Боловсрол дахь бодлогын сонголт
“ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ
МУБИС, 2017.05.05-06
Др.Бернхард Нагел
ХБНГУ, Бавар, Бага насны хүүхдийн судалгааны улсын институт
Илтгэлийн хураангуй
Өнөөгийн боловсролын бодлогын шийдлийн суурь болох „Боловсролын ямар тогтолцоо зонхилж байна вэ?”, “Хүнлэг энэрэнгүй юу эсвэл үр дүнд чиглэсэн үү? гэсэн хоёр асуултаас тухайн үндэстний боловсролын шийдвэрүүдийн чиг хандлага гарч ирдэг.
Нэг талаас олон улсын хөгжил, байр суурь, нөгөө талаас түүхэн хөгжлөөс харахад боловсролын бодлогыг тодорхойлоход дараах зургаан хүчин зүйлийг авч үзэж байна. 1.Эдийн засаг, 2.Үндэсний болон соёлын онцлог, 3.Боловсролын үзэл санааны чиглэл, 4.Боловсролын зорилго, агуулга, 5. Боловсролын удирдлага зохицуулалтын хэлбэр, 6.Насан туршийн боловсрол. Эдгээрийг шүүмжлэлтэйгээр, нарийвчлан авч үзэж, үнэлэлт өгснөөр тухайн үеийн болон ирээдүйн боловсролын бодлогын шийдвэр тодорхойлогддог.
Илтгэл
Өнөө үед бид боловсролын бодлогын шийдвэр гаргахад яалт ч үгүй дараах хоёр асуулттай тулгардаг.
- Боловсролын ямар тогтолцоо зонхилж байна вэ?
- Хүнлэг энэрэнгүй юу эсвэл үр дүнд чиглэсэн үү?
Энэ нь боловсролын талаарх дараах хоёр чиглэлээс харагдана:
Боловсролын хөгжлийг үндэсний болон олон улсын түвшинд судалж, баримтжуулах чухал хэрэгслүүдийн нэг нь төрөл бүрийн судалгаа ба амжилтын харьцуулалт юм. Жишээлбэл, PISA-судалгаа (PISA -„Programme for International Student Assessment“ - „Олон улсын сурагчдын үнэлгээний хөтөлбөр“). Энэхүү сударгааны амжилтын харьцуулалтад баримжаалан тухайн үеийн үндэсний боловсролын бодлогын сонголтыг хийж болно.
Өөр нэг нь хүнлэг энэрэнгүй (гуманистический) үзэл санаа – Вилхелм фон Хумболдт http://www.wilhelmvonhumboldt.de/ боловсрол нь “хүний бүхий л хүчин чадлыг өдөөж, ингэснээр хорвоо ертөнцийг эзэмдэх явцдаа хөгжин, бие даасан бодгаль (Individuality), бие хүн (personality) болоход хүргэнэ” гэж тодорхойлжээ. Үүнээс үзэхэд түүний боловсролын талаарх үзэл баримтлал нь дан мэдлэг, түүний эзэмшилт, хэрэглээгээр хязгаарлагдахгүй, цааш нь өргөн хүрээг хамарна. Оюуны чадварлаг байдал, соёлт байдлыг хувь хүний удамшил, авьяас болон нийгмийн орчинтой уялдуулан, мэргэжлийн мэдлэгтэй хамтатган авч үзнэ.
Энэхүү хүмүүнлэг үзэл санаан дээр тулгуурласан чиглэл нь манай дэлхий ирээдүйд ямагт глобал түүнчлэн олон талтай болсоор байх бөгөөд түүнээс хүн бүрт ирэх шаардлагыг бид өнөөдөр тааж мэдэшгүй гэж үздэг.
ЮНЕСКО-гоос боловсролыг “суралцахуйн амжилтыг бий болгох зорилго бүхий зохион байгуулалттай, тасралтгүй явагддаг харилцааны хэлбэр” гэж тодорхойлсон байдаг (UNESCO 1997). Тиймээс боловсролын бодлого ньхүмүүсийн харилцааны бүхий л бүтэц, үйл явц, агуулгыг хамрана.
