Хүүхдийн хөгжлийг дэмжих ажиглалт

Бага насны боловсролыг  индивидуалчлах (individualize) үндэслэл

Хүүхэд заримдаа бусад бүх хүүхэдтэй адилхан –

         Хүүхэд заримдаа зарим нэг хүүхэдтэй адилхан –

Хүүхэд заримдаа бусад хүүхдээс ялгаатай“

Хүүхэд адилхан орчин нөхцөлд өсөх нь бараг үгүй. Тэд өөр өөр гэр бүл, нийгэм, соёлын янз бүрийн нөхцөл байдалд өсч том болдог. Тэд адилхан бас өөр өөр хэрэгцээ, сонирхол, чадамжтай. Тэд адилхан нэг зүйлийг өөрийнхөө арга замаар, харилцан адилгүй хурдаар, ялгаатай орчин нөхцөлд сурдаг.  Логик үр дагавар – тэдний насны ялгаа харьцангуй бага ч,  жишээлбэл, хэл яриа эсвэл хөдөлгөөний чиглэлээр хөгжлийн түвшин нь ихэнх тохиолдолд хоорондоо маш их ялгаатай байдаг. Хүүхэд бага байх тусам ялгаа нь их байдаг. Түүнчлэн тухайн нэг хүүхдийг ч авч үзэхэд хөгжлийн чиглэлүүдээрээ харилцан адилгүй хурдтайгаар хөгждөг.

Цэцэрлэгийн багш нарын хувьд ганц нэг биш, байнга харьцангуй олон хүүхэдтэй ажилладаг тул тэдэнд онцгой шаардлага тавигддаг: Юу чухал вэ гэвэл: 

  1. Хүүхэд бүрийн байгаа байдлыг мэдрэмжтэйгээр тусгаж авах, үүнийгээ байнга чухалд авч үзэж байх;
  2. Цэцэрлэг бүр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа аль болох хүүхэд бүрийн онцлог, байгаа байдалд нийцүүлэх;
  3. Үүнийг мөн ангийн түвшинд байнга анхаарах. Өөрөөр хэлбэл хүүхэд бүрийн хөгжил, динамик (хөдөлгөгч хүч)-ийг ямагт хараандаа байлгах.

Ийм учраас сүүлийн үеийн сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжлийн хэлэлцүүлэг, зөвлөгөөнүүд “боловсролыг индивидуалчлах”  “индивидуал сургалтын хөтөлбөр”, хүүхдэд “индивидуал дэмжлэг” үзүүлэх буюу ангийн хүүхдүүдийг ялгаатайгаар авч үзэж, хөгжлийн түвшинд нь тохирсон дэмжлэг үзүүлэх (Binnendifferenzierung)-д  өндөр ач холбогдол өгч байна. Энэ нь сургуулийн өмнөх боловсрол түүнчлэн мөн сургуулийн хүрээнд мөн адилхан. Энэ дурдагдсан нэр томьёонуудад нийтлэг байдлаар анхаарал хандуулж байгаа бөгөөд “индивидуал дэмжлэг”- буюу „Binnendifferenzierung“ гэсэн нэр томьёо сургуульд бүр илүү хэрэглэгддэг. Энэ нь дидактик, методик болон зохион байгуулалтыг хамарсан нийлмэл ухагдахуун бөгөөд хүүхэд бүрийн ялгаатай байдлыг харгалзан, тухайн хүүхдэд хамгийн оновчтой индивидуал дэмжлэг үзүүлэх зорилготой.  

“Индивидуалчлах” гэсэн нэр томьёо СӨБ-д илүү хэрэгдэгддэг. Үүний утга нь:

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад хүүхэд бүрийн өвөрмөц  онцлогийг мэдэрч, түүнд нь тухайн хүүхдийг хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагаагаа нийцүүлэх.

Зарим СӨБ-ын байгууллагад “индивидуалчлах” гэсэн ухагдахуун чухам юуг илэрхийлж байгаа талаар харилцан адилгүй ойлголттой байгаа нь харагддаг.  

Үүнтэй холбоотойгоор хамгийн чухал нь:

Индивидуалчлах гэдгийг ганцаарчилсан дэмжлэг буюу хүүхэд бүртэй ганцаарчлан ажиллах гэсэн утгаар адилтган ойлгохгүй. Энэ нь анги нийтээр болон хэсгээр явуулах сурган хүмүүжүүлэх ажлаа хүүхэд бүрийн чадамж, онцлогт сайтар нийцүүлэн явуулах, түүнчлэн хүүхэд бүрд нөлөөлөх  хөгжүүлж төлөвшүүлэх онцлог үйл ажиллагаануудыг зохион байгуулахыг хэлнэ. Жишээлбэл, хөдөлгөөнийг дэмжих зорилгоор барьж байгуулах талбай дээр тоглуулахад: Энэ үйл ажиллагаа хүүхэд бүрийн сонирхол, чадамжид нийцэж байна уу? Энэ нь аль хүүхдүүдэд боломжийн, алинд нь тохиромжгүй вэ?

