Цэцэрлэгүүдийн сургалтын хөтөлбөр – Түгээмэл асуулт, хариулт

-  Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр ер нь ямар онцлогтой хөтөлбөр вэ?

Өнөөгийн бидний хэрэгжүүлж байгаа Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр чадамж (competence)-д  баримжаалсан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чиглэсэн, хүүхдийн “хүн болж төлөвших”-өд түлхүү анхаарсан, багшаас шинэлэг арга барилыг шаардсан, цэцэрлэг, багш нарын бие даасан, бүтээлч үйл ажиллагаагаар хэрэгжих хөтөлбөр гэж хэлж болно.

Хүүхэд бүрийг хөгжүүлэхийн тулд хүүхэд бүрийг таньж мэдэх, оношлох шаардлагатай. Иймд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийн хөгжлийн үнэлгээ, түүн дотор тухайн хүүхдийн давуу\хүчтэй тал, онцлогийг илрүүлэх нь чухал байрыг эзэлж байна.                

- Яагаад давуу тал, онцлогийг илрүүлэх нь чухал гэж?  

Хүүхэд бүрийн хөгжил, тэр дундаа ижил насны хүүхдийн хөгжил ч адилгүй. Тухайн нэг хүүхэд дээр аваад үзэхэд нэг чадамж нь сайн байхад нөгөө чадамж нь тааруу байдаг нь түгээмэл. Энэ бол хэвийн үзэгдэл. Жишээлбэл, тогтож сууж чаддаггүй, ангийг “бусниулагч” А... зураг зурахдаа дуртай, давгүй сайн зурчихдаг байж болох юм. 

Бид өмнө нь хүүхдийн сул талыг олж тогтоох, түүнийг арилгахад илүү анхаардаг байсан. Сүүлийн үеийн (ХБНГУ-ын) судалгаагаар хүний сул тал өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэхэд мэдэгдэхүйц саад учруулдаг болох нь тогтоогдсон байдаг. Тийм учраас эхний ээлжинд хүүхдийн давуу талыг нээн илрүүлж, нэмэгдүүлж батжуулах нь чухал юм.  Манайд ч “Нэг үүдийг нээвэл мянган үүдийг нээнэ.” (Болдбаатар) гэсэн үг байдаг.  Тухайлбал, дээр дурдагдсан А...-г зураг зурах, урлан бүтээх үйлээр нь дамжуулан анхаарлаа төвлөрүүлэх, өөрийгөө удирдах, дүрэм журам сахих, хариуцлага хүлээх зэрэгт сургаж болно.  

Хүүхдийн бие биеэс ялгагдах нэг гол онцлог бол юуг сонирхож байна вэ гэдэгт оршино. Хүүхэд өөрийн сонирхсон, дуртай үйлийнхээ явцад илүү сайн суралцдаг.

- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг цэцэрлэгүүд өөр өөрсдийнхөө сургалтын хөтөлбөрөөр хэрэгжүүлж байна. Цэцэрлэгийн хөтөлбөр ер нь ямар шаардлага хангасан байх вэ?

Сургалтын хөтөлбөрийн бүтцэд зорилго, хүүхдийн суралцах зүйлийн агуулга, зорилгод хүүхэд хэрхэн хүрэх үйл явц (энэ явцад багш хүүхдэд хэрхэн туслах, ямар хэрэглэгдэхүүн ашиглах, ямар орчин бүрдүүлэх), үнэлгээ зэрэг асуудлууд тус тус багтдаг.  

Эдгээрээс заримыг нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрөөс шууд авч, заримыг нь багш нар өөрсдөө бүтээлчээр бий болгож, цэцэрлэгийнхээ сургалтын хөтөлбөрийг боловсруулна. Тухайлбал, хүүхдийг ямар хүн болгох вэ?, ямар түвшинд хүртэл хөгжүүлэх вэ гэдэг нь, өөрөөр хэлбэл сургалтын зорилго СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрт бий. Түүнчлэн сургалтын цөм хөтөлбөрт заасан хүүхдийг хэрхэн үнэлэх арга зам, “Ажиглалтын хуудас”-ыг шууд ашиглах боломжтой. Харин сургалтын агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тодорхой сэдвүүдээр ажиллах явцдаа багш нар өөрсдөө цэцэрлэгийнхээ хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалтайгаа уялдуулан сонгож, бий болгож ажиллана.

