Институтчилэгдсэн боловсролын үйл явц дахь сургуулийн өмнөх байгууллагын ач холбогдол

МУБИС-аас 2017 оны 5 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд “Орчин үеийн боловсролын бодлого, менежмент” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын “Сургуулийн өмнөх боловсрол болон насан туршийн боловсролын бодлого, менежмент” хэмээх III салбар хуралдаан дээр ХБНГУ-ын Др.Нагелийн тавьсан илтгэлтэй танилцана уу.

 

Сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) бол нэн чухал. Энэ нь хүүхэд бүрийн бүхий л хөгжилд ач холбогдолтой. СӨБ нь нийгмийн гарал үүслээс хамаарахгүйгээр бүх хүүхдэд боловсрол эзэмших замыг амжилттайгаар эхлүүлэх боломж олгодогоороо ач холбогдолтой. СӨБ нь насан туршдаа суралцах, мэргэжлийн болон нийгмийн шинэ шаардлагуудад уян хатан хандах чадварыг олгодогоороо чухал.

Энэхүү итгэл үнэмшил нь 2000 оны Дакарын Дэлхийн боловсролын форумаар ЮНЕСКО-гоос батлан гаргасан боловсролын салбарын томхон хөтөлбөр болох “Боловсролыг бүх нийтэд” (Education for All) хөтөлбөрийн үндсэн суурь болж өгсөн. Форумаас 164 улс орон 2015 он гэхэд боловсролын 6 зорилгыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Үүн дотор бага насны хүүхдийн боловсролыг сайжруулах, тэлэх, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдийг  сургуульд ороход дөхөм болгох, үнэ төлбөргүй, чанартай боловсролыг бага сургуулийн насанд хүрч буй хүүхэд бүрт олгохыг заасан. Энэхүү шийдвэр нь институтчилагдсан сургуулийн өмнөх боловсролыг тууштай хүлээн зөвшөөрснийг харуулсан.

2007 онд сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын асуудал ЮНЕСКО-ийн гол сэдэв байлаа. Weltberichts "Bildung für alle".

ЮНЕСКО-гоос анх удаа 2010 онд Москвад сургуулийн өмнөх боловсролын дэлхийн чуулга уулзалт зохион байгуулсан. Weltkonferenz Чуулга уулзалтын үндсэн сэдэв нь сургуулийн өмнөх боловсрол нь хүүхэд бүрийн хөгжлийн суурь болох, түүнчлэн улс орнуудын сургуулийн өмнөх боловсролын нөхцөл байдлын тухай байлаа. “Үйл ажиллагааны Москвагийн төлөвлөгөө” (Moscow Plan of Action) нэртэй төгсгөлийн баримт бичигт  оролцогчдод дэлхий нийтээрээ сургуулийн өмнөх боловсролыг бэхжүүлэхийг уриалсан.   

2015 онд Өмнөд Солонгост болсон дэлхийн боловсролын форумаас гаргасан Инчеоны тунхаглалд “хүүхдэд наад зах нь нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй, албан ёсны, чанартай сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж олгох, бүх хүүхэд бага насандаа дээд зэргээр сурч, боловсорч хөгжихөд дэмжлэг үзүүлэх”-ийг чухалчлан заасан. ЮНЕСКО жил бүр дэлхийн боловсролын илтгэл Agenda "Bildung 2030" гаргахдаа сургуулийн өмнөх боловсролын энэхүү зорилгыг улс орнууд хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэн үзэж байна. Сургуульд амжилттай элсэн орох боломж бүрдүүлэхийн тулд 2030 гэхэд бүх охид, хөвгүүд өндөр чанартай сургуулийн өмнөх боловсрол, асаргаагаар хангагдах шаардлагатай.

