Сонирхолтой бүтээлэг

Бага насны хүүхдэд өөрийгөө тусгаарлах, ганцаараа байх сонирхол их байдаг. Бид тэдний ийм сонирхол хүслийг харгалзан нэгэн тоглоомын орчин бүрдүүлснээ мэргэжил нэгт нөхдөдөө танилцуулъя. Манай хүүхдүүд энэ тоглоомдоо маш дуртай, дотор нь орж өөрийнхөөрөө тоглоно, ном үзнэ, ганцаараа байна. Мөн бусад хүүхдүүд дээр нь байгаа сонирхолтой дасгал, даалгавар гүйцэтгэдэг.  

Ингээд “Сонирхолтой бүтээлэг” тоглоомыг хэрхэн хийх, түүгээр хүүхдүүд яаж тоглодогыг үзүүлье.

            Хэрэглэгдэх зүйлс:

Ижил хэмжээтэй 2 ширээ, зэрэгцүүлж тавьсан 2 ширээний тавцангийн дөрөвний нэгийн хэмжээтэй,  ширээн дээр хийх дасгалын дэвсгэр хийх 4 өөр өнгийн үслэг зөөлөн даавуу (автомашины суудлын бүрээсний материал байж болно), ширээний хажуу талуудыг халхалж байх цулгуй өнгийн даавуу, туузан эмжээр, 50 см-ын хэмжээтэй цахилгаан 1 ширхэг, ширээний 3 талын цонхонд тор (тюль), дасгал, даалгавар хийх жижиг үслэг даавуунууд, зангуу, уяа, товч

            Хийх аргачлал:

            Энэ тоглоомын гол хэрэглэгдэхүүн нь ширээний бүтээлэг юм.

  1. Ширээгээ зэрэгцүүлж тавина.

 

2. Зэрэгцүүлж тавьсан ширээнийхээ дээд талын тавцанд тохируулан өөр өөр өнгийн 4 ширхэг дөрвөлжин үслэг даавууг тэнцүү хэмжээтэйгээр эсгэж, зүйж оёно. Дээр нь дасгал, даалгавруудыг хийнэ. Ширээн дээрх дасгал, даалгаврыг хүүхдийнхээ нас, сэтгэхүйн онцлог болон сэдэвтэйгээ холбон олон хувилбараар хийж болно. Тухайлбал товч, үдээс, зөөлөн даавуу, зангуу зэргийг ашиглан үдэх, товчлох дасгал, тооллын дасгал, эвлүүлэх тоглоом гэх мэт.

 

3. Ширээний хөлийг халхлах нэг өнгийн даавууныхаа гурван талд (ширээний нэг талд нэг цонх байхаар) цонх гаргана. Нөгөө нэг талаас нь хүүхэд орж, гарч байхаар цахилгаанаа оёно.

 

4, Тавцангийн хэсэг дэх даавуундаа ширээний хөлийг халхлах (жижиг байшингийн хана болох) даавуугаа эргэн тойрон барьж оёно.  

 

Ширээн дээрх дасгал, даалгавар бүр өөр өөр байна.

Тоглохдоо:

Ширээгээ бүтээнэ.

 

Ширээн дээрх 4 өнгө тус бүрт 1-2 хүүхэд сонирхлоороо тоглоно.

 

Хүүхдүүд мөн ширээн доогуур орж тоглож, ном үзэж болно.

 

Дорнод аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Ц.Оюунгэрэл