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр нь хөтөлбөрийн бүтцийг хадгалах, хүүхэд бүрийн бүх талын хөгжлийг хангах, сургалтын зорилго, агуулгыг хүүхдийн нас болон хувийн онцлогт нийцүүлэх, хүүхдэд туршлага хуримтлуулах өргөн боломж олгох, сонирхолтой, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг шаардлагыг зайлшгүй хангасан байна. Багш нар цэцэрлэгийнхээ сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт буй хэрэгжүүлэх зарчим, сургалтын агуулга, арга зүй, орчин, үнэлгээнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, багш, эцэг эхийн оролцоог хангахад анхаарна.   

- Сэдэв сонгоход хүндрэлтэй байна. Сэдвийг яаж сонгох вэ?

Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт сэдвийн боловсруулалт зонхилох байрыг эзэлнэ. Нэг сэдэв дээр дунджаар нэг сар орчим (Тухайн сэдвийн зорилго хэрхэн хангагдаж, сэдвийн хүрээний үйл ажиллагаанууд хүүхдэд хэр сонирхолтой байгаагаас хугацаа хамаарна.) ажиллана гэвэл багш нар хичээлийн жилд нийтдээ 8-9, үүнээс ч цөөн тооны сэдвийн боловсруулалт хийж, хэрэгжүүлснээр ангийнхаа хүүхдүүдийг Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрт заасан чадваруудын тодорхой түвшинд хүргэн хөгжүүлэх боломжтой. Боловсруулсан сэдвээ дараагийн хичээлийн жил нь улам сайжруулаад дахин ашиглаж болно. Анги бүр ижилхэн сэдвээр, эсвэл багш бүр өөр өөр сэдвээр ажиллах уу, сэдвийг яаж сонгох, боловсруулах вэ гэдгээ тухайн хамт олон хэлэлцэн шийдэж, хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалдаа тусгана.    

Сэдвийг янз бүрийн арга замаар сонгож болно. Жишээ нь: Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн Г...-ын төрсөн өдрөөр аав ээж нь хүүгийнхээ ангийнханд гэртээ байсан яст мэлхийгээ бэлэглэжээ. Хэд хоногийн дараа Г... ээждээ “Яст мэлхийгээ ангийнхандаа бэлэглэдэггүй л байж. Манай ангийнхан түүнийг тоодоггүй, хөөрхий амьтан энд тэнд хүнд гишгүүлчих гээд л явж байдаг.” гэж ярьсныг багш сонссон байна. Тэгээд багш “Яст мэлхий” гэсэн сэдвээр ажиллахаар шийджээ. Энэ сэдвээр ажилласнаар ангийн хүүхдүүд бүгдээрээ яст мэлхийдээ анхаарал тавьдаг, арчилдаг, тэдний хамгийн хайртай амьтан, найз нь болсон ажээ. Энэ бол багш хүүхдээс ирсэн дохио сигналыг мэдэрч, сэдвээ сонгосны нэгэн жишээ. Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгийн дунд ангийн хүүхдүүдийн эцэг эх “Манай хүүхдүүд ишиг, хурга хараад гөлөггэж байна. Таван хошуу малтай танилцуулахгүй бол болохгүй нээ.” гэсэн санал гаргасан байна. Ингээд тус цэцэрлэгийн дунд ангиуд нийтээрээ “Таван хошуу мал” гэсэн сэдвээр ажиллаж, анги, ангиараа хүүхдүүд малчин айлд очиж, мал, хурга, ишигтэй танилцах зэрэг өргөн хүрээний ажил зохион байгуулсан байдаг.

