Манай сургуулийн өмнөх боловсрол эргэж буцаж, дороо дэвхцээд баймааргүй байна
Энэхүү өгүүллийг манай улсын сургуулийн өмнөх боловсролын үе үеийн сургалтын хөтөлбөрүүдийн онцлог, тэдгээрийн хэрэгжилтийн алдаа, оноон дээр тулгуурлан бичлээ. Нийт сургалтын хөтөлбөрийг онцлогоор нь 3 үе шатанд авч үзэж, холбогдох асуудлыг хөндөв.
1. Анхны сургалтын хөтөлбөрүүд
2. Дараагийн сургалтын хөтөлбөрүүд
3. Өнөөгийн сургалтын хөтөлбөр
1. Анхны сургалтын хөтөлбөрүүд
Монголчууд хүүхдээ багаас нь гэр бүлийн хүмүүжлээр хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. 1921 онд Монгол улсад ардын хувьсгал ялж, нийгэм, эдийн засагт шинэ өөрчлөлтүүд гарсан. Эмэгтэйчүүдийг нийгмийн хөдөлмөрт татан оролцуулах болсноор тэдний бага насны хүүхдийг асарч хамгаалах асуудал тавигдаж эхэлсэн байна.
1930-1933 онуудад Монголд хамтрал коммуныг олноор байгуулж байсан тул түүний дэргэд хүүхэд саатуулах газар ба цэцэрлэг байгуулагдаж байсан байна. Энэ үеэс эхлэн бага насны хүүхдийн байгууллагад хүүхдийг хөгжүүлж хүмүүжүүлэх ажлын агуулга, арга зүйн талаар эрэл хайгуул хийж эхэлсэн байна. 1956 он хүртэл цэцэрлэгт сургалтын түр хөтөлбөрийг мөрдөж байсан ба энэхүү хөтөлбөрөөр сургуулийн хичээлээс хуулбарлан латин үсэг заах, тооны дөрвөн аргад сургах, мал аж ахуйн сэдвийг заах, хөл гарын сургууль хийх, зураг зуруулах зэрэг хичээл явуулж байжээ (Нонна.Д. 2009).
1956 оноос Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарт удирдамж хэмээх орос хэлнээс түүвэрлэн орчуулсан хөтөлбөрийг цэцэрлэгт мөрдөж эхэлсэн байна. Энэхүү удирдамж-хөтөлбөрт хүүхдийг бага, дунд, ахлах бүлгийн хэмээн хувааж, бүлэг бүрийн хүүхдийн онцлогт тохирсон хүмүүжил, сургалтын ажлын ерөнхий чиглэлийг өгсөн байна (Нонна.Д. 2009).
Өөрийн орны онцлогийг харгалзсан Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ (Гэгээрлийн яам. 1964) хэмээх сургалтын хөтөлбөр 1964 онд гарсан бөгөөд үүнд Төрөлх хэл, Тоолол, Дүрслэн урлах, Дуу хөгжим, Биеийн тамир, Хөдөлмөр гэсэн 6 төрлийн хичээлийг бага, дунд, ахлах бүлгээр зохион байгуулахаар заасан байдаг. Энэхүү сургалтын программ нь сургуулийн адил хичээлд түлхүү төвлөрсөн, хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбогдох агуулга хомс байсан тул 1968 онд Цэцэрлэгийн насны хүүхдийн хүмүүжлийн программ (Гэгээрлийн яам. 1968)-ыг боловсруулан гаргажээ. Энэхүү хүмүүжлийн программ нь Бие махбодын хүмүүжил, Оюун ухааны хүмүүжил, Ёс суртахууны хүмүүжил, Гоозүйн хүмүүжил, Хөдөлмөрийн хүмүүжил гэсэн 5 бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд хүмүүжил тус бүрийн зорилго, агуулгыг бага, дунд, ахлах бүлгээр тодорхойлж, агуулгыг зөвхөн хичээлээр бус хичээлээс гадуур олон хэлбэрийн ажлууд явуулж болохыг зааварласан байдаг.
Дараагийнх нь 1976 онд гарсан Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын програм (АБЯ. 1976). Энэ программд цэцэрлэгийн хүүхдийг нийт 5 бүлэгт (3 настай нэгдүгээр бага бүлэг, 4 настай бага,5 настай дунд, 6 настай ахлах, 7 настай бэлтгэл) авч үзэхээр зааж, бүлэг тус бүрийн хичээлүүд болон хүмүүжлийн ажлыг нарийвчлан тодорхойлжээ. Монгол хэл, Математикийн энгийн төсөөлөл, Зураг, Наамал, Баримал, Зохион бүтээх, Биеийн тамир, Дуу хөгжим, Хөдөлмөр гэсэн нийт 9 төрлийн хичээл орно гээд бүлэг тус бүрт долоо хоногт орох хичээлийн тоо, агуулгыг зааж өгсөн. Жишээлбэл, 3-5 настнуудад долоо хоногт 11 хичээл, 6-7 настнуудад долоо хоногт 14 хичээл орохоор заасан. Мөн тоглоом, чийрэгжүүлэлт, баяр ёслол гэх мэт хичээлээс бусад цагаар явагдах ажлуудын агуулга, зохион байгуулалтыг тодорхой зааварчилсан байв.
Дээрх сургалтын хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж, 1985 онд Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр (АБЯ. 1985) гарсан. Энэхүү сургалтын хөтөлбөр нь 3 хүртэлх насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийг нэмж оруулан “ясли”, “цэцэрлэг” гэсэн хоёр хэсэгтэйгээр боловсруулагдсан бөгөөд хүүхдийн хүмүүжилд түлхүү ач холбогдол өгснөөрөө онцлог. Хичээлийн тоог цөөлж, Хэл яриа, Математикийн энгийн төсөөлөл, Биеийн тамир, Дүрслэх урлаг, Дуу хөгжим гэсэн 5 төрлийн хичээл орохоор заасан. Бүлэг бүрийн хичээлийн агуулгыг улирал бүрээр нарийвчлан зааж өгсний дээр бүлэг бүрийн хүмүүжлийн зорилгыг тодорхойлжээ.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил сургалтын хөтөлбөр (Боловсролын яам. 1990)-ийг 1990 онд боловсруулан гаргасан бөгөөд уг хөтөлбөрт цэцэрлэгт явагдах хүмүүжлийн ажил болон сургалтын агуулгыг бүлэг тус бүрээр нарийвчлан гаргаж өгсөн. Бүлгүүдэд 9 төрлийн хичээл орно гээд бүлэг бүрт долоо хоногт орох хичээлийн тоог заасан. Мөн хүүхдэд эзэмшүүлэх чадвар дадлыг бүлэг бүрээр Ариун цэвэр, эрүүл ахуй, Биеэ авч явах соёл, Хооллолт, Хувцаслалт, Гэр ахуйн хөдөлмөр, Байгалийн булан, туршлагын талбайд хийх хөдөлмөр, Тоглоом зэрэг чиглэлүүдээр агуулгыг нь нарийвчлан зааж өгчээ. Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага нь эцэг эхтэй нягт хамтран ажиллана гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.
1990 онд Монгол улс социалист системээс ардчилсан нийгэмд шилжсэн. Энэхүү нийгмийн шилжилт нь сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын хөтөлбөрийг эргэн харахад хүргэж, 1991 онд Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил сургалтын хөтөлбөр (Боловсролын яам. 1991) гарсан. Уг хөтөлбөрт бүлэг тус бүрээр (бага, дунд, ахлах, бэлтгэл) Ерөнхий зорилго, Эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажил, Ариун цэвэр, эрүүл ахуй, Хооллох, Хувцаслах, Нойрсох, Зугаалга, Наадам (сэдэвт тоглоом, хөдөлгөөнт наадам, сургах наадам, барьж байгуулах тоглоом, жүжигчилсэн тоглоом), Хөдөлмөр (Өөртөө үйлчлэх хөдөлмөр, гэр ахуйн хөдөлмөр, байгалийн буланд хийх хөдөлмөр) гэсэн чиглэлүүдээр явуулах ажлуудыг тодорхойлжээ. Хичээлийн тоог дахин цөөлж, Үг хөгжил, Зураг, Биеийн тамир, Дуу хөгжим, Тоо тоолол гэсэн хичээлүүд байхаар заасан байдаг. Хичээлийн жилийн төгсгөлд хичээл тус бүрээр хүүхдийн эзэмшсэн байх мэдлэг, чадварыг тодорхойлсон. Өөрийн орны онцлог, ардын ёс заншил, уламжлалаас оруулахыг эрмэлзсэн.
Дүгнэлт
Монгол улсын сургуулийн өмнөх боловсролд хэрэгжсэн анхны сургалтын хөтөлбөрүүдэд хүүхдийн дунд явуулах сургалт, хүмүүжлийн ажлын зорилго, агуулгыг хичээлүүд болон хичээлээс бусад үйл ажиллагааны хэлбэр тус бүр мөн хүүхдийн нас (бүлэг) тус бүрээр нарийвчлан зааж өгсөөр иржээ. Үүнээс хүүхдэд мэдлэг, чадвар, хэвшил дадлыг системтэй эзэмшүүлэхийг зорьж байсан нь харагдана. Гэхдээ онолын хувьд мэдлэг бол багшаас хүүхдэд дамжин олгогдоно гэсэн ехсогенетикийн онолыг баримталж байлаа. Үүгээр багшийн зааж сургахад өндөр ач холбогдол өгч, “багш төвт” сургалтын арга давамгайлах үндсийг тавьж байв. Ангид голдуу нийт хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанууд явагдаж, хүүхэд бүрийн онцлогийг төдийлөн анзаарахгүй өнгөрдөг байв.
