Европын хөдөлгүүр: Германы боловсролын тогтолцоо

ӨМНӨХ ТАЙЛБАР: 1990-ээд онд Монголд явуулсан боловсролын шинэчлэлийн хамгийн амжилттай хэрэгжсэн хэсэг нь Техник, мэргэжлийн сургууль буюу ТМС, техникумуудыг татан буулгаж үгүй хийсэн явдал байв. Ингээд зарим нь их, дээд сургууль болж ч үзжээ. Харин хэдэн жил өнгөрсний дараа энэ улс “хамгийн амжилттай шинэчлэл”-ээсээ ухарч, ТМС-үүдээ дахин байгуулах гэж оролдож байгаа юм.

Харин Германд техник, мэргэжлийн боловсрол нь дунд боловсролын хамгийн чухал нэг хэсэг байсаар иржээ. Энэ нь “хосолмол тогтолцоо” гэдгээр алдаршсан байна. Энэ тогтолцоонд дунд боловсролын шатны сурагчид үйлдвэрийн газруудад дадлага, сургалтанд явж, үр дүнд нь дунд боловсрол төдийгүй мэргэжил эзэмшдэг байна. Германы хосолмол тогтолцоо өндөр ур чадвартай, хариуцлагатай мэргэжилтнүүд бэлтгэдэг гэдгээрээ алдаршжээ. Одоо бусад орнууд Германы ТМС-ийн загварыг ихэд сонирхож байгаа ажээ.

Гэхдээ Германд боловсролоо шинэчлэх чухал асуудлууд тавигдаж байгаа бөгөөд явуулж буй шинэчлэлүүд нь тун ч сонирхол татаж байна. Өнөө үед тус улс боловсролын удирдлага, сургалтын хөтөлбөрөө илүү нэгдмэл болгох, тэгш хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилттой тулгарчээ. Сонирхолтой нь Европын хамгийн хөгжингүй гэх энэ улсад дээрх зорилтуудад хүрэхийн тулд хуучин Зүүн Германы боловсролын тогтолцоог авч хэрэглэх талаар хэлэлцэж байгаа бөгөөд зарим мужууд нь ЗХУ-ын үеийн тогтолцоогоо сэргээж эхлээд байна.

Хэдийгээр энэ улс боловсролын зоримог алхамууд авч хэрэгжүүлж байгаа боловч үндэсний үнэт зүйлс, Германы боловсролын эцэг, эрдэмтэн Вильгельм вон Гумболдтын үзэл санааг хадгалсан хэвээр. Вильгельм вон Гумболдт боловсролын хамгийн дээд зорилго бол амьдаралаа залгуулж, оролого олоход хэрэгтэй мэдлэг ухаан бус, харин “ёс суртахуун” ба “гоо сайхан” хэмээн хэлжээ. Гумболдтын харснаар үүнд “түүх судлал” онцгой үүрэгтэй байлаа.

Герман бол байгаль, техникийн шинжлэх ухааны агуу нээлт хийсэн суутнуудыг төрүүлсэн өлгий нутаг билээ. Тэгвэл “ёс суртахуун” ба “гоо сайхан”-д тэмүүлсэн Германы боловсрол, соёл, ухамсар л тэдгээр суутнуудыг төрүүлсэн гэдэг нь тодорхой юм.     

 

ОРШИЛ

Өнөө цагийн тэргүүлэх аж үйлдвэржсэн үндэстнүүдийн боловсролын тогтолцоо нь зуун зууны тэртээгээс бүрэлдэн буй болжээ. Тэдгээр тогтолцоо өөрийн гэсэн онцлог санаатай, тэр нь янз бүрийн эх сурвалжаас үүдэлтэй байлаа. Гэвч тэднээс нэгэн тогтолцоо шалгаран онцгойрчээ. Энэ бол Германы боловсролын тогтолцоо юм.

Нийт ард түмэнд үнэ төлбөргүй суурь боловсрол олгох зорилго бүхий үндэсний боловсролын загвар анх Германд хөгжин бий болжээ. Дээрх аж үйлдвэржсэн үндэстнүүдийн хувьд Германы Гимназ нь орчин цагийн гэгдэх өнөөгийн судалгааны их сургуульд элсэн сурахад сурагчдыг бэлтгэх зориулалттай дунд сургуулийн загвар болсон юм. Үүний зэрэгцээ Германы Реалсчүл ба хожим “хосолмол тогтолцоо” гэгдэх болсон тогтолцоо ч бүтээн байгуулалтын салбар бүрийг өндөр түвшинд сурган бэлтгэсэн ажиллах хүчнээр хангах дэлхийн хамгийн гахамшигт загвар нь болжээ.

