Фриедрих Фребел

Фриедрих Фребел

Фриедрих Фребелийн сурган хүмүүжүүлэх үйлс нь түүний хувь хүн ба амьдралын замналтай салшгүй холбоотой. Түүний сурган хүмүүжүүлэх үзэл санаа нь байгалийн шинжлэх ухааны судлаач, гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч байсных нь уулзвар дээр үүсэн бий болсноороо онцлогтой. Фриедрих Фребел нь зөвхөн цэцэрлэгийг үндэслэгч бус тэрээр хүүхэд бол идэвхтэй, судлаач сувьект юм гэсэн тэр үедээ хувьсгалч үзэл санаа  дэвшүүлэн тавьсныг Зигрид Эверт энэхүү нийтлэлдээ тодорхой харуулжээ.

 

Зигрид Эверт

Фребелийн амьдралын замнал

Фриедрих Вильхелм Аугуст Фребел 1782 оны дөрөвдүгээр сарын 21-нд Пфарресс Ёоханн Яков, түүний гэргий Яковиний 6 дахь хүүхэд болон  Овервайссбах (Thueringen)-д төржээ. Ээж нь түүнийг төрснөөс 9 сарын дараа нас барсан тул Фребелийн хүүхэд нас ээжийнхээ эрт үхлийн дараа өнгөрчээ. Сурагч байхдаа чөлөөт цагаа ихэнхдээ өөрөө зохицуулдаг байсан бөгөөд багаасаа байгаль, ургамлын ертөнцийг сонирхож эхэлсэн байна. Дунд сургууль төгссөний дараа Фребел нэгэн судлаачийн дэргэд геодези-зураг зүйн ухаанд суралцан төгсгөсөн бөгөөд энэ нь түүнд ургамлаас гадна ялангуяа чулуу, хүдэр цуглуулах, түүнчлэн юмс, ургамлын мөн чанарыг гүн ухаан болон байгалийн шинжлэх ухааны үүднээс авч үзэх боломж олгож байв. Өөрийнхөө эрхэлж буй ажилтай холбоотойгоор тэрээр математикийн ойлголтуудтай тулгарч эргэн тойрныхоо газрын зургийг зурж гаргаж байв. Энэхүү чадвар нь яваандаа түүний архитекторч болох хүслийг өдөөх болсон. Тэрээр Ена (Jena)–гийн Их сургуулийг төгсгөсний дараа байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн боловч санхүүгийн боломжгүйгээс түүнийгээ орхиход хүрчээ.

Оюутан байх үедээ тэрээр Фриедрих Шеллинг (1775-1854)-ийн гүн ухааны өгүүлэлүүдийг уншиж судалж байсан бөгөөд тэдгээр дэх байгаль ба шашны гүн ухааны үзэл санаа нь хожим түүний сурган хүмүүжүүлэх онол болон арга зүйн суурь болж өгсөн байна.

Фребелийн багшлах үйл ажиллагаа

Швецайрийн сурган хүмүүжүүлэгч Ёохани Хайнрих Песталоцци (1746-1827)-ийн сурган хүмүүжүүлэх зарчмууд дээр тулгуурлан Франкфурт ам Майн-нд байгуулагдсан сургуулийг удирдаж байсан Готтлиев Антон Грүвертэй танилцсан нь 23 насандаа багшийн мэргэжил эзэмшсэн Фребелд өөрийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх, туршихад дөхөм болсон. Фребел 1806 оноос Франкфурт ам Майн дахь Холцхаузен (Holzhausen)-д айлын 4 хүүхдийн гэрийн багшаар ажиллахдаа Песталоцци (ирэх үед нь)-гаас санаа авч, хичээлээ зөвхөн мэдлэг олгохоор хязгаарлалгүй, биеийн тамирын дасгал хөдөлгөөнүүд хийх, аялалаар явах, гадаа цэцэрлэгт ажиллах зэргээр өргөжүүлж эхэлсэн. Тэрээр өөрийнхөө сурч байсан сургуулийн боловсролыг эргэн харж, хичээлд нь үзүүлэн таниулах зүйл, амьдралд ойрхон байдал, сурагчдын бие даасан байдал дутагдаж байсныг шүүмжилж байв.