Баяр ёслолтой холбон бүх ангиуд 12 дугаар сард “Шинэ жил”, 1-2 дугаар сард “Цагаан сар” гэсэн сэдвээр ажиллаж болох юм. Ахлах, бэлтгэл бүлэгт хүүхдүүдтэй ярилцаад, тэднээс гаргасан саналаас хамгийн олон давтагдсан сэдвийг сонгодог, багш өөрөө 3-4 сэдэв бэлтгээд, хүүхдүүдтэй ярилцаж 1-ийг нь сонгуулдаг туршлага ч байна.

Ийнхүү хүүхдээс ирж буй дохио сигнал, санал; улирлын онцлог, цаг үеийн үйл явдал-баяр ёслол; оршин буй газар нутгийн онцлог; эцэг эхээс ирж буй хүсэлт, багшаас зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн зүйл;  цэцэрлэг, гэр бүлийн өдөр тутмын амьдралаас сэдвийн санаа урган гарна. Манай багш нар болон хүүхдүүдээс олон шинэлэг, сонирхолтой, өгөөжтэй сэдвүүд гарна гэдэгт итгэлтэй байна.  

- Сэдэв бүрийн төгсгөлд хүүхдээ үнэлэх үү?

Сэдэв бүрийн явцад багш Чөлөөт ажиглалт, Хувийн хавтсыг баяжуулах ажлыг тогтмол хийх бөгөөд төгсгөлд нь хүүхэд бүрийг үнэлэх шаардлагагүй. Багш харин тухайн сэдвийн хэрэгжилт ямар байсныг эргэн харна. Тухайлбал, сэдвийн хүрээнд тавьсан зорилго биелэгдсэн үү, ямар үйл ажиллагаа нь илүү сонирхолтой байсан, хүүхдэд ямар зан байдал илэрч байсан, юу хүндрэлтэй байв, сэдвийн үргэлжилсэн хугацаа хэр тохиромжтой байсан, дараа энэ сэдвээр ажиллахад юуг сайжруулах гэх мэт. Бодож төлөвлөсөн зүйл яг практик амьдрал дээр өөрөөр явагдах тохиолдол ч байдаг. Тэгэхээр явагдсан үйл ажиллагаануудаа баримтжуулан авч хоцрох, дүгнэлт хийх нь цаашдаа ажлаа тайлагнах, сайжруулахад их ач холбогдолтой. Ийнхүү сэдвийн төгсгөлд хүүхдийг үнэлэх гэхээсээ илүү багш өөрийнхөө явуулсан үйл ажиллагаанд дүгнэлт хийж, дараагийн сэдвийн хүрээнд явуулах ажилдаа бэлтгэнэ.  

- Сэдэв болон өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлоход юуг анхаарах вэ?

Сэдвийн зорилгыг тодорхойлохдоо багш нар дараах эрэмбийг анхаарна.

Сэдвийн зорилгыг хүүхдийн мэддэг, чаддаг зүйл дээр тулгуурлан тэдний бүх талын хөгжилд нөлөөлөхүйц, сэдвийн төгсгөлд хэрэгжсэн, эсэх нь хэмжигдэхээр тодорхой томьёолно.

Сэдвийн зорилгоос өдөр тутмын сургалтын зорилго салбарлан гарна. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын үйл ажиллагаанууд, ялангуяа зориуд зохион байгуулах сургалт бүр сэдвийн зорилгыг хангахад хувь нэмэр оруулна. Багш нарт өдөр тутам явагддаг нэг удаагийн сургалтын зорилгыг хэтэрхий ерөнхий томьёолдог дутагдал нэлээд ажиглагдаж байна.  Жишээлбэл, гар хуруугаараа гүйцэтгэтгэх үйл хийгдэх бол “Гарын жижиг булчинг хөгжүүлэх”,  ямар нэг бүтээл гаргах бол “Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх” гэх мэт. Ганц үйл ажиллагаагаар хүүхдийн хөгжилд өчүүхэн хувