Цэцэрлэгийн багш ямар үүрэгтэй вэ?

Цэцэрлэгийн багш нар өдөр тутам хүүхэдтэй ажиллахдаа ер нь ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? гэсэн асуултын хариултыг ХБНГУ-ын “Өнөөгийн цэцэрлэг” сэтгүүлд хэрхэн авч үзсэнийг Танд хүргэе. Энд цэцэрлэгийн багшийн үүргийг хоёр үндсэн чиглэлд хуваан авч үзжээ. Нэгдүгээрт цэцэрлэгийн багшийн “Үндсэн хандлага ба зохион байгуулалт”, хоёрдугаарт “Ажиглалт ба баримтжуулалт”.

  ҮНДСЭН ХАНДЛАГА ба ЗОХИОН БАЙГУУЛАЛТ  

Мэргэжлийн хүмүүс (цаашид “багш” гэнэ)-ийн үндсэн үүрэг бол юуны өмнө цэцэрлэгт явж буй хүүхэд тус бүрийн ар гэрийн амьдрал болон тухайн хүүхдийн хөгжил-суралцахуйн өмнөх түүхийг сонирхон авч үзэхэд оршино. Ингэхдээ гол нь хүүхдийн сэтгэн бодох-төсөөлөх-ажиллах арга барилыг олж харж, ойлгоход анхаарна. Үүнийг ойлгож мэдсэнээр багш тухайн хүүхдийн сурч боловсрох олон арга замын үүдийг нээх түлхүүртэй болно гэсэн үг. Энэ явцад ажиглагч (багш) өөрөө мөн сургалтын үйл явц дахь суралцагч болно. Ингэж ажиллахад багшид яалт ч үгүй өөрийнхөө өмнө нь хэрэглэж ирсэн сургаж, хүмүүжүүлэх арга туршлагаа эргэн харах шаардлага тулгардаг. Үүнээс л багш төрөл бүрийн сургалтын үйл ажиллагаа явуулахдаа өөрөө алинд нь дуртай, алинаас нь зайлсхийдэг, мөн ямар чадавхтайгаа илүү мэдэрдэг. 

Багшийн хамгийн чухал, үндсэн хандлага бол хүүхдийг хүчтэй, сул дорой, өөрийн гэсэн зан ааштай, онцлогтой байна гэдгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх явдал. Хүүхэд тус бүрийн хувийнх нь хөгжлийн онцлогийг мэдэрч, мөн байнгын, системтэй ажиглалт, баримтжуулалт хийсний үндсэн дээр багш аль нэг хүүхдийн хөгжил сайнгүй/сааталтай байгааг эрт оношлон тогтоож чаддаг. Энэ нь тухайн хүүхдэд суралцах, шинийг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдэг. 

Багш хүүхэдтэй ганцаарчлан, тухайн хүүхдэд дэмжлэг үзүүлэн харилцаж, ажиллах явцад нэг талаас тэдний хооронд сэтгэлийн нандин холбоо, нөгөө талаас хүүхдийн  мэдэх, судлах үйлийг дэмжсэн таатай уур амьсгал бий болно. Багш хүүхдэд ойр байснаар тэд ямар асуулт, сонирхол, бодолтой байгаа, яаж тэдэнд нөлөөлж болох, хэрхэн тэдний үйлийг идэвхжүүлэх, сэдэл бий болгохоо олж мэддэг. Бие даан үйл хийхэд нь багш хүүхдийг зоригжуулна, мөн тэдэнд тойрон хүрээлж буй орчныхоо талаар асуулт тавих өдөөлтийг өгнө. Энэ явцад хүүхдийн санааг тусган авч, шинэ сэдвийг сэдэж, тэдний сониуч зан, судлах хүсэл тэмүүллийг өдөөнө. Хүүхдүүд багшийн явуулж буй ажилд шийдвэрлэх үүрэгтэйгээр хамтран идэвхтэй оролцоно, багш тэдний хийж буй үйлд ихээхэн ач холбогдол өгнө, хүч чадлыг нь дайчилна.

Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах

Цэцэрлэгт янз бүрийн шашин шүтлэгтэй гэр бүлд өссөн, янз бүрийн насны, мөн хөгжлийн түвшин нь харилцан адилгүй хүүхдүүд хамтран амьдарч, суралцаж, тоглодог. Бусадтай харилцах харилцаагаа туршиж үзэх боломжтой тийм өвөрмөц нийгэмшихүйн онцлог орчин цэцэрлэгт бий. Өдөр тутам явагддаг олон төрлийн үйл ажиллагаа бүгд тэдний суралцахуйг өдөөж байдаг. Тийм учраас цэцэрлэгийн өдөр тутмын амьдралыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг нь их ач холбогдолтой асуудал. Хүүхэд бүр хайр халамж, өөрт нь анхаарал тавьж байгааг мэдрэх, тэд цэцэрлэгийн амьдралын зохион байгуулалтыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох, зохион байгуулах боломжтой байх, тэдний оролдлого, мэдлэг, судлах эрмэлзлийг нь дэмжиж, өдөөж өгч байх нь хүүхдэд хамгийн зохистой таатай нөхцөлийг бүрдүүлнэ.

Цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн хүмүүс (багш) дараах үүргийг хүлээнэ:

  • Найдвартай, итгэлтэй асран хамгаалагчийн хувьд хүүхдэд сэтгэл санааны таатай байдал, хамгаалалт, аюулгүй байдал, нөмөр нөөлгийг мэдрүүлэх;
  • Хүүхдийн хүсэл, хийж буй зүйлд нээлттэй хандана, тэдний хэрэгцээ, санаа бодолд ач холбогдол өгөх;
  • Байгууллагын дотор үлгэр жишээ уур амьсгал бүрдүүлэхэд чармайлт гаргах;
  • Цэцэрлэг дэх хамтын амьдралаа төлөвлөх, зохион байгуулахад хүүхдүүдийг оролцуулах;
  • Тухайн насны хүүхдийн онцлог эрэлт хэрэгцээг анхаарч, насанд нь зохицсон нөхцөл, туршлага хуримтлуулах өрөөнүүд (орчин)-ийг бий болгох;
  • Өөрийнхөө хүсэл, санааг илэрхийлэх, асуулт тавих, хариултаа өөрөө эрж олоход нь хүүхдийг зоригжуулах;
  • Цэцэрлэгийн гаднах орчинд хүүхэд суралцах, туршлага хуримтлуулах боломжуудыг эрж хайх;
  • Хүүхэд ачаалалтай байх, амрах мөн тайван нам гүм байх, идэвхтэй ажил үйл гүйцэтгэхийг хослуулах;
  • Эрүүл хоол хүнсээр хангах, хүүхэд хөдөлгөөнтэй байх, түүндээ хөгжил баясалтай байхыг дэмжих.

 

Өрөө тасалгааг тохижуулах

Цэцэрлэг бол хүүхдийн “суралцах ажлын байр”. Тиймээс тухайн байгууллагын анги танхимын тохижилт, зохион байгуулалт нь хүүхэд идэвхтэй үйл гүйцэтгэх, чөлөөтэй хөдлөх, бусадтай харилцах, анхаарлаа төвлөрүүлэн ажиллах, амрах, ачааллах боломжийг бүрдүүлсэн байна. Үүнд анхаарах чухал зүйл бол цэцэрлэгийн гадаа болон дотоод орчин нь янз бүрийн насны мөн харилцан адилгүй сонирхолтой хэсэг хэсэг хүүхдүүдийн хөгжлийн ялгаатай байдал, авъяас чадварт нийцсэн, түүнчлэн тэдэнд төрөл бүрийн хөдөлгөөн гүйцэтгэж байх боломж олгоход оршино.