Сургуулийн хүрээнд багш нарын оношлогооны ур чадвар сайн, явуулж буй сургалтын үйл ажиллагаа нь хүүхдийн сонирхол, чадамжид нийцсэн тохиолдолд суралцах үйл явц, үр дүн эерэг байдаг нь шинжлэх ухааны судалгааны үр дүнгээр баталгаажсан байдаг. Ямар ч тохиолдолд хүүхэд бүрийн талаарх ул суурьтай мэдлэг нь хүүхэдтэй ажиллах ажиллагааг индивидуалчилахын эхлэлийн үндсэн цэг болдог.

Хэдийгээр индивидуалчлах гэдгийг СӨБ-д өргөн хүрээнд хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч практик дээр ч, судалгааны үр дүнгээс харсан ч аль алинд нь хүүхдийн хөгжлийн баримтжуулалтаас индивидуалчилсан хөтөлбөр хийж, хэрэгжүүлэх амаргүй: Ажиглалт, баримтжуулалтаар олон янзын концепт байдаг хэдий ч ажиглалтыг хүүхэдтэй ажиллахад хэрхэн ашиглах талаар практикт хэрэгжих боломжтой концепт болон үндсэн чиглэл ховор байна. Гэхдээ хүүхдийн хөгжлийг ажиглах, баримтжуулах нь боловсролд үр нөлөө өгч байгаа нь баталгаатай харагдсан тохиолдолд албан ёсных болно. Иймд юуны өмнө мэргэжлийн хүмүүс ихээхэн хүчин чармайлт гаргаж, ач холбогдолтой гэдгийг харуулж, тэрхүү хэрэглээ нь байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай.  

Ажиглалтыг сурган хүмүүжүүлэх ажилд хэрэгжүүлэх нь – Дөрвөн алхам

Дараах загварт буй 4 алхмаар хүүхэд дээр хийсэн ажиглалтыг сурган хүмүүжүүлэх ажилд хэрэгжүүлнэ.

 

Энэ явцад багш хүүхэд бүрийн талаар ул суурьтай мэдлэгтэй байснаар хүүхэд бүрд тохирсон арга замаар хувийнх нь чадамж, сонирхолд нийцсэн дэмжлэг үзүүлнэ. Энэ алхмууд нь ажиглалтыг практикт хэрэгжүүлэх сурган хүмүүжүүлэх ажлын бүтэц, ерөнхий чиглэлийг өгнө. Үүний зэрэгцээ шинэ нөхцөл байдал, тухайн үеийн хөгжилд нөлөөлөх хангалттай орон зай нээлттэй байх болно. Энэ загвараар янз бүрийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал-аргаар ажиллах  боломжтой. (Жишээ нь: Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах, монтесори гэх мэт)

Алхам бүрийг ангийн бүх хүүхэдтэй нийтээр ажиллах байдлаар авч үзэх бөгөөд хамтран ажилладаг мэргэжлийн хүмүүстэйгээ энэ талаар мэдээлэл солилцох үйл явц (процесс)-ыг чухалчилна.  Энэхүү мэдээлэл солилцох үйл явц нь чанарын стандартын гол үзүүлэлт байна. Ийнхүү бусадтайгаа хэлэлцэх, явуулсан үйл ажиллагаагаа эргэж харах нь тухайн хүүхдийг илүү сайн ойлгох, түүнтэй хэрхэн ажилласнаа эргэн харахад тус болохоос гадна, ажиглалтаа практик дээр хэрэгжүүлэхэд их ач холбогдолтой. Үүгээрээ хамт олон ямагт хамтран ажиллахад нөлөөлнө.

Хүүхэд бүрийг ажиглах, хөгжлийг нь баримтжуулах, индивидуал зорилго тавих, хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа хүүхдүүдийн ялгаатай байдалд нийцүүлэх нь зохих нөхцөлийг шаардана. Үүнд:

  1. Ажиглалтын концептийг сурган хүмүүжүүлэх арга зүйтэйгээ уялдуулах,
  2. Ажиглалт, баримтжуулалтаа байгууллагынхаа үзэл баримтлалд суулгах,
  3. Ажиглалтаа нэгтгэж дүгнэх, ярилцах, хөгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөлтөд суулгах хангалттай цаг хугацаа гаргах,
  4. Хүүхэд тус бүрийн эрэлт хэрэгцээ, сонирхол, чадамжид нэвтрэн орох цаг хугацаа, орон зай, боломжийг бий болгох.

