Хувийн хавтсыг хэрхэн бүрдүүлэх вэ?

Хувийн хавтас (Portfolio) нь хүүхдийн явцын болон үр дүнгийн үнэлгээг бодитой явуулахад чухал баримтуудыг агуулдаг. Хувийн хавтас нь баримтжуулалтын нэгэн онцлог хэлбэр бөгөөд багш тухайн хүүхдийн хөгжил төлөвшлийн үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэхэд хэрэглэгдэхээс гадна хүүхдэд өөрийн үйл ажиллагаа, суралцахуйгаа эргэцүүлэн бодох, удирдахад тусалдаг.

Портфолиог “бүтээлийн сан”, “бүтээлийн хавтас” гэж нэрлэх нь бий. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд энэ нь бүтээлээс гадна тэдний бие махбодын өсөлт хөгжил, онцлог үйл явдлуудын фото зураг, багш, эцэг эхийн тэмдэглэл зэрэг илүү өргөн хүрээний материал агуулдаг тул “хувийн хавтас” гэж нэрлэж хэвшжээ. 

Портфолио (Хувийн хавтас) гэдэг нь нэг буюу хэд хэдэн чиглэлээр хүүхэд бүрийн хичээл зүтгэл, суралцахуйн ахиц дэвшил, амжилтын үр дүнг харуулах зорилго бүхий үйлийн гүйцэтгэлийн цуглуулга юм (Lissmann. 2000).

Сургуулийн өмнөх насны хүүхдийн хувьд хувийн хавтсыг багш, хүүхэд, эцэг эх хамтдаа бүтээж, хэрэглэнэ. Хүүхдэд хүссэн үедээ хувийн хавтастайгаа харьцаж ажиллах боломж олгоно. Иймд хувийн хавтас нь хүүхэд хялбархан хүрч авах боломжтой байна. Хувийн хавтастайгаа ажилласнаар хүүхэд гүйцэтгэсэн үйлүүдийнхээ үр дүнг сайтар ажиглаж, суралцах алхмаа тодорхойлох, өөрөөр хэлбэл өөрийн удирдлагатай суралцахуйд алхам алхмаар суралцдаг.

Хүүхэд бүрийн хувийн хавтсыг бүрдүүлснээр багшид тухайн хүүхэдтэй хамтдаа материалуудыг нь ажиглах, ярилцах, шаардлагатай санаа, чиглэл өгөх; эцэг эхтэй холбоо харилцаа тогтоох, хүүхдийнх нь ахиц дэвшлийг амьдрал ойр, аятай дөт замаар харуулах, оролцоог нь хангах зэрэг олон боломж бий болно.  

Хувийн хавтас нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ суралцах, хөгжих үйл явцад тогтмол оролцох боломж олгоно. Тэд гэр бүлийнхээ орчинд болсон онцлог үйл явдлууд (аялал, зугаалга, төрсөн өдөр гэх мэт)-ын фото зураг, хүүхэдтэйгээ хийсэн ярилцлагын тэмдэглэл, хүүхдийнхээ гэртээ зурсан зураг, бүтээлээр хувийн хавтсыг баяжуулахын зэрэгцээ ажигласан зүйл, дүгнэлтээ хавсаргаж болно. Мөн хувийн хавтсын мэдээлэл дээр “Чи энэ ажлаар юу сурсан бэ?”, “Чиний бүтээлүүдээс юу нь хамгийн сайн болсон гэж бодож байна? Яагаад?” гэх мэтээр асуулт тавьж, хүүхдээ сонсож, ярилцаж байх нь хүүхдэд суралцах үйлээ илүү ойлгоход дэмжлэг үзүүлнэ.

Манай цэцэрлэгийн багш нар хувийн хавтсыг нэг хэв загварт баригдахгүй, хүүхэд, эцэг эхийн оролцоог ханган чөлөөтэй, бүтээлчээр бүрдүүлж байгаа нь сайшаалтай.

Зарим цэцэрлэгийн хүүхдийн Хувийн хавтас

Хувийн хавтасд гол нь тухайн хүүхдийн хамгийн чухал үйл явдлууд, хөгжлийн алхмууд багтсан байна.  Хувийн хавтсын агуулгыг ямар чиглэлээр бүрдүүлж болох талаар зарим жишээг дурдъя. Доктор Нагел хувийн хавтас нь дараах зүйлсийг агуулсан байж болно гэжээ (B.Nagel. 2017).  

