Хүүхдэд цай аягалах, уух монгол ёс заншлаас танилцуулах

2021.02.25

Цай нь бага балчруудаас эхлэн хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ тул бид цайг “идээний дээж” хэмээн бэлгэддэг. Монголчуудад цай чанах, аягалах, уух нарийн ёс заншил, уламжлал  хадгалагдан ирсэн байдаг. Үүнийг өдөр тутмын амьдралынхаа явцад (бодит үйлээр дамжуулан) хүүхэд багачууддаа өвлүүлэх нь бидний үүрэг билээ. Эцэг эхчүүдээс гадна цэцэрлэг дээр багш нар бид ч үүнд хувь нэмрээ оруулах боломжтой.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдэд цай уух, аягалахад цээрлэх ёс заншлаас мэдэж авах, мөн  “хишиг” , “амны хишиг” зэрэг зарим холбогдох үгтэй танилцах боломж олгоно. Багш нар гол нь өглөөний цай, өдрийн хоол гэх мэт бодит үйл явцын хүрээнд энэхүү ёс заншлаас хүүхдүүдтэйгээ ярилцаж, хэрэглэж байна уу.

Дараах зургуудыг ашиглан хүүхдүүдтэйгээ ярилцаж болох юм. Асуулт тавиад хүүхдүүдээс хариулт хүлээх нь чухал. Бидний үүрэг бол хүүхдийн тэрхүү хариултуудыг зөв зохистой чиглүүлэхэд оршино. Ярилцлагыг хөтлөхөд тань зориулж хаалтан дотор хариултын зарим санааг бичсэн байгаа. Тэдгээрийг Та баяжуулан ашиглаарай. Манай ээж аав нар ч энэхүү материалыг бас ашиглаж болох юм.

  1. Яагаад зогсоогоороо цай ууж болохгүй вэ?

(Тухгүй, цайгаа асгаж мэднэ, түлэгдэх аюултай... Монголчууд “Яарч сандарч байвч цайг зогсож уухгүй. Ажил бүтэхгүй” гэдэг. Иймд ажил үйлээ бүтэмжтэй байлгахыг бэлэгдэж, яарч байсан ч цайгаа тайван сууж уудаг.)

 

  1. Ямар өнгөтэй, ямар хээтэй аяганд цай хийсэн байна вэ?

(Шар өнгөтэй, цэцгэн хээтэй аяга, цэнхэр өнгөтэй, цэцгэн хээтэй, бас өөр хээтэй аяга)

  1. Энэ хоёр цайтай аяга юугаараа адилхан байна вэ?

(хоёулаа сүүтэй цайтай, аяганууд цэцгэн хээтэй, цай нь амсраасаа доош ижилхэн хэмжээтэй  ...)

  1. Энэ хоёр цайтай аяганаас 3-4 ялгаатай зүйлийг олоорой.

(Өнгө нь өөр, нэг аяга нь эмтэрхий, амсрын хээ нь ялгаатай, шар аяганы дотор тал нь гадна талтайгаа адилхан шар байхад, цэнхэр өнгөтэй аяганы дотор тал цагаан өнгөтэй, аяганы амсрын хээ нь өөр...)

  1. Хүнд цай хийж өгөхдөө эмтэрхий аяганд хийсэн дээр үү, бүтэн аяганд хийсэн нь дээр үү? Чи юу гэж бодож байна?
  2. Эмтэрхий аяганд цай уух нь ямар муу нөлөөтэй вэ?

(Уруул, хуруугаа зүсэж магадгүй ... Эмтэрхий аяганд цай хийх нь зочноо доромжилсон хэрэг гэж үздэг.)

 

  1. Энэ хоёр аягатай цай ямар ялгаатай байна вэ?

(Нэг нь маш дүүрэн, нөгөөх нь дундуур)

  1. Цайг аяганд дүүрэн хийж, хүнд өгөх нь зөв үү? Эсвэл дундуур хийж өгөх нь зөв үү?

(дүүрэн)

  1. Хүнд цайгаа хэтэрхий дүүрэн хийж өгвөл яах бол?