Ялангуяа бага насны хүүхдийн хувьд хөгжил нь жигд бус, маш хурдан мөн тохиолдлын байдлаар явагддаг бөгөөд хөгжлийг нь урьдчилан харах боломж бараг үгүй; тэд тухайн үеийн үйл явдал, орчныхоо харилцан үйлчлэлд хүчтэй автагддаг. Хурдацтайгаар хөгжих үе шатууд нь удаан хөгжих үеүдтэйгээ ээлжлэн солигдож байдаг. Иймээс бага насны хүүхдийн хөгжил, боловсролын үйл явцыг нарийн тусгаж авна гэдэг нь мэргэжлийн хүмүүс (багшид)-д амаргүй, онцгой шаардлага байдаг. 

Хүүхдийн хөгжил, боловсролын үйл явцыг тусгаж авах анхны арга зам бол цэцэрлэгт өдөр тутам аяндаа тохиолдлоор явагддаг ажиглалт, тухайлбал, сургалтын явцад, чөлөөт тоглоомын үед, хүлээн авалт, хооллолтын явцад ... Өдөр тутмын ийм ажиглалт нь ерөнхийдөө ямар нэг төлөвлөлтгүй явагдах бөгөөд хүүхэд бүрийг байнга анхаарч, хараандаа байлгаснаар аяндаа явагддаг. Ийм байнгын ажиглалт тодорхой агуулгад төвлөрдөггүй бөгөөд харин зарим нэг тохиолдолд зориудаар хийж болдог. Жишээлбэл, багш наамал хийх явцад хүүхэд хайчаа зөв барьж байна уу, үгүй юу гэдгийг анхаарах. Аяндаа явагддаг ийм ажиглалт хичээлийн жилийн туршид байнга явагдаж байдаг.  

Хоёр дахь арга зам бол төлөвлөсөн хэлбэрээр явагддаг ажиглалт. Энэ нь системтэйгээр явагдана. Тухайлбал:  

  1. Ихэвчлэн хөгжлийн тодорхой хэсгүүд дээр төвлөрнө.
  2. Тодорхой цагт эсвэл тодорхой цаг хугацааны хүрээнд аль нэг хүүхдийн зан харилцаа эсвэл хөгжлийн түвшинд чиглэн явагдана.
  3. Энэ нь баримтжуулагдана.

Энэ хооронд цэцэрлэгүүдэд ажиглалтын иймэрхүү олон янзын аргууд бий болжээ. Эдгээрийг ерөнхийд нь “чөлөөт ажиглалт”, “нарийвчилсан бүтэцтэй ажиглалт”, “хувийн хавтас” (хүүхдийн бүтээлийн цуглуулга гэсэн утгаар) гурав хуваан ангилж болно.

Аяндаа тохиолдлоор явагддаг ажиглалт; төлөвлөгөөтэй, системтэй явагддаг ажиглалт гэсэн энэ хоёр үндсэн хэлбэр хоёулаа чухал бөгөөд нэг нь нөгөөгөө нөхдөг.

Монголын СӨБ-ын сургалтын хөтөлбөрт заасан 3-6 насны хүүхдийн хөгжлийг ажиглах хэрэгсэл (ажиглалтын хуудас) нь төлөвлөгөөтэй, системтэй ажиглалтад хамрагдана. Энэ нь тодорхой бүтцээр үнэлэх арга: Цэцэрлэгийн өдөр тутмын амьдралын явцад хүүхдийн талаар хийсэн ажиглалтыг („summative assessement“) нэгтгэн үнэлдэг. Ийм үнэлгээ нь өмнө нь хангалттай ажиглалт явуулсны үндсэн дээр хийгддэг. Монголын 3-6 насны хүүхдийн хөгжлийг ажиглах хэрэгсэл нь ажиглалтын аргын чанарын шалгуурыг хангасан мөн хүүхэд бүрийн чадамж, сонирхол, байгаа байдлын талаар боломжит ойлголт өгөх хэрэгсэл. Энэ нь сургалтын хөтөлбөр дэх суралцахуйн чиглэлүүдтэй уялдсан. Энэхүү ажиглалтаар хүүхдийн давуу тал түүнчлэн сул тал илэрдэг.