Боловсролын бодлогод сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын сургуулийн, дээд сургуулийн боловсролоос гадна улам чухалд тооцогдох болсон мэргэжил эзэмших сургалт болон мэргэжил дээшлүүлэлтийн хэлбэрээр явагдаж буй насан туршийн боловсролын үзэл баримтлалыг хамруулан авч үздэг. Гэхдээ ихэнхдээ институтчилагдсан боловсролд түлхүү анхаарч төвлөрснөөс гэр бүл бол анхдагч бөгөөд ихээхэн нөлөө бүхий боловсролын талбар гэдгийг заримдаа бага харгалзан үзэж байна.
Боловсролоор боломжуудыг олгодог. Аль нэг хүүхэд сургуулиа төгсөж чадахгүйд хүрэхэд тухайн хүүхдийн амьдралд ямар нэг өөр арга замыг нээж өгч, түүнд сургуулиа төгсгөх боломжийг олгодог. Боловсролын бодлого нь ерөнхий боловсролын сургууль, мэргэжил эзэмшилт, дээд сургууль болон мэргэжил дээшлүүлэх боломжуудад эерэгээр нөлөөлөхийг зорьдог.
Боловсролын бодлогыг Засгийн газар болон яамдууд, нам ба фракцууд мөн үйлдвэрчний эвлэл, зөвлөлүүд, сангууд, боловсрол-шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг холбоод гэх мэтчилэн янз бүрийн байгууллагууд хэрэгжүүлдэг. Хэрэв эдгээр байгууллагууд зорилго, тэргүүлэх ач холбогдол өгч буй зүйл, дүрэм журмаа бие биеэс ялгаатайгаар тодорхойлвол төвөгтэй байдал бий болж, тэдгээрийн адил төстэй байдал мэдэгдэхгүйд хүрнэ. Үүнд хамгийн их ялгаа нь тэдний чухал гэж үзэж буй бүтэц, стратегид ажиглагддаг.
Боловсролын бодлогын шийдвэр гаргахад дараах 6 хүчин зүйлийг авч үзнэ.
1. Боловсролыг эдийн засгийн талаас нь харах
2. Үндэсний болон соёлын онцлог
3. Боловсролын үзэл санааны чиглэл
4. Боловсролын зорилго, агуулга
5. Удирдлага зохицуулалтын хэлбэр
6. Насан туршийн боловсрол
1. Боловсролыг эдийн засгийн талаас нь харах
Өнөөдөр боловсролыг эдийн засаг, үр дүнгийн талаас нь илүү харах болсон байна. Өөрөөр хэлбэл, ямар үр дүнтэй, ямар үр ашигтай байна вэ гэдгээр. Үндэсний ямар боловсролын тогтолцоо (систем) ихэвчлэн сайн төгсөгчдийг бэлтгэж байгаа. Ямар бүтэц, ямар арга хэмжээ нь ихээхэн үр ашиг авч ирэв. Хүүхэд бүрийн боловсролд зарцуулсан нэг доллар эргээд ямар ашиг орлого өгөв. Мөн сурган хүмүүжүүлэгчдийн ярьдагаар “ямар боловсролын тогтолцоонд сурагчид илүү сайн эсвэл амжилт багатай суралцаж байна. Ямар тогтолцоонд илүү чадамж эсвэл тааруухан чадамж эзэмшиж байна.” Ямар боловсролын тогтолцоонд суралцагчид илүү сайн мэргэшиж, боловсролын болон мэргэжлийн замнал нь сайн байна гэх мэт.
Ийм үнэлгээ нь хэдэн жилийн өмнөөс олон улсын харьцуулсан судалгаа хийгдэх болсноор эхэлсэн. Жишээлбэл, TIMSS (Trends in International Mathematics and Science Study) судалгаагаар 4 дүгээр ангийн төгсгөлд сурагчдын математик болон байгалийн шинжлэх ухааны үндсэн ойлголтыг дөрвөн жилийн давтамжтайгаар судалж ирсэн. PISA (Internationale Schulleistungsstudie der OECD - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын сурлагын амжилтын олон улсын судалгаа) түүнчлэн PIRLS/IGLU (Progress in International Reading Literacy Study - Бага сургуулийн унших чадварын олон улсын судалгаа).
