Багш нар аа, “Ажиглалтын хуудас”-аа татаж аваарай

Сургуулийн өмнөх насны хүүхдийн “Ажиглалтын хуудас”, хөгжлийн улсын дундаж үзүүлэлт болон хүүхдийн хөгжлийг ажиглаж, баримтжуулах асуудлаар багш нараас гарч буй зарим асуултын хариултыг нийтэллээ. “Ажиглалтын хуудас”-ыг мөн Боловсролын үнэлгээний төвийн http://sub.eec.mn/ вэбсайтын  OFFLINE (LOCAL) хэсгээр ороод, дээд талд буй “Ажиглалтын хуудас татаж авах” гэснээс татаж авч болно.

Ажиглалтын хуудас

 

СӨНХ-ийн хөгжлийн улсын дундаж үзүүлэлт - 2016

Асуулт, хариулт

  • Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ ямар онцлогтой вэ?

Өмнө нь бид хүүхэд юу сурсан бэ гэдгийг үнэлдэг байсан бол одоо бидний явуулсан сургалт, бусад үйл ажиллагааны үр дүнд хүүхэд бүр ямар хүн болж байна вэ гэдгийг үнэлж байгаа нь хамгийн онцлог юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийг нэг бүрчилсэн мэдлэг, чадвараар бус, эзэмшсэн чадамжаар нь үнэлж байна гэсэн үг. Зөвхөн мэдлэг, чадварыг нь авч үзээд, түүгээр нь үнэлэхэд хүүхдийн хөгжлийн хөдөлгөгч хүч болсон тэдний дотоод ертөнц, жишээлбэл  сонирхол, дуртай дургүй зүйл, сэдэл, хүсэл эрмэлзэл, чармайлт илэрч харагддаггүй. Чадамж (competence) гэдэг нь ихээхэн нийлмэл ойлголт бөгөөд үүн дотор мэдлэг, чадвараас гадна хүүхдийн зан чанар, харилцаа, сонирхол, сэдэл, хэвшил дадал гэх мэт олон зүйлс агуулагдаж, тэдгээр нь хоорондоо харилцан нөлөөлж байдаг.

  • Хүүхдийн чадамжийг тестээр үнэлж болох уу?

Тестээр аль нэг мэдлэг, чадварыг л илрүүлж харна уу гэхээс биш, тухайн хүүхдийн чадамж, онцлогийг илрүүлэх боломжгүй. Тэгэхээр ерөөсөө хүүхдийг үнэлэх үндсэн арга бол ажиглалт. Гэхдээ яг байгаа байдал, амьдрал дунд ажиглах. Цэцэрлэгийн өдөр тутмын амьдралын явцад хүүхэд биеэ хэрхэн авч явж байгаа, явуулсан үйл ажиллагаанууд, тоглоомд хэрхэн оролцож байгаа, ямар зан ааш гаргаж, бусадтай хэрхэн харилцаж байгаа гэх мэт бүх талаас нь янз бүрийн нөхцөл байдал, орчинд хүүхэд бүрийг мэдэрч ажиглана, түүнийгээ баримтжуулна. 

  • Хүүхдийн онцлог гэж юу вэ?

Хүүхэд бүр өөр өөрийн сонирхдог зүйлтэй, мөн тэд өөрийн гэсэн суралцах чадавх (потенциал), эрэлт хэрэгцээ, суралцах хурд, арга барилтай. Эдгээрийг хүүхдийн онцлогт хамруулан үзэж болно. Мөн хүүхэд бүрийг чадамжаар нь үнэлснээр аль чадамжаараа сайн, аль чадамжаараа сул байгааг харж болно.

Чөлөөт ажиглалтаар хүүхдийн сайн талыг тэмдэглэж бичээд, муу талыг нь бичихгүй байгаа. Энэ зөв үү?

Чөлөөт ажиглалтаар хүүхдийн байгаа байдлыг яг тэр чигээр нь бичнэ гэж байгаа. Тэгэхээр сайн, муу аль аль нь бичигдэж таарна. Муу буюу сул талыг тэмдэглэж авч хоцрохгүй бол дараа нь түүнийг хэрхэн арилгаж, сайжруулсан нь мэдэгдэхгүй, баримтгүй үлдэнэ шүү дээ. Харин тэр сул талын мэдээллээ багш өөр дээрээ л байлгаж байх хэрэгтэй. Манай багш нар хүүхдийн давуу сайн тал дээр нь тулж ажиллана гэдгийг энэ чөлөөт ажиглалтын тэмдэглэлийн сул талтай хольж ойлгоод байх шиг байгаа юм.