Мэргэжлийн хүмүүс (цаашид “багш” гэнэ) хүүхдүүдтэй хамтран бүлгийнхээ өрөөг хүүхэд өөрсдийнхөө санал санаачилгын дагуу ажиллаж болохоор, тэд өөрөө ангид байгаа бүх зүйлийг суралцах үйлдээ ашиглаж болохоор тохижуулна.

Багшийн үүрэг

  • Өрөө тасалгааны дотоод байдал өөрчлөгдөж байхад анхаарна. Ингэснээр хүүхэд ангиа хэрхэн өөрчлөн янзлахад ямагт шинэ санаа олно, мөн санаагаа хялбархан хэрэгжүүлж чаддаг болно. Мөн хүүхдүүд өрөө тасалгаандаа амархан дасахаас гадна сэтгэл хангалуун байх болно.
  • Өрөөний тохижуулалт, эд зүйлсийн байрлал нь хүүхэд өөрөө аливаа үйл гүйцэтгэх, судлах, оролдож туршихад санаа өгөх, өдөөх нөлөө үзүүлэхүйц байхад анхаарна.  
  • Өрөөний зохион байгуулалт нь хүүхдэд анги дотроо өөрийгөө удирдан авч явахад чиг баримжаа өгөхүйц байна.
  • Хүүхдэд тоглоом болон сургалтын материалууд, багаж хэрэгсэл, техник хэрэгслийг чөлөөтэй авч ашиглах боломж олгоно.
  • Зөвхөн хүүхдийн “бүтээл”- үүдээр ангиа дүүргэхгүй байхад анхаарна.
  • “Урьдчилан бэлтгэсэн материал” болон өдөр тутмын хэрэглээний “бодит” эд зүйлсийг ямар харьцаатай хэрэглэж байгаагаа хянана.

 

Тоглоомыг зохион байгуулах

Тоглоом бол хүүхдийн хувьд өөрөө өөртөө бүтээн бий болгодог бодит амьдрал нь, мөн амьдралыг дурайн дүрсэлдэг түүнчлэн өөрийнхөө шийдвэрээр гүйцэтгэдэг үндсэн үйл ажиллагаа нь юм. Иймд багш тэд юу л хийж байна тэр нь бүгд тэдэнд учир утга, ач холбогдолтой гэж үзэх нь зүйтэй. Тэгэхээр энэ нь хүүхэд юугаар, хэзээ, хэр удаан, хэнтэй тоглохоо болж л өгвөл өөрөө шийдэж байх нь чухал гэсэн үг. Энэ нь мөн багш хүүхэд яаж л тоглож байна, түүнийг нь хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тухайн тоглоом нь хүүхдэд ямар ач холбогдолтой, сурч мэдэх ямар зүйлийг агуулж байна вэ гэдгийг олж мэдвэл зохино гэсэн салаа утгыг агуулна.

Багшийн үүрэг

  • Аль болох янз бүрийн материалыг бэлтгэж тавина.
  • Биеэ барьж, тоглоомд оролцож чадахгүй хүүхэд байна уу, эсвэл хүүхэд аль нэгнийхээ үйл ажиллагаа бүрийг зориуд, анзаарахгүй өнгөрөөгөөд байна уу гэх мэтээр тэдийг ажиглана.
  • Хэн хэн хамтдаа тоглож байна, анги дотор ямар жижиг группууд үүсэж байна гэдгийг анзаарна.
  • Тоглоомын санаа сэдэх, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь хүүхдүүдийг зоригжуулж урам өгнө.
  • Өөрийгөө харилцаж хамтран ажиллагч, зөвлөгчийн байр сууринд байлгана.
  • Багш өөрөө тухайн тоглоомд нь дуртай, хөгжилтэй байна.
  • Хүүхдийн тоглоомын явцад гаргасан санааг нь үгүйсгэхгүйгээр тоглоомоо олон хувилбараар, сонирхолтой зохион байгуулахад нь санаа өгнө.
  • Шаардлагатай тохиолдолд тоглоомын дүрмээ тохирч, зохицоход нь дэмжлэг үзүүлнэ.
  • Тоглоомын дүрмийг ойлгох, баримтлах, шинэ дүрэм зохиох, зөрчил, хэрүүл маргааныг шийдвэрлэхэд нь тухайн хүүхдийн хөгжилд нь нийцсэн туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