PISA бол “Сурагчдын үнэлгээний олон улсын хөтөлбөр” - Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD), ялангуяа энэхүү байгууллагын гишүүн орнууд хойч үеийнхнийхээ үндсэн чадамжуудыг давтамжтайгаар тогтоодог, хамтдаа хариуцан хэрэгжүүлдэг хөтөлбөр. PISA нь OECD-ын орнуудын шалгуур үзүүлэлтийн програм (Indikatorenprogramm)-ын нэг хэсэг бөгөөд улс бүр өөрийн орны боловсролын тогтолцооны үйл явц, үр дүнгийн мэдээллийг нийлүүлж харьцуулалт хийх мэдээллийн бааз бүрдүүлэх, мөн ашиглах зорилготой . (OECD, 1999). (Baumert et al. 2001)[i]
Ийнхүү OECD-ын судалгаа нь тус байгууллагын гишүүн 34 орон болон гишүүн бус БНХАУ, Бразил зэрэг олон улс орныг хамран боловсролын тогтолцооных нь үр дүнг тогтоодог. OECD-аас боловсруулж гаргасан шалгуур үзүүлэлтээр гишүүн орнуудын боловсролын түвшин болон боловсролын нөхцөл байдлыг харьцуулах боломжтой байдаг. Түүнээс гадна судалгаа нь боловсролын асуудалд хэн хэн оролцдог, юу зарцуулагддаг, боловсролын тогтолцоог хэрхэн удирдаж зохицуулдаг, ямар үр дүнг хүсэн хүлээдэг зэрэг мэдээллийг мөн багтаадаг. Сүүлийн үеийн байдлаар эдийн засгийн хямрал нь боловсролын түвшин, үйл ажиллагаа, орлого, улсын төсвийн холбоо хамааралд хэрхэн нөлөөлж байгааг судлан шинжилж байна. Түүнээс гадна юуны өмнө насанд хүрэгчдийн үндсэн чадамж (PIAAC)-ийн өсөлтийн мэдээллийг анхаарч үздэг.
OECD-ын шалгуур үзүүлэлт нь мэргэжилтнүүдийн зөвшилцөл дээр тулгуурлан бий болдог бөгөөд орчин үеийн боловсролын түвшин ямар байгааг олон улсын хэмжээнд харьцуулан үнэлж болохуйц өргөн хүрээний үзүүлэлтүүдийг агуулдаг. Үүнд боловсролд оруулсан хүний болон санхүүгийн нөөц, боловсролын тогтолцооны цаашдын хөгжил, үйл ажиллагааны байдал, түүнчлэн боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтын ашгийн талаарх мэдээлэл багтдаг. Шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой сэдвүүдээр ангилагдсан байх бөгөөд тус бүр бодлогын агуулга болон тоо баримтыг тайлбарласан мэдээлэлтэй байна.
Хэвлэн нийтэлсэн тайлан нь OECD-ын 34 улс орон, OECD-ын хөтөлбөрийн Боловсролын тогтолцооны шалгуур үзүүлэлт (OECD-Programm Indicators of Education Systems)-д хамрагдсан 2 түнш улс (Бразил, Оросын холбооны улс) болон боловсролын шалгуур үзүүлэлтэд хамрагдаагүй түнш улсууд (Аргентин, БНХАУ, Коста-Рика, Энэтхэг, Индонез, Колумба, Латви, Литва, Саудын Арав, Өмнөд Африк)-ын боловсролын тоо баримтыг агуулдаг.
Энэхүү судалгааны зорилго нь а) янз бүрийн боловсролын тогтолцооны харьцуулсан мэдээллийг авах, б) улс тус бүрийн сүүлийн үед байгаа түвшин мөн өөрчлөлтүүд (бууралт, өгсөлт)-ийг тогтоож, зэрэг зиндааг нь харуулахад оршино. Үүнд бусад зүйлсийн зэрэгцээ тухайн улсын боловсролын тогтолцоогоор эзэмшдэг чадамжийг харьцуулан авч үздэг.
Ийм олон улсын харьцуулалт дахь хүчтэй, сул талууд, нөөцийн хөгжил, үйл ажиллагааны болон үр дүнгийн боломжийг шийдвэр гаргахдаа үндэс суурь болгож болох юм.
Үүнтэй адил улс дотроо явуулдаг харьцуулсан судалгаа бий. Жишээлбэл, Германы VERA судалгаа. VERA судалгаа нь 3 ба 8 дугаар ангид хийгддэг. (VERA-3 bzw. VERA-8).
