Г.Төмөрзаяа: Хүүхэд бидний хэлснээр биш, хийснийг дагаж өсдөг

"Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа багштай аав ээжүүд хүүхэдтэйгээ цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх тухай ярилцлаа.

-Хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй болон үр бүтээлгүй өнгөрүүлэх гэж юуг ойлгох вэ?

-Дэлхий дээр маш олон хүүхэд коронавирусийн улмаас танхимын хичээлээс завсарлан гэрээсээ суралцаж байна. Энэ гэнэтийн өөрчлөлтийн улмаас эцэг эх, асран хамгаалагчид ч гэрээсээ ажиллахын сацуугаар гэрийн багшийн үүрэгт ажлыг давхар гүйцэтгэж байна гэхэд хилсдэхгүй юм. Энэ нь нэг бодлын давуу тал гэж харж болно. Юу нь давуу тал болж байна вэ гэхээр, үнэндээ бид хүүхэд нэг бүрийнхээ суралцах арга барил, нийгэмшихүйн онцлог, сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлтийн ялгаатай байдлыг тийм ч сайн таньж мэдэж чадаагүй байдаг.

Тэгээд цахим хичээл болон өөр олон талт идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдийнхээ аливаа зүйлийг ойлгох, шинээр суралцах чадвар нь ялгаатай болохыг илүү нарийн танин мэдэж, хүүхэд бүрээ сайн ойлгож эхэлдэг. Илүү товчлох юм бол хүүхэдтэйгээ үр бүтээлтэй цагийг өнгөрүүлсэн эцэг эх, асран хамгаалагч бол хүүхдээ илүү сайн ойлгодог болсон гэсэн үг. Үр бүтээлгүй цагийг өнгөрөөнө гэхээр боломж байсан хэдий ч хүүхдэдээ зориулсан цаг гаргаддаггүй. Өөрийн үзэл бодлыг тулгасан, өндөр хүлээлт хүлээсэн, хүүхдийг идэвхгүй хөндий хэн нэгэн болгож байгаа гэр бүлийн төлөөллийг хэлж болох юм.

Цар тахлын энэ цаг мөчид гэртээ хүүхдүүдтэйгээ цагийг үр бүтээлтэй, зугаатайгаар өнгөрөөх санаа, хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогт тохирсон зөвлөгөөг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн Сан гэх мэт Олон Улсын байгууллагаас гаргасан байсан шүү.

-Хөл хорионы үед хүүхэдтэйгээ цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ, жишээ хуваалцвал?

-Хамгийн нэгдүгээрт хүүхэд нэг бүрдээ цаг гаргах нь чухал. Жишээлбэл, миний 5 настай хүүхдийн хуваалцах асуудал 14 настай хүүгийн хуваалцах асуудал ялгаатай, энэ мэдээж. Тийм учраас 5 настай хүүхэд ээжтэйгээ тоглож байх үеэр аав нь 14 тэй хүүтэйгээ банш чимхэнгээ яриа өрнүүлж болно. Тэр сэдэв юу байхыг болж өгвөл хүү нь сонговол чухал.

Хүүхдүүд гол нь ганцаардахгүй, бодож санаж буй зүйлээ гадагшлуулж, уудалж байх нь чухал гэдгийг санаарай. Эсвэл орой бүр хүн бүхэн тухайн өдрийн өөрийн сэтгэгдлээ бие биетэйгээ хуваалцдаг байж ч болно. Хоёрдугаарт, хүүхэд бүр хийх ажлаа 7, 7 хоногоор нь төлөвлөж хүснэгтэд бичээд нүдэнд харагдах газар байрлуулсан байх их үр дүнтэй.

Хүүхэд өдөрт дунджаар 47 минут утас оролдож

байхад, эцэг эхчүүдийнх  197 минут байна.

Тэгээд биелсэн эсэхээ өдөр өдөртөө дүгнээд долоо хоногийн эцэст хамгийн их биелэлттэй байсан нэгнийгээ дуртай киног нь үзэх эрхээр шагнах, гэр цэвэрлэх ажлаас чөлөөлөх гэх мэт урамшуулал байх нь хүүхдэд хариуцлагатай болоод сонирхолтой, илүү идэвхтэй байдаг. Тухайн төлөвлөгөөндөө теле хичээлээс гадна хүүхэд бүр шинэ санаа гаргасан төсөлт ажил оруулж өгөх нь чухал санагдсан. Тухайлбал, ванны бөмбөлөг хийж сурах, саван хийж сурах гэх мэт. Арай бага насны хүүхдэд нь бол шинэ бүжиг, дуу зохиох гээд даалгачихаар 4 настай хүүхэд хүртэл их хөөрхөн бүжиг зохиочихдог юм билээ. Бид гол нь маш сайн дэмжиж урамшуулж байх хэрэгтэй. Хүүхдийн өөрийн санаачилга, бүтээлчээр сэтгэж буй байдал их  чухал.