Фребел 1811 онд гэрийн багшийн ажлаа өгөөд эхлээд Гөттинген, дараа нь Берлинд байгалийн шинжлэх ухаан, түүн дотор физик, эрдэс судлал (Mineralogie) зэрэг чиглэлээр дахин суралцаж эхэлсэн. Энд суралцах хугацаандаа тэрээр өөрийн гүн ухааны үзэл баримтлалаа цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх ухааны онолын хүрээ гэдгээр боловсруулан гаргасан.

Фребел Наполеоны эсрэг чөлөөлөх дайнд оролцож байхдаа Вильгелм Миддендорф болон Хайнрих Лангетхалтай танилцсан бөгөөд 1816 онд Рудолштадтын ойролцоо байдаг Кэйлхау-д тэдэнтэй хамтран “Нийт Германы хүмүүжлийн байгууллага”-ыг үндэслэн байгуулсан. Тэнд хүмүүжигч шавь нар нь өөрийнх нь ах дүүсийн болон найз нарын хүүхэд байлаа. Фребел хоёр удаа гэрлэсэн боловч өөрийн хүүхэдгүй байв.

Сурган хүмүүжүүлэх зарчмууд

Кэйлхау-гийн хүмүүжлийн байгууллагыг өнөөгийн нүдээр харахад зөвхөн нэг хувийн сургууль бус, улсын хэмжээний хүмүүжлийн газар, загвар байгууллага, сурган хүмүүжүүлэх бүс нутаг байлаа. Энэхүү хүмүүжлийн үйл ажиллагаанд оролцогч гэр бүлүүдийн хамтлаг нь “хийж байхдаа бодох” ба “хийж байхдаа боддог болох” гэсэн “конструктив сурган хүмүүжүүлэх ухаан”-ы  дээд зарчмыг дэвшүүлэн тавьсан бөгөөд энэ үест Фребелийн бүтээлүүд түүн дотор 1826 онд “Хүний хүмүүжил” хэмээх түүний гол бүтээл гарсан.

Фребел 1837 онд Бланкенбург (одоогийн Бад Бланкенбург, Thueringen)-т суурьшин сууж, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт, хүмүүжлийн ажилд чиглэсэн нэгэн шинэ төсөл боловсруулжээ. 

Фребел бол тоглоомын сурган хүмүүжүүлэх

нөлөөллийг анхлан нээгч нь байв.

Фребелийн санаж сэдсэн зүйл нь тэр үеийн бага насны хүүхдийн сургууль, хүүхэд асарч хамгаалах газруудын практикаас илүү холыг харсан байв. Түүний сурган хүмүүжүүлэх үзэл санаа нь хүүхдийг сургамжлах, хичээллүүлэхдээ гол биш, тоглоом бол бага насны хүүхдийн мөн чанарт зохицсон сургах, хүмүүжүүлэх хэрэгсэл гэж үзэж байв. Хүүхдийг тоглоомын үйл ажиллагаагаар хөгжүүлэх, тэдэнд нөлөөлөхүйц тоглоом наадгай бэлтгэн хэрэглэх зорилгоо хэрэгжүүлэхэд түүний бүхий л ажил чиглэж байв. Эхлээд тэрээр шинээр байгуулсан “Хүүхэд, залуусийн үйл-идэвхийг дэмжих байгууллага”-ынхаа дэргэд өөрийнхөө зохиосон загварын дагуу модон “тоглоомын материалууд” (Spielgaben)-ыг гараар урлах жижиг үйлдвэр байгуулсан. Фребел үйлдвэрлэсэн тоглоомын материалуудаа туршихад зориулан нэгэн байр гаргасан бөгөөд үүнд одоо Фриедрих Фребелийн музей байдаг. Энд Фребел тус хотын хүүхдүүдэд тоглоомынхоо материалыг өгч тоглуулан залуу эхнэр, нөхөр мөн ээжүүдэд үзүүлж, “тоглоомоор дэмжье” гэж  нэрлэсэн арга зүйгээрээ эцэг эхчүүдэд заавар зөвлөгөө өгдөг байв. 