2. Үндэсний болон соёлын онцлог
Өмнөх хэсэгт боловсролын бодлогыг тодорхойлохдоо судалгааны үр дүн, харьцуулалт дээр тулгуурлахыг тодруулсан. Гэхдээ ийм харьцуулалтад аливаа зүйлс түүхэн нөхцөл байдалд бий болдогийг түүнчлэн тухайн үндэстний нийгэм, хүмүүсийн харилцаа, соёлын онцлогийг ихэнхдээ бага анхаарсан байдаг. Нөгөө талаар гагцхүү түүхээ авч үзсэнээр боловсролын тогтолцоо дахь үндэсний болон соёлын онцлог тодорч гарч ирнэ[ii].
Үүн дээр л PISA-гийн судалгаа шүүмжлэлд өртөж байгаа юм. Янз бүрийн улс орны соёлд хамаарах зүйлсийг дасгал даалгавруудаар харьцуулах нь заримдаа асуудал дагуулдаг. Дасгал даалгаврыг хэл яриагаар дамжуулан илэрхийлэх нь өндөр хэмжээний хэл ярианы болон мэргэжлийн чадамж (competence) шаардана. Англи-саксоны чиг хандлага ихээхэн алдагддаг нь олонтаа. Мөн хэдхэн салбараар хязгаарласан (математик, эх хэл, шинжлэх ухаан), бусад салбар (түүх, урлаг, ёс зүй)-ыг орхисон нь мөн шүүмжлэгддэг. Мөн энэхүү судалгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо болон сорилд хамрагдагчдын бүтэц (Жишээлбэл, шилжин суурьшсан иргэдийн хүүхэд болон тэдний үндэстний онцлог, тухайн насны нийт хүүхдийг хамарч байгаа эсэх, нэг улсын доторх сорилын зөрүү олон улс үндэстнийхээс их)-ээс хамааралтай учир сорилуудыг харьцуулахад зарим талаар асуудалтай.
Үүсэж бий болсон түүх болон нөхцөл байдлаасаа шалтгаалан боловсрол нь ялгаатай байдлаар хөгждөгийг дөрвөн улс үндэстний жишээн дээр товч харуулъя.
Германы сургуулийн өмнөх боловсрол (СӨБ) 150 гаруй жилийн түүхтэй. Ажил эрхэлдэг, чинээлэг иргэдэд бус харин ядуу, гудамжны хүүхдүүдэд анхан шатны боловсрол эзэмших боломж олгох үүднээс анх энэхүү байгууллага байгуулагдсан. Энэ нь боловсролыг нийгмийн үүрэг хариуцлага гэж авч үзсэн хэрэг. Үүнийг сүм хийдийн чиглэлийн байгууллагууд дэмжин ажиллуулж байсан.
Анх 1717 онд Пру́ссд заавал суралцах албан ёсны сургалтыг баталсан. Дараа нь 1771 онд Баварт, 1919 онд Ваймарын улсад. Энэ нь өнөөг хүртэл сургуулийн өмнөх болон сургуулийн салбарт уламжлагдан хөгжиж ирсэн. Сургуулийн өмнөх боловсрол нь Боловсролын хуулиар бус харин Нийгмийн хамгааллын хуулиар зохицуулагдаж ирсэн бөгөөд Германд 16 муж улс өөрсдийн боловсролын бодлогыг шингээсэн 16 янзын боловсролын хуультай.
АНУ-д бол хувийн байгууллагууд (төрийн бус өмчийн) голдуу байх бөгөөд үүнд ихэвчлэн чинээлэг гэр бүлийн хүүхдүүд явж, тэдэнд илүү ач холбогдолтой байдаг. Сургууль, хичээл нь үндэсний хэмжээний удирдамж буюу муж улс бүрээс гаргасан дүрэм журмыг тэр бүр баримталдаггүй, харин дүүрэг, сургуулийн хараат бус байдал давамгайлж, өөрсдийнх нь боловсруулан хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөр чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаад учир шалтгаан нь ийм тул NCTM (National Council of Teachers of Mathematiccs)-ын стандарт нь хичээлийн чанарыг сайжруулах, цаашилбал өргөн хүрээнд сургалтын агуулга, арга зүй болон сурлагын амжилтын үнэлгээнд нэгдсэн норм тогтоох зорилгыг агуулдаг.
Америкт стандарт гэсэн үг ихэвчлэн “Амжилтын стандарт” гэсэн утгаар хэрэглэгдэж ирсэн уламжлалтай бөгөөд юун түрүүнд амжилтыг хэмжихэд зориулагддаг.