 

Төсөлт ажлыг зохион байгуулах

Төсөлт ажил гэдэг нь хүүхдийн бодит амьдралаас аль нэг сэдвийг сонгон, түүнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлууд (агуулгыг)-аа дэс дараатай, цаг хугацаатай нь төлөвлөсөн, зориуд, зорилготойгоор явагдах ажил үйл юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дур сонирхлоос төсөл буюу сэдэв үүсч бий болох бөгөөд хүүхэд бидний оршин буй энэхүү ертөнцөд өсөж торниход мөн тэдний хорвоо ертөнцийн талаарх ойлголтыг тэлэхэд чухал хэрэгцээтэй үйл ажиллагаа юм. 

Багшийн үүрэг

•    Хүүхдийн сонирхол, эрэлт хэрэгцээ, асуулт, тэдэнд тулгарч буй асуудал, тэдний хөндөж буй сэдвүүдийг системтэй, зорилготойгоор ажиглана.
•    Нийгэм, соёлын орчны бүхий л зүйлсээс аль нь хүүхэд өсөн торних, ойлголт, төсөөллийг нь нэмэгдүүлэхэд хэрэгтэйг хянан үзнэ.
•    Хүүхэд өөрөө шийдэх, бусдын төлөө хариуцлага хүлээх, ажил хэрэгчээр хандан ажил үйл гүйцэтгэхийг тэдний чадвар, дадал, хөгжлийнх нь түвшинд нийцүүлэн дэмжинэ.
•    Төслөө хэрхэн хэрэгжүүлэхийг хүүхдүүдтэй хамтран бодно, төлөвлөнө.
•    Тухайн сэдэвтэй холбогдуулан өөр юу хийж болохыг хүүхдүүдтэйгээ хамтдаа эцэг эх, өөр багш нар, бусад хүмүүсээс асууж ярилцана.   
•    Хүүхэд тус бүрийн болон том, жижиг группуудын хийж буй ажилд дэмжлэг үзүүлнэ.
•    Санаагаа хэрэгжүүлэхэд нь өөрийгөө харилцаж хамтран ажиллагч, зөвлөгчийн байр сууринд байлгана.
•    Төслийн явцыг баримтжуулна, үүнд хүүхдүүдийг татан оролцуулна.
•    Хүүхэд болон эцэг эхэд төслийг хэрэгжүүлэх үйл явц ойлгомжтой байхад анхаарна. 

 

 

Эцэг эхийг сурган хүмүүжүүлэгч түншээ гэж үзэх

Хүүхдийг сургах, хүмүүжүүлэх хариуцлагыг хамтдаа хүлээдэг учраас багш (мэргэжлийн хүмүүс) нар эцэг эхтэй хамтран ажиллана. Хүүхдийг сургах, хүмүүжүүлэх үйлд хамтдаа хариуцлага хүлээх нь ялангуяа цэцэрлэг-эцэг эх түүнчлэн бага сургууль-эцэг эхэд хамааралтай. Иймээс цэцэрлэгийн нийт ажиллагсад хүүхдүүдийнхээ ар гэрийн эрэлт хэрэгцээ, хүсэлд нийцсэн үйл ажиллагаагаа явуулах зарчмыг баримтална. Багш нар айл өрхүүдийн нийтлэг орчин нөхцөлөөс гадна аль болох тэдний олон талт онцлог байдалд анхаарлаа хандуулна.