 

ТҮҮХЭН ӨНЦГӨӨС

19-20 дугаар зууны эхэнд Германы боловсрол бүрэлдэн бий болсон нь

Зарим түүхчдийн үзэж буйгаар 1806 онд Женад болсон тулалдаанд Прусс болон Германы бусад улсууд Наполеонд ялагдсаны дараагаас Германы орчин цагийн боловсролын тогтолцооны эхлэл тавигдсан ажээ. Дээрх үйл явдлаас үүдэн Прусс (тархай бутархай Германы нэг хаант улс)  оюун санааны хувьд ч, эд материалын хувьд ч сүйрээд байв. Гэвч пруссчууд Наполеоныг ялахын тулд дахин нэг өндийн сэргэж, Европын тавцанд Пруссыг дахин гаргаж ирэхээр эрс санаа шулуудсан юм.

Дээрх тулаанаас хойш хэдэн жилд Штейн, Харденберг болон бусад удирдагчид нь Пруссын арми ба оюун санааг дахин сэргээх үйл хэргийг явуулав.  Энэ үе хүртэл Пруссын армийн офицерын бие бүрэлдэхүүнийг маш хязгаарлагдмал хүрээнд, залхуурал ба ялзралд автсан Германы язгууртнуудын дундаас элсүүлдэг байв.  Харин шинэ удирдагчид энэ хэрэгт авьяас чадварын маш өргөн суурь хэрэгтэй гэж үзсэн юм. Үүний тулд тэд язгууртнуудыг өргөн хүрээнд боловсруулах хэрэгтэй болжээ. Энэ үйл явдал Германы боловсролыг хожмын хөгжилд хөтөлсөн мөч байлаа.  

Шинэ удирдагчид орчин цагийн Германы боловсролын тогтолцооны үндсийг тавигч гэдгээр хамгийн их танигдсан Вильгельм вон Гумболдтыг өөрсдийн засгийн газарт оруулжээ. Гумболдтыг Германы орчин цагийн Гимназын эцэг гэж үздэг билээ. Мөн тэрээр орчин цагийн судалгааны их сургуулийг байгуулахад гар бие оролцсон нэг гол зүтгэлтэн болсон юм.                    

Гумболдтын үзэл санаанууд нь тэрээр Шиллер, Гёте Фихте, Гердер зэрэг Германы Соён гэгээрлийн хоёр дахь үеийн манлайлагчидтай ойртон холбоолж байснаар томьёологддог юм. Тэдгээр соён гэгээрүүлэгчид ертөнц бол хүний мэдлээс хэтийдсэн, хүнээс үл хамааран урьдаар тогтоосон дүрмийн дагуу ажилладаг машин бус, харин хүмүүс бид өөрсдөө сайн, эсвэл муу болгодог тэр зүйл, иймд хүний эрхэм дээд үүрэг хариуцлага бол ёс суртахуун юм гэдэгт итгэж байв. Тэд сургуулийн үүрэг бол хувь хүн өөрийгөө ухааран ойлгоход тус болж, бүгдэд эрх чөлөө олгодог иргэншсэн төр бүтээх явдал юм гэж үзжээ. Эдгээр нь Германы Идеализм ба Германы философийн Романтик дэг сургуулийн итгэл үнэмшил байсан юм. Германы соён гэгээрэлд суурилан бэхжсэн энэхүү үзэлд онцолсноор боловсрол нь хүнийг хэрэгсэл болгох бус, харин идеал хүнийг төрүүлэх зорилготой байв. Тус үзлийн дагуу боловсролын алсын харалт нь оюун ухаан (интеллект)-аас давсан зүйл бөгөөд жинхэнэ харалт бол “ёс суртахуун” ба “гоо сайхан” юм. Энэ нь боловсрол бол амьжиргаагаа залгуулахад нь л хүнийг бэлдэх зорилготой юм гэсэн санааг эсэргүүцсэн хэрэг байлаа.

Гумболдт дээрх ойлголтуудыг “Билдунг” хэмээх илүү өргөн хүрээтэй боловсролын ухагдахуун (концепци) болгон хэвшүүлсэн байна. Энэ ухагдахууны дагуу боловсрол буюу Билдунг нь хүмүүнлэгийн ухааны нэг судлагдахуун болох боловсролоос хамаарсан бие хүний хөгжлийн үйл явц юм. Энэ үйл явц нь хувь хүн ба байгалиас гаралтай (органик), бүхэл цогц болохын хувьд хувь хүн дотороосоо бий болоход гол анхаарлыг чиглүүлдэг байна.  Энэхүү хөгжилд түүх судлал онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гумболдт түүх судлалыг өнгөрсний, ялангуяа сонгодог үеийн үйл явдлууд ба санаануудтай холбоотойгоор хувь хүн өөрийгөө тодорхойлох арга зам гэж харсан ажээ.