Хятадын боловсролын уламжлал 6 дугаар зуунд (6.Jahrhundert v. Chr.) кунзын гүн ухаантай хамт үүссэн.
Боловсролын энэхүү өв уламжлал нь Европын сэргэн мандалтын түүхтэй холбоогүйгээр үүсэж хөгжсөн. Хэдийгээр хятадын уламжлалт болон шинэ цагийн барууны боловсролын ойлголтод мэдэгдэхүйц ялгаа байвч зарим адил төстэй зүйл байдаг.
Хүн боловсролын нөлөөгөөр хувь хүн болон хөгжиж төлөвшинө гэсэн Хумболдтын үзэл санаа коллектив үзэл санааны уламжлалтай Хятадад ойлгомжгүй. Гэхдээ кунзын боловсролын идеал нь хүнийг засан сайжруулах, ингэснээр нийгмийн бүлгийн эв зохицолгоонд хувь нэмэр оруулна гэж үзэж байсан бол Хумболдт хүнийг засан сайжруулах, ингэснээр гэгээрч боловсорсон дэлхийн иргэнийг бий болгоно гэсэн санааг агуулж байлаа.
Шведийн үндэсний сургалтын хөтөлбөрийн гол үзэл санаа нь анхнаасаа сургууль бүрийн бие даасан байдлыг бэхжүүлэх, суралцагч бүрийн хувийн онцлогийг харгалзахад оршсоор ирсэн. Үүнд соёлын өв, нийгэм болон боловсролын тогтолцоогоо олон улсын чанартай болгох (интернационалчлах), үйлдвэрлэл, технологийн хувьсал, байгаль орчноо авч үзэх нь чухал байрыг эзэлдэг. Энэхүү үзэл санаа нь зөвхөн Шведээр хязгаарлагдахгүй бусад хойд Европын улсуудад (Скандиновын орнууд) хэрэгждэг. Тухайлбал, Финлянд дээрхтэй адил төстэй чиг хандлагаар боловсролын өөрчлөлтөө хийж байна.
Уян хатан байдал, хувь хүний сонголтын боломжууд нь боловсролыг интернациональчлах үүднээс өөрчилж шинэчлэхэд гол тулгын чулуу болж байна.
Мөн энэ явцдаа төвлөрөлийг сааруулж, шийдвэр гаргах үйл явцыг дүүргүүдэд хариуцуулсан байдаг.
Энэхүү ойлголтын дор анхан шатны боловсрол (СӨБ)-ын салбарт маш богинохон, ерөнхий байдлаар томьёолсон сургалтын хөтөлбөр бий болсон бөгөөд энэ нь боловсролын стандарт гэсэн утгаар бусад холбогдох стандартуудын хамтаар хэрэглэгдэх болсон.
Европ дахь боловсролын бодлого. Европын орнуудын боловсролын бодлогын цөмд Европын хамтын ажиллагаа оршдог. Иймээс ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсрол нь Европын холбооны үйл ажиллагааны үндсэн талбарт тооцогддог. Хүний дасан зохицох чадварыг сайжруулснаар европын интеграцыг бэхжүүлнэ гэсэн үзэл санаа бүхий Европын холбооны Боловсролын хөтөлбөр нь Европын боловсролын хамтын ажиллагаанд маш чухал.
Европын холбооны бүх гишүүн орнуудад хамааралтай, анхаарч сайжруулах шаардлагууд байдаг. Үүнд жишээлбэл, нийгмийн хуучинсаг байдал, ажиллах хүчний хангалтгүй чадамж, глобаль өрсөлдөөн. Боловсролын сайд нарын зөвлөлөөс 2009 оны 5 сард “Европын ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээ” хэмээх баримт бичгийг гаргасан. Үүнд 2020 он хүртэл хэрэгжүүлэх дараах зорилгыг тусгасан:
- Насан туршийн боловсрол болон дасан зохицох чадварыг бий болгох
- Ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын чанар, үр ашгийг сайжруулах
- Шударга ёс, олон нийтийн уялдаа холбоо, идэвх зүтгэлтэй иргэнийг дэмжих
- Инноваци, бүтээлч байдлыг дэмжих
Европын холбоог нийтээр нь хамарсан боловсролын бодлогын үйл явц (процесс)-ын нэг жишээ бол 1999 онд 29 улсын хамран хэрэгжиж эхэлсэн “Бологна-Процесс” юм.
