“Том болох” тухай хүүхдийн ярилцлага

“Өнөөгийн цэцэрлэг” (ХБНГУ) сэтгүүлийн 2017 оны 7 дугаар сарын  дугаарт нийтлэгдсэн хүүхдүүд “Том болох” тухай багштайгаа хэрхэн ярилцсантай танилцана уу. Энэхүү ярилцлагын тэмдэглэл нь манай багш нарт хүүхэдтэй хэрхэн ярилцаж чиглүүлэх болон Чөлөөт ажиглалтын тэмдэглэл хөтлөхөд зарим санаа өгөх болов уу. Эндээс мөн ээж аав нар хүүхдэдээ хэрхэн хандаж харилцах ёстойг харж болно.

Үйл явдал:  Маггий (4 настай) охин өглөө ангидаа нэлээд ууртай орж ирэв. Тэрээр өнөөдөр ээжийгээ явахад “баяртай” ч гэсэнгүй. Линда (багш) түүн рүү очиж, харц нь нэг түвшинд байхаар явган суугаад мэндлэв.

Линда  - Хэу, Өнөөдөр юу болсон бэ?

Маггий  - Би одоо бүгдийг дандаа өөрөө хийх ёстой юм уу!

Маггийн нулимс хацрыг нь даган урсана. Тэрээр зөөлөн тоглоомон туулайгаа бие рүүгээ нааж тэвэрсээр. Линда Маггийгаас өнөө өглөө юу болсныгоо ярих уу гэж дахиж асуухад Маггий толгой дохив. Линда Маггийг тэврээд, буйдан дээр очиж суув.

Маггий - Өнөө өглөө би унтлагын хувцсаа өөрөө тайлах болсон. Ээж намайг чи үүнийг хийж чадахаар том болсон гэж хэлсэн.

Линда - Аан, тэгээд л чи одоо уурлаад байгаа юм уу? 

Маггий - Би ойлгохгүй байна. Яагаад би заавал үүнийг өөрөө хийх ёстой юм? Би бас шүдээ өөрөө угаах ёстой! Ээж зөвхөн дараа нь л угааж өгдөг. Би том болмооргүй байна! Хэзээ ч!

Линда  - Бүх хүүхэд л том болдог. Би ч бас хүүхэд байж байгаад том болсон. Хэзээ нэгэн цагт чи ч бас том болно.

Зарим хүүхэд тэдний яриаг сонсож байгаад зэрэгцэж суув. Энес (6 настай) Маггийн дэргэд зогсоод толгойг нь илэв.

Энес  - Маггий, унтлагын хувцсаа тайлах, шүдээ угаах чинь тийм ч муу юм биш.  Томчууд хүнээр хувцсаа тайлуулж, шүдээ угаалгадаггүй шүү дээ. Томчууд бүгдийг өөрсдөө л хийдэг.

Маггий - Яагаад би том болох ёстой гэж? Энэ чинь сайхан биш ш дээ.

Линда  - Хмм. Энэ санааг чинь би бага боловч зөвтгөмөөр байна. Том болоход зарим зүйл тийм ч амар биш. Гэхдээ том болох их гоё. Та нараас яагаад гоё байдаг тухай төсөөлөөд хэлэх хүүхэд байна уу?

Энес  - Одоо зөвшөөрдөггүй юмнуудыг хийж болно. Машин жолоодож явна, компьютер дээр хүссэнээрээ удаан тоглоно. 

Сүэбел  - Би хүссэнээрээ тийм их чихэр худалдаж авна. Тэгэхэд хэн ч загнахгүй.

Линда  - Яг тийм. Гэхдээ би арай өөр юм бодоод байна. Та нар бодоод үз дээ. Дандаа хүүхэд байгаад байвал гоё байх болов уу? 

Бүх хүүхэд:  „Гоё, гоё!“ гэцгээв.

Линда  - Хмм. Окау. Тэгвэл та нар хэзээ ч хувцсаа өөрөө өмсөхгүй, хэзээ ч шүдээ өөрөө угааж чадахгүй юм байна л даа. Бас гутлаа өөрөө өмсөхгүй, үсээ өөрөө самнаж чадахгүй.

Сүэбел  - Би өөрөө гутлаа өмсөх дуртай.

Линда  - Өө, тийм үү? Чиний хийх гэсэн юмыг томчууд өмнөөс чинь хийж өгчихөөд байвал сайхан биш үү?

Сүэбел  - Үгүй, тэгвэл гутал өмсгөж өгтөл нь хүлээх болно. Бас гадаа цэцэрлэг (талбай) рүүгээ ганцаараа гарч чадахгүй, гарах гэвэл аав, ээжээс эсвэл өвөөгөөс асуух хэрэг гарна. Ингэх нь тэнэг.  

Линда  - Өө, тийм үү?

Лиза  - Түүнээс гадна намайг өөрөө хийж чадаж байвал манай ээж их баярладаг. Тэгээд ямар гоё магтдаг гээч.

Линда  - Тэгэхээр та хоёрыг том болох дуртай юм байна гэж ойлгож болох уу?

Энес, Лиза  - Тийм.

Линда  - Тэгэхээр хэрэв би зөв ойлгосон бол том болсноор хүн бусдаас дандаа туслалцаа авах гээд байхгүй, өөрөө юмаа хийдэг юм байна. Юу хийхээ ч өөрөө шийднэ. Бас өөрөө юмаа хийж сурвал ээж аав нар их баярладаг. Тийм үү?

Маггийгаас бусад бүх хүүхэд багшийн хэлснийг зөвшөөрөв.

Маггий  - Гэхдээ, хэрвээ би бүх юмаа өөрөө хийх юм бол хэн ч намайг тоож анхаарахгүйш дээ? 

Линда  - Хмм, окау. Өөрөө хувцсаа тайлж, шүдээ угаавал ээж чинь чамайг анхаарч халамжлахаа байчихна гэж чи бодоод байна уу?

Маггий  - Тийм! Тэгвэл манай ээж намайг тоохгүй болно. 

Линда - Чи хэл дээ. Ээж чинь орой болгон орны чинь хажууд суугаад үлгэр, өгүүллэг уншиж өгдөг үү? Бас өглөөний цайг чинь сайхан бэлтгэж өгдөг биз дээ? 

Маггий - Мэдээж, тэгдэг!

Линда  Чамайг хувцсаа тайлж сайн чадахгүй байхад ээж чинь зүгээр л хараад суудаг уу?

Маггий  - Тэгвэл ээж надад тусалдаг. 

Линда  - Ах. Тэгэхээр ээж чинь чамд өөрөө юмаа хийх хэрэгтэй гэж хэлдэг, гэхдээ хийж чадахгүй бол чамд тусалдаг юм байна ш дээ. Тийм үү?  

Маггий  - Ер нь тийм л дээ.

Линда  - Чи ээж намайг анхаарч халамжлахаа байчихна гэж бодоод байгаа. Гэтэл яагаад туслаад байгаа юм бол?

Маггий

бодож байснаа:     - Хмм, яагаад гэвэл надад хайртай болохоороо.

Линда  - Хмм. Хүн хэн нэгэнд хайртай байхаараа юу хийдэг вэ?

Маггий

Бодлогоширсноо:   - Чи өөрөө юу гэж бодож байна?

Линда  - Би тэгвэл өөр юм асууя. Танайх усан гахайтай. Чи усан гахайндаа хайртай юу?

Маггий  - Мэдээж! Пинкэү! Их хөөрхөн!

Линда  - Чи Пинкэүд хайртай гэдгээ яаж харуулдаг вэ?

Маггий  - Би түүнийг илдэг, идэх юмыг нь өгдөг.

Линда  - Их сайн. Чи тэгэхээр усан гахайгаа арчилж хамгаалдаг юм байна. Ээж  чинь бас үүн шиг чиний төлөө ямар нэг юм хийдэг үү?

Маггий  - Мэдээж! Өнөөдөр бид мөхөөлдөс идэхээр явна.

Линда  - За, чи харав уу? Энэ юу гэсэн үг вэ гэвэл хүн хайртай хүнээ сайн сайхан байлгахыг хүсэхдээ л анхаарч халамжилдаг.  

Маггий  - Би ч гэсэн тэгж бодож байна л даа.

Линда  - Чи хожим том болохоороо юуг ч өөрөө хийж чадахгүй, дандаа бусдаас туслалцаа авах хэрэгтэй бол чамд сайхан байх уу?  

Маггий

Бодолхийснээ:        - Үгүй, сайхан биш. 

Линда  - За, харж байна уу, би ч бас тэгж бодож байна. Ээж чинь чамайг өөрөө хийхийг хүсэж байгаа нь чамд тусалж чадахгүй болсон үедээ чамд хэцүү биш, бүгдийг өөрөө чаддаг, сайн сайхан байгаасай гэсэндээ л юм байна.

Маггий  - Хмм.

Линда  - Том болох нь заримдаа их ачаалал ядаргаатай. Гэхдээ хожим чи хэн нэгнээс дандаа туслалцаа хүсээд байхгүй өөрөө юмаа хийж чаддаг, хийх дуртай байх нь хамгийн чухал. Бас ээж чинь чамаас ямар нэг юмыг өөрөө хийхийг шаардаад байгаа нь чамд дандаа хайртай байгаагийн шинж. Ээж чинь зүгээр л дараа нь хэрэг болох бүх зүйлийг чамайг хийж сураасай гэсэндээ л тэр. 

 

Аника Вальтер (Anika Walther)

 

Орчуулсан: Н.Норжхорлоо

 

Эх сурвалж: kindergarten heute / 6/7_2017 www.kindergarten-heute.de