Нэгэн монгол цэцэрлэгийн үзэл баримтлал

Байгууллагынхаа үйл ажиллагаанд шинжилгээ хийсэн нь

Бид хүүхдийг хэрхэн хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулахын тулд ардын сурган хүмүүнжүүлэх ухаан, ялангуяа монгол эрдэмтэн, их сэтгэгч халхын хэцүү “то ван” Бат-Очирын Тогтохтөр (1797-1887)-ийн онол, үзэл санааг судалсны зэрэгцээ өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагаанд шинжилгээ хийсэн. Бидний хийсэн шинжилгээнээс үзэхэд манай цэцэрлэг (ер нь бүх цэцэрлэг) хатуу, шахсан сургалтын хөтөлбөртэй, тодорхой хугацаанд заавал үзэж дуусгах гэх зэрэг их сургуулийн адил шаардлагатай; багш, хүүхдэд үр дүн багатай ч ачаалал ихтэй, хүүхэд хоцрогдолгүй байгаа мэтээр сэтгэж, эргэж харна гэсэн ойлголтгүй, сэдэв, агуулга хоорондоо уялдаа муутай, сэдвийн интеграцаас хэтрэхгүй явцуу сургалт, үйл ажиллагаа явуулж байгаа нь ажиглагдсан.

Түүнчлэн эцэг эх, олон нийтийн оролцоогүй; багш, ажилчид тус, тусын үүргийг гүйцэтгэхээс хэтрэхгүй салангад үйл ажиллагаатай, хүүхдийн хөгжилд үйлийн орчин хязгаарлагдмал (Үйлдвэрийн тоглоомын хүрээнээс хэтэрдэггүй байсан), хүүхдийн хөгжлийг бодитоор ажигладаггүй, багшийн үнэлгээг тайлан авах төдийхнөөр хэмждэг байсан зэрэг алдаатай талууд олон байв. Хамт олны оновчтой нэгдсэн зохион байгуулалт дутмаг байсны дээр тоглоомын төвүүдээ өргөтгөх, байгалийн булангаа өргөжүүлэх, гадаад, дотоод орчноо бололцоогоороо тохижуулах шаардлагатай нь тодорхой болсон. Иймд бид “Хүн болгон адилгүй, Хүлэг болгон жороогүй”  тул нийт багш, ажилчид, эцэг эх, олон нийтийн оролцоотой хүүхэд бүрийн хөгжил, хэрэгцээ, сонирхолд нийцсэн тоглох болон хөдөлмөрийн үйлийн орчин бүрдүүлэх, сургалтын уян хатан хөтөлбөрөөр хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, эрдэм боловсролтой, ёс заншлаа дээдэлсэн, бие даах чадвартай, өв тэгш зөв монгол иргэнийг төлөвшүүлэн хүмүүнжүүлэхээр зорин ажиллах болсон.  

Нэг. Хүүхдийг хүмүүнжүүлж, хөгжүүлэхдээ эрхэмлэх зүйл

1. Хүүхдийг хүмүүнжүүлж, хөгжүүлэхдээ То вангийн дараах сургаалийг хэрэгжүүлэн ажиллана:

а) Хүүхдийг хэлд орох цагаас эрдэм номд чиглүүлж, хөлд орох үеэс аж төрөх ухааны дөртэй болгон, ёс журамтай өв тэгш иргэн болгож хүмүүнжүүлнэ.

б) Идэж чадмагц баруун гарыг сургана, Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана, Явж чадмагц дөрвөн зүг дээд, доодыг мэдүүлнэ, Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих, эцэг эхээ хүндэтгэх үйлд сургана.

в) Эрдэм мэдлэг, аж төрөх үйл, амьдралын ёс журмыг нэгэн зэрэг эзэмшүүлнэ. 

2. Бид хүүхдэд гэрийн нөхцөлтэй ижил төстэй, монголын ахуй нөхцөл, үндэсний хэв шинжтэй орчинд хөгжих боломж олгоно.

3. Хүүхдэд багш, ажилтнуудаас гадна бие биеэсээ суралцах өргөн боломж олгоно.

4. Бид хүүхдэд эрүүл  хоол хүнс хэрэглүүлж, осол аюулгүй, өвчин эмгэггүй өсөн торних нөхцөл бүрдүүлэн, танхимын болон танхимын бус орчинд тасралтгүй сурч хөгжиж байх боломж олгоно. 