3. Боловсролын бодлогын үзэл санаа
Боловсролын бодлого бол ямар нэг үзэл санаанаас ангид байдаггүй. Энэхүү үзэл санаа нь бүтцээс гадна агуулга мөн сурган хүмүүжүүлэх асуултуудыг хамардаг.
Бүтэн өдрөөр түүнчлэн хагас өдрөөр хичээллэдэг сургуулийн давуу, сул тал, дараагийн шатны сургуульд элсэн суралцах цаг хугацаа, сонгон шалгаруулах арга, тавигдах шаардлагын талаарх хэлэлцүүлэгүүд ихэвчлэн эмпирик судалгааны даацтай мэдээлэл дээр тулгуурлан явагдахгүй байна. Улс бүх хүүхдэд “тэгш боломж, ижил чанар”-ыг ханган хэрэгжүүлэх үүрэгтэй гэж үздэг тэгш боломж, боовсрол дахь тэгш эрхийн төлөөх хүмүүсийн төлөөлөлтэй зах зээлийн механизмын болон боловсролын төлөөлөгчид эсрэг байр суурьтай байна.
Мөн сургалтын агуулгад ялгаанууд байна. Энэ нь хичээлүүдийн сонголт мөн тэдгээрийн эзлэх жинд ажиглагддаг.
Дидактикын хувьд хэд хэдэн хичээлийн хэлбэр байхын зэрэгцээ хичээлийн үе шатуудад дор дурдсан харилцааны болон ажлын хэлбэрүүдийг хэрэглэж байна:
- Ангийн хичээл, өөрөөр хэлбэл, том группээр буюу нийтээр явагдах хичээл
- Хэсгийн ажил буюу Төсөлт өдөр
- Хосоороо гүйцэтгэх ажил
- Ганцаарчилсан ажил
Ажлын хэлбэрүүд нь дотроо мөн ялгаатай:
- Багшийн лекц
- Судалж-хөгжих хичээл
- Хичээл дээрх ярилцлага
Боловсролын бодлогын гол асуудлаар харин нэлээд нэгдмэл байдал бий болсон байдаг. Олон улсын шалгуурт нийцсэн, ойлголцсон боловсролын бодлогын үндсэн асуудлууд бол:
- Чанар
- Боловсрол ба шилжилт хөдөлгөөн
- Боловсрол дахь тэгш боломж
- Мэдээлжсэн нийгэм \ шинэ мэдээллийн хэрэгсэл
- Сургууль дахь мэдээллийн чадамж
- Насан туршийн боловсрол
- Тогтвортой хөгжлийн боловсрол
- Унших чадварын дэмжлэг
- Ардчилал, оролцоо бүхий сургалт ба амьдрал
4. Боловсролын зорилго, агуулга
2015 онд БНСУ-д болсон Дэлхийн боловсролын форумаас гаргасан “Тэгш хамруулсан, ижил боломж олгосон, өндөр чанартай боловсрол, насан туршийн боловсролыг бүгдэд” гэсэн Инчеоны тунхаглал (2030)-аас дэлхий нийтийн боловсрол ямар зорилготой байх талаар нэгдсэн чиглэлийг дэлхий нийтэд өгсөн. Үүнд:
а) Бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших баталгаатай боломж, 12 жилийн бага болон бүрэн дунд боловсрол
б) Тэгш хамруулалт, ижил боломж
в) Боловсрол дахь хүйсийн тэгш эрхийн хангалт
г) Өндөр чанартай боловсрол, сургалтын үр дүнгийн сайжруулалт
д) Насан туршийн боловсролын бололцоонууд
е) Хүүхэд, залуучууд ба насанд хүрэгчид (үүн дотор тухайн оронд буй цагаачид, хоригдлууд)-ийн эрэлт хэрэгцээнд нийцэх, тэднийг орчин нөхцөлдөө зохицон таатай амьдруулахын тулд тэгш хамарсан, илүү мэдрэмжтэй, ачаалал даах чадвартай боловсролын тогтолцоо.