Оройтсон ч гэсэн 2000 оноос хойш дэлхий нийтэд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлын талаар өргөн хүрээтэй зөвшилцөл явагдаж ирлээ. Шинжлэх ухааны олон тооны судалгаа, ялангуяа неврологийн сүүлийн үеийн бүтээлүүд сургуулийн өмнөх боловсрол, асаргаа нь хүүхдийн суралцах үйлд шийдвэрлэх суурь дэвсгэр болдогийг нотлон харуулж байгаа хэдий ч олон улс оронд хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролын байгууллагад явах боломж хангагдахгүй байна. Сургуулийн өмнөх боловсрол, асаргаа нь амьдралын дараагийн үе шатны амжилтад ач холбогдол бүхий танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус чадваруудын хөгжлийг дэмждэг. (OECD; Starting Strong IV)

2006 онд Европын холбооноос гаргасан мэдэгдэлд Европ дахь ерөнхий болон мэргэжлийн боловсролын тогтолцооны үр ашиг, эрх тэгш байдлыг онцлон тэмдэглэсэн  бөгөөд сургуулийн өмнөх боловсрол нь цаашдын суралцах үйлийг сайжруулах, сургууль завсардалтыг багасгах, боловсролын эрх тэгш байдлыг хангахад илүү нөлөөлөх, ерөнхий чадамжийг нэмэгдүүлэх боломжтойг заасан.

Гэвч сургуулийн өмнөх боловсролын хэрэгжилтэд зарим талаар мэдэгдэхүйц ялгаанууд оршиж байна. ХБНГУ гэсэн нэг улсад ч, цэцэрлэг нь хэдийгээр 150 жилийн түүхтэй боловч 16 Холбооны улсад түүхэн хөгжлөөсөө  хамааран ялгаанууд байсаар байна.

Европын ихэнх улс оронд сургуулийн өмнөх боловсрол, асаргаагаар хүүхэд бүрт нэг орон тоо хангагдсан хэдий ч үүсэж буй эрэлт хэрэгцээг хүүхдийн насаар авч үзэхэд мэдэгдэхүйц ялгаанууд байсаар байна.

Зарим улс оронд институтчилагдсан сургуулийн өмнөх боловсрол 3 наснаас эхэлдэг эсвэл сургуулийн боловсролын эхний хичээлийн жилийг хамардаг зэргээр улс орнуудад ялгаатай талууд байдаг ч үндсэндээ сургуулийн өмнөх боловсрол, асаргаа нь төрснөөс сургуульд элсэн суралцах хүртэлх үеийг хамарч байна.  

Сургуулийн өмнөх насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны үр нөлөө нь сургах ба суралцах үйл явцын чанараас ихээхэн шалтгаалдаг. Албан ёсны сурган хүмүүжүүлэх удирдамжийн тусламжтайгаар  байгууллагууд чанарын баталгааг хангах, үйл ажиллагааныхаа чанарыг сайжруулахад нь дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тэрхүү удирдамжууд нь ямар насныханд зориулагдсан, сургуулийн сургалтын хөтөлбөртэй хэр зэрэг ойр холбоотой эсвэл ямар сурган хүмүүжүүлэх арга зүйд суурилсан зэргээс шалтгаалан зарим ялгаатай заавар чиглэлийг багтаасан байдаг.  Энэхүү ялгаа нь ихэвчлэн  улс үндэстэн бүрийн түүх, соёлын онцлогоос үүдэлтэй байдаг.

Үндсэндээ хоёр үндсэн чиглэлийн ялгаатай байдал оршиж байна.

1. Сургуулийн өмнөх боловсрол нь юуны өмнө сургууль болон мэргэжилд бэлтгэхэд үйлчлэх.

2. Сургуулийн өмнөх боловсрол нь зарчмын хувьд хүүхдийг сургууль, боловсрол болон цаашдаа нийгмийн амьдралаас тавигдах шаардлагуудыг даван туулахад чадваржуулах.

Үүний эхнийх нь сургуулиас тавигдах шаардлагад хүчтэй төвлөрдөг бөгөөд англи-саксоны орнуудад байдаг. Хоёр дахь нь үндсэн чадамжуудад түлхүү төвлөрч, тэр чадамжуудыг хүүхэд социал-конструктив (social-constructivist) үйл явцад идэвхтэй оролцсоноор эзэмшинэ гэж үздэг. Хойд болон төв Европын орнууд энэ чиглэлийг түлхүү барьдаг.  

Энэ 2 чиглэлийн аль аль нь хүүхэд ахуй цагийн анхны жилүүд нь хүүхдийн хөгжих-суралцах онцлог боломжийг агуулсан, дараагийн бүхий л суралцах үйл явцын суурийг тавьдаг суралцахуйн чухал үе шат гэдгийг батална. Энэ нь хүүхдийн оюун ухаан, ёс суртахуун, соёл, бие бялдрын хөгжлийг хамарна.

