Үнэт зүйлээ хадгалах нь: Японы боловсролын тогтолцоо

ТАЙЛБАР: Дэлхийн II дайн төгссөнөөр Японы эзэнт гүрэн задран унаж, ардчилсан, энх тайванч Япон улс бий боллоо. Дайны дараах Японы нийгэм, эдийн засгийн шинэчлэл нь тус орныг түр эзлээд байсан америкчуудын хяналт дор явагджээ. Шинэчлэл нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, түүний дотор боловсролын тогтолцоог ч хамрав.

Хэдийгээр америкчуудын чиглүүлэг дор Японы боловсролын тогтолцоонд багагүй хувиралт гарсан боловч япончууд тэдний бүх заавар, зөвлөгөөг дагаагүй юм. Хамгийн гол нь япончууд сургуулийн удирдлага, санхүүжилтээ өөрийнхөөр авч үлджээ. Энэ нь удирдлагын төвлөрлийг сааруулах америк загварын эсрэг алхам байв.

АНУ болон түүнийг дуурайхыг оролдож буй орнуудтай харьцуулахад Японы боловсролын удирдлага нь төвлөрсөн тогтолцоог түшиж иржээ. Энэ тогтолцоонд боловсролын яам ихээхэн үүрэгтэй юм. Яам бодлогоо тогтоож, нэгдмэл сургалтын хөтөлбөр боловсруулж, багш, ажилчдын цалингийн хэмжээг тогтоож, боловсролын зөвлөх байгууллагуудыг байгуулж, муж, орон нутгийн сургуулийн санхүүжилтийг олгодог байна.

Төвлөрсөн бус удирдлагатай гэгдэх Монголтой харьцуулахад 128 сая хүнтэй энэ аварга орон яагаад төвлөрсөн тогтолцоог илүүд үзсэн бэ?

 

Японы боловсролын удирдлага тэгш байдлыг чухалчилжээ. Хэдийгээр Япон олон хүн амтай баян капиталист орон боловч хүн амынх нь хооронд орлогын, том ба жижиг олон мужуудынх нь хооронд хөгжлийн ялгаа бий. Япон улс эдгээр ялгаанаас үл хамааран япон хүн бүр боловсролын тэгш боломжоор хангагдах ёстой гэж үздэг. Иймд Японы сургуулиуд хөдөө зэлүүд суурин, эсвэл том баян хотод буйгаас үл хамааран санхүүжилт, багшлах боловсон хүчин болон бусад хэрэгтэй зүйлсээр тэгш хангагдаж иржээ.

Японд сурагчдыг чадвараар нь анги болгон хуваадаггүй. Авъяастай сурагчдад зориулсан гүнзгий анги, эсвэл онцгой чадвартай гэж үзвэл анги дэвшдэг сурагч байхгүй  юм. Үүний нэг шалтгаан нь Японы уламжлалт соёлтой холбоотой ажээ. Зүүн Азийн бусад орнуудын адилаар Японы уламжлалт соёлд хүн мэдлэгийг уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр л хамгийн эзэмшдэг гэж үздэг тул хүн бүр сайн сурах ёстой гэсэн шаардлага тавьдаг байна.    

Япон орныг сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд япон сургуулиуд сурагчид нь багшийнхаа хэлсэн болгоныг чимээгүй тогтоож суудаг, нэгэн хэвийн, идвэхгүй газар гэх төсөөлөл байж магадгүй юм. Гэвч бодит байдал маш өөр. Японы бага сургуулиар зочилсон хүмүүс тэндэхийн дуу чимээ нь барууны орны сургуулийнхаас хамаагүй чанга бөгөөд сургуулиар нэг инээд хөөр, идвэхтэй харилцан яриа дүүрэн гэдгийг хэлнэ. Японд сургалтын арга нь хүүхэд бүр идвэхтэй байх, өөрийн бодлыг илэрхийлэх боломжоор хангахад чиглэдэг байна.

Япон улс XIX зуунд Өрнөдийн боловсролын тогтолцоог анх нэвтрүүлэхдээ ч, хожмын боловсролын шинэчлэлүүд хийхдээ ч тэдгээрийг өөрийн соёлоос ангид авч үзэж байгаагүй билээ. Үүгээр үл барам япон хүмүүсийн уламжлалт соёл хамгийн хүнд хэцүү үед Японы боловсролын түшиг болж байсан юм.

