Багш нар СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг хэрхэн ашиглах вэ?

СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг тогтоосон нь

Монголын СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг 2016 онд анх удаа нас тус бүрээр тогтоосон нь манай сургуулийн өмнөх боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг,  томоохон ажил юм. Сургуулийн өмнөх нас тус бүрээр хүүхдийн хөгжлийн улсын хэмжээний үзүүлэлт гарснаар багшид хүүхэд бүрийн хөгжлийг улсын дундажтай харьцуулах боломж бүрдэж байна. Ийнхүү манай цэцэрлэгийн багш нар хүүхэд бүрийг аль чадамжаараа давуу байгаа, аль чадамжид нь анхаарч ажиллахыг оношлох хэрэгсэлтэй боллоо.

Боловсролын үнэлгээний төвөөс СӨБ-ын судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор  2015 оны 12 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд онлайнаар түүвэр судалгаа явуулж, энэхүү СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг тогтоосон болно. Судалгаанд  аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн нийт цэцэрлэг хамрагдсан. Багш бүр ангийнхаа арван хүүхэд тутмаас нэг хүүхдийг дараах байдлаар санамсаргүйгээр сонгож, ажиглалтын хуудсын дагуу тухайн хүүхдийн хөгжлийн мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн http://sub.eec.mn  хаягаар оруулсан.

Судалгаанд СӨБ-д хамрагдаж буй нийт хүүхдийн 10% орчим нь буюу 19785 хүүхэд хамрагдсан.

Аймаг, нийслэлээс ирүүлсэн нийт хүүхдийн мэдээлэлд Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ж.Ганбаатар боловсруулт хийж, боловсруулалтын үр дүнг ХБНГУ-ын Баварын холбооны улсын Мюнхен дэх Бага насны судалгааны институтын Др.Нагел баталгаажуулсан.   

Энэ ажил бол ямар нэгэн нэмэгдэл зардал гаргалгүйгээр хүн бүр өөрсдийн хариуцсан ажлынхаа хүрээнд сэтгэл, зүтгэлээрээ хийснээрээ онцлог. Иймд ангийнхаа хүүхдүүдийн хөгжлийн мэдээллийг бодитой гаргаж, онлайнаар өгсөн манай улсын өнцөг булан бүрт ажиллаж буй цэцэрлэгийн нийт багш нар, Боловсролын үнэлгээний төвийн Хэлтсийн дарга М.Гантуяа, мэргэжилтэн Ж.Ганбаатар, З.Мөнхтуул, үнэлгээнд факторын анализ хийсэн ХБНГУ-ын Др.Нагел нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.

Цаашдаа Боловсролын үнэлгээний төвөөс энэхүү түүвэр судалгааг жил бүр онлайнаар явуулж, судалгааны үр дүнг улам баталгаажуулж, сайжруулж байх болно.

СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлт

СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг нас тус бүрээр дор харууллаа. 

Тайлбар: 5 наснаас сургуульд элсэх хүртэлх хүүхдийн дээрх хүснэгтийг авч үзье.   “Бүлэглэл” гэсэн үгийн ард буй 1- ээс 6-гийн тоо бол судалгаанд хамрагдсан нийт хүүхдийг авсан оноогоор нь 6 бүлэгт хуваасныг харуулна. Чадамж тус бүрийн ард буй тоо нь тухайн чадамжтай холбоотой асуултуудаар хүүхдийн авсан онооны нийлбэр. 10%-аас эхлэн 90% ≤ гэж хувиар харуулсан тоо нь авсан онооны нийлбэрээрээ хүснэгтэд буй тоонд харгалзах хүүхдийн тоо судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн хэдэн хувийг эзэлж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, судалгаанд хамрагдсан тухайн насны хүүхдээс хэд нь чадамж тус бүрээр ямар оноо авсанд тулгуурлан хүүхдүүдийг 1-6  бүлэгт хувааж, дор нь тэдний хувийг харуулсан болно.  Тэгэхээр жишээлбэл, “Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж”-аар 66-аас бага оноо авсан хүүхдүүд 1 дүгээр бүлэгт хамрагдсан бөгөөд ийм оноотой хүүхдүүд судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10 хүртэл хувь (<10%)-ийг эзэлж байсан гэсэн үг. 66-гаас 83 хүртэл оноо авсан хүүхэд судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 20%-ийг эзэлж байсан бөгөөд тэдгээр нь 2 дугаар бүлэгт хамрагдана, хүснэгтэд <30% гэж тэмдэглэгджээ...