ЮНЕСКО Сургуулийн өмнөх насны хөгжил, төлөвшлийг: төрөхөөс нь эхлэн найман нас хүртэл хүүхдийн оюун ухаан, нийгэмшихүй, бие бялдар, сэтгэл хөдлөлд дэмжлэг үзүүлдэг бүхий л арга хэмжээ гэж цогцоор тодорхойлдог.  Үүнд гурван наснаас сургуульд элсэх хүртэлх сургуулийн өмнөх боловсрол гол байр суурийг эзэлдэг.

Урт хугацааны судалгаа

Өнөө үед сайн сургуулийн өмнөх боловсрол ямар үр нөлөөтэйг тогтоосон үндэсний хэмжээний зарим судалгаа хийгдээд байна. Үр дүнг нь тухайн улс үндэстний онцлогтой уялдуулан салбар бүрээр нарийвчлан авч үзээгүй ч гэсэн  энэхүү судалгаанууд нь сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлын талаар чухал, батлагдсан чиглэл зөвлөмжийг өгөх болно.

Урт хугацааны судалгаануудаас нэлээд ач холбогдол бүхий нэгэн судалгаа бол англичуудын Сургуулийн өмнөх боловсролын үр ашиг (Effective Provision of Pre-School Education- EPPE)-ийн судалгаа: Судалгаа нь институтчилагдсан өндөр чанартай сургуулийн өмнөх асаргаанд нийгмийн бүх давхаргаас хүүхдүүдийг хамруулахад тэдэнд танин мэдэхүйн мэдэгдэхүйц давуу талууд гарсныг харуулсан. Энэ нь ялангуяа нийгмийн эмзэг гэр бүлийн хүүхдүүд аль болох багаасаа, тогтмол өдрийн асаргааны сайн байгууллагад явсан тохиолдолд тод харагдаж байсан. Сургуулийн өмнөх сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хамгийн чухал суурь дэвсгэр бол найдвартай ойр дотны холбоо харилцаа, Багш-хүүхэд түүнчлэн Эцэг эх-хүүхдийн харилцан үйлдэл гэдгийг тогтоосон[i].

Европын Хүүхдийн асаргаа, боловсрол (European Child Care and Education- ECCE)-судалгаа нь Герман, Австри, Португал, Испани улсуудын институтчилагдсан байгууллагуудын хүүхдийн асаргааны чанарыг судалсан. Энэхүү судалгаа нь Сургуулийн өмнөх боловсролын үр ашгийн (EPPE) судалгаатай адил төстэй үр дүнг харуулсан. Тухайлбал, дөрвөн настнуудын боловсрол, асаргааны чанар нь тэдний бага сургуульд суралцах үеийн нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжил түүнчлэн оюун ухааны амжилтад нөлөөлдөгийг тогтоосон[ii].

Бага сургуулийн унших чадварын олон улсын судалгаа (Internationale Grundschul-Lese-Untersuchung - PIRLS/IGLU) нь судалгаанд хамрагдсан ихэнх орны нэг жилээс илүү хугацаагаар сургуулийн өмнөх байгууллагад явсан 4 дүгээр ангийн сурагчдын унших чадамж өндөр байсныг харуулсан[iii].

Чикагогийн Их сургуулийн эдийн засгийн ухааны Нобелийн шагналт Жэймс Ж.Хекман (James J.Heckman)  боловсролд хөрөнгө оруулах, түүнийгээ аль болох эрт буюу балчир насныхан болон сургуулийн өмнөх боловсролын салбарт оруулах нь хамгийн их, байнгын ашиг орлогыг авч ирдэг, энэ нь ялангуяа эмзэг бүлгийнхний хүүхдэд маш их ач тусыг өгдөг гэж байнга цохон тэмдэглэдэг.