Энэ хооронд сургуулийн өмнөх боловсролын салбарын зорилго, агуулгатай холбоотой маш олон сургалтын хөтөлбөрүүд гарсан бөгөөд тэдгээр нь үндсэн чадамж (competence) хэмээн нэрлэгдсэн дараах чадамжуудад төвлөрч байна:
Хувийн чадамж, сэдлийн чадамж, танин мэдхүйн чадамж, бие бялдрын чадамж, нийшэмшихүйн чадамж, бусдын дунд үйл гүйцэтгэх чадамж, харилцааны чадамж, үнэт зүйлд баримжаалах чадамж, хариуцлага хүлээх эрмэлзэл ба хариуцлага хүлээх чадвар, ардчилсан оролцооны чадвар, эрмэлзэл, сурах арга барилын чадамж, өөрчлөлтийг давж гарах ба ачаалал даах чадвар, тэсвэр тэвчээртэй байх чанар.
Гол агуулгууд:
- Эрүүл мэнд, хөдөлгөөн ба спорт, амьдралын туршлагууд
- Хэл яриа ба бичиг үсэг, мэдээллийн хэрэгсэл
- Дүрслэх урлаг, хөгжим ба бүжиг
- Математик, байгалийн шинжлэл, техник
- Шашин ба үнэт зүйлсийн баримжаалал
- Нийгэм, эдийн засаг ба соёл, ардчилал ба улс төр, байгаль орчин
5. Боловсролын удирдлага, зохицуулалтын хэлбэр
Боловсролын удирдлага, зохицуулалтын хувьд өнөө цагт норм хэмжээг тогтоосон олон улсын стандартууд бий болсон байна. Үүнээс боловсролын тогтолцооны үнэлгээнд ямар стандарт үндэс суурь нь болох вэ гэсэн зарчмын асуулт гарч ирнэ. Стандартууд бол бие биеэс эрс ялгаатай онолын таамаглал, ёс суртахууны үнэлэмж, нийгмийн зорилгод суурилсан байдаг. Үнэт зүйлс ба зорилго нь ерөнхийдөө стандартын хүлээн зөвшөөрүүлэлт, хэрэгжилтийг тодорхойлдог. Стандартын хэлбэрүүд:
- Стандарт нь оролт (тоног төхөөрөмж, багшлах боловсон хүчний мэргэшил), үйл явц (хичээлийн бүтэц, сурах ба сургах аргууд), гаралт (сурлагын амжилт)-ыг хамарч болдог.
- Стандарт нь хийсвэрээр бичигдэн янз бүрийн түвшнээр гарч болно. Сургалтын чиглэл бүрийн тусгай чадамжууд, сургалтын зорилго, агуулга эсвэл хамгийн наад захын гүйцэтгэлийн тестийн оноо байдлаар тодорхойлогдсон боловсролын ерөнхий зорилго буюу үнэт зүйлс.
- Стандарт нь дундаж үзүүлэлтэд тулгуурлан минимум (бүгд хэрэгжүүлж чадахуйц) эсвэл максимум стандарт (идеал) байдлаар гарч болно.
6. Насан туршийн боловсрол
Бидний нийгэм байнгын хувьсал өөрчлөлтөд оршиж байна. Мэргэжил болон хүн бүрийн өдөр тутмын амьдралд тавигдаж буй шаардлага ямагт өөрчлөгдсөөр байна. Тэрхүү шаардлагуудад нийцэхийн тулд шинийг эзэмшин, өөрийгөө байнга хөгжүүлэх чадвар, эрмэлзэл ямагт чухлаар тавигдаж байна. “Насан туршийн боловсрол” гэдгээр үүнийг л зорьж байгаа юм: Өөрөөр хэлбэл, бүх амьдралынхаа туршид өөрөө суралцах идэвх гаргаж, хэрэгжүүлэх мэдлэг чадвартай болгох.
Насан туршийн боловсрол гэдгийн дор янз бүрийн орчинд явагддаг бүхий л албан болон албан бус, чөлөөт суралцахуйг ойлгоно. Энэ нь бага наснаас эхэлж, тэтгэвэрт гарах үеийг дамжин амьдралын төгсгөл хүртэл үргэлжилнэ. Мэдээлэл, мэдлэг эзэмших туршлага, ухаан, чадамжаа бүтээлчээр боловсруулж ашиглах замаар “суралцах” үйл явагдана. Насан туршийн боловсролын энэхүү ойлголт тухайн хүний амьдралын түүхтэй нягт холбоотой. Хүн амьралынхаа аль ч үед суралцсаар байдаг. Хүн янз бүрийн шалтгаанаар, янз бүрийн арга замаар мөн янз бүрийн газарт суралцаж байдаг. Насан туршийн боловсролыг зөвхөн сургалтын байгууллагууд дээр биш, албан ба албан бус сургалтын үе шатууд (сургууль дээр, зарим нь сайн дураараа мэргэжил дээшлүүлэх байгууллагууд дээр гэх мэт)–ын зэрэгцээ янз бүрийн үйл явц болон янз бүрийн газар (гэр бүлд, ажил дээрээ, чөлөөт цагаараа гэх мэт)-т суралцан эзэмшдэг.
