхгүй хөшиж зогсох,  айсан нүдээр харах, эсвэл буруу харах, дуугаа хураах, намсгах гэх мэт. Иймэрхүү байдлаар бишүүрхэх нь бараг хүүхэд бүрт зургаан сартайгаас хоёр нас хүртэлх хугацаанд хэзээ нэгэн цагт илэрч, тодорхой хугацаагаар үргэлжилнэ.  

Хүүхэд бусад хүмүүсийг сонирхож эхлэх үеэсээ, ойролцоогоор 15 сартайгаасаа бусдаас айх, бишүүрхэх нь багасаж ирнэ. Гэхдээ хоёр насны төгсгөл рүү хүүхэд бүр ч ихээр бишүүрхэх нь бас бий. 

Дашрамд дурдахад, хүүхэд ийнхүү зургаан сартай байх үеэсээ хүмүүсийг ялган таньж, өөрөөр хэлбэл ээж, аавыгаа таньдаг байна. Иймд энэ үесд зарим залуу эцэг эх хүүхдээ том болчихлоо гээд ээж аав дээрээ хүүхдээ орхин хол явах, эсвэл өөр хүнээр харуулвал хүүхдэд аав, ээж нь хэзээ ч харж байгаагүй, танихгүй хүн болж таарах нь ээ.

 

Ээжийн хамгаалалт чухал

Ээж нар энэ үеийг зөв ойлгох нь чухал. Энэ үед хүүхдэд айдас бодитоор орших бөгөөд ээж хүүхдээ тэвэрч авч хамгаалалтад оруулах нь чухал.  Хүүхэд энэ үест тэртээ тэргүй ээж рүүгээ зүтгэж аврал эрнэ. Тэгэхээр ээж “хамгаалагчийн дүрд” тоглож, хүүхдээ танихгүй хүнээс хамгаалж тайвшруулах шаардлагатай. Жишээлбэл, хүүхдээ тэвэрч тухайн хүнээс хэдэн алхам зай барьж холдуулах, гар биеийг нь илэх, хүүхэдтэйгээ аятай зөөлөн ярилцах зэргээр.

Хамгийн буруу зүйл бол хүүхдээ тухайн хүнтэй ойртож харилцахыг шаардах, айж байгааг нь инээж шоолох эсвэл зэмлэх. Хүүхэд хэсэг хугацааны дараа ээжийнхээ амгалан тайван байдал, хайр халамжийн нөлөөгөөр тухайн хүн рүү өөрөө ойртож, айхгүй болж ч магадгүй.

 “Практикаас үзэхэд нийтэч ээжийн хүүхдүүд бишүүрхэх нь бага байдаг байна. Ийм хүүхэд ээжийгээ бусад хүмүүстэй тайван, биеэ барилгүй чөлөөтэй харилцаж байгааг харна, мэдэрнэ. Түүнээс гадна хүүхэд ээж нь хүмүүсийн дунд байхдаа дуртай байгаа, бусдаас анхаарал, хүндэтгэл хүлээж байгааг мэднэ. Энэ нь магадгүй нийгмийн харилцааны талаар хүүхдийн оюун санаанд нь буусан анхны дүрслэл нь болно” (2) Ийнхүү ээжийн бусадтай харилцаж байгаа байдал хүүхдэд чухлаар нөлөөлдөг ажээ.

Та хүүхдэдээ ингэж туслаарай

Хүүхэд бишүүрхэхээ больж байгаа нь танихгүй хүнээс айхаа болих, ээжээсээ салж холдохдоо дургуйцдэггүй болох зэргээр илэрнэ. Бишүүрхэх үед нь Та хүүхдэдээ ингэж туслаарай.

  • Тэвэрч авч илж тайвшруулах. Ээжийн гар, тэврэлтээс илүү хамгаалалт тэрхэн үед хүүхдэд байхгүй.
  • Итгэхгүй, ойртох дургуй байгаа хүнээс хүүхдээ тодорхой зайнд байлгах. Гэм хоргүй гэдгийг нь ойлгуулахын тулд зочинтой тайван, эелдэгээр ярилцах 
  • Гадны хүн хүүхэдтэй харилцахдаа түүнд сонирхолтой зүйл, жишээлбэл, бөмбөг, зөөлөн тоглоом авч ирж үзүүлж тоглох, түүгээрээ дамжин хүүхэд рүү ойртох
  • Хүүхэдтэйгээ нуугдаж тоглох, жишээлбэл, эхлээд ээж алчуураар нүүрээ бүтээх, дараа нь хүүхэд нүүрээ бүтээж нэгнийгээ олж тоглох,  яваандаа хаалга, хөшигний араар нуугдах зэргээр  хүүхдээсээ бага ч болов хөндийрөх дасгал хийх
  • Хүүхэд тань их бишүүрхдэг бол гадны зочдод байдлыг урьдчилан ойлгуулж, хүүхдээ сандралд оруулахгүй байхыг хичээх

 

Ном зүй:

1.    Sebastian Bröder, Warum Fremdeln wichtig ist,  www.eltern.de

2.    Michael Schnabel, Wenn Kinder fremdeln, www.familienhandbuch.de