Цэцэрлэгт явагдах бүхий л үйл ажиллагааг улирал тус бүрээр нарийвчлан зааснаар агуулга уян хатан биш, сонголтгүй, хүүхдийн эрэлт, хэрэгцээ сонирхол болон уудам дэлгэр Монгол орны газар зүйн байршил, аймаг, сумын онцлогийг харгалзан ажиллах боломжийг алдагдуулж, багшийн бүтээлч үйл ажиллагааг хязгаарлаж байлаа. Хөтөлбөрүүдэд хүүхдэд зааж эзэмшүүлэх зүйлсэд л голлон анхаарч байсан бөгөөд хүүхэд хэрхэн хөгжиж байгааг хэзээ, хэрхэн үнэлэх асуудал тодорхойгүй байв. Эдгээр сургалтын хөтөлбөрүүд нь гаралт (Output) буюу үр дүнд бус хүүхдэд юуг зааж сургах вэ гэсэн оролт (Input), өөрөөр хэлбэл агуулгад чиглэсэн хөтөлбөрүүд байсан.
2. Дараагийн сургалтын хөтөлбөрүүд
90-ээд оны сүүлээс Монгол улсад сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын агуулгыг стандартчилах асуудал тавигдаж, 1998 онд Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт (Стандарт, хэмжил зүйн Үндэсний төв. 1998) хэмээх баримт бичиг батлагдан гарсан. Стандарт нь Хамрах хүрээ, Оршил, Нэр томьёо ба тодорхойлолтууд, Сургуулийн өмнөх боловсролын агуулгын зорилт гэсэн бүтэцтэй. Агуулгын зорилт нь энэхүү стандартын үндсэн хэсэг бөгөөд үүнд Бие бялдрын хөгжил, Оюун ухааны хөгжил, Урлах, уран сайхны үйлийн хөгжил, Сэтгэл хөгжил, нийгэмшлийн хөгжил гэсэн 4 бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр зорилгыг тодорхойлж, нас тус бүрээр зорилт, хүүхдийн хүрсэн байх түвшинг тодорхойлжээ. Хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр, нас насаар нь хүүхдийн хүрсэн байх түвшнийг зааж өгсөн нь хүүхдийн хөгжлийн үнэлгээ хийх хөрс суурь бий болж эхэлснийг харуулна. Стандарт нь мөн багшид үйл ажиллагааныхаа агуулга, арга зүйг сонгон бүтээлчээр ажиллах, хүүхдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг харгалзан үйл ажиллагааг “хүүхэд төвт” арга зүйгээр явуулах боломжийг анхлан олгосон. Тухайлбал стандартын Оршил хэсэгт “... хувь хүний сонирхол, эрэлт хэрэгцээг тооцсон, уян хатан нэгдмэл агуулгатай, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэглэгдэхүүнийг олон хувилбартай болгоход оршино” гэжээ. Үүний хэрэгжилтэд СОРОС-ын сангаас 1998 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Хүүхэд төвт сургалтын арга зүй” төсөл багагүй хувь нэмэр оруулсан.
Энэхүү стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2000 онд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр (Гэгээрлийн яам. 2000) гарсан. Сургалтын цөм хөтөлбөр нь Хамрах хүрээ, Зарчим, Зорилго, зорилт, Агуулга (Бие бялдарын хөгжил Оюун ухааны хөгжил, Гоо сайхны хөгжил, Нийгэмшихүйн хөгжил) гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Мөн цөм хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн сэдвүүдтэй. Хичээлд төвлөрдөг хандлагыг өөрчилж, хүүхдийн бүх талын хөгжилд түлхүү анхаарсан, хүүхдийг нас тус бүрээр бус, тэдний хөгжлийн онцлогийг нь харгалзан 0-2, 3-5, 6-7 нас гэсэн үечлэлээр (энэ үед хүүхэд 8 настайдаа сургуульд элсэн суралцаж байсан) авч үзсэн. Багш нарт сургалтын агуулгыг уян хатан сонгох боломж олгосон. Гэвч багш нар төдийлөн бүтээлчээр ажиллаж чадахгүй зөвлөмжид харуулсан үлгэрчилсэн сэдвүүдийг л баримталж дагасан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжид хүүхдийн хөгжлийн үнэлгээг хэрхэн хийх, тухайлбал хүүхдийг ажиглах, тэмдэглэл хөтлөх аргуудыг тайлбарласан нь шинэлэг байлаа.
Бага, дунд боловсролын стандартын шинэчлэлийн хүрээнд 2005 онд хэрэгжиж эхэлсэн Сургуулийн өмнөх боловсролын стандарт (Стандарт, хэмжил зүйн газар. 2005 он) нь ЮНЕСКО-оос гаргасан боловсролын 4 тулгуур багана [UNESCO, 2000]-ын зарчмын дагуу чадамж (competency)-д баримжаалан боловсруулагджээ. Энэ стандарт нь бага насны хүүхэд хөгжиж, төлөвшихөд зайлшгүй шаардлагатай анхны мэдлэг олж авах, хэрэглэж сурах, өөртөө үйлчлэх, бие даан тоглох, суралцах, хүрээлэн буй орчинтойгоо харьцах, гэр бүлийн гишүүд, насанд хүрэгчид, найз нөхөдтэйгээ хамтран ажиллаж, нийгэмшин иргэншиж сурах асуудлуудыг тусгаснаараа онцлог. Гэхдээ уг стандартын бичвэр хүнд, багш нар ойлгож, хэрэгжүүлэхэд нэн хүндрэлтэй байв. Мөн энэхүү стандартыг хэрэгжүүлэх явцад багш нараас “нэгж хичээлийн боловсруулалт” хийхийг шаардсанаар цэцэрлэгийн багш нар сургуулийн багш нарын адилаар олон тооны хичээлийн боловсруулалт хийх болсон. Энэ нь багш нарт зааж сургах багш төвт үйл ажиллагаанд түлхүү анхаарах хандлагыг бий болгосон.