  1. Энэ бол би
  2. Энэ бол манай гэр бүл
  3. Онцлог өдөр, үйл явдлууд
  4. Би үүнийг чадна
  5. Би үүнийг хийсэн
  6. Миний сонирхдог зүйлс
  7. Багшийн тэмдэглэл (Арын хуудсанд жилийн эцсийн дүгнэлтийг бичиж болно.)

 

Хувийн хавтсын бүрэлдэхүүн хэсгүүдийг Аннегрэт Шумахер дараах байдлаар санал болгожээ (Schumacher, A. 2018).

vБи цэцэрлэгтээ ингэж дассан

vМанай гэр бүл

vМанай анги ба миний найзууд

vЦэцэрлэгийн өдөр тутмын амьдрал

vЭнэ бол өнөөдөр миний олж мэдсэн (сурсан, нээсэн, судалсан) зүйл

vМиний дуртай зүйл (дуу, хэллэг, газар, тоглоом, ном гэх мэт)

vМиний сурсан анхны үгс (Би ингэж хэлд орсон)

vАлхам алхмаар (Би ингэж хөлд орсон)

vМиний төрсөн өдөр

vЭэж аавтайгаа хийсэн ярилцлага

vОнцгой үйл явдал гэх мэт.

Зарим багш хүүхдийн хувийн хавтасд бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэгтээ хийж байсан бүтээлүүд гэж бүлгүүдээр нь ангилж, мөн зураг, наамал, зохион бүтээсэн зүйлийг хольж байршуулсан байдаг нь хүүхдийн ахиц өөрчлөлтийг харахад төвөгтэй байдаг. Иймд хүн, амьтан, ургамал, эд зүйлс, санаа бодлоо илэрхийлэн өөрийн төсөөллөөр зурсан зураг гэх мэтээр бүтээлийг ангилан нэг дор дараалуулан байршуулбал хүүхдийн тухайн зүйлийг зурж, урласан бүтээлд ахиц байна уу, үгүй юу гэдэг нь  тодорхой харагдана. Хүүхдийн баримлын шавар, гарын доорх болон байгалийн материалаар урлан бүтээсэн зүйл, өрж байгуулсан бүтээл, конструктор зэрэг материалаар зохион бүтээсэн зүйлсийг бол фото зургийг нь авч, хувийн хавтасд оруулна. Хувийн хавтасд буддаг зургууд хийх нь төдийлөн ач холбогдолтой бус. Учир нь буддаг зургаас гол нь будах чадвар л харагдахаас биш, хүүхдийн таньж мэдсэн болон бодож сэтгэсэн зүйл, төсөөлөл, бүтээлч байдал харагдахгүй. Хувийн хавтас нь зөвхөн хүүхдийн бүтээлээр хязгаарлагдахгүйг дээр дурдсан.

Хүүхдийг цэцэрлэгт анх элсэн ороход хувийн хавтсыг нээж, жил бүр баяжуулснаар сургуульд элсэн суралцахад тухайн хүүхдийн суралцахуйн анхан шатны түүх бүрдэнэ. Үүнийг сургуулийн багш нар үргэлжлүүлэн хөтлөх боломжтой. Хувийн хавтсын материалуудад нас, сар болон огноо, тайлбарыг заавал бичнэ. Хүүхэд зурсан зураг, бүтээсэн зүйлийнхээ талаар ярьсан тайлбарыг багш (эцэг эх) тэмдэглэн тухайн бүтээлд нь хавсаргаж болно. 

Хувийн хавтас нь ийнхүү хүүхдийн суралцаж, хөгжиж байгаа байдлыг мэдэх боломж олгодгоороо хүүхдийг үнэлэх, мөн хүүхэд өөрийнхөө бүтээлүүдтэй ажилласнаар тэдэнд тодорхой чадамж (юуны өмнө өөрийн удирдлагатай суралцахуй)-ийг бий болгож, дэмжиж болдог тул сурган хүмүүжүүлэх үүрэгтэй ажээ.  

 

Н.Норжхорлоо

 

Эх сурвалж:

1. Lissmann. (2000) Beurteilung und Beurteilungsprobleme bei Portfolios. In: Jäger, R.S. (Hrsg.): Von der Beobachtung zur Notengebung. Landau. S. 282-329

2. Nagel, B. (2017). Wahrnehmen-Beobachten-Dokumentieren-Erklären. Grundlagen pädagogischen Handelns. MNUE. Ulaanbaatar

3. Schumacher, A. (2018). Portfolio in der Kita: Die kindliche Entwicklung dokumentieren.  https://www.herder.de/kindergarten-paedagogik/kindergartenalltag/portfolio/