Хүүхдийн хөгжил төлөвшлийн үнэлгээнд хандлагын ямар өөрчлөлт гарч байна вэ?
Хүүхдийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээ нь багшийн явуулж буй бүхий л сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад хүүхэд олж авсан мэдлэг, чадвар, дадал, зуршил, харилцааны дэг жаягаа амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэсний үндсэн дээр тэдний зан үйлд ямар өөрчлөлт гарч байгаад чиглэнэ. Жишээлбэл, хүүхэд машинд сууж явахдаа жолоочийн хажуугийн суудалд суудаг байсан бол багш таны явуулсан үйл ажиллагааны үр дүнд арын суудалд суудаг дадал зуршилтай болбол хүүхдийн суралцах үйлд гарч буй ахиц өөрчлөлт буюу зан үйлд гарч буй өөрчлөлт гэж үзэж болно.
Судлаач Хофстаеттер, P.R. (1957) "Тодорхой хэмжээгээр өдөөсөн нөхцөл байдалд зан үйлд өөрчлөлт гарахыг суралцахуй гэж үзнэ” (Antons, K.; et al. 2019) гэсэн байдаг. Монгол хэлний их тайлбар тольд зан үйл (behavior)-ийг “хүний аж амьдралтай уялдан хэвшиж тогтсон заншил, түүнтэй холбоотой элдэв үйл хөдлөл” хэмээн тодорхойлжээ. Зан үйлийг мөн “хүний орчинтойгоо харилцах харилцаанд илэрдэг хариу үйлдэл (реакц), холбогдох үйл” гэж хэлж болно.
Хүүхдийн зан үйлд гарч буй өөрчлөлтийг гагцхүү тэдний эзэмшсэн чадамжаар тогтоох боломжтой. Яагаад гэвэл чадамжид хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадвар нь амьдралд хэр ашиглагдаж байгаагаас гадна эерэг хандлага, сонирхол, сэдэл тэмүүлэл бүгд багтдаг бөгөөд эдгээр нь тэдний зан үйлээр гадагш илэрч харагддаг. Ийнхүү чадамж бүрд хэрэглэгддэг мэдлэг, чадвараас гадна хүүхдийн зан чанар, харилцаа, хандлагын хөгжлийн асуудал багтдаг тул чадамжийг хүүхэд богино хугацаанд эзэмших боломжгүй. Харин тэдний чадамжид удаан боловч, аажим аажмаар ахиж, дэвшил гарсаар байдаг. Иймд хүүхдийн хөгжил төлөвшлийн үнэлгээ нь тэдний чадамж хэр зэрэг ахиж дэвшиж байгааг нотлох баримтуудын үндсэн дээр тогтооход оршино. Нотлох баримт гэдэг нь үнэлгээнд шаардагдах мэдээлэл буюу өмнөх нийтлэлд тайлбарласан “баримтжуулалт”-аар цугларсан бүхий л материалууд юм.
Нотлох баримт (баримтжуулалт)-ыг гагцхүү багш л хүүхэдтэй удаан хугацаагаар, байнга ажилладгийн хувьд олон эх сурвалжаас бодитойгоор бүрдүүлэх боломжтой. Иймд шинэ зуунд үнэлгээний хандлага хэрхэн өөрчлөгдөж байгааг дараах зураг (2)-аар харуулъя.
Уламжлалт ба шинэ зууны үнэлгээний чиг хандлагын ялгаа
Энэхүү зургаас харахад анги танхим дахь багшийн үнэлгээ улам ач холбогдолтой болох бөгөөд “дээрээс” хийх шалгалт, үнэлгээ багасахын зэрэгцээ багшийн үнэлгээний бодитой байдлыг хянан баталгаажуулах, тооцоход чиглэхээр байна. Иймд багшид баримтжуулалт дээрээ тулгуурлан хүүхдийг үнэн зөв, бодитой үнэлэх шаардлага тавигдана.
Цэцэрлэгийн хувьд өөрийн үнэлгээ чухал байр суурийг эзлэх бөгөөд тэнд ажиллагсад байгууллагынхаа түвшинд “Бидний ажлын чанар чансаа ямар байна?”, “Бидний ажлын юу нь сайн байна? “Ажлаа улам сайжруулах ямар арга зам байна?”, “Бидэнд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй вэ?” гэх мэтээр давуу, сул талаа үнэлж, цаашдын хөгжлийнхөө зорилгыг тодорхойлно. Үүнд эцэг эхийг мөн оролцуулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааны чанар, үнэлгээтэй холбогдуулан тухайн байгууллагад хүүхдийг сургаж, хүмүүжүүлэх үзэл баримтлалынхаа дагуу өөрийн гэсэн онцлогтойгоор аль болох бие даан ажиллаж хөгжих боломж олговол багш, ажилтны нэгдэл нягтрал, идэвх зүтгэл, санаачилгад эерэгээр нөлөөлнө.
Орон нутаг болон үндэсний түвшний үнэлгээ нь цэцэрлэгийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулагдагдах бөгөөд холбогдох байгууллага нэгдсэн дүгнэлт гарган, цэцэрлэгүүдэд үзүүлэх дэмжлэг туслалцааны талаарх бодлого, шаардлагатай ажлуудыг тодорхойлж, зохион байгуулна. Хэрэгжүүлсэн бодлого, ажлууд хэр оновчтой байгаад эргэх холбоотой ажиллана.
Н.Норжхорлоо
Эх сурвалж:
1. Antons, Klaus; Ehrensperger, Heidi; Milesi, Rita. (2019): Praxis der Gruppendynamik. Uebungen und Modelle. Hogref
2. Оюунцэцэг, Н. нар. (2020). Суралцагчийн цогц чадамжийг тодорхойлох, хэрэгжүүлэх арга зүй. Х.54