Бага, дунд боловсролын сургалтын стандартын шинэчлэлтэй төдийлөн холбоотой бус Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт (Стандартчилал, Хэмжил зүйн газар. 2011 он) 2011 оноос СӨБ-ын салбарт хэрэгжиж эхэлсэн. Уг стандарт нь хүүхдийн хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг, хүрэх түвшинг нас тус бүрээр систем, агуулга сайтай тодорхойлсон. Цэцэрлэгийн багшаас гадна бага насны хүүхэдтэй ажилладаг бүх хүнд зориулахыг эрмэлзсэн, хүүхэд тогтоосон хөгжлийн түвшинд яаж хүрэх арга замыг заасан зэрэг онцлогтой. Гэвч энэхүү стандарт болон түүнийг дагалдан бүлэг тус бүрээр гарсан сургалтын хөтөлбөрүүдэд буцаад хүүхдийн эзэмших мэдлэг, чадвар, дадал хэвшил, тэдгээрийн хэрэглээг нарийвчлан зааж, сургалтын агуулгыг нас, улирал, сургалтын чиглэл бүрээр томьёолсны дээр Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого (БСШУЯ. 2007)-оор өдөрт явуулах цөөнгүй хичээл, хөгжүүлэх ажиллагааны тоог хатуу тогтоосон нь багшийн бүтээлч үйлийг хязгаарлан, багш хөтөлбөрт заасан олон мэдлэг, чадвараар хөөцөлдөхөд хүргэсэн. Жишээлбэл, уг бодлогын баримт бичигт зааснаар бэлтгэл бүлэгт өдөрт багшийн бэлтгэсэн 2 хичээл, 3 хөгжүүлэх үйл ажиллагаа явагдаж, бүхэл бүтэн үдээс өмнөх цаг хугацааг авч, хүүхдэд тоглох, гадаа гарч зугаалах цаг хугацаа бараг олдохгүй байв. Ийнхүү багш нар буцаад “багш төвт” зааж сургах үйл ажиллагаа руу хазайхад хүрсэн.
Дүгнэлт
1998 оны Сургуулийн өмнөх боловсролын агуулгын стандарт, түүнийг дагалдан гарсан СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөр (Гэгээрлийн яам. 2000)-ийн хэрэгжилтээс эхлэн сургуулийн өмнөх боловсролд дараах дэвшилтэд зүйлсийн эхлэл тавигдсан.
- Цэцэрлэгт хичээл болон бусад үйл ажиллагаануудаар хүүхдэд юуг зааж сургах вэ гэж оролт (input)-ыг тодорхойлохын оронд хүүхдийн хөгжлийн чиглэлүүдээр хүүхдийн хөгжлийн хүрэх үр дүн (ouput)-г томьёолдог болсон.
- Мэдлэг бол нэг хүнээс нөгөөд (жишээлбэл, багшаас хүүхдэд) шууд дамждаггүй, харин хүүхэд өөрөө мэдлэгээ бүтээдэг гэсэн конструктив суралцахуй болон “хүүхэд төвт” суралцахуйн эхлэл тавигдсан.
- Багш нар сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ өөрөө сонгон, бүтээлчээр ажиллах, хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан ажиллах боломжтой болсон.
Гэвч хэрэгжилтийн үе шатанд практик дээр боловсролын шинэчлэлийн дээрх эерэг алхмууд бүрэн хэрэгжиж чадаагүй. Үүнд бодлого боловсруулагчид болон төв, орон нутгийн боловсролын байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд боловсролын шинэлэг үзэл санааг бүрэн ойлгож, тууштай хэрэгжүүлэхгүй эргэж буцсаар байсан нь нөлөөлсөн. Ийнхүү багш нарт “хүүхэд төвт” арга барилыг эзэмшиж, хэрэгжүүлэхэд нийтлэг байдлаар үр дүнтэй нөлөөлж чадаагүй.
Сургалтын стандарт, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явцад багш нар уламжлалынхаа дагуу хүүхдэд эзэмшүүлэх агуулга дээр хүчтэй төвлөрч, тэд хэрхэн хөгжиж байгааг үнэлэх, багш үнэлгээн дээрээ тулгуурлан хүүхэд бүрд тохирох дэмжлэг үзүүлж ажиллахыг орхигдуулсан буюу хагас дутуу авч үзсэн.
