Хүүхдийн шүдийг нялхаас нь арчилна

Хүүхдийн шүдийг нялхаас нь арчилна

 

Сүрэн охины шүд ургаад удаагүй, бас гүйцээгүй. Гэвч түрүүчийн шүд нь хорхойтож ээж аавынх нь санааг зовооно...  Дэмий л чихэр битгий ид гэж балчир амьтныг загнана. Чихэр идээд шүд өвдөнө гэдгийг тэр үл ойлгоно. Чихрээ иднэ, өвдөнө, уйлна. Бараг хүүхэд бүхэнд тохиолдох болсон бага насныхны шүдний өвчнөөс сэргийлэх боломж бий юу?

Шүд яагаад хорхойтдог вэ?

Хүүхдийн идсэн чихэрлэг зүйлийг амны хөндийд байдаг нянгууд “идэж боловсруулснаар” амны хөндийд хүчиллэг орчин үүснэ. Тэрхүү хүчиллэг орчны нөлөөгөөр шүдний пааланд толбо сууж, улмаар шүд цоорохыг кариес буюу шүд хорхойтох гэнэ. Ийнхүү нян нь чихэрлэг зүйлсийн нөлөөллөөр шүдэнд өөрийнхөө “үүр”-ийг бий болгож, богино хугацаанд алхам алхмаар орон зайгаа тэлдэг ажээ. 

Түүнчлэн хоолны үлдэгдэл (жишээлбэл цардуул)-ийг цэвэрлээгүй тохиолдолд тэр нь шүдэнд наалдаж, түүнийг нянгууд “хэрэглэнэ”. Ингэснээр  наалдамтгай зүйл үүсч, тэр нь нянгуудыг хооронд нь холбон шүдэнд улам бат бөх наалдуулна. Энэ нь шүлс болон хоолны үлдэгдэлтэй холилдон шүдний өнгөр дээр шинээр толбо үүсгэдэг байна.

Сүүн шүд яагаад чухал гэж?

“Сүүн шүд бол яах вэ, хаашдаа уначих юм чинь” гэвэл буруу ойлголт юм. Сүүн шүд нь юуны өмнө эрүү, нүүрний зөв хөгжлийг хангах суурь болж өгдөг. Яагаад гэвэл сүүн шүд нь шүд тус бүр байрлалаа зөв олж ургахад орон зайг нь зохицуулах үүрэгтэй. Иймд кариес эсвэл осол гэмтлээс болж хүүхдийн нэг буюу хэд хэдэн сүүн шүд унах тохиолдолд эмчид үзүүлж, тэр зайнд нь протез хийлгэх шаардлагатай. Тэгэхгүй бол бусад шүд нь тэр зай руу түрж орж ирэн шүдний байрлал алдагдахад хүрдэг.

Нөгөөтэйгүүр сүүн шүд хортойтож, шүдний ёроол нь үрэвссэн тохиолдолд бусад эрүүл шүд рүү кариесын нян тархах боломж бүрдэнэ.  Мөн үүдэн шүд нь унасан тохиолдолд зарим үг, үсгийг буруу дуудахад хүргэж хэл ярианы хөгжилд саад болохоос гадна талх, мах, жимс, ногоо зэрэг зарим хоол хүнсийг тасалж идэхэд хүндрэл учирж, заримыг нь идэж чадахгүйд хүрнэ.

Сүүн шүд хорхойтохоос сэргийлэх, арчлах

Хэрэв та хүүхдийнхээ шүдийг хорхойтохоос сэргийлье гэвэл сүүн шүд ургахаас эхлэн шүдийг нь хамгаалж арчлах үйлийг тууштайгаар хэрэгжүүлнэ. Үүнд багагүй цаг хугацаа, тэсвэр, уйгагүй ажиллагаа шаардагдана. Үүний хариуд хүүхэд тань хожим эрүүл сайхан шүд, гэрэлтсэн харцаар инээмсэглэн талархлаа илэрхийлэх болно.

Сүүн шүдийг хорхойтохоос сэргийлэх, арчлахад дараах зүйлсийг анхаарна.

  • Зургаан сартай болох үесээс хүүхдийн сүүн шүд цухуйдаг. Сүүн шүд ургаж эхлэх үед хүүхдүүд хөхөө хөхсөөр байдаг. Өдөр, шөнөгүй ойр ойрхон хөхүүлэх нь хүүхдийн шүдэнд кариес үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Учир нь эхийн сүү саахар (7 хувийн) агуулдаг (1). Тэгэхээр хүүхдийн сүүн шүд ургаж эхлэх үеэс л та хүүхдийнхээ шүдийг арчилж цэвэрлэх ажилд орно.
  • Хүүхдээ өхөөрдөн үнсэх, соосго, угжийг нь амандаа хийж цэвэрлэх, каш, бантанг нь хүүхдийнхээ халбагаар амсах үед эцэг эхийн шүлсээр кариесын нян хүүхдийн ам руу дамжин орж хүүхдийн шүдийг өвчлүүлдэг.
  • Шүдний эмч нар хүүхдийн шүдийг шалгуулах эхний хугацааг зургаагаас найман сартай (анхны сүүн шүд ургах), хоёрдахь хугацааг арван зургаагаас арван найман сайртайд (араа ургах), гуравдахыг нь гучин сар орчимд (сүүн шүд ургаж дуусах) гэж тогтоосон байдаг. Сүүн шүдний паалан маш нимгэн байдаг учир хүүхдийн шүдийг эрт шалгуулж байх нь чухал. Ингэснээр мөн хүүхэд эмнэлгийн багаж хэрэгсэл, үнэр, орчинд багаасаа дасахад тустай, улмаар шүдний эмч дээр айдас хүйдэсгүй, итгэлтэй очиход бэлтгэгдэх сайн талтай.
  • Балчир насныхны гар хуруу нарийн хөдөлгөөнүүдийг хийж сурч дааагүй байдаг тул тэд өөрсдөө шүдээ нэг бүрчлэн сайн угааж чаддаггүй. Иймд хүүхдийнхээ шүдийг та өөрөө л тогтмол угааж цэвэрлэж өгнө. Шүд угаах үйлдлийг тоглоомын аргаар хийж үзүүлэхэд хүүхэд илүү дуртай хүлээж авдаг. Жишээлбэл, шүдний эмч болж тоглох, үйл хөдлөлийг холбоо үгс, дуугаар илэрхийлэн өөрийнхөө шүдийг түүнтэй хамт угаах гэх мэт.
  • Фтор шүдний пааланг бэхжүүлж, хүчиллэг орчныг багасган кариесээс сэргийлдэг. Хүүхдийн шүдийг өглөөний ундны дараа, орой унтахын өмнө хүүхдэд зориулсан фтортой шүдний оо хэрэглэн зөөлөн үстэй сойзоор угаана. Нялх байхад нь хүүхдийн шүдийг сойздож угаахдаа айдастай байвал та чийгтэй цэвэр алчуураар хуруугаа ороогоод шүдний оо түрхээд арчиж болно. 

 

 

Н.Норжхорлоо

Ном зүй:

  1. http://www.eltern.de/gesundheit-und-ernaehrung/medizin/zahnpflege-quiz.html