Насан туршийн боловсрол нь ихэвчлэн хувь хүний өөрийн хариуцлагаас шалтгаалдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бусдын зохион байгуулсан сургалтын үйл ажиллагаанд оролцох, энэ явцад өөрөө юу сурах, ямар боломжийг ашиглахаа шийдэж суралцдаг өөрийн удирдлагатай суралцахуй юм. Энэ нь бүр бага балчир наснаас эхлэх бөгөөд үүнд эцэг эх голдуу нөлөөлдөг.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ энэ сэдвийг бодлогын хүрээнд ихээхэн анхааран авч үзэж байна. Үүнтэй холбоотойгоор улс төр, нийгмийн зорилгын шинэ чиг хандлагууд гарч байна:
- “Насан туршийн боловсрол”-ын шинэ сэдлүүдийг бий болгох
- Бүх шатны төгсөлт нь цаашаа сурч боловсрох боломжийг бий болгох
- Аж ахуйн байгууллагууд цаашдаа хүний нөөцийг хөгжилд улам их ач холбогдол өгөх
- Мэргэжил дээшлүүлэх ажлууд төлбөртэй мөн бүлгүүдийн тодорхой зорилгод нийсэн байх
- Мэргэжил дээшлүүлэлт, боловсролын хэлэлцүүлгийн боломжуудыг сайжруулах
- Хувь хүний суралцах өөрийн зохион байгуулалтыг сайжруулах.
Төгсгөлд нь би насан туршийн боловсролын хүрээнд бага анхаардаг нэгэн санааг дурдъя: Урт удаан амьдрахын төлөө суралцах. Дэлхий нийтээр хүний насжилт нэмэгдэж, жишээлбэл, Европд улам олон хүн 80 гарч насалж байна.
Левис Терман (Lewis Terman) 1921 онд Сан Францискод 11 настай 1528 хүүхдийг сонгон эхлээд 5 жил, сүүлдээ 10 жилийн давтамжтайгаар судалсан. Судалгаагаар өөрийгөө гадагш идэвхтэй илэрхийлэх (Extraversion), өөдрөг үзэл (Optimismus) , амар амгалан тайван байдал (Conscientiousness) нь урт удаан амьдрахад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс гэсэн үр дүн гарсан.
Extraversion нь сэтгэл татахуйцаар санаагаа солилцох, идэвх, эрч хүч, тэмүүлэл, хөгжилтэй байх дур сонирхлоор илэрнэ.
Optimismus: Санаа зовохгүй байх, доголдол дутагдлыг урьдчилан харахгүй байх.
Conscientiousness: Тархинд серотин \serotin-гормон\-ы зохистой хэмжээ бий болох. Серотин нь айх мэдрэмж, хүчирхийлэл, зовиурыг арилган, амар амгалан, дотоод тайвшрал, сэтгэл ханамжийн мэдрэмжийг бий болгодог.
Францын зохиолч Пилот Антоине (Pilot Antoine de Saint-Exupéry; * 29. 06 1900; † 31. 07 1944)-ийн хэлснээр:
“Ирээдүйг урьдчилан харахыг хүсэхгүй, харин ирээдүйд бэлтгэгдэн боломжтой байхыг хүснэ.”
„Enough – for all – forever”
[i] Baumert, J., Artelt, C., Klieme, E. & Stanat, P. (2001). PISA – Programme for International Student Assessment. Zielsetzung, theoretische Konzeption und Entwicklung von Messverfahren. In F. E. Weinert (Hrsg.), Leistungsmessungen in Schulen (S. 285–310). Weinheim: Beltz.
Б[ii] Fend, Helmut: Bildungspolitische Optionen für die Zukunft des Bildungswesens. Erfahrungen aus der Qualitätsforschung - In: Oelkers, Jürgen [Hrsg.]: Zukunftsfragen der Bildung. Weinheim : Beltz 2001, S. 37-48. - (Zeitschrift für Pädagogik, Beiheft; 43) - URN: urn:nbn:de:0111-opus-79135