Хоёр. Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт

  1. Анги зохион байгуулалтаа нэг бүлэгт байх хүүхдийн тоог 35-аас хэтрүүлэлгүйгээр, бэлтгэл бүлгийг дагнасан, бусад бүлгийг холимог болон дагнасан хэлбэрээр зохион байгуулна.
  2. Цэцэрлэг нь гэрийн нөхцөлтэй ижил төстэй, монголын ахуй нөхцөл, үндэсний хэв шинж, үндэстэн ястны өөр өөрийн зан үйл, ёс заншлыг тусган харуулсан,  олон хувилбар бүхий тоглоом, цогц сургалтын хэрэглэгдэхүүнтэй тохилог орчинтой байна. 
  3. Өдрийн дэглэмийг насны онцлогт тохируулан өөр өөрөөр хийнэ.
  4. Бага бүлгийн хүүхдийн өдрийн дэглэмийн цагийг хэт шахахгүй ба хөгжүүлэх үйл ажиллагааг тоглоомын үйлд тулгуурлан явуулна.
  5. Сургалт, үйл ажиллагаагаа тухайн улиралд сонгосон сэдвийнхээ хүрээнд тохируулж, агуулгаа суралцахуйн 5 чиглэлтэй холбон, өөр өөрсдийн арга туршлагадаа тулгуурлан явуулна.
  6. Сургалтын хөтөлбөрөө улирлын ажлын онцлог, байгалийн үзэгдэл, цаг агаар, тэмдэглэлт баяр зэрэгт хамааруулан жилд 5-аас илүүгүй багц сэдвийн хүрээнд боловсруулна.
  7. Хүүхдэд өөрийнхөөрөө тоглох, бодит зүйлээр туршилт хийх болон бүхий л мэдрэхүйгээрээ амьдралын мэдлэг, туршлага хуримтлуулах боломж олгоно.
  8. Хүүхэд нэг бүрийн онцлогийг илрүүлэн “Хүүхдээс, хүүхдэд” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  9. Цэцэрлэгийнхээ гадаад, дотоод орчинд байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, эд зүйлийг улирлын байдал сургалтын сэдэвт тохируулан өөрчилнө.

 

  1. Хүүхдийг шинээр бүтээл хийх, туршин шинжих, хамтран тоглох зэрэг нээлттэй орчинд хөгжүүлнэ.
  1.  Манай цэцэрлэгт хүүхэд дараах эрх, үүрэгтэй байна:
  • Өөрийн байгаа байдлаа хүлээн зөвшөөрүүлэх;
  • Халуун дулаан уур амьсгалд өсөн бойжих;
  • Бие хүнийхээ хувьд бусдаас ялгагдах онцлогтой байх, түүнийгээ дэмжүүлэх;
  • Сургалт, үйл ажиллагаанд элдэв дарамт шахалт, шийтгэлгүй оролцох
  • Томчууд ба хүүхдийн буруу зүйлд шүүмжлэлтэй хандах;
  • Найз нөхөд, тоглоомоо чөлөөтэй сонгох, хамтрах;
  • Эелдэг зөөлөн харьцаа, хүнлэг чанарыг дууриах;
  • Өөрийн буруу, зөвийг хүлээн зөвшөөрөх;
  • Алдаандаа гэмших, уучлалт гуйх;
  • Биесээ хүндлэх, талархал илэрхийлэх, уучлах;
  • Дэг журмыг сахих;
  • Өөр хоорондоо үнэнчээр хандах, шударга байх.  

 

Гурав. Хамт олны соёл, хамтын ажиллагаа

Манай хамт олны гишүүн бүр дараах нийтлэг үүргийг хүлээж, өөрийн оролцоог ханган ажиллана. Үүнд:

  1. Бид хүүхдийг дарамт шахалтгүй, чөлөөтэй байлган, тэднийг хөгжүүлж, хүмүүнжүүлэх ажлаа өөрсдийгөө даган дууриалгах аргаар хүүхэд нэг бүртэй тулж ажиллан, улмаар бие даалгах замаар хэрэгцээ сонирхолд нь нийцүүлэн зохион байгуулна.
  2. То вангийн сургаснаар Эрдэм мэдлэг, аж төрөх үйл, амьдралын ёс журмыг нэгэн зэрэг эзэмшүүлэх” гэснээр хүн бүхэн үүргээ ухамсарлаж, өндөр хариуцлагатай ажиллан, өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд хүүхэд нэг бүрийг алагчлалгүй, бүрэн эрхтэй оролцуулж, амьдралын  боловсрол эзэмшихэд бүхий л талын дэмжлэг үзүүлнэ.
  3. Хүүхдэд үүргийг нь ухамсарлуулж (Хувийн эрүүл мэндийг хамгаалах, орчны эрүүл ахуйд хувь нэмэр оруулах, бусадтай зохистой харилцах, биесээ хүндлэх, дэг журмыг сахих, алдаандаа гэмших, уучлал гуйх, уучлах гэх мэт), хариуцлага үүрүүлж, бие даалган, өөртөө итгэх итгэлтэй болгоно.
  4. Сэдэв бүрдээ тохирсон сургалтын орчин бүрдүүлж, амьдралд ойрхон, энгийн, ойлгомжтой бодит үйлд тулгуурлан, өөрсдөө үлгэрлэн манлайлж, даган дууриалгах, хүүхдийг өөрөөр нь үлгэрлүүлэх зэрэг аргыг хэрэглэн ажиллана.
  5.  Хүүхдүүдтэйгээ хамтран тоглож, хөдөлмөрлөж, үндэсний соёл, ёс заншил, хүн чанар, эв эе, монгол өв уламжлалаа хүүхдийн оюунд суулгах, тэмцэл зөрчилгүй эвсэг харьцаатай хамт олон байхад хүн бүр хүчин чармайлт гаргана.

Албан тушаалын онцлогоос хамааран хүн бүр дараах тусгайлсан үүрэг хүлээж, хүүхэд бүрийг хөгжүүлж, хүмүүнжүүлэх ажилд оролцоно. Үүнд:

Цэцэрлэгийн эрхлэгч (арга зүйч):

  1. Цэцэрлэгийн удирдлага нь байгууллагын хамт олон, эцэг эхийг оновчтой менежментээр зөв удирдан чиглүүлж, хүүхэд бүр тэднийг дуурайн Эрдэм мэдлэг, аж төрөх үйл, амьдралын ёс журамд үр дүнтэй суралцах нөхцөлийг бүрдүүлнэ.
  2. Багш ажилчдын мэдлэг, чадварыг ажлын байран дээр болон бүс нутгийн нийтийг хамарсан сургалтаар тасралтгүй дээшлүүлж чадавхжуулна.
  3. Эрхлэгч, арга зүйч нь ажилчдыг сургалт үйл ажиллагаанд оролцох анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалтад бүрэн хамруулж, тэдний чадавхийг нэмэгдүүлэн, хүүхэдтэй ажиллах (байгаль эхээ хайрлан хамгаалахаас эхлэн амьдралын наад захын чадвар, ёс заншил, зан үйл, өв соёлоосоо эзэмшүүлэх) арга барилд сургана.

 

Багш:

  1. Ажиглалт хийх аргаар хүүхэд нэг бүрийг судлан, онцлогийг илрүүлж,  авьяас чадварыг нээн хөгжүүлнэ.
  2. Чөлөөтэй сэтгэн танхимын болон танхимын бус осол аюулгүй, тохилог орчинд сургалт, үйл ажиллагааг дугуйлан болон бусад бодит ажлыг нээлттэй санаачилан явуулна.
  3. Монгол ахуйдаа түшиглэн цөм хөтөлбөрийн хүрээнд ёс заншил, зан үйлээ суулгасан сургалтын хөтөлбөр, хөгжүүлэх үйл ажиллагааг уян хатан төлөвлөн боловсруулж, чөлөөт байдлаар хүүхэд нэг бүрийг хоцроолгүй, адил тэгш хөгжүүлнэ.

 

Туслах багш:

  1. Сургалт үйл ажиллагааны бүхий л хугацаанд багшийн үйл ажиллагаанд дэмжин тусална.
  2. Аюул ослоос сэргийлэх, гараа угаах, зөв хувцаслах, хооллох, хамрын алчуур хэрэглэх, жижүүр хийх, хормогчоо зөв өмсөх, тайлах, багаар хамтран тоглох зэрэг дадлыг хүүхдийн хувийн онцлогт тохируулан шат ахиулах байдлаар багшийн нэгэн адил хэвшүүлнэ.
  1. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, үйл гүйцэтгэх, бусадтай хамтрах болон бие

дааж суралцахад зориулж өөрийн хамгийн сайн чаддаг зүйл дээрээ тулгуурлан дугуйлан ажиллуулах эсвэл тодорхой үйл ажиллагаанууд зохион байгуулах.   

Ажилчид:

Үүнд нярав, тогооч, туслах тогооч, угаагч, үйлчлэгч, гэрээт ажилчид бүгд хамрагдах бөгөөд тэд хүүхдийн сургалт, үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг багш нарын нэгэн адил оруулна. Тухайлбал:

  1. Өөрийн хамгийн сайн мэддэг, хийж чаддаг зүйлээрээ дугуйлан ажиллуулах эсвэл бусад үйл ажиллагаа явуулж, хүүхдийн амьдрах ухаанд бодит нөлөө үзүүлнэ. (Жишээ нь: бүжиг, даам, шатар, хөлөгт тоглоом, уяа зангилаа, сүлжээ, цахилдаг зангидах, ташуур хийх гэх мэт)
  1. Хүүхдийн хоол, ундыг амин дэмээр баялаг, илчлэг сайтай, чанартай хийнэ.
  2. Эрэгтэйчүүд хүүхдийг морь, бөхийн цол дуудах, бөхийн гараа, дэвээ, шаваа зэрэгтэй танилцуулна. Зарим тоглоом наадгайг хүүхэдтэй хамтран урлана.
  3. Монгол ахуйд өргөн хэрэглэгддэг чөдөр ногтны зангилаа зэрэг уяа зангилааг өөрийгөө даган дууриалгаж нэрлэж, уяж сургана.  
  4. Хүүхэдтэй ардын тоглоом наадмаар наадна, эзэмшүүлнэ.
  5. Тогооч, угаагч, үйлчлэгч эмэгтэйчүүд уран хатгамал, хайчилбар хийх, таван хошуу мал саах, хоол хийх, орчны ариун цэврийг сахих чадвар дадлуудыг тоглоомын болон бодит орчинд эзэмшүүлэхэд багш, туслах багшийн нэгэн адил тодорхой хуваарийн дагуу оролцож, хамтран ажиллана.

Багш, ажилтнуудынхаа ажлыг үнэлэхдээ анги, бүлгийн хүүхдийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр, хүүхэд нэг бүрийн хөгжлийн ахиц, багш, арга зүйч нарын удирдан зохион байгуулах ур чадвар зэргийг харгалзан үзнэ.

Дөрөв. Эцэг эх, олон нийтийн оролцоо

Эцэг эх, цэцэрлэгийн хамт олон нягт холбоотой, хамтран ажиллаж гэмээнэ цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны үр өгөөж сайжирч, хүүхдийн хөгжил төлөвшилд бодит нөлөө үзүүлэн, ёс заншил, зан үйл, үнэт өв соёлоо дээдэлсэн, эх оронч сэтгэлгээтэй  зөв монгол хүүхдийн суурь төлөвшил тавигдана гэж үзэж байна.

Цэцэрлэгээс зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаа нь эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд нээлттэй байна. Байгууллага нь өөрийн хийж байгаа ажлаа тэдэнд тогтмол сурталчилна. “ААВ БАГШ”, “ЭЭЖ БАГШ” сэдвээр эцэг эхийн боломжийг нь харгалзан ээлж дараатай өдөр тутмын нэгж үйл ажиллагаанд татан оролцуулж, гарч буй хүндрэлийг даван гарах гарцыг хамтран олж, тэдний санал хүсэлтийг өргөн тусгаж, хүүхдийн хөгжлийг дэмжүүлэн ажиллана.

Хүүхдийг хөгжүүлэх, асран хамгаалахад олон нийтийн оролцоо чухал байдаг. Гадна тоглоомын талбайг өөрчлөн шинэчлэх, урсгал засвар хийх, ямар нэгэн давагдашгүй хүчин зүйлийг давж гарах зэрэг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай, багагүй хөрөнгө мөнгө шаардлагатай зүйлийг олон нийтийн оролцоонд тулгуурлан шийдварлэнэ.

Цэцэрлэг нь гадны ижил төстэй байгууллагатай сайн түншийн харилцааг бий болгож тэдэнтэй ажил мэргэжлийн хүрээнд туршлага, технологи болон багш солилцох байдлаар хамтран ажиллаж, харилцан туслалцана. Байгууллагын гадаад харилцааг сайжруулж цэцэрлэгүүдтэй сайн түншийн хүрээнд харилцан багш нараа солилцох гэрээ байгуулан ажиллана. 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын “Эрдмийн Өргөө” цэцэрлэгийн монгол ахуйтай танилцуулах сургалтын гэр

 

Багш Х.Ивансан