3. Өнөөгийн сургалтын хөтөлбөр
Өнөөгийн хүүхэд багачууд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд амьдарч байна. Мэдлэгт суурилсан 21 дүгээр зуун техник, технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр цаашдаа улам илүү хувьсамтгай, өрсөлдөөнтэй, сорилттой болох нь тодорхой байна. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж буй энэхүү нөхцөлд мэдлэг, чадварын хадгалагдах болон хэрэглэгдэх хугацаа улам бүр богино болж, хувь хүнээс мэдлэг, чадвараас гадна хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл, насан туршдаа сурч боловсрох зүтгэл чармайлт зэрэг олон зүйлсийг цогцоор (competencies) нь шаардах болсон. Энэ нь биднийг боловсролын бодлого, хүүхэдтэй ажиллах практик үйл ажиллагаагаа эргэж харахад хүргэсэн.
Бид өмнө нь сургуулийн өмнөх боловсролын гол зорилго сургуульд бэлтгэхэд оршино гэж үзэж, хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадварт түлхүү анхаардаг байв. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 2016 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хуулийн 3.1.-д Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь бага насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд оршино (Монгол улсын Их хурал. 2016) гэжээ. Түүнчлэн Монгол улсын Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2024)-д “Сургуулийн өмнөх боловсролыг хүүхдийг сургуульд бэлтгэхээс илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын суурь үе хэмээн хөгжүүлнэ (Монгол улсын Их хурал. 2015) гэж тодорхойлсон байна.
2013 онд шинэчлэн боловсруулсан Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого (Монгол улсын Их хурал. 2015)-ын Нийтлэг үндэслэлд “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого нь хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн нийгэмд зохицон амьдрах чадвартай хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэхэд өөрийн орны уламжлал, онцлогт түшиглэн олон улсын чиг хандлагатай нийцүүлж, эцэг эх, багш, судлаач, олон нийтийн оролцоог ханган хамтран ажиллах зарчимд тулгуурлана” гэжээ. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжүүлэх зарчимд мөн “Боловсролын чанарыг хүүхдийн чадамж (эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил)-аар үнэлэх”, “Эцэг эх, багш хамтран ажиллах түншүүд байх” зэрэг шинэлэг зарчмууд нэмэгдэн оржээ.
Эдгээр бодлогын баримт бичиг нь сургуулийн өмнөх боловсролыг зөвхөн хүүхдийн амжилтад бус, хүний хөгжлийн чухал суурь дэвсгэр гэдэг өнцгөөс харж, илүү хүмүүнлэгээр, өргөн хүрээтэй авч үздэг болсныг харуулна. Дээрх бодлогын баримт бичгүүдэд үндэслэн 2015 онд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр (БСШУЯ. 2015)-ийг боловсруулан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг сайжруулан 2019 онд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр (БСШУСЯ. 2019) нэртэйгээр хэрэгжүүлсэн. Эдгээр сургалтын хөтөлбөрийн гол үзэл санаа нь хүүхэд бүрийг хөгжүүлэх.
Өнөөгийн мөрдөж буй сургалтын хөтөлбөр дараах онцлогтой.
- Уламжлалт ёсоор хичээлүүдийн агуулгад бус суралцах үйл явцын цогц үр дүн (хүүхдийн хэрэглэх мэдлэг, чадвар, хандлага-төлөвшилд)-д төвлөрсөн. Хүүхдийн төлөвшилд түлхүү анхаарсан.
- Цэцэрлэг бүр байгууллагынхаа хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалынхаа дагуу бие даан, бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр.
- Багшид хүүхдийн өдөр тутмын амьдралд тохиолддог нөхцөл байдалд ашиглагдах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшихүйц байдлаар сургалтын үйл ажиллагаа, орчныг сонгох боломж олгосон.
- Хүүхэд бүрийн хөгжил адилгүй. Иймээс хүүхдийн нас тус бүрт бус хөгжлийн түвшин (I, II, III түвшин)-д төвлөрсөн.
- Хичээлүүд гэхгүй суралцахуйн чиглэл (Нийгэмшихүй, Хөдөлгөөн, эрүүл мэнд, Хэл яриа, Байгаль, нийгмийн орчин, Математикийн энгийн төсөөлөл, Хөгжим, дүрслэх урлаг) гэдгээр авч үзсэн. Багш сургалтын агуулга, арга зүй, орчинд тавигдах нийтлэг шаардлагыг хэрэгжүүлж ажиллахыг заасан.
- Хүүхэд үндсэн чадамжууд (competencies)-ыг бүхий л орчин нөхцөлд социал-конструктив үйл явцад идэвхтэй оролцсоноор эзэмшинэ гэж үзсэн. Иймд сургалтын хөтөлбөрийг зөвхөн СӨБ-ын байгууллагууд хэрэгжүүлэх бус, гэр бүл (эцэг эх)-ийг бага насны хүүхдэд тасралтгүй, хүчтэй нөлөөлж байдаг сургалтын чухал орчин гэдгээр авч үзсэн.
- Багш нараас Багш-хүүхэд хамтдаа мэдлэг бүтээх (Ко-конструктив суралцахуй) арга барил эзэмшихийг, хүүхэд төвтэй үйл ажиллагаа явуулахыг шаардсан.
- Хүүхэд бүрийн хөгжлийн үнэлгээ нь хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны эхлэл байна гэж үзсэн.