-Сонсоход үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү биш юм шиг санагдаж байна л даа. Гэхдээ эцэг эхчүүд нийтлэг ямар алдаа гаргадаг вэ?

-Эцэг эх, асран хамгаалагчдын нийтлэг алдаа хүүхэд бүрээсээ ижил үр дүн хүлээх, урам сайшаалыг дутаах эсвэл хэт хоосон магтах, мөн заримдаа хүүхдэдээ уур бухимдлаа гаргах зэрэг нийтлэг дутагдал ажиглагддаг. Хамгийн хайртай хүмүүстээ хамгийн муухай дүр төрх, уур бухимдлаа гаргаж болохгүй шүү дээ. Хүн бүхэнд уур бухимдал бий.

Хүүхдээсээ юу хүснэ, өөрөө тийм л байх хэрэгтэй.

Түүнийгээ хамтдаа зөв байдлаар гаргаж тайвшрах арга замд суралцах хэрэгтэй. Мөн хүүхэд бүрийнхээ давуу талыг нээн илрүүлэх судлаач нь байгаарай гэж захимаар байна. Бид сайн ажиж чадвал хүүхэд бүрд онцлог бий. Түүнийг нь нээн илрүүлэх хүртлээ тоглоом, урлаг, ном гээд олон төрлийн хүүхэд хөгжүүлэх аргуудаар оролдуулах хэрэгтэй.

Тэгээд гарцаагүй бүжгийн эвсэлтэй бол заавал муухай бичиж байгааг нь онцлоод байлгүй “ийм гоё эвсэлтэй бүжиглэж байгаа юм чинь бичиг нь ч бас удахгүй маш гоё болно гэдэгт ээж нь итгэж байна аа” гэх мэтчилэн хүүхдийнхээ сайн хийж буй нэг зүйлийг нь олж хараад түүн дээр нь дөрөөлөөд “би чадах зүйлтэй” гэсэн өөртөө итгэх итгэлийг нь бий болгоорой. Хүүхдийн хамгийн чухал чанар оролдоод үзье, би чадна гэж бодох хичээл зүтгэл буюу өөртөө итгэх итгэл нь юм шүү дээ. Түүнээс биш эгч чинь ийм гоё бичиж байхад чи бичиж байгаагаа хар гээд харьцуулаад байвал хүүхэд “би угаасаа л муухай бичдэг” гэсэн өөртөө итгэлгүй сөрөг хандлага дээрээ тогтох тал бий.

-Цагийг үр бүтээлгүй өнгөрөөхөд нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ? Түүнээс хэрхэн зайлсхийх вэ?

-Ер нь цагийг үр бүтээлгүй өнгөрөөхөд нөлөөлдөг өнөө цагийн гол хүчин зүйл бол цахимын зохистой бус хэрэглээ юм. "Хөөрхөн Шар Шувуу" сургалт судалгааны төв дээр 2019 оны 11 сард энэ коронавирус гараагүй үед авсан “Бага насны хүүхдийн зурагт, утасны хэрэглээ”-ний судалгаанаас харахад хүүхэд өдөрт дунджаар 43 минут утас оролдож байхад, эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд өдөрт дунджаар 197 минут гар утсаа оролдож байна гэсэн судалгааны дүн гарч байсан. Энэ нь юуг хэлээд байна гэхээр эцэг эх хүүхдийнхээ дэргэд байдаг хэдий ч яг түүнд зориулсан чанартай цагийг гаргадаггүй, амьд харилцаа үүсгэхгүй байгааг тодруулж өгч байгаа юм. Тиймээс эцэг эх дижитал технологийн дэвшилтэд үед амьдарч буй хэдий ч түүндээ цагийн хязгаар тавьж, эцэг эхийн үүргээ ухамсарлаж хүүхдэдээ ч мөн эерэгээр үлгэрлэж, хүүхдийнхээ тоглож буй тоглоом үзэж буй зүйлд хамтын оролцоотой байх нь зүйтэй.

-Сайн эцэг эх болон муу эцэг эх гэх яриа түгээмэл сонсогддог?