Алхам 1 нь хөгжлийг дэмжих ажиглалтын хэрэгслээр ажиглалтыг төлөвлөгөө­тэйгээр явуулах, дүгнэлт хийхэд оршино. Дүгнэлт хийхийн тулд тухайн хүүхдийг сайн таньж мэдсэн байна  (ойролцоогоор хагас жил). Үүний дараагаар олон асуулт харьцангуй амархан шийдэгдэнэ. Гэхдээ тэднийг үнэлэхэд тодорхой нөхцөл байдалд дахин давтан нарийвчлан ажиглах шаардлагатай. Практикаас харахад: ажиглалтын хэрэгсэлтэй хэдий чинээ олон дахин ажиллана, төдий чинээ ажиглалт нарийсах бөгөөд ажиглалтын хуудсыг хурдан тагладаг.    Ажиглалтын хэрэгсэлтэй ажиллахдаа ажлаа хуваарилан ажиллаж болно. Энэ нь мэргэжлийн хүмүүс  (багш) ажиглалтын хуудсын тодорхой хэсэг дээр ажиллана гэсэн үг. Хэд хэдэн мэргэжлийн хүн хүүхдийн янз бүрийн чадамж дээр ажиллахад  илүү үр дүнтэй байдаг. Ажиглалтын хуудсыг бэлэн болгох ажлыг аль багш хариуцан гүйцэтгэнэ. Тэрбээр ажиглалтын үйл явцыг зохион байгуулж, мөн хариуцлагаа хүлээнэ.

Монголын сургалтын хөтөлбөрт заасан 3-6 насны хүүхдийн хөгжлийг ажиглах хэрэгслээр хүүхдийн хөгжил - суралцахуйн 7 чиглэлээр хүүхэд бүр ямар түвшинд байгааг мэдэх боломжтой. Ажиглалтын энэхүү процедураар олсон мэдээлэл нь хүүхэд тухайн цаг үед хөгжлийн аль чиглэлээр ямар түвшинд байгааг харуулна.  Гэхдээ энэ түвшин нь харьцангуй амархан өөрчлөгдөж болно.

Хөгжлийн бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээрийн салбар хэсгүүд дээр ажиглалтын хуудсаар илрүүлсэн үр дүн нь цаг хугацаагааны хувьд нэвт байна. Энэ нь хүүхдийн хөгжил урт хугацаанд үргэлжлэн явагддаг гэсэн үг.

Алхам 2 -оор ажиглалтын үр дүнд тулгуурлан мэдээллийг нэгтгэж, хүүхэд бүрийн хөгжлийн талаар ерөнхий дүр зураг-баримжаатай болно. Энэ нь хөгжлийн буюу суралцахуйн 7 чиглэлээр хуваагдсан байна. 

Хөгжлийн ерөнхий дүр зураг

(Жишээлбэл, Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж)

Энэ явцад хүүхдийг харахдаа стандартчилагдсан ажиглалтын хэрэгслээр хийх ажиглалтын зэрэгцээ бусад мэдээллүүдийг хамтатган интеграчилж авч үзэх нь чухал. Энэ мэдээллүүдэд аяндаа явагдсан өдөр тутмын ажиглалтууд болон хүүдийн суралцаж буй үйл явц, хувийн хавтас дахь мэдээллүүд зэрэг төлөвлөгөөтэй ажиглалтаар олсон мэдээллүүд багтана. Үүнд мөн хүүхэд болон эцэг эхтэй хийсэн ярилцлагын үр дүн, түүнчлэн хүүхэд ба түүний гэр бүлийн талаарх ерөнхий суурь мэдээллүүдийг харгалзан үзнэ.

Ийнхүү олон янзын эх сурвалж бүхий мэдээллүүдийг нэгтгэн авч үзсэнээр тухайн хүүхдийн хөгжил, суралцахуйн талаар нэгдмэл, нэлээд урт хугацаанд анзаарах дүр зураг бий болно.

Хөгжлийн ерөнхий дүр зургийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь жишээ болгон өгсөн дараах түлхүүр асуултуудын дагуу хийх ажиглалтын хуудсын үнэлгээ юм: 

Ажиглалтын хуудсын үндсэн дээр хийх энэхүү нэгтгэсэн дүр зургийг хүүхэд бүр дээр жилийн хугацаанд наад зах нь 1 удаа хийнэ.

Хөгжлийн ерөнхий дүр зураг гаргах ажлыг хүүхдийг ажиглах хариуцлага хүлээсэн багш гүйцэтгэнэ. Багш эхлээд Алхам 1-ийн ажиглалтыг хийж, үүн дээрээ тулгуурлан тухайн хүүхдийн хөгжлийн ерөнхий дүр зургийн төсөл (драфт)-ийг бэлтгээд, дараа нь хамтран ажилладаг багш бүр эсвэл нийт хамт олонтойгоо хэлэлцэж эцэслэнэ. Хамтын хэлэлцүүлгийн явцад ажиглалтын материал болон урьдчилсан бэлтгэсэн хөгжлийн ерөнхий дүр зураг хянагдаж, зарим нэмэлт, өөрчлөлт орно.

Зорилго томьёолоход юуны өмнө Сургалтын хөтөлбөрийн ерөнхий шаардлага болон тухайн байгууллагын өөрийнх нь онцлог зорилго голлон нөлөөлнө. Эдгээр нь өнөөгийн нийгэм болон ирээдүйд идэвхтэй оролцогч байж, зохицон амьдрах бэлтгэлтэй болохын тулд хүүхдэд юу хэрэгтэйг улсын зүгээс болон тухайн байгууллагын хариуцлагатнуудын байр сууринаас тодорхойлсон норматив санаануудыг агуулсан байдаг. Энэ шаардлага нь байгууллагын бүх хүүхдэд адил тавигдана.

Үүний үндсэн дээр Алхам 3 дахь сурган хүмүүжүүлэх зорилгыг хүүхэд тус бүрийн нөхцөл байдлыг харж томьёолно. 

Үүнд хүүхэд бүрд индивидуал байдлаар тодорхойлсон хөгжлийн ерөнхий дүр зураг хэрэг болно: Тухайлбал, ерөнхий зорилго буюу дунд болон урт хугацааны (“дараагийн сарын”) зорилго томьёолоход. Зорилго томьёолоход харах үндсэн зүйл бол 7 хөгжлийн чиглэлээр гарсан дундаж үзүүлэлттэй хүүхэд бүрийн хөгжлийг харьцуулсан зураглал (Raster) байна. Хүүхэд бүрд чиглэл бүрээр хөгжил төлөвшилд нь нөлөөлөх нэг болон хэд хэдэн зорилго томьёолж болно.

Нарийвчилсан зорилгуудын анхны санааг багш аль хэдийнэ тэмдэглэсэн байж ч магадгүй. Нарийвчилсан зорилгууд ажиглалтын хуудсын асуултуудаас гарч ирж болох бөгөөд үүнд хүүхэд дээр аяндаа тохиолдлоор хийсэн ажиглалт гол эх сурвалж нь болж өгнө. (Алхам 1)

Индивидуал зорилгыг томьёолоход дараах асуултуудыг авч үзнэ:

  1. Хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг буюу тэдгээрийн салбаруудад хүүхдийн дараагийн хөгжил ямар байдалтай харагдах вэ?
  2. Дараагийн сард үүний юуг нь хэрэгжүүлж болох вэ? 

Энд зорилгуудаа хэрэгжүүлэхэд чиглэсэн хийж гүйцэтгэх сурган хүмүүжүүлэх ажлуудаа боловсруулж бичих шаардлагагүй. (Алхам 4)

Индивидуал зорилгыг томьёолоход анзаарах зүйлс: 

  1. Зорилго нь юуны өмнө хүүхдийн давуу тал, сонирхол дээр тулгуурласан байна. Ингэснээр хүүхэд “би чадна”, “энэ бол миний давуу тал” гэдгээ мэдрэнэ, багш намайг ойлгож байна гэсэн мэдрэмж нь хөгжинө, энэ нь хүүхэд, багшийн хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлнө. Хэрэв хүүхэд өөрийгөө “би чадна”, “энэ бол миний давуу тал” гэсэн ойлголттой, багштайгаа сайн харилцаатай бол шинэ туршлага хуримтлуулах, сургалтын үйл явцад оролцох өндөр эрмэлзэлтэй байх бөгөөд хараахан хийж чадахгүй зүйлээ ч эрсдлээс эмээхгүйгээр хийхэд бэлэн байна.
  2. Хоёр дахь анхаарах асуудал бол: Ямар чиглэлийг хүүхэд сонирхохгүй байна вэ? Аль чадамж нь сул байна вэ? Энэ үед багшийн үүрэг бол дараах асуултуудыг өөрөө эргэцүүлж бодно: Энд би хүүхдээс юу “хүлээж” болох (ёстой) вэ? Хүүхдэд надаас ямар дэмжлэг хэрэгтэй вэ?  Энд давуу тал, сонирхол дээр нь тулбал тустай юу? Хаана нь би давуу, сул тал хоорондын “гүүр”-ийг бий болгох вэ? - энэ нь хүүхдийн эерэг нөхцөл байдлаас нь сул тал руу яаж орж ажиллах вэ гэсэн үг.  
  3. Эцэг эхтэй хүүхдийн хөгжлийн талаар хийх ярилцлагын явцад юуны өмнө зорилго томьёолоход тэднийг татан оролцуулна.  Хөгжлийн талаарх ярилцлага нь эцэг эхийн боловсрол, хүмүүжилтэй холбогдох бодол, хүлээлтийг мэдэж авах, магадгүй янз бүрийн нөхцөлд тухайн хүүхэдтэй хэрхэн ажиллаж дэмжих талаар хамтдаа арга зам олж болох чухал үйл явц. Зорилго томьёолоход эцэг эхийг оролцуулах нь яагаад чухал вэ гэвэл хүүхдийн хөгжил, боловсролд цэцэрлэгээс илүү нөлөө үзүүлдэг болох нь тодорхой. Энэ явцад эцэг эхийн соёл-боловсролын талаарх хүсэл эрмэлзэл нь хүүхдэдээ ямар зорилго тавихыг чухал гэж үзэж байгаад  нөлөөлдөг.  
  4. Боловсролын талаарх өнөөгийн ойлголтын нэг онцлог шинж бол хүүхдийг боловсрол, шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцуулахад оршдог.  Иймээс сурган хүмүүжүүлэх зорилго томьёолоход хүүхдийг хэрхэн оролцуулах вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Үүнд хүүхэдтэй ярилцлага хийх нь ихээхэн тустай: Хүүхэд өөрийгөө хэрхэн харж байгаа, юуг сонирхож байгаа, өөрийгөө юугаараа илүү чадварлаг, “давуу талтай” гэж үздэг гэх мэт. “Хүн бол өөрийгөө үүгээрээ л би илүү чадварлаг даа гэж үзсэн тэр талбартаа сайн дураараа ажиллах дуртай байдаг." Энэ нь хүүхдийн хувьд мөн адилхан.

