Умардаас гялалзах од: Финляндын боловсролын тогтолцоо

 

Энэ бүлэгт Финляндын боловсролын шинэчлэлийн хувьсал өөрчлөлт нь Дэлхийн 2-р дайнаас хойшхи тус улсын эдийн засаг, улс төрийн хөгжилтэй нягт уялдаатай явж ирсэн бөгөөд Финий боловсролын амжилтын түүхийн чухал хэсэг нь соёлын хүчин зүйлс байсан гэдгийг өгүүлэх болно. Гэхдээ эдгээр нь амжилтын бүх түүх биш юм. Финляндын амжилтыг давтаж, давахыг хүсэгчдийн хувьд сурч авч болох боловсролын өөр бодлого, практик энэ улсад бас бий.

Зарим олон улсын ажиглагчид Финий амжилтыг үндэстний онцлог түүх, соёлоор нь голлон тайлбарлах боломжтой гэж үздэг. Тэдгээр ажиглагчид бусад орнууд өөрт хэрэгтэй ямар нэг зүйлийг Финляндаас сурч чадна гэж хэлж чадахгүй байна. Жишээ нь, үүнд эргэлзэгчид Финлянд нь соёлын хувьд нэгдмэл гэдгийг онцолдог. Хэдийгээр өнөө үед сурагчдын бараг тал хувь нь цагаачдаас бүрддэг сургуулиуд Хелсинкид байгаа боловч дээрх нь яах аргагүй үнэн юм. Тэд Финляндын нийт эдийн засгийн байдлыг цэцэглэн хөгжиж буй мэдээллийн технологийн салбараар нь харж, харин тус улсын нэг сурагчид ногдох дундаж зардал нэг сурагчид хамгийн их хөрөнгө зарцуулдаг улсуудаас, түүний дотор АНУ-аас нэлээд доогуур гэдгийг анзаарч авч үздэггүй. Тэд ахлах сургууль төгсөгчдийн шилдэг дөрөвний нэгийг маш өрсөлдөөнтэй багш бэлтгэх хөтөлбөр рүү татдагаараа багш нь өнөө үед фин залуусын дунд хамгийн нэр хүндтэй мэргэжил гэдгийг онцолдог. Гэвч тэд энэ нь үргэлж ийм байсан эсэх, эсвэл тус улс багш болон багшийн ажлын байр суурийг дээшлүүлэх талаар онцгой арга хэмжээ авсан эсэхийг асуудаггүй юм.

 

ФИНИЙ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНЫ ТҮҮХ

Финлянд нь харьцангуй залуу улс юм. Тус улс 1917 онд Зөвлөлтөөс тусгаар тогтнолоо олж авчээ. Финлянд Дэлхийн 2-р дайнаар дамжин тусгаар тогтнолоо хадгалж үлдэхийн тулд урт удаан, хэцүү тэмцэл явуулсан юм. 4 сая хүрэхгүй хүнтэй үндэстний хувьд дайн гамшиг сүйрэл байв. Дайны улмаас 90 000 хүн амиа алдаж, 60 000 хүн тахир дутуу болж, 50 000 хүүхэд өнчирч хоцорчээ. Үүнээс гадна ЗХУ-тай байгуулсан 1944 оны энхийн гэрээгээр өөрийн газар нутгийн 12 хувийг хүчинд автан алдаж, 450 000 фин иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай тулжээ. Зөвлөлтийн цэргийн бааз Хелсинкийн ойролцоох хойгт байрласнаар энэ улсад коммунист нам хууль ёсны статустай болсон юм.

1945 онд дайны дараах сонгуулиар парламентийн суудлыг гурван нам бараг тэнцүү хувиар эзлэв: социал демократууд, Газар тариалангийн төв нам, коммунистууд. 1950-иад онд Консерватив нам улс төрийн гол чухал хэлэлцээрүүдэд оролцох хэмжээнд хангалттай хүчтэй болжээ. Олон намын тогтолцоо нь ямар нэг гол чухал бодлогын хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд улс төрийн консенсус (хамтын тохиролцоо) хөгжүүлэхийг жам ёсоор шаардсан ба ийм тохиролцоонд тэргүүлэх ач холбогдолтой нэг салбар нь Финий боловсролын тогтолцоог дахин байгуулж, түүнд модернизаци явуулах байв.

Дайны дараах шинэ парламентын өвлөн авсан боловсролын тогтолцоо нь тэгш бус, орчин үеийн аж үйлдвэржсэн нийгмээс илүүтэйгээр хөдөө аж ахуй зонхилсон нийгмийн хэрэгцээг тусгасан байжээ. Хэдийгээр тус улсын хүн амын 60 хувь нь 1960-аад оны сүүл үе хүртэл хөдөө амьдарч байсан боловч хотжилтын үйл явц дайны дараагаас бодитоор эхэлсэн бөгөөд дараагийн арав гаруй жилд гуравны хоёр нь хотод амьдрах хэмжээнд хүртэл эрчимжив.

1950-иад онд ихэнх фин залуус 6 жилийн суурь (бага) боловсрол эзэмшдэг байв. Харин хот буюу засаг захиргааны нэгж бүхий томоохон сууринд амьдарч буй хүмүүс дунд боловсролд хамрагдах боломжтой байжээ. Энэ үед хоёр төрлийн дунд боловсрол байв. Нэг нь зарим орон нутаг өөрөө удирдан ажиллуулдаг, хоёр буюу гурван жилийн нэмэлт боловсрол олгох орон нутгийн сургууль юм. Энэ нь томхон хот сууринд амьдрах завшаан бүхий иргэдэд цаашид техник мэргэжлийн боловсрол эзэмших боломж олгоно. Нөгөөх нь таван жилийн боловсрол олгож, улмаар ахлах сургууль (гимназ), их сургуульд дэвшин сурах боломж олгодог дүрмийн сургууль юм. 1950-иад онд фин залуусын дөрөвний нэг орчим нь л дүрмийн сургуульд хамрагдаж байсан бөгөөд тэдгээр сургуулийн гуравны хоёр нь хувийн эзэмшилд байв.