Гумболдтын онцгойлон оруулсан хувь нэмэр нь философид бус, харин бодит амьдралын талбарт байсан юм. Зөвхөн өөрийн ажлын өрөөнд өнгөрүүлсэн нэг жилийн дотор буюу 1809-1810 онд тэрээр өөрийн санаануудыг үндэсний боловсролын тогтолцоо болгон хувиргах бодит ажил хэрэг болгосон байна. Зөвхөн товч томьёолсон түүний санаанууд сурагчдыг хүмүүнлэгийн ухаанд сургаж, тэднийг улсын Абитур шалгалтад бэлтгэх ахлах ангийн дунд сургууль болох шинэ Гимназын загвар болсон ажээ. Гимназын энэ загвар 1812 онд Прусст, 1871 онд Герман даяар хэрэгжсэн байна. Тухайн үед Прусст Абитурын шалгалтуудыг давахгүйгээр хэн ч их сургуульд элсэн орж чаддаггүй байв. Өөрөөр хэлбэл, энэ шалгалтыг даваагүй хүн төрийн албанд орох буюу хуульч гэх мэт мэргэжил эзэмшиж чадахгүй ажээ.

Абитурт бэлдэх цорын ганц институци нь Гимназууд байсан юм. Тэдгээрийн сургалтын хөтөлбөрийг төрөөс нарийвчлан тогтоож өгч байв. Гимназын багш нар зөвхөн Абитурын шалгалтыг давж, их сургуульд суралцсан хүмүүс байлаа. Хуулиар ирээдүйн гимназын багш нар их сургуульд сурахдаа өөрсдийн заах цөм судлагдахууны хувьд хоорондоо ялгаатай байхаар зааж өгчээ. Ийм замаар Абитур нь дэлхийн хамгийн алдартай, хамгийн гайхагдсан шалгалтуудын нэг болжээ.

Энэхүү тогтолцоог бий болгож буй хуулиудаар боловсролын зорилго бол төрийн зорилго гэдгийг тодорхой тогтоосон өгсөн байна. Сургуулиуд, түүний дотор хувийн ба шашны сургуулиудыг төрөөс, хуулиар нарийвчлан хянаж байв.

Германы боловсролын тогтолцооны хөгжил дэх дараагийн нэг гол зүтгэлтэн нь 19-р зууны сүүлийн хагасаас 20-р зууны эхний хагасыг дамнан хөдөлмөрлөж байсан Георг Керсенштэйнер юм.  Ядуурсан язгууртан гэр бүлд төрсөн, гэхдээ өөрийн бүхий л амьдралыг ажилчин ангийнх хэмээн үзсэн Керсенштэйнер өөрийн эрч хүчийг ажилчин хүмүүсийн боловсролд зориулжээ. Эх оронч тэрээр хамгийн сайн боловсрол залуу хүмүүсийг хөдөлмөрөөр нь дамжуулан улсдаа хувь нэмэр оруулахад бэлддэг гэдэгт итгэж байлаа. Түүнийхээр тэднийг ажил хөдөлмөрт бэлтгэх хамгийн сайн арга зам бол сургууль ба ажлын талбар дахь дадлагыг хослуулахуйц боловсролын тогтолцоог бий болгох байв.        

Өмнө нь, 1870-аад онд Германы засгийн газар Германы үйлдвэрлэгч хүмүүст олгосон эдийн засгийн онцгой статус ба тэднийг хамгаалж байсан хуулийн зохицуулалтуудыг үгүй болгосон байжээ. Керсенштэйнер Германы үйлдвэрлэгч хүмүүст онцгой байр суурийг нь эргүүлэн олгосон юм. Тэрээр улмаар технологи ба аж үйлдвэрийн манлайллын замд Герман орныг хөтөлсөн чухал, эсвэл магадгүй бүр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн мэргэжлийн боловсролын шинэ тогтолцоог бий болгоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Герман улс аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээрээ дэлхийд алдартай билээ. Харин энэ нь дан ганц дадлага-сургалтаар тогтохгүй тэргүүн зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ч анхаардаг тогтолцоонд байсан юм. Энэ санааг хожим авч үзэх болно.

Керсенштэйнер их хэмжээний бүтээл бичиж үлдээжээ. Тэдгээрээс дараах өгүүлбэр түүний гол санааг илтгэдэг. Тэрээр ингэж бичжээ:  

“Ард түмний хамгийн их масс ашиг тус хүртэх хэмжээнд авч үзвэл боловсролын үнэ цэнэ нь оюуны хязгаарыг тэлэхээс илүүтэйгээр хичээл зүтгэлтэй, бүрэн дүүрэн, нягт нямбай системт сургалтаар дамжуулан үүргээ туйлд нь хүртэл ягштал биелүүлдэг зуршмал дадал суулгаж, даалгаварыг найдвартай гүйцэтгэж сургахад л байгаа юм”

Дээрх санаа нь язгууртны хөвгүүд, охидын сургуулийн талаарх Гумболдтын элит  харалтаас эрс ялгардаг билээ.

 

Хуудаснууд