Вөшман (Wössmann) “Боловсрол нь динамик үйл явц бөгөөд бага насны суралцахуй бол хамгийн гол нь цаашдаа үр ашигтай суралцахад  маш хүчтэй нөлөөлснөөр ийм үр дүнд хүргэдэг” гэжээ. Нэгэнт эзэмшсэн чадварууд нь дараагийн эзэмших чадваруудын үр ашгийг нэмэгдүүлдэг бөгөөд багадаа эзэмшсэн танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус чадварууд нь цаашдын суралцах үйлийг хөнгөвчилж  өгдөг: “Боловсрол нь боловсролоо бий болгодог.”  Эмзэг бүлгийнхний хүүхдүүд гэртээ ихэвчлэн боловсролын нөлөөлөл багатай орчинд байдаг учир тэдэнд багад нь боловсролын хөрөнгө оруулалт хийхэд үр ашиг нь онцгой өндөр байдаг байна. Үүнийг шилжин суурьшсан болон дүрвэгсдийн хүүхдүүд дээр анхаарах шаардлага улам нэмэгдэж байна.

Хүүхдийн нас нэмэгдэх тутам хөрөнгө оруулалтын ашиг орлого багасдаг. Үүнийг дараах графикаас харж болно.

Erträge von Bildungsinvestitionen (schematisch) - Quelle: Wößmann

Erträge von Bildungsinvestitionen (schematisch) – Quelle: Wößmann[i]

Тайлбар: Хөх шугам эмзэг бүлгийн хүүхэд, улаан шугам дэмжлэг сайтай хүүхэд, хэвтээ шугам нас, босоо шугам ашиг орлого.

Бага насны хүүхдийн боловсрол ба тэдний цаашдын танин мэдэхүй болон танин мэдэхүйн бус чадваруудын хоорондын хамаарлыг TIMSS-, PISA-, IGLU- und DJI-Kinderpanel-Datensätze зэрэг олон тооны олон улсын харьцуулсан судалгаа хийгээд германы микро-эдийн засгийн судалгаануудаас харж болно.

Хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах нь тэдний цаашдын оюун ухаан болон нийгэмшихүйн чадамжид ихэвчлэн эерэгээр нөлөөлдөг. Танин мэдэхүйн чадваруудтай холбогдох олон улсын харьцуулсан судалгааны баримт бичгүүд нь ялангуяа тэгш байдлын ач холбогдол, сургуулийн өмнөх боловсролын тогтолцооны чанар, өрсөлдөөний чухлыг харуулж байна. Германд хийгдсэн тусгай анализаар аль болох эрт цэцэрлэгт явснаар  хүүхэд илүү шаргуу, бусадтай амархан найзалдаг, илүү хүчирхэг болдогийг харуулсан, түүнчлэн эдийн засгийн факторыг олон улсын хэмжээнд илүү судлах шаардлагатайг тэмдэглэсэн байдаг.

Шилжилт бол чадамж эзэмших боломж

Улс орнууд цэцэрлэгээс албан ёсоор сургуулийн тогтолцоонд шилжих шилжилтэд ач холбогдол өгч ирсэн. Энэ нь нэлээд өмнөөс олон улсын судалгааны овьект болсон[ii]. Хүүхэд сургуульд элсэхтэй холбогдон тэдэнд ямар шаардлагууд тавигддаг болон асуудлуудаа шийдвэрлэхтэй нь холбогдон хүүхдэд үүсэж буй ачааллыг тогтоох нь судалгааны сонирхол татсан асуултууд байсаар ирсэн.

Шилжилтийг даван туулахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоосноор  шилжилтийг хэрхэн зохион байгуулах талаар дүгнэлт хийх нь судалгааны зорилтуудад багтаж байлаа. Энэ явцад ихэвчлэн хүүхдийг сургуульд бэлтгэх ажлыг сайжруулах, боловсролын байгууллагуудын хоорондын агуулга-арга зүйг уялдуулахад анхаарч байв.  Боловсролын үйл ажиллагааны залгамж холбоог  хангах, хүүхдийн сурлагын амжилтад цаашдаа байнга нөлөөлж болохуйц шилжилтийн үеийн асуудлуудыг арилгахыг чухалд үзэж ирсэн[iii].