Ийнхүү өнөөгийн сургалтын хөтөлбөр нь чадамж (competency)-ид суурилсан сургалтын хөтөлбөрийн олон шаардлагыг хангасан хөтөлбөр гэж үзэж болно.
Хүүхэд бүрд тохирсон дэмжлэг үзүүлж, боломжит дээд хурдаар нь хөгжүүлэхийн тулд хүүхэд бүрийг таньж мэдэх, үнэлэх шаардлагатай. Иймд хөтөлбөрт хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээг чухалчлан, үнэлгээний арга хэлбэр, зохион байгуулалтыг тодорхойлсны дээр Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас (БСШУЯ. 2015)-ыг боловсруулан баталгаажуулсан байна.
Өмнө нь хүүхдийн хөгжлийн ахицыг зөвхөн эзэмшсэн мэдлэг, чадвараар нь үнэлдэг байсан бол 2015 оны Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн дагуу хүүхэд бүрийн чадамж (competencies)-ийг үнэлдэг болсноороо онцлог. Тухайлбал, Хэл ярианы чадамжийг үнэлэхэд хэл ярианы чадваруудаас гадна “Ангиараа хийж буй ярилцлага, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоно” гэх мэт хандлагыг үнэлэх жишээтэй. Хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээнд Чөлөөт ажиглалт, Ажиглалтын хуудсын дагуу явуулах ажиглалт, Хувийн хавтас бүрдүүлэлтийг хослуулан хэрэглэж байв.
Хэрэгжилтийн явцад үнэлгээний сургалтад хамрагдсан багш нар энэхүү үнэлгээний мөн чанар, аргачлалыг ойлгон урамтайгаар хэрэгжүүлж эхэлж байсан боловч төв, орон нутгийн мэргэжилтэн, цэцэрлэгийн удирдлага, багш нарын СӨНХ-ийн үнэлгээний ойлголтын зөрүүгээс шалтгаалан үнэлгээг хэт ачаалалтай хийх, цэцэрлэгийн удирдлагууд хүүхдийн үнэлгээний мэдээллийг багш нарын ур чадварын нэмэгдэл олгох шалгуур болгон ашигласан, зарим анги ялангуяа Улаанбаатарт хэт олон хүүхэдтэй зэргээс үүдэн багш нарт ачаалал дарамт үүсэх, хүүхдийг бодитой бус үнэлэх зэрэг асуудлууд үүсэж байв. Ингээд 2019 онд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулахдаа багш нарын ачааллыг багасгах нэрийдлээр хүүхдийн хөгжлийн ажиглалтын хуудсыг өөрчилсөн. Энэхүү өөрчлөлтөөр 2015 оны Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудсыг өөрчилж, Хүүхдийн хөгжлийн үнэлгээний хуудас (БСШУСЯ. 2019) хэмээн нэрлээд, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн суралцахуйн чиглэлүүдээр хүүхдийн хөгжлийн хүрэх түвшинг шууд копидож, чадвар бүрийг “чадаж байна”, “хараахан чадахгүй байна”, “чадахгүй байна” гэсэн ангилалаар тэмдэглэгээ хийх үнэлгээний хуудсыг гаргасан. Өөрөөр хэлбэл, энэхүү үнэлгээний хуудсанд хүүхдийн хөгжлийг илрүүлэх үйлүүд (асуултууд) бус, тухайн хөгжлийн түвшний чадваруудыг тавьж өгсөн гэсэн үг. Энэ нь өмнөхөөс ухарсан, багшид хүүхэд бүрийг ажиглаж оношлоход дэмжлэг болохооргүй, хүүхдийг чадамжаар бус, хуучны адилаар зөвхөн мэдлэг, чадвараар үнэлэх, үнэн чанартаа багш нарт илүү ажиллагаа шаардсан шийдэл болсон.
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам (БСШУСЯ. 2020)-ыг 2020 онд батлан гаргасан байна. Уг журмын хавсралтаар хүүхдийн нас тус бүрээр хөгжлийн үнэлгээний шалгууруудыг боловсруулан гаргаж, 2019 оны үнэлгээний хуудсын сул талыг сайжруулахыг зорьжээ. Гэхдээ уг журам болон нас тус бүрээр гаргасан үнэлгээний шалгуураас харахад дараах асуултууд тавигдаж байна.