Нэгэн япон багш дараах түүхийг өгүүлж билээ. Дэлхийн II дайны дараа Япон улс сүйрлийн байдалтай байв. Америкчуудын бөмбөгдөлтөөс болж сургуулийн барилгууд нь нуранги болсон ба улс оронд багш нараа цалинжуулах хөрөнгө үлдсэнгүй. Харин энэ үед Японы сургуулиуд гадаа хичээллэж, япон багш нар бараг цалингүй ажиллаж байсан гэдэг. Энэ бол япон хүний уламжлалт ёс суртахуун байсан юм.

Монголын боловсролыг Японтой зарим нэг талаар харьцуулж болох юм. Японтой харьцуулахад Монголын боловсролын өөрчлөлтүүд нь гадаадын тогтолцоог хоосон хуулбарласан, өөрийн иргэдийг ажил, амьдралаар нь хохироосон, ёстой нөгөө “дүр эсгэсэн” шинэчлэл байжээ. Үүний наад захын жишээ нь 6 настай хүүхдүүдийг сургуульд явуулах, олон улсын хөтөлбөр (Кэмбридж) гэгчид шилжих, “Ном”, “Зөв монгол хүүхэд”-тэй болох шийдвэрүүд юм.   

 

ОРШИЛ

Бусад орнуудтай харьцуулахад Японы сурагчдын математик, шинжлэх ухааны хичээлээр үзүүлсэн амжилт сэтгэл хөдөлгөм билээ. Хэдийгээр тэргүүнд нь эрэмблэгдээгүй боловч PISA-ийн унших чадварын судалгаан дахь тэдний гүйцэтгэл бас л бахдам сайн ажээ. Гэхдээ энэхүү жигд сайн амжилт шинэ зүйл огт биш юм. Япон улс олон улсын эрэмбэ тогтоох иймэрхүү судалгаанд анхнаасаа л хамгийн шилдэг буюу удаах байруудыг эзэлж иржээ.

Зарим туршлагатай ажиглагчид коллежид элсэн орж буй япон ахлах сургуулийн төгсөгчдийг мэддэг, чаддаг зүйлийн хэмжээгээр нь харьцуулбал коллежийн дундаж америк оюутантай дүйнэ гэж хэлдэг. Харин арай хатуу үнэлгээтэй ажиглагчид тэднийг коллежид хоёр жил сурсан америк оюутантай дүйнэ гэдгийг сануулж байна. Бусад ажиглагчид ахлах сургуулийн олон япон төгсөгчид бусад олон орны газарзүй, түүхийн талаар тухайн орныхноос ч илүү мэддэг гэдгийг цохон тэмдэглэдэг юм.

Эдгээр харьцуулалтыг зөвхөн цөөн тооны элит сурагчдын сурлагын амжилттай холбон итгэхэд гайхах зүйл огт үгүй. Гэвч энэ нь тийм биш юм: Японд зохих насныхны 95 хувь нь ахлах сургууль төгсдөг ажээ.

Дээрх түвшний боловсрол нь япончуудын өдөр тутмын амьдралд ч дам нөлөө үзүүлдэг ажээ. Японы сонин хэвлэлүүд өгүүлэлүүдийг нь уншдаг уншигчид нарийн мэдээлэл бүхий статистик хүснэгт, өндөр түвшний техникийн шинжлэх ухааны сэдвүүдийг ойлгож чадна гэж үздэг. Үйлдвэрийн менежерүүд хэрэглээний математикийн мэдлэг шаардсан заавруудыг ахлах сургууль төгсөөд удаагүй ажилчин бүхий багуудад тарааж өгнө.  

Иргэний болон эдийн засгийн утга агуулгаараа энэ түвшний мэдлэг, чадвар нь улс орны хувьд тоолж баршгүй давуу тал өгнө. Тус тайлангийн энэ бүлэгт “Тэд хэрхэн энэ амжилтад хүрсэн бэ?” гэсэн асуулт тавьж байна.

 

Хуудаснууд