“Хүүхдийн цэцэрлэг”

Фребел 1840 оноос тоглоом-үйл ажиллагаа явуулдаг тэрхүү газраа “Цэцэрлэг” хэмээн нэрлэсэн. Тэрээр 1840 оны 7 дугаар сарын 28-нд Бланкенбург хотын захиргааны ордонд болсон “Герман улсын цэцэрлэг” үүсгэн байгуулсны нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ “Цэцэрлэг бол сургуулийн өмнөх насны хүүхдийн бие махбодыг бэхжүүлэх, мэдрэхүйг дасгалжуулах, өсөн хөгжиж буй тархи оюуныг нь ажиллуулахдаа  тэдний өвөрмөц онцлог-мөн чанарт нийцсэн үйлүүдэд хамруулах бөгөөд тэднийг байгаль, хүний ертөнцтэй бодлоготойгоор танилцуулж, ялангуяа тэдний зүрх сэтгэл, санааг нь зөв залан амьдралын уг учир утга, нэгдмэл байдал руу нэвтрэн ороход хөтөлнө” гэжээ.

Дараагийн жилүүдэд тэрээр тоглоомын сурган хүмүүжүүлэх онол, арга зүйн талаарх үзэл баримтлалаа өргөжүүлж, баримтжуулан нотолж байв. Үүнтэй холбоотойгоор Фребел 1840 оноос хүүхдийг асарч хамгаалахад тодорхой мэргэжил шаардлагатай байгааг илэрхийлж уриалж байв. Фребел 1848 оны 5 дугаар сард Лиебенштайн (Thueringen)-д  шилжиж ирээд дадлага хийх нэг цэцэрлэгтэй хамтран цэцэрлэгийн хүмүүжүүлэгч нарыг бэлтгэх анхны сургуулийг байгуулав. Ингээд Герман улсад энд тэндгүй Фребелийн цэцэрлэг байгуулагдаж эхэлсэн бөгөөд Хамбург, Лейпцигт цэцэрлэгийн багш бэлтгэх сургууль байгуулагдсан. Либерал-демократуудын цаг үеийн гол хандлагаас үүссэн 1848 оны гуравдугаар сарын хувьсгалыг Фребел нааштайгаар хүлээн авч байсан бөгөөд тэр үед үүсэн бий болсон Фребелийн хөдөлгөөн тэрхүү хувьсгалаас суралцаж байлаа. Тэр үеийн язгууртан (хөрөнгөлөг) эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь боловсрол болон эмэгтэйчүүдэд тохиромжтой мэргэжлийн ажил хөдөлмөрийг бий болгоход чиглэсэн шаардлага тавьж байсан тул үйл ажиллагааны талбар ижил байсны улмаас тэд цэцэрлэг үүсэн бий болж буй хөдөлгөөнийг дэмжиж байв. Ийнхүү Фребел юуны түрүүнд язгууртан эхнэрүүдийн дэмжлэгийн авч байлаа.

Энэ үест цэцэрлэгүүд олноороо байгуулагдаж байсан бөгөөд Фребел нийгмийн аль ч давхарга, аль ч шашин шүтлэгийг  ялган үзэхгүйгээр хүмүүсийн бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулан цэцэрлэгийг нийт ард түмний боловсролын анхан шатны байгууллага болгох хүсэлтэй байсан боловч  боловсрол дахь ардчилал, шашингүйн үзэл дээр зөрчил үүсч, түүнийг эсэргүүцэгчид гарч ирсэн. 1851 онд Германы холбооны хамгийн том, чухал хот болох Пройзен (Pruessen)-д хүүхдийн цэцэрлэг ажиллуулахыг хориглосон. Энэхүү арга хэмжээ нь юуны өмнө “хүүхэд бүр ижилхэн” (Leu 2007) гэсэн Фребелийн үзэл санаа, түүний сургалтын христтэй холбоогүй байдал, ардчилсан хүмүүжлийн арга, энэхүү аргын түгэн дэлгэрэлтийг таслан зогсоохтой холбоотой байсан ажээ.

Фребел 1852 оны 7 дугаар сарын 21-нд нас барсан. Түүний нас барснаас найман жилийн дараа цэцэрлэгийн хоригийг цуцалжээ. Эсэргүүцэлтэй тулгарч байсан хэдий ч  цэцэрлэгийг ажиллуулан авч явж ирж чадсан, ихэвчлэн протестант буюу герман-еврей хөрөнгөтнүүдийн хүүхдүүд байсан Фребелийн шавь нарт талархах нь зүйтэй бөгөөд өнөөдөр цэцэрлэг бол гурваас зургаан насны хүүхдийн хүмүүжил, сургалт, асаргааны дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн байгууллага болоод байна.

Фребел хүүхдийг хэрхэн харж байв?

Фребел сурган хүмүүжүүлэх ажлаа хүний оюун ухаан бол хүн өөрөө оршин тогтнох, бие даан амьдрахад нь нөлөөлнө, боловсрол эзэмших эрх бол хүний эрхийн нэг юм гэсэн  Сэргэн мандалтын гол үзэл санаатай холбон авч үзэж байв.

Фребел боловсролтой хүн бол үнэн, сайн, сайхны идеал байна хэмээн боловсролыг ойлгож байсан. Түүний хүмүүжлийн арга барил нь хүний анхан шатны боловсрол бол харагдаж үзэгдэж байгаа зүйл болон үйл ажиллагаанд үндэслэгдэх ёстой гэсэн Песталоцийн арга зүйд тулгуурлаж байлаа. Харин Фребелийн өөрийн-хувьсгалч үзэл санаа бол хүүхдийг хэрхэн харж, авч үзэж байсан, тухайлбал хүүхэд бол бурхнаас заяагдсан бөгөөд эрхэмсэг байх эрхтэй (одоо цагт “хүндэтгэн үзэх” гэж томъёолж байгаа) гэж үзэж байсанд орших бөгөөд үүн дээр сурган хүмүүжүүлэх ухааны антропологи (хүн судлал) суурилан үүсжээ. Хүүхэд бол угаасаа төрөхдөө л “ухаалаг авъяаслаг амьтан”, гэхдээ мөн хөгжиж буй хүн.  Хэрэв аливаа зүйл мэдрэхүйд нь тусахаар байвал, өөрөөр хэлбэл бүх мэдрэхүйгээрээ хүртэж мэдрэх боломжтой болгосон тохиолдолд хүүхэд аливааг ойлгож хүлээж авах чадвартай гэсэн зарчмыг тэрээр баримталж байлаа. Ийнхүү Фребел өөрийн тоглоом ба суралцах үйлд зориулсан материалуудаа хүүхэд өөрөө суралцах, амжилтад хүрэх боломжтой гэсэн үзэл бодол дээрээ тулгуурлан зохиосон бөгөөд харин тэдэнд дэмжлэг туслалцаа хэрэгтэй гэж үзэж байлаа.

Фребел математикчийн хувьд анхны тоглоомын материалаа энгийн бөөрөнхий дүрс (бөмбөг)-ээр хийсэн бөгөөд үүгээр мөн сансар огторгуй, дэлхийн нэгдмэл байдлыг билэгдэж байлаа. Бөөрөнхий дүрсэд ямар нэг эхлэл төгсгөл бүхий шугам байхгүй, цэг болгоныг бусадтай нь холбож болно. Үүний цаана дэлхий ертөнцийн талаарх ойлголт агуулагдаж байсан бөгөөд бодитой юм шиг гэхдээ бие биетэйгээ зөрчилдөхгүй, нэг нэгийгээ нөхөж буй байдал ажиглагдана. Ийнхүү байгаль, хүн, бурханлаг байдал хамтдаа цогц байдлыг бий болгоно. Үүний адил хүнийг авч үзэхэд дотоод ба гадаад байдал, бие бялдар ба оюун ухаан, эрэгтэй ба эмэгтэйлэг шинж нэгдмэл байдлаар нэг хүнд цогцлогдсон байдаг. Энэхүү дэлхий ертөнц болон хүний тухай ойлголт нь Фребелийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын чигийг зааж байв.

Фребел хүүхдийн-цэцэрлэг (цэцэрлэг = диваажин, жаргалын орон)-ийг хүүхэд хүндэтгэл хүлээх, хамгаалагдах, дэмжлэг авах үүний зэрэгцээ өөрөө бүтээгч байх боломжтой тийм жаргалын ордныг бий болгох хэрэгтэй гэдгээр ойлгож, үзэж байлаа. Хүүхдийг “Хүүхэд бол Бүтээгч” гэж үзэж байсан нь өнөөгийн “хүүхэд бол үйлийн эзэн” гэж үзэж байгаатай төстэй юм.

Цэцэрлэг: Сургалтын газар мөн хүүхдийн амьдрах орчин

Орчин үеийн нийгэмд хүүхэд бол гэр бүл мөн үүний зэрэгцээ цэцэрлэгт өсөж хөгжинө гэдэг нь ердийн ойлголт. Дээр үед бол энэ нь өөр байлаа. Гэр бүл доторх өдөр тутмын амьдрал дунд бага насны хүүхэд хөгжиж, хүмүүжиж байв. Гэр бүлийн амьдралыг авч явахтай холбогдсон олон төрлийн ажил хөдөлмөрөөс хүүхэд суралцан хүмүүжиж байв. Фребелийн амьдарч байсан тэр үед нийгэмд янз бүрийн түвшний гэр бүлийн үндсэн дүр төрх үүсэн бий болж байсны зэрэгцээ гэр бүлийн байдал бас л өөрчлөгдсөөр байлаа. Үйлдвэржилт, нийгмийн амьдрал дахь хүнд суртлын нөлөөгөөр тодорхой орон зай, цаг хугацаагаар хязгаарлагдан ажиллаж, хүмүүст үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, засаг захиргаа, ажлын байрууд бий болж байсан нь үүнд нөлөөлж байлаа. Ингээд ээж нь ажил хийж амьдралаа залгуулах хугацаанд хүүхдийг Бага насны хүүхдийн сургууль, Хүүхдийг байлгах газар зэрэг газруудад аваачиж байлгах болсон. Аль Фребелийн үеэс л томчууд ба хүүхдийн амьдрал тусгаарлагдаж, мөн хүн ба байгаль хоорондоо улам бүр хөндийрэх болсон ажээ.

Фребел “Хүний хүмүүжил” бүтээлдээ бичсэнээр түүний үзэл санааны дагуух цэцэрлэг бол ажил хөдөлмөр, гэр бүл, хүүхдийн асаргаа хамгаалалт хосолсон “амьдрал цогцоороо байх” тийм загвар байгууллага байна хэмээн зорж байсан. Түүний сурган хүмүүжүүлэх ухаан нь нийгмийн эрс өөрчлөлтөд ийнхүү хариулт өгч байв. Энд тэрээр нийгэм (амьдрал) дэх хүмүүс хоорондын харилцаа, түүнчлэн хүүхдийг асран хамгаалагч нь бага насны хүүхдийн боловсрол, хүмүүжилд хичнээн их ач холбогдолтой болохыг тодорхойлж байсан бөгөөд хэдэн зуун жилийн туршид хүүхэд өсөн хөгжиж ирсэн нийгэм-амьдралын орчны нөлөөлөл өөрийнх нь амьдарч буй тэр үед хангалттай бус болсон мөн үйлчлэхээ байсан хийгээд энэ янзаараа цаашид явж болохгүйг олж харсан. Ийнхүү тэрээр хүүхэд гэр бүлээс гадуур мөн байж болох “цэцэрлэг” хэмээх  соёлын байгууллагын нэгэн төрөл хэлбэрийг бий болгож, түүнийхээ тусламжтайгаар хүн, байгаль, бурханы хоорондох хөндийрөл, түүнчлэн хүмүүс хоорондын хөндийрөл, хүүхэд ба томчуудын салангид амьдрал зэрэг орчин үеийн амьдралаас үүдэн бий болсон ацан шалаа-хүндрэлийг даван туулахыг зорьж байв. 

Түүний бүтээлүүд буруутгагдан, ялангуяа сурган хүмүүжүүлэх ухаанд нь тухайн цаг үеийн байгалийн шинжлэх ухааны үзэл санаа дагалдаж байсантай холбогдон бүтээлүүдийг нь бараг уншихгүй, ярихгүй байсан болохоор хэдийгээр “түүний ололт нээлт нь өнөөгийн сурган хүмүүжүүлэгчдэд ихээхэн үнэ цэнэтэй” (Hebenstreit 2003)  ч багш нарын сургалтад түүнийг ашиглах  нь мэдээж хэцүү байлаа. 

Фребелийн “хүүхэд бол бүтээгч” гэсэн үзэл санаа нь өнөө цагт

 “хүүхэд бол үйлийн эзэн” гэж үзэж байгаатай төстэй байна

Фребел бол зөвхөн цэцэрлэгийг үүсгэн байгуулагч бус тэрээр бага насны хүүхдийн хүмүүжилд зориулсан олон нийтийн, институтчилагдсан байгууллагын зохион байгуулалт-үзэл баримтлал түүнчлэн хүүхэд амьдралынхаа явцад өөрөө суралцахад нөлөөлөхүйц, тухайлбал, хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн, дидактик-арга зүйг бий болгон тэрхүү байгууллагынхаа сургалтын түлхүүр асуудлыг шийдвэрлэхийг оролдож байсан гэж холбогдох хүрээний хүмүүс өмнө нь мөн тэмдэглэж байсан.

Фребелийн үндсэн таамаглал нь хүүхэд хэмээх хүн бол хөгжил дунд байдаг, өнөөгийн бидний мэдээжийн асуудал болох хүүхэд боловсролтой (бэлтгэгдсэн) томчуудын дэмжлэг туслалцаатайгаар хөгждөгийг хүүхдийн өөрийнх нь суралцах үйлтэй холбон авч үзэх ёстой гэдэгт оршиж байв. 

Тоглоом бол хүүхдийн өөрөө суралцах үйл

Шинжлэх ухааны ойлголт, томъёолол хэдийгээр бий болсон байсан ч Фребел хүн судлалын үүднээс даган дуурайхын ач холбогдол хийгээд бага насны хүүхдийн сургалтад тоглох үйлийн танин мэдэхүйн үүргийг олж харсан. Гэхдээ Фребел “материал”-ын хэрэгцээ, хэрэглээ нь “оюун ухаан”-ыг хөгжүүлдэг гэж үзэж байсан. “Материал” гэдгийг тэрээр хүүхдэд хэрэглүүлж буй ямар нэг эд зүйлээр хязгаарлан ойлгохгүй байв. Материал гэдгийн дор Фребел хүний мэдрэхүй болон хөдөлгөөнд нөлөөлөн өөртөө итгэлтэй болох, дэлхий ертөнцийг ойлгож ухаарах боломж олгох тийм зүйлс, түүнчлэн хүүхдийн бие махбодыг багтаан ойлгож байв. Хүүхдийн “өөрийн хөгжил”-д нөлөөлөх гэж байгаа бол тэдэнд зориулсан материал насанд нь тохирсон байна гэж үзэж байлаа.

Хүний даган дуурайх чадвар бол хүүхэд насанд бие махбодоор гүйцэтгэх үйл хөдлөлтэй ойр холбоотой байх ба тэрхүү үйл хөдлөл нь хүүхдийг гадна ертөнцтэй холбох гүүр болж өгнө. Тоглоомын явцад хүүхэд өөрийн бие махбодоо дуурайж дүрслэх хэрэгсэл болгон тодорхой зорилготойгоор ашиглах бөгөөд ингэснээрээ мэдлэг-туршлага хуримтлуулж, бусдад хүлээн зөвшөөрөгдөнө. Тоглоомын явцад хүүхдийн “дотоод байдал” гадагшлан илэрхийлэгдэх бөгөөд дуурайж дүрслэх явцдаа түүнийгээ ойлгон улам туршлагажиж, “дотоод байдал”-д нь эргэж нөлөөлнө. Иймээс Фребел бие махбод ба оюун ухаан бол зарчмын хувьд салангид биш, хоёулаа оршихуй, амьд организмын оршин байх хэлбэр юм гэж үзэж байв. Энэхүү хүүхдийн гадаад ба дотоод ертөнцийн эргэх холбоон дахь үйл явцад хүүхэд аливааг ойлгож-туршлагажих бөгөөд энэ явцад тэд хүмүүжүүлэгч (асран хамгаалагчийн хувьд) өөрийг нь ойлгож дэмжиж байгааг мэдэрвэл тэдэнд өөртөө итгэх итгэл үүсэж бий болоход чухал нөлөө үзүүлнэ. Ийнхүү Фребел хүүхдийн тоглох үйл ажиллагаанд сургалт явагдаж байдгийг анхлан харж үүнд анхаарал хандуулсан.

Фребел удирдан явуулах тоглоомд зориулан

өөрийн “тоглоомын материал” (Spielgaben)-аа зохиожээ.

Хүний бараг бүх чадвар (танин мэдэхүй, хөдөлгөөний чадвараас эхлэн нийгэмшихүй ба сэтгэл хөдлөл, цаашилбал зохион бодохуй болон эмчлэн засахуй) хүүхдийн тоглох үйлд агуулагдаж байдаг бөгөөд тэрхүү чадварууд нь тоглоомын явцад шаардагдан сайжирч байдгийг өнөө үед ч үгүйсгэхгүй байна. Фребел хүүхдийн тоглоомыг тодорхойлохдоо тоглоом нь хүүхдийн компетенцийн хөгжилд ямар үүрэгтэйг төдийлөн сайн гаргаж ирээгүй ч тоглоом бол хүүхэд дэлхий ертөнцтэй танилцах, дэлхий ертөнц (амьдралд)-д чиг зүгээ олоход нөлөөлдөгөөрөө өөрийн гэсэн онцлогтой суралцах үйл гэдгийг онцолж байв. Хүүхдийн энэхүү өвөрмөц үйл нь тэдэнд томчуудтай харилцах, холбоо харилцаа тогтоох боломж олгодог. Томчууд хүүхдийн өөрөө суралцах энэхүү үйлд дэмжлэг үзүүлдэг эсвэл саад учруулдаг. Иймээс энэхүү сургах-хүмүүжүүлэх үйлийг удирдахад тусгайлсан сургалт хэрэгцээтэй гэж тэрээр дүгнэж байв. 

Үргэлжлэл бий.

Ном зүй:

Ludwig Liegle: “Paedagogische Konzepte und Bildungsplaene”

Kindergarten Heute, 2012. spezial, Paedagogische Handlungskonzepte von Froebel bis zum Situationsansatz, s.8-12, Verlag Herder, Freiburg.

 

 

--------------   о О  о   --------------