Өөрөө бэлтгэх ханиадны сироп: Бидний жор
Өвлийн улиралд ханиад тусахгүй өнгөрөх хүн ховор. Тэр даруйд нь эмчид хандан үнэтэй эм авахын оронд хүндрэл багатай ханиадны үед өөрөө ханиадны сироп бэлтгэн хэрэглэх боломж бий. Эм бол нэг талдаа сайн ч нөгөө талдаа гаж нөлөө үзүүлэх нь бий. Өөрсдийн хэрэглэдэг ханиадны сироп (эм)-ын жор, бэлтгэх аргыг танилцуулъя.
200 мл сиропын орц
- 1 ширхэг сонгино
- Жижигхэн хэсэг цагаан гаа
- 2 хоолны халбага зөгийн бал
- Шинэхэн ганга
- Шинэхэн шар дэр
- Тал лемон
- 200 мл ус
Бэлтгэх арга
Сонгино, цагаан гаагаа жижиглэн хэрчээд ганга, шар дэрнийхээ хамт буцалж буй ус руугаа хийнэ. Түүнийгээ аль болох удаан идээшүүлнэ. Шөнөдөө идээшүүлэн тавьж хонуулсан ч болно.
Тал лемоныхоо шүүсийг шахаад зөгийн балтай хольж хутгана. Түүнийгээ идээшүүлсэн хольц руугаа хийгээд дахин буцалгаад, хэсэг хугацаанд байлгана.
Ингэж хоёр удаа буцалгаж идээшүүлснээр эмийн үзүүлэх нөлөө сайн болно. Ингээд шингэнээ жижиг шил рүү шүүлтүүрээр шүүж хийгээд, таны ханиадны сироп бэлэн болно.
Зөвлөмж: Хэрэв хүсвэл бага зэргийн саахар нэмж хийж болно. Хүн өвчтэй байх үедээ хэчнээн калоритой билээ гээд тооцоод байх шаардлагагүй. Ийнхүү саахар нэмснээр амт нь өөрчлөгдөхөөс биш үйлчилгээнд нь нөлөөлөхгүй.
Ханиадны сиропыг хэрэглэх нь
Та сиропоо хөргөгчинд хадгалснаар хэдэн өдөр шинээр нь байлгах боломжтой. Хэрэгцээндээ тохируулан өдөрт хоёроос таван удаа нэгээс хоёр хоолны халбагыг ууна.
Зөвлөмж: Уух үедээ тасалж авсан сиропоо бүлээсгэнэ. Ингэснээр амттай болохын дээр хоолойд таатай байна.
Таны бэлтгэсэн ханиадны сироп ингэж үйлчилнэ
Ханиадны сироп нь гуурсан хоолойг тайвшруулах тул ханиалгыг намдаана. Үүгээрээ ханиадыг эмчлэхэд тус болно.
Сонгино үрэвслийн эсрэг үйлчлэх тул ханиалгахад хөнгөвчилнө. Ханиад томуунд сонгины шүүс тустайг олон хүн эмээ өвөөгөөсөө мэддэг.
Цагаан гаа бол жинхэнэ бүгдийг дийлэгч бөгөөд дархлааг дэмжиж, ханиадыг хурдан даван туулахад тусална.
Лемон нь “С” амин дэмийг агуулдаг. Хэрэв хүн өвдвөл хэчнээнийг авч чадна, тэр хэмжээгээр С амин дэмийг авч байх шаардлагатай.
Ганга нь эфирийн тос агуулдаг бөгөөд хэдэн мянган жилийн өмнөөс эмийн ургамал гэдгээрээ алдартай. Тос нь салстыг сулруулж, улмаар цочмог ханиалгыг дарахад тусалдаг.
Шар дэр бидний биеийг тайвшруулахын зэрэгцээ бактерийн эсрэг нөлөөлнө. Цочирсон гуурсан хоолойг тайвшруулна.
Зөгийн бал бүх зүйлд тустай. Бактерийн эсрэг үйлчилнэ, цочирсон хоолойд сайнаар нөлөөлнө, чийгээр сайн хангаж өгнө.
Зөвлөмж: Зөгийн балтай халуун сүү сайхан амттай байхаас гадна цочирсон хоолойд тустай.
Эх сурвалж: https://blog-magazin.info/hustensaft-selber-machen/