Шилжилт бол хоорондоо уусаж шингэсэн мөн бие биетэйгээ огтолцсон цогц өөрчлөлтийн үйл явц. Амьдралын уялдаа холбоонд асар их өөрчлөлт гарна, жишээлбэл, цэцэрлэгийн хүүхэд сургуулийн сурагч болно. Энэ явцад хүүхэд хурдацтай өөрчлөлтийн үе, эрчимтэй суралцах цаг хугацааг туулна. (vgl. Griebel, Niesel 2004, 35). “Иймд шилжилт бол байнга өөрчлөгдөн байдаг амьдралын замнал дахь нийгмийн үйл явц шинжтэй, нягтаршсан, хурдацтай үе юм.” (Welzer 1993, 37). Хүүхэд бүр энэ үед их олон, ачаалал бүхий янз бүрийн хүчин зүйлстэй тулгардаг. Энэ үе хүртэл хүүхдийн эзэмшсэн шинэ туршлага, загварууд хоорондоо холбоотой байж ирсэн хэдий ч тэдний сэтгэл зүйн дотоод үйл явц, бусад хүмүүстэй харилцах харилцаа шинээр зохицуулагддаг[iv].

Хүүхдийн хөгжлийн талаар жишээлбэл, Гриебел (Griebel, 1997) “шилжилт” -ийг амжилттай даван туулах түүнчлэн амжилт муутай байх нь хүүхдийн цаашдын хөгжлийн явцад нөлөөлдөг процессын чанартай үйл явдал гэж тодорхойлжээ:  

Амжилттайгаар давж гарах нь хүүхдийн чадамжийг батжуулж байхад амжилтгүй нь дараа тохиолдох шилжилтийг мөн зохистойгоор давж гарч чадахгүй байхад хүргэх магадлал өндөртэй.

Улих (Ulich) аль 1987 он гэхэд шилжилтүүдийг даван туулах процесс дахь хувь хүний төлөвшил - хөгжлийн сэтгэл судлалын анализтай холбоотой хөгжлийн үйл явц гэж ойлгож болно гэж тэмдэглэсэн байдаг (vgl. Welzer 1993, 29). Нягтаршсан суралцах үйл явцыг хөгжлийг өдөөгч гэдгээр харж, үүнтэй холбоотойгоор тавигдаж буй шаардлагуудыг хөгжлийн үүрэг даалгавар гэж үзсэн. Энэхүү ойлголтоор сорилтыг давах эерэг сэдэл бүхий зан чанарын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Иймд шилжилт бол зөвхөн цаашдын суралцах явцад эерэг нөлөө үзүүлэгч төдийгүй насан туршдаа суралцах явц дахь хөгжлийг өдөөгч байна.

Энэхүү эрдэм шинжилгээний  хуралд оролцож байгаа нь миний хувьд насан туршдаа суралцаж байгаагийн бас нэгэн илрэл юм.

 

Ном зүй:

Б[1] vgl. Roßbach et al. 2008, S. 23 f.; Wagner 2010, S. 7-9

[1] vgl. Roßbach/ Frank 2008, S. 256; Roßbach et al. 2008, S. 73, 85

[1] vgl. Bildungsbericht 2008, S. 57; Bos et al. 2007, S. 14

[i] Martin Schlotter, Ludger Wößmann (2010). Frühkindliche Bildung und spätere kognitive und nichtkognitive Fähigkeiten: Deutsche und internationale Evidenz. Vierteljahrshefte zur Wirtschaftsforschung: Vol. 79, Frühkindliche Bildung und Betreuung: Hintergründe und Bewertungen aus ökonomischer Sicht, pp. 99-120.

[i] Martin Schlotter, Ludger Wößmann (2010). Frühkindliche Bildung und spätere kognitive und nichtkognitive Fähigkeiten: Deutsche und internationale Evidenz. Vierteljahrshefte zur Wirtschaftsforschung: Vol. 79, Frühkindliche Bildung und Betreuung: Hintergründe und Bewertungen aus ökonomischer Sicht, pp. 99-120.

[ii] zusammenfassend Griebel & Niesel, 2004a; Dunlop & Fabian, 2007; Fabian & Dunlop, 2002

[iii]  vgl. u.a. Faust u.a., 2004,  Einarsdottir, 2007; Griebel & Niesel, 2000a; Niesel & Griebel, 2001.

[iv] (vgl. Griebel, Niesel 2004, 35)

 

Др.Бернхард Нагел

ХБНГУ, Бавар муж, Бага насны хүүхдийн судалгааны улсын институт