Улаан шугам бол улсын хэмжээний дундаж үзүүлэлт. Жишээлбэл, “Хөдөлгөөн, эрүүл мэндийн чадамж”-аар тухайн хүүхдийн онооны нийлбэр 94-өөс доош бол “дунджаас доогуур”, 95-аас дээш бол “дунджаас дээгүүр” байна гэж үзнэ. Хүүхэд аль нэг чадамжийн онооны нийлбэрээрээ 90% ≤ буюу 6 дугаар бүлэгт хамрагдаж байвал тухайн чадамжаар хамгийн өндөр түвшинд, харин 1 дүгээр бүлэгт хамрагдаж байвал хүүхэд тухайн чадамжаар хамгийн сул байна гэж үзнэ. Багш 1 дүгээр бүлэгт хамрагдаж буй хүүхдийг тухайн чадамжаараа “эрсдэлтэй” байж болзошгүй гэж үзэж болох бөгөөд ийм хүүхдэд илүү анхаарал тавьж, учир шалтгааныг нь лавшруулан тодруулах шаардлагатай.

Багш нар дээрх СӨНХ-ийн нас тус бүрээр гаргасан хөгжлийн үзүүлэлтийг мөн Боловсролын үнэлгээний төвийн  http://sub.eec.mn/local/norm хаягаар орж, татаж авч ашиглаж болно.

СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг хэрхэн ашиглах вэ?

Цэцэрлэгийн багш нарын хувьд СӨНХ-ийн хөгжлийн үзүүлэлтийг ашиглах их амархан. Багш нар дараах байдлаар ажиллана.

1. Хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх Ажиглалтын хуудсын дагуу хүүхдээ ажиглан чадамж тус бүрийн асуултуудын ард буй 1-ээс 5-ын тооноос тохирох тоог тэмдэглэнэ. (Ийм үнэлгээг хичээлийн жилийн эхэнд буюу 9-өөс 11 дүгээр сард, хичээлийн жилийн төгсгөлд 4-өөс 6 сард хийхийг СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрт заасан байгаа.)

2. Хүүхэд бүр дээр чадамж тус бүрээр авсан онооны нийлбэрийг бодож гаргана.

3. Багш жишээлбэл, дандаа 4 нас хүрсэн ахлах бүлгийн хүүхэдтэй ажиллаж байгаа бол “4-өөс 5 хүртэл насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт” гэсэн хүснэгтийг ангийнхаа хүүхдийн тоогоор хувилж авна. Хэрэв багш холимог насны хүүхэдтэй ажилладаг, жишээлбэл, 3 настай 5 хүүхэд, 4 настай 20 хүүхэд, 5 настай 6 хүүхэдтэй бол “3-аас 4 хүртэл насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт” гэсэн хүснэгтийг 5 ширхэг,  “4-өөс 5 хүртэл насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт” гэсэн хүснэгтийг 20 ширхэг, “5 наснаас сургуульд элсэх хүртэлх хүүхдийн хөгжлийн үзүүлэлт” гэсэн хүснэгтийг 6 ширхэгийг хувилж авна.

4. Хүүхэд бүрийн чадамж тус бүрээр авсан онооны нийлбэр тухайн насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлтийн хүснэгт дээр аль тоонуудын хооронд байгааг олж тэмдэглэнэ.

5. Тэмдэглэсэн тоонуудаа хооронд нь зураасаар холбоно. Зураасаар холбоход жишээлбэл, Архангай аймгийн Жаргалант сумын нэгэн 4 настны хөгжлийн үзүүлэлт дараах байдалтай харагдаж байна.

6. Хүүхэд аль чадамжаараа улсын дунджаас дээгүүр, аль чадамжаараа улсын дунджаас доогуур байгааг багш хүснэгтээс харж, өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад тухайн хүүхдийн давуу тал дээр тулгуурлан сул талыг нь дэмжиж ажиллана.

 

Багш нарынхаа хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд амжилт хүсье!  

 

Н.Норжхорлоо