(Халуун цайнд түлэгдэх аюултай. Монголчууд цайг аяганд хэт дүүргэж хийвэл буян  хишиг асгарна гэдэг.)

  1. Яагаад дундуур хийж өгдөггүй вэ?

(Дундуур хийвэл цай авч байгаа хүнээ хүндлээгүй хэрэг болно...)

  1. Цайг аягалахдаа ямар хэмжээтэй хийх вэ? Яагаад?

(Цайг хэтэрхий дүүрэн биш, дундуур биш аягална.)

 

  1. Зураг дээр  юу хийж байна вэ?
  2. Цайг хийж байгаа аяганы амсар дээрх сумыг ажиглаарай. Аяганы амсар дээрх сум хаашаа чиглэсэн байна вэ?
  3. Цайг аягалахдаа нар зөв эргүүлэгтэй аягалдаг. Энэ нь бүх зүйл сайн сайхан байхыг бэлгэддэг.
  4. Нар зөв эргүүлэг гэдгийг хуруугаараа эргүүлэн зааж харуул даа.
  5. Цайг аягалахдаа нар буруу эргүүлж хийхгүй. Ажил, үйл бүтэхгүй гэж үздэг.

 

  1. Энэ зураг дээр аягатай цайгаа яаж барьсан  байна вэ?
  2. Энэ хоёр хүний аль нь аягаа зөв барьсан байна гэж бодож байна? Яагаад?

....

  1. Аягатай цайг хүнээс авахдаа яаж авах вэ?

(Хоёр гараа тосож авна.)

  1. Монголчууд  яагаад хүнээс цай авахдаа хоёр гардан авч уудаг вэ?

(Цай өгч байгаа хүнээ хүндэтгэж...)

  1. Цайг уух  болон хүнээс авах, хүнд өгөхдөө аяганы амсрыг хурууны өндгөө давуулан барьж болох уу?  Яагаад?

(Болохгүй. Гарын бохир цайнд орно. Хурууны өндөг халуун цайнд түлэгдэнэ...)

 

  1. Зураг дээрх охин юу хийж байна вэ?
  2. Хүн цай хийж өгөхөд амсалгүйгээр ширээнд тавьж болох уу?

(Болохгүй. Цайгаа амсаж ууж байж ширээн дээр тавина.)

  1. Яагаад?

(Цай өгч байгаа айл, хүнийг хүндэтгээгүй гэж үзнэ....Монголчууд цайгаа амсалгүйгээр тавьбал чөтгөр түрүүлж амсана гэж цээрлэдэг.)

  1. Ээж нь цайгаа аягалаад хэнд хамгийн эхлээд өгөх билээ?

(аавд)

  1. Яагаад эхлээд аавд нь өгч байгаа юм бол?

(Аав гэрийн эзэн, хамгийн мундаг нь.... Гэрийн эзэнд цайны дээжээ өгөлгүйгээр зочин болон бусад хүнд өгвөл гэрийн эзний хишгийг тараасан хэрэг, хийморь олз нь доройтно гэж үздэг. )

 

Цөмөөрөө нэг зүйр цэцэн үг цээжилж, утгыг ярилцацгаая.

Аавын хишиг амттай

Ээжийн цай аагтай

Амны хишигтэй, хүү\охин минь

Алд өндөр болоорой.

 

Хүүхдүүд ээ,

“Хишиг” гэж юу юм бол?

(Насаар ахмад хүн насаар дүү хүнд юм өгөх. Жишээлбэл, аав нь хүүхдүүддээ чихэр, жимс эсвэл тавагтай идээнээсээ тарааж өгөх.)

Аагтай цай гэж ямар цайг хэлдэг вэ?

(амттай, өтгөн цай)

“Амны хишиг” гэдэг үг ямар агуулгатай вэ?

(Хоол унд, эд зүйлсээр элбэг хангалуун байх)

Нэг алдлаад харуулаадах даа.

 

 

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүүхдийн цэцэрлэг

 

Багш С.Мөнхзул