Одоо улс орнуудад хүүхдийг сургуульд бэлтгэхээс илүү сургууль нь хүүхдэд бэлтгэгдсэн байх ёстой гэсэн концепт явж байна. Зөөлөн ур чадвар (Soft Skills) чухал болж буй өнөө үед энэ насанд сургуульд бэлтгэхээс “хүн” болж төлөвшихөд нь илүүтэй анхаарахгүй юу? Нөгөөтэйгүүр нэгдүгээр анги хүлээн авч буй багш бүр хүүхэд бүртэйгээ танилцаж, онцлогт нь нийцүүлж сургалтаа зохион байгуулах нь мэдээж. Энэ нь тухайн багшийн үүрэг, үндсэн ажил. Үүний хажуугаар зориуд комисс байгуулж дөнгөж сурч эхлэх гэж байгаа хүүхдүүдийг тодорхой даалгавруудаар шалгаж үнэлэх нь хэр зохистой, үр дүнтэй вэ? Хүүхэд бүрийн хөгжил адилгүй, тэд нэг чадамжаараа сайн байхад нөгөө чадамжаараа сул байж болно. Энэ бол хэвийн үзэгдэл. Иймд СӨБ-ын сургалтын хөтөлбөрөөр хүүхэд хөгжлийн 3 түвшинд байж болно гэж авч үзсэн. Гэтэл яагаад хуучных шиг нас насанд нь хөгжлийн шалгуур тавьж, хүүхдийн хөгжлийг нас тус бүрээр нь хязгаарлах болов? Дэлхий нийт (олон улсын байгууллагууд, улс орнууд)-д сургалтын хөтөлбөр, хүүхдийн хөгжлийн үнэлгээ 21 дүгээр зуунд бүхэлдээ чадамжид суурилж байна. Тэгэхээр бид чадамж биш, буцаад чадварууд үнэлж, багш нар нь салангид чадваруудаар хөөцөлдөх үү?
Балчир насныхан (3 нас хүртэлх хүүхэд)-ыг чадамжаар үнэлэх боломжгүй бөгөөд тэдний хоорондын хөгжлийн ялгаа их, яваандаа нас ахих тусам энэ ялгаа нь багасдаг. Тиймээс 2015 оны “Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх ажиглалтын хуудас”-д зөвхөн энэ насныхны хувьд Бие бялдар, Нийгэмшихүй, Оюун ухааны хөгжлийн тодорхой тооны чадварыг хянахаар оруулсан байдаг. Шинээр гаргасан шалгуур үзүүлэлтэд гурваас сургуульд элсэх хүртэл насныханд тодорхой чадамжууд бус хөгжлийн дээрх 3 чиглэлээр ерөнхийлөн, балчир насныхантай адил чадварууд жагсаан оруулсан нь ухралт. Мөн шалгуур бол хэнд ч ойлгомжтой, тодорхой, үнэлэгдэхүйц, залгамж холбоотой байх ёстой. Үүнтэй холбогдуулан хэлэх зүйл ч бишгүй харагдана.
Эргэж буцсан шийдвэр, “их мэдэгчид”-ийн дур дураараа өгсөн зөвлөгөө, чиглүүлэгээс болоод манай СӨБ-ын багш нарын хандлага, сэтгэлгээ, хүүхэдтэй ажиллах арга барилд дорвитой ахиц өөрчлөлт гарахгүй байна. Боловсролын хүрээлэнгээс 2019 онд явуулсан Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаанд цэцэрлэгийн багш нарын 80% нь “багш төвт” арга барилаар ажиллаж байна (Монголхатан. Г. нар. 2019) гэж дүгнэжээ. Ийнхүү бид дороо дэвхцэн эргэж буцсаар, сөрөг үр дагаварыг нь багш, хүүхдүүд амссаар...
Төгсгөлийн үг
СӨБ-ын сургалтын үндэсний стандарт, хөтөлбөрүүд нийгмийн өөрчлөлт, шинжлэх ухааны ололт нээлт, бусад улсын сайн туршлага дээр тулгуурлан сайжирч, боловсронгуй болсоор иржээ.
Сургалтын үндэсний хөтөлбөрийн шинэчлэлд боловсруулах, хэрэгжүүлэх гэсэн 2 үндсэн үе шаттай ажил байдаг. Үүнээс хэрэгжүүлэх нь илүү нэгдмэл ойлголт, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв чиглүүлэг, хүч хөрөнгө, анхаарал, түвшин тус бүрийн байгууллага, хүмүүс хоорондын хамтын ажиллагаа шаардсан ажил гэдгийг манай улсын СӨБ-ын сүүлийн 30-аад жилийн түүх харуулж байна. Бид боловсруулах шатанд нь илүү анхаарал тавиад хэрэгжүүлэх үе шатанд нь бага анхаарснаас байнга алдсаар иржээ.
Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн практикаас харахад бодлого боловсруулагчид, үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын мэргэжлийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд тухайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ үзэл санааг нь бүрэн ойлгож, тууштай ажиллаагүйгээс дэвшүүлсэн үзэл санаа-бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа хоорондоо зөрчилдөх, хүүхэдтэй ажиллах онол, арга зүйгээсээ эргэж буцах тохиолдол давтагдсаар. Мөн боловсролд улс төр нөлөөлж, Засгийн газар солигдох бүрд өмнөх Засгийн газрынхаа явуулж байсан үйл ажиллагааг нягтлан эерэг зүйлсийг нь үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн оронд шинэ зүйл хийх гэж оролдохдоо буруу зөрүү шийдвэр гаргах тохиолдол тасрахгүй байна. Үүний үр дагавар нь шинэлэг, шинжлэх ухааны үндэслэлтэй үзэл санаа хэрэгжихгүй унтрах, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахгүй байх, сургалтын хөтөлбөр, дүрэм журам ойр ойрхон өөрчлөгдөх, өнөөг хүртэл олонхи багш хүүхдэд зааж сургах гэсэн “багш төвт” арга барилаасаа дорвитой салахгүй байгаа, тэдний бүтээлч сэтгэлгээ дутмаг зэргээс харагдаж байна.