Зорилго тодорхойлох үйл явц мөн бусадтайгаа хамтран ярилцах байдлаар явагдана. Энэ нь хариуцагч багш зорилгоо эхний байдлаар томьёолчихоод хамтран ажилладаг аль нэг буюу хэсэг нөхөдтэйгээ ярилцана гэсэн үг. Ийнхүү өөрийн цаашид хийх ажлынхаа зорилгыг өргөжүүлэхийн зэрэгцээ хамтдаа сурган хүмүүжүүлэх ажлынхаа чиг шугамыг тогтооно. Энэ нь бүгд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ “сурган хүмүүжүүлэх ажлын чанар”-ын чухал үзүүлэлт юм.

Нарийвчилсан зорилгыг томьёолоход хүүхэд хараахан ганцаараа хийж чадахгүй, томчуудын дэмжлэгтэйгээр гүйцэтгэх тийм үйл буюу “ойрын хөгжлийн бүс” (Выготскийн) шийдвэрлэх нөлөөтэй байна.

Зорилгын энэхүү томьёолол нь мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө ямар зорилго тавьж байгаатай зайлшгүй уялдсан байна.

Нийт хүүхдэд зориулсан үйл ажиллагаа явуулахдаа хүүхэд бүрийн таатай сайхан байдал, сонирхол, чадамжийг хэрхэн харгалзан үзэж зохион байгуулах вэ?

Ажиглалт дээр тулгуурлан бий болсон индивидуал зорилгыг цэцэрлэгийн өдөр тутмын хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны явцад хэрхэн хэрэгжүүлэх вэ? 

Цэцэрлэгээс явуулж буй сурган хүмүүжүүлэх ажлыг хүүхдүүдийн ялгавартай байдалд хэрхэн нийцүүлэх вэ?   

Үүнийг шийдвэрлэх нэг санал бол, хүүхэд бүрд “индивидуал хөтөлбөр” буюу “индивидуал сургалтын хөтөлбөр” боловсруулах. Ийм хөтөлбөрт тухайн хүүхдийг хөгжүүлэх зорилго, зорилгыг хэрэгжүүлэх алхмууд тодорхой тусгагдсан байдаг. Үүнийг өдөр тутмын амьдралд тодорхой хэрэгжүүлэх боломжтой. Төгсгөлд нь зорилго хэрэгжсэн үү гэдгийг мөн хянан үзэж болдог. Энэ аргыг засан сайжруулах буюу тусгай боловсролд хэрэглэдэг. Энэхүү хүүхэд тус бүрийг “засан сайжруулах- эмчлэх загвар”-ыг бүх хүүхэд болон бүхэл бүтэн ангийн нөхцөл байдалд авч хэрэглэхэд ихээхэн бэрхшээл учрах нь тодорхой. Цэцэрлэг дэх практик нөхцөлөөс үзэхэд бүх хүүхдэд “индивидуал хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь маш хэцүү бөгөөд багшийг хэт ачаалалд оруулна. Мэргэжлийн хүмүүсийн ярилцлага хэлэлцүүлэгт үүнийг "төвөгтэй дөнгө\занга\" гэж нэрлэдэг. Тэгэхээр ямар хувилбарууд байж болох вэ?

Тэгэхээр явуулах арга хэмжээнүүдээ индивидуалчилахдаа хүүхэд нэг бүрийн нөхцөл байдалд тохируулан тэдэнтэй нэг бүрчлэн ажиллах биш харин индивидуал зорилго тус бүрээ хэрэгжүүлэхэд чиглэсэн сурган хүмүүжүүлэх алхмуудаа л тодорхойлно.      

Индивидуал явуулах арга хэмжээнүүд нь тухайн цэцэрлэгт явагддаг ердийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаануудаас л эхэлнэ. Багш харин зарим нэг хүүхэд эсвэл хэсэг бүлэг хүүхдийг (жишээ нь: малчдын хүүхэд, шилжин суурьшсан гэр бүлийн хүүхэд) бодолдоо байлгаж, хандаж асуулт тавина, ситемтэйгээр хараандаа байлгана. Жишээлбэл, эргэцүүлэн бодох асуултууд:

  1. Бүрэг хүүхдийг идэвхтэй байлгахын тулд би ангийн нийт хүүхдийн ярилцлагын үед юу хийх вэ? 
  2. Урлан бүтээх өрөөнд явуулж буй үйл ажиллагаанууд аль хүүхдүүдэд ач тус багатай байна вэ?
  3. Хэл яриа, бичиг үсгийн бэлтгэл сайтай хүүхдүүдэд ямар материал үгүйлэгдэж байна вэ?

Ийм асуултууд цэцэрлэгт хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг индивидуалчлахдаа хүүхдээс хүүхэд рүү нэгбүрчлэн ажиллахгүй байх, хүүхэд бүрд дэмжлэг үзүүлэх индивидуал сургалтын төлөвлөгөө хийхгүй байх боломжийг бүрдүүлнэ. Багш харин хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа хүүхэд бүрийн ялгаатай байдалд аль болох сайн нөлөөлж чадахуйц нөхцөл байдлыг бий болгоход л анхаарч ажиллана. 

Ийм байдлаар ажиллахад цэцэрлэгт явагддаг үйл ажиллагаанууд юун түрүүнд хүүхэд нэг бүртэй ажиллахад төвлөрөхгүй. Байгууллага мөн ангид ямар сурган хүмүүжүүлэх ажлууд яаж явагдах, өдөр тутам ямар тодорхой ажлууд хийгдэх зэрэг илүү бусад хүчин зүйл рүү илүү чиглэж ажиллана. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйлс нь:

  1. Сурган хүмүүжүүлэх арга барилууд, жишээлбэл, ойн цэцэрлэг, монтессори, төсөлт ажил, нөхцөл байдалд тулгуурлан ажиллах...
  2. Сургалтын хөтөлбөрийн шаардлага
  3. Байгууллагын сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал  
  4. Цэцэрлэгийн хичээлийн жилийн ритм (хэмнэл), жишээлбэл, дасан зохицох үе, баяр ёслол  
  5. Мэргэжлийн хүмүүс, тэдний мэргэжлийн мэдлэг, чадвар, туршлага, үнэт зүйлс, хувийн давуу тал....
  6. Байгууллагын хамрах хүрээ (ангийн хүүхдүүдийн онцлог бүтэц, эцэг эхийн бүрэлдэхүүн)
  7. Орчин нөхцөл (жишээ нь: боловсон хүчний хангалт, ажилтнуудын тогтвор суурьшил, өрөө тасалгаа, материаллаг орчны тохижилт)

Энэ бүх хүчин зүйлээс байгууллага бүрт индивидуал үйл ажиллагаа ямар хүрээнд явагдах нь шалтгаалдаг. Үүнд мөн бүлгийн нийт хүүхдийн тухайн үеийн нөхцөл байдал байнга нөлөөлж байдаг.

Алхам 4 нь багш хүүхэд бүрийн талаарх тухайн үеийн мэдлэгээ байгууллагынхаа нөхцөл байдал, үйл ажиллагаатай уялдуудахад оршино. Хэдийд хамгийн сайн “тохируулга” хийгдэх вэ гэвэл зөвхөн аль болох бүх хүүхдэд зохицож тохирсон үйл ажиллагаа явуулснаар хэрэгжинэ. Энэхүү зохицож тохирсон үйл ажиллагаа нь тодорхой сурган хүмүүжүүлэх нөхцөл байдал, арга барилтай холбоотой.

  1. Тогтмол явагддаг үйл ажиллагаа (Жишээ нь: хүлээн авалт ба таралт, хуурайлах-ариун цэврийн үйл ажиллагаа, хооллолт, нойрсолт)

    • Жишээ асуулт:

      • Би нойрсолтын үеэр хүүхэд бүр дээр юуг онцлон анхаарах вэ?

 

  1. Нийт хүүхдийг хамарсан үйл ажиллагаа (Жишээ нь: өглөөний тойрог, хүүхдийн конференц\хэлэлцүүлэг, амьтны хүрээлэнд аялах, амьтад ажиглах)

    • Жишээ асуулт:

      • Их тааруу ярьдаг хүүхдийг нийтийн ярилцлагад оролцуулахын тулд би яаж ажиллах вэ? 