Ийнхүү хүүхдийг сургах, хүмүүжүүлэх гэдэг бол хүүхдийн төлөө хамтдаа идэвхтэй үйл гүйцэтгэх, хамтдаа хариуцлага хүлээхийг хэлэх бөгөөд энэ нь хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд оролцож байгаа бүх хүн сурган хүмүүжүүлэгч түншүүд байхыг шаардана. Тийм учраас багш, эцэг эхчүүд бол хамтран ажилладаг сурган хүмүүжүүлэгчид юм.

Багшийн үүрэг

•  Сургалт, хүмүүжлийн зорилгоо тодорхойлоход оролцоно, гэр бүл ба цэцэрлэг ямар үүрэгтэйг мэднэ, мэдээлнэ.
•    Хүүхэд бүрийн хөгжлийн талаар эцэг эхтэй тогтмол ярилцана.
•    Эцэг эхтэй хамтран тэдний оролцооны боломжтой хэлбэрүүдийг сэднэ, түүнийгээ мэргэжлийн талаас нь харж, цэцэрлэгийн ажилтай уялдуулна.
•    Эцэг эхчүүдийг цэцэрлэгээс зохион байгуулдаг сурган хүмүүжүүлэх семинаруудад оролцуулна.
 •   Эцэг эхчүүдэд тодорхой хүрээнд хамгийн нээлттэй, ойр дотно санаа бодлоо хуваалцах боломж олгоно. (эцэг эхчүүдэд зориулсан кофе, эцэг эхийн булан гэх мэт)
 •   Эцэг эхчүүдэд цэцэрлэгт явагдаж байгаа үйл ажиллагааг хэзээ ч харж ажиглах боломж олгоно.
 •   Хүүхдийг цэцэрлэгт дасгах үеийг хүүхэд бүрт ганцаарчилсан байдлаар зохион байгуулна, хэрхэн дасгах нь үр дүнтэй болохыг эцэг эхтэй нь тохирно.
    Эцэг эхчүүдийг чадварынх нь дагуу байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд татан оролцуулна.
 •   Хүүхдийн хөгжлийн ахицыг баримтжуулна, гэрэл зургийн цомог болгон эмхэтгэнэ.

Сургуульд элсэх шилжилтийг зохион байгуулах

Багш нар хүүхдийг сургуульд элсүүлэхэд эцэг эхтэй хамтран ажиллаж, хүүхэд тус бүрийн ерөнхий төлөвшил, дуртай зүйл, хувийн хөгжил, суралцах үйл явц, бие даан хийдэг зүйлс, бие даасан байдал болон бусадтай харилцах харилцааны чадварт нь хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар харилцан саналаа солилцоно. Ингээд сургалтын агуулга, арга зүйгээ хүүхэд тус бүрийн боловсролын өмнөх “түүх”-д зохицуулна.

Үүний цаана “хүүхдэд зохицсон сургууль” гэсэн үзэл баримтлал орших бөгөөд цэцэрлэгийн багш ба хамтрагч багш (сургуулийн)-ийн тодорхойлсноор "сургуульд бэлтгэгдсэн байдал" гэдэг нь хоёр байгууллагын хоорондын харилцан холбооны чадварыг илтгэсэн, хүүхэд тус бүрийн боловсрол (хөгжил)-ын түүхэд зохицсон үйл явц бөгөөд хүүхдийг сургуульд бэлтгэх явцад нэг ч хүүхэд эмээж ичихгүй мөн хүүхдүүд ялгаварлагдахгүй байна. Ийнхүү цэцэрлэг, сургуулийн ажилтнууд хамтран төсөл хэрэгжүүлж, хамтын ажиллагааны хэлбэрүүдийг бий болгон хүүхдүүдтэй хамтдаа ажиллана. (ж: Баден Вүерттэмбергийн “Чиглүүлэх хөтөлбөр”)            

Үргэлжлэл бий.

Орчуулсан: Н.Норжхорлоо

Ном зүй:

Grundhaltung und Gestaltung, s.19-21, Kindergarten Heute, Konzepte entwickeln-Bildung planen, Herder Verlag, Kundenservice-Center, Hermann-Herder-Strasse 4, 79104 Freiburg