  • Ажиглалтын хуудсын зарим асуултыг эцэг эхээр үнэлүүлж болох уу?

Ажиглалтын хуудсын дагуу хүүхдийг үнэлэх нь багшийн хийх мэргэжлийн ажил бөгөөд эцэг эх, олон нийтэд цэцэрлэгийн багшийн ур чадварыг харуулах, үнэлэмжийг дээшлүүлэх нэг чухал арга хэрэгсэл. Ажиглалтын хуудсын асуултуудын дагуу хүүхдийг үнэлснээр багшийн хүүхдийг оношлох, тэдэнтэй ажиллах ур чадвар сайжрахад ч ач тустай.  Ажиглалтын хуудсаар үнэлэх үнэлгээ нь хүүхэд бүрийн хөгжлийг дагаж дэмжих, хүүхэд бүрт тохирсон дэмжлэг туслалцаа үзүүлэхэд багшид л хэрэглэгдэнэ. Эцэг эхээс авсан мэдээллийг багш өөрийн ажиглалтаар баталгаажуулан Ажиглалтын хуудсын үнэлгээнд ашиглана уу гэхээс биш, эцэг эхээр Ажиглалтын хуудсын асуултуудыг үнэлүүлэхгүй.  

  • Хөгжмийн багш нар бүлэг бүрт ажиглалт хийж, тэмдэглэл хөтлөх үү?

Хөгжмийн багш тухайн цэцэрлэгийн нийт хүүхэдтэй хөгжмийн үйл ажиллагаа явуулдаг учраас бүх хүүхдийн “Хөгжмийн чадамж”-ийг үнэлнэ гэж шаардаж болохгүй. Хөгжмийн багш цэцэрлэгийн бүх хүүхдэд хөгжмийн үйл ажиллагаа явуулдаг хэдий ч тэдэнтэй хязгаарлагдмал хугацаанд ажилладаг. Харин бүлгийн багш хүүхдүүдтэйгээ бүтэн өдрийн турш ажилладаг бөгөөд энэ явцад хүүхэд дуулах, бүжиглэх, жүжиглэх, хөгжимт тоглоом тоглох зэрэг хөгжимтэй холбоотой үйлүүд цөөнгүй хийдэг. Тэгэхээр хүүхэд бүрийн хөгжмийн чадамжийг бүлгийн багш, хөгжмийн багш хамтран үнэлэх шаардлагатай.

Зарим цэцэрлэгийн хөгжмийн багш үйл ажиллагааныхаа явцад чөлөөт ажиглалтаар тэмдэглэсэн мэдээллээ бүлгийн багшид тухай бүрд нь өгдөг, ажиглалтын хуудсаар үнэлэх явцад хамтран ярилцдаг туршлага байна.

  • Хүүхдийг сургуульд элсэхэд Хувийн хавтас, Ажиглалтын хуудсыг нь бага ангийн багшид хүлээлгэж өгөх үү?

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт “Багш, эцэг эх хүүхэд бүрийн үнэлгээний мэдээллийн нууцлалыг хадгална...” гэсэн бий. Иймд цэцэрлэгийн багш хүүхдийн Хувийн хавтас, Ажиглалтын хуудсын мэдээллийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр бага ангийн багшид шууд хүлээлгэн өгөхгүй. Үүнийг эцэг эхтэй зөвшилцөж байж шийднэ. Харин цэцэрлэгийн багш сургуульд элсэхэд нь хүүхэд бүр дээр хөгжлийнх нь ахиц дэвшил, давуу тал, анхаарах зүйлсийнх нь талаар товч тодорхойлон бичсэн (“Сургуульд элсэх захиа” гэдэг ч юм уу) мэдээллийг гаргаж өгч байх шаардлагатай.

  • Хүүхэд хэд хэдэн чадамжаараа “1” дээр байгаад байвал яах вэ?

Хүүхдийн нас ахиад байхад чадамж нь сайжрахгүй, 2-3 түүнээс дээш чадамжаараа дандаа “1” дээр байгаад байвал тухайн хүүхдийг цаашид мэргэжлийн хүмүүстэй хамтран оношлох шаардлагатай. “Энэ нь хөгжлийн бэрхшээл үү, эсвэл хөгжлийн хоцрогдол уу?” гэдгийг тогтооно гэсэн үг.

 

Н.Норжхорлоо