 

  1. Жижиг группэр ажиллах (Жишээ нь: зурагтай ном үзэж ярилцах, уншиж өгөх, сургуульд орох насны хүүхэдтэй ажиллах)

    • Жишээ асуулт:

      • Зурагтай ном дээр ярилцахад хэн хэнд илүү ач тустай байна вэ? ( à Зурагтай номтой ажиллах зайлшгүй шаардлагатай юу?)
      • Би яаж багууд\хэсгүүдийг бүрдүүлэх вэ? Жишээ нь: хүүхдийн хэл ярианы чадамжтай холбогдуулан?
      • Ямар сэдэв хүүхдэд илүү тохиромжтой вэ? 

 

  1. Төвүүд дээр ажиллах (Жишээ нь: Номын төв, дүрслэх урлагийн төв, хөдөлгөөн шаардсан барьж байгуулах талбай, сэдэвт тоглоомын хэсэг, тайвширч амрах хэсэг)

    • Жишээ асуулт:

      • Дүрслэх урлагийн төвд дэмжлэг шаардлагатай хүүхдэд миний дэмжлэг хэр зэрэг хүрч байна вэ?  
      • Хэн хэнд миний ямар дэмжлэг шаардлагатай вэ? 

 

  1. Чөлөөт тоглоомыг зохион байгуулах
  • Жишээ асуулт:

    • Чөлөөт тоглоомын явцад хэн хэн надтай зайлшгүй ганцаараа ажиллах шаардлагатай вэ?

 

  1. Чөлөөт тоглоомын материал  (өрөөн дэх материалын олон хувилбарт болон харагдах байдал)

    • Жишээ асуулт:

      • Ямар материалаар би зарим хүүхдийн тухайн үеийн анхаарлыг татаж болох вэ? Жишээ нь: “Агуй” сэдвээр (Ж: Агуй дахь хүмүүсийн талаарх барьж байгуулах материал, ном, агуйгаар аялах)

 

Багш хэдий чинээ бүх хүүхдийг хараандаа байлгаж чадна, мөн хүүхэд бүрийн тухайн үеийн байдлыг хэдий чинээ нарийн мэдэж байна, төдий чинээгээр төрөл бүрийн үйл ажиллагааны явц, янз бүрийн нөхцөл байдлыг хүүхэд бүрд нийцүүлэн ашиглаж чадна. Үүнд багш өдөр тутмын амьдралд өндөр мэдрэмж, анхааралтай байх, зорилготой ажиглалт хийх, хүүхдүүдтэй ярилцах, хүүхдүүдийн талаар хамт ажиллагсад, эцэг эхтэй ярилцах... хүүхэд бүрийн талаарх мэдлэгээ байнга шинэчилж байх шаардлагатай тулгардаг. Энэ нь төлөвлөсөн хөгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалтаас гадна гол нь хүүхэдтэй ажиллах явцад тохиолдлоор аяндаа үүсэх холбоо харилцаа болон хүүхдэд “нөлөөлөх боломжтой мөч” (teachable moments)-ийг хэр зэрэг ашиглаж чадсанаас ихээхэн хамаарна.

Нэг талаас нийт хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа нөгөө талаас хувь хүүхдэд хандсан арга хэмжээний тэнцвэрийг хадгалахад шаардагдах цаг хугацаа нь тухайн байгууллага, бүлгээс хамаарч өөр өөр байдаг. Энэ нь тухайн байгууллагын сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал болон багшийн ажлын ажлын арга барилаас шалтгаална.  Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааг хүүхэд тус бүрийн нөхцөл байдалтай уялдуулах нь нэг удаагийн бус, байнгын үйл явц. Учир нь хүүхэд, хүүхдийн талаарх бидний мэдэж байгаа зүйл амархан өөрчлөгдөж байдаг.   

Нэг талаас ийм тохируулга байнга хийгдэх ёстой бөгөөд нөгөө талаас багш хамт ажиллагсдынхаа хамт 3-4 долоо хоног тутамд явуулсан үйл ажиллагаанууд нь хүүхэд тус бүрд хэрхэн нөлөөлснийг "хүүхдүүдийнхээ" жагсаалтын дагуу

системтэйгээр эргэн харж байх нь тустай. Үүний зэрэгцээ, хүүхэд бүрийн талаарх тэмдэглэлийг авч үзэж, байнга шинэчлэн дараах ерөнхий асуултыг тавьж байх нь мөн ач болбогдолтой. 

Одоо энэ хүүхдэд хөгжил төлөвшилтэй нь холбоотой ямар зорилго тавибал чухал вэ, үүнийгээ хөгжүүлэх үйл ажиллагааны явцад яаж харгалзах вэ? 

Ингэснээр тухайн хүүхдийн хөгжилд хамгийн сайнаар нөлөөлөх болно. 

 

Prof. h.c. Dr. phil Dr. h.c. Bernhard Nagel (Бернхард Нагел)

 

Др.Нагел МУБИС, СӨБС-ийн оюутнуудад явуулсан семинарын дараа, 2019.09.25