-Сайн муу эцэг эх гэж оноохоос илүүтэй сайн үлгэрлэлтэй, муу үлгэрлэлтэй эцэг эхчүүд гэж байгаад байна уу даа гэж анзаардаг. Хүүхэд гэдэг чинь цав цагаахан сүү шиг, ариухан. Тэдэнд юуг өгнө түүнийг иднэ, юуг заана түүнийг сурна. Эцэг эх болно гэдэг маш том, насан туршийн үүрэг хариуцлага юм гэдгийг бүр ерөнхий боловсролоос нь хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Ийм хөтөлбөр зайлшгүй хэрэгцээтэй нь олон удаагийн судалгааны дүнгээс харагдсан. Хүүхэд бидний хэлснээр биш хийснийг дагаж өсдөг.

Өөрөө тамхи татчихаад “Ээ дээ, чи тамхи татаж болохгүй шүү” гэж зөвлөөд нэмэргүйтэй адил. Хүүхдээсээ юуг хүснэ өөрөө тийм л байх хэрэгтэй. Хүүхдэд тавьдаг шаардлагаа өөрөө ч мөн биелүүл. Өөрөө зурагтаа үзээд хэн нэгнийг шүүмжилж гоочилж байж хүүхдээ хэн нэгнийг өөлдөггүй нэгэн болно гэж хүлээлтгүй. Өөрсдөө хүүхдэдээ буруу зүйл хийчхээд тэднээсээ уучлалт хүсдэггүй байж хүүхдээсээ соёл хүсээд нэмэргүй л гэсэн үг юм даа. Гэхдээ одоо нэгэнт өнгөрсөн хожимдсон гэж бодож болохгүй. Хүн бүхэн алдаа оноотой, төгс биш. Алдаагаа ойлгоод засаж сайжруулаад явахад л болно доо. Мөн хүүхэд ихэвчлэн өөрийг нь үнэлсэн насанд хүрэгчдийн үнэлгээгээр өөрийгөө баримжаалдаг учраас тэднийхээ давуу талыг олж харж, сайн хийсэн үйлдэлд нь тохирсон сайшаал, дэмжлэгийг өгч урамшуулж байгаарай.

Хүүхдийн маш чухал хэрэгцээ бол биеийн энергиэ

гүйж харайж, чанга орилолдож зарцуулах байдаг.

-Хүүхдүүд хоёр жил дараалан танхимаар хичээллэж чадахгүй байгаа нь ямар уршигтай вэ. Ээжүүд хүүхдээ сурлагын хоцрогдолд орох болон энэ нь цаашдын амьдралынх нь чанарт хэрхэн нөлөөлөх бол гэж санаа зовж байна.

-Хичээл сургалтын үр дүн талаас харахад хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлага, суралцах орчин, технологийн ялгаатай байдлаас хамаарч хүүхдүүдэд хичээлийн хоцрогдлын ялгаатай байдал улам нэмэгдэх төлөвтэй болж байна. Танхимын сургалт руу шилжсэн ч багшийн ур чадвар, хүүхдийн тоо, ачааллаас хамаарч харилцан адилгүй үр дүн байх нь мэдээж.

Тиймээс бид энэ нөхцөл байдлаа тооцоолж судалгаа, эрэл хайгуул хийж хөтөлбөрөө илүү уян хатан, эцэг эх, суралцагчийн оролцоонд суурилсан байдлаар шийдэхгүй бол боловсролын ялгаатай байдал улам ч нэмэгдэж магадгүй. Мэдээж эцэг эх нь хамтын оролцоотой, сурах орчин бүрдсэн хүүхдэд одоогийн үүсээд байгаа нөхцөл байдал нэг талаараа давуу тал ч болж байгаа. Энэ үеийнхэн чинь технологийнхоо хэлийг маш сайн мэдэж байх хэрэгцээтэйгээс гадна технологио зөв зохистой ашиглах дадалд суралцаж, олон талаар хөгжих боломжтой болчихоод байна шүү дээ.

-Цар тахлаас үүдэн сурч чадаагүй боловсрол болон бусад алдсан боломж, хоцрогдлыг онлайн хичээл, гэрийн даалгавраар нөхөх боломжтой юу?

-Боловсрол гэдэгт бид оюун ухааны боловсрол, сэтгэл зүрхний боловсрол гэсэн хоёр үндсэн ойлголтыг ямагт хамт авч явж байх хэрэгтэй болов уу. Оюун ухааны боловсрол гэдэгт хүүхдийн бодох, эргэцүүлэх, асуудал шийдвэрлэх чадвар, ой тогтоолт, хэл ярианы хөгжлийг багтааж болох бол сэтгэл зүрхний боловсрол нь бусдыг болон хүрээлэн буй орчноо ойлгох, өөрт төрж буй мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх болон бусад хүмүүстэй харилцах, хариу үйлдэл хийх явдлыг хэлэх юм.

Тэгэхээр цар тахлын улмаас гарцаагүй л хүн бидэнд ялангуяа хүүхдүүдэд маань хүмүүстэй харилцах, сэтгэл санаагаа хуваалцах зэрэг нийгмийн харилцаан дундаас бий болох боловсрол нь дутагдаж байгаа. Тиймээс энэ цаг үед гэр бүлээрээ илүү сэтгэл хөдлөл илэрхийлсэн тоглоомууд тоглож, бие биенийхээ санаа бодлыг сонсож, цахимаар дотнын хүмүүстэйгээ тогтмол харилцаж, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, эрт унтах зэргийг өдөр тутмын хэв маягаа болгох нь маш чухал.

Түүнээс тасралтгүй олон цагийн хичээлийн хөтөлбөр гаргачхаад хүүхдийг шахах, хүн бүхэн нэг нэг дэлгэц ширтээд бие биетэйгээ харилцаагүй өдрүүдийг өнгөрүүлэх нь төдийлөн тохиромжтой биш юм. Хүүхдийн хичээлийг гэрийн даалгавраар хийсэн гэж хязгаарлахаасаа илүүтэй хүүхдийнхээ хүлээж авч буй түвшин, анхаарал төвлөрөлт зэргийг ажиглаад агуулгыг илүү сонирхолтой тоглоомын хэлбэрээр баяжуулж ойлгуулаад байж болно. Хүүхэд ойлгож авах нь чухал. Илүү тодруулбал үсэг сураад унших боллоо гэхэд хурдан унших нь чухал биш ойлгож унших нь маш чухал.

Тиймээс нэг дор олон зүйл унших гэж яарахаас илүүтэй нэг өгүүлбэр уншаад түүнийгээ ойлгоод тайлбарлаж байвал маш сайн урамшуулах хэрэгтэй. Бидний оролдлого, санаачилга их чухал. Хүүхдээ бусдаас түрүүлж илүү олон зүйл сургана гэж яарахаас илүүтэй шинийг сурах хүсэл эрмэлзэлгүй, шантрамхай хэн нэгэн болгочих вий дээ гэдэгт маш нухацтай хандах хэрэгтэй. Эцэг эхчүүд их яарснаас болоод дөнгөж зургаа долоохон настай хүүхэд нь хичээлээс залхсан, суралцах ямар ч хүсэлгүй болчихсон тохиолдлууд их элбэг болж буй тул дахин л сануулж байгаа юм шүү.

-Эцэг эхчүүдийн дунд хүүхэд маань цэцэрлэгээс шууд гуравдугаар ангид орох нь гэсэн шог яриа ч гарч байна. Энэ талаар таны бодол?

-Үнэний ортой. Ямартай ч тодорхой судалгаа хийгээгүй учраас баримжаагаар хэлэхэд энэ үеийнхэн анхаарал төвлөрөлтийн хэм алдагдсан, стресс их байгаа нь хаврын хөл хорионы дараах сургалтын явц дундаас ажиглагдаж байсан. Энэ нь хүүхэд биеийн эрч хүчээ хангалттай гаргаж чадахгүй байх, дэлгэцийн хэрэглээ тохиромжтой биш болох, нойрны хэмнэл алдагдах зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай.

Ташрамд хэлэхэд хүүхдийн маш чухал хэрэгцээ бол биеийн энергиэ гүйж харайж, чанга орилолдож зарцуулах байдаг. Ер нь гурван настай балчрын эрч хүчийг гучин настай тамирчин дагаж гүйгээд барахгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.

Тиймээс энэ хөл хорионы цагаар бага насны хүүхэдтэй

хөршүүдийгээ харж үзээрэй хэмээн уриалж байна.

Учир нь хүүхдийн гүйж харайх хэрэгцээг хангах нь чухал.

Хүүхэд өдрийн цагаар ингээд сайн дураараа харайчихвал шөнөдөө нам унтаж чаддаг. Эс тэгвэл шөнийн унтлага нь оройтоод, чанаргүйтээд хүүхдийн стресстэх үндсэн шалтгаан болж байгаа юм.

 

Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: Д.Азжаргал, gogo.mn/r/xjoym