Нийгмийг өөрчлөхөд томчуудыг өөрчлөх нь удаан бөгөөд үр дүн багатай. Харин хүүхэд бүрээ боломжит дээд хурдаар нь хөгжүүлэхийн зэрэгцээ багаас нь хамгийн наад зах нь өөртэй итгэлтэй, суралцах хүсэл эрмэлзэлтэй мөн бусадтай ямагт мэндэлдэг, уучлалт хүсэж, талархлаа илэрхийлдэг, гар, шүдээ тогтмол зөв угаадаг, хог, цаасыг хамаагүй хаядаггүй зэрэг гарын арван хуруунд багтах дадал хэвшлийг тэдний ухамсарт шингээж, үйл ажиллагаанд хэвшүүлэх тохиолдолд монголын нийгэмд маш их өөрчлөлт гарах болно. Иймд монголын ирээдүй манай цэцэрлэгүүдийн уйгагүй, бүтээлч багш нар болон ээж аав нарын гарт бий.
Н.Норжхорлоо (Ph.D)
Ном зүй
АБЯ. 1976 он. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын программ, 1976 он, БНМАУ, Ардын боловсролын яамны хэвлэл. УБ
АБЯ. 1985 он. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил, сургалтын хөтөлбөр. АБЯ-ны сурах бичиг, сэтгүүлийн нэгдсэн редакци. Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэлийн комбинат. УБ
Боловсролын яам. 1990 он. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжил, сургалтын хөтөлбөр. Шинэчлэн боловсруулсан 1 дэх хэвлэл. 1990 он. БНМАУ-ын Боловсролын яам. Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн. УБ
Боловсролын яам. 1991 он. Хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжил, сургалтын хөтөлбөр, Шинэчлэн боловсруулсан 2 дахь хэвлэл., Боловсролын яамны Сурах бичиг, хүүхдийн номын хэвлэлийн газар. БНМАУ-ын Боловсролын яам. УБ
БСШУЯ. 2007. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого. БСШУ-ы сайдын 2007 оны А/20 дугаар тушаалын хавсралт. УБ
БШУЯ. 2013 он. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 327 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, УБ
БСШУЯ. 2015 он. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, БСШУ-ы сайдын 2015 оны А/301 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт, УБ
БСШУСЯ. 2019 он. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, БСШУС-ын сайдын 2019 оны А/494 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт, УБ
БСШУСЯ. 2019 он. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр, БСШУС-ын сайдын 2019 оны А/494 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт, УБ
БСШУСЯ. 2019 он. Хүүхдийн хөгжлийн үнэлгээний хуудас. БСШУС-ын сайдын 2019 оны А/494 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт, УБ
БСШУСЯ. 2020 он. Журам батлах тухай. БСШУС-ын сайдын 2020 оны А/280 дугаар тушаал. УБ
Гэгээрлийн яам. 1964 он. Хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн программ. Гэгээрлийн яамны хэвлэл. БНМАУ. УБ
Гэгээрлийн яам. 1968 он. Цэцэрлэгийн насны хүүхдийн хүмүүжлийн программ. Гэгээрлийн яамны хэвлэл БНМАУ. УБ
Гэгээрлийн яам. 2000 он. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр. Боловсролын хөгжлийн сургууль. УБ
Монгол Улсын Их хурал. 2016. Монгол Улсын хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, 2008 он, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар өөрчлөн найруулсан хэсэг. УБ
Монгол Улсын Их хурал. 2015. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (2014-2014 ), Монгол Улсын Их хурлын 2015 оны 12 дугаар тогтоолын хавсралт, УБ
Монголхатан. Г, Сарантуяа. Б. 2019 он. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгааны тайлан. БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын хүрээлэн. УБ
Нонна. Д. 2009 он. Монгол Улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь. Хуудас 22. Ундрага принт ХХК. УБ
Нонна. Д. Монгол Улсад сургуулийн өмнөх боловсрол хөгжиж ирсэн нь. Хуудас 44. Ундрага принт ХХК. 2009 он. УБ
Стандарт, хэмжил зүйн Үндэсний төв. 1998 он. Монгол улсын стандарт, БАГА, ДУНД БОЛОВСРОЛ. 1-р хэсэг: Сургуулийн өмнөх боловсролын агуулга. Стандарт, хэмжил зүйн Үндэсний төвийн Зөвлөлийн 1998.04.13-ны өдрийн 13 дугаар тогтоол, УБ
Стандарт, хэмжил зүйн газар. 2005 он. Сургуулийн өмнөх боловсролын стандарт. ISBN-99929-5-594-5. УБ
Стандартчилал, Хэмжил зүйн газар. 2011 он. Сургуулийн өмнөх боловсрол. Бага насны хүүхдийн хөгжил MNS 5420-1 : 2011. УБ
UNESCO (2000),The four pillars of learning, http://www.unesco.org/new/en/education/networks/global-networks/aspnet/about-us/strategy/the-four-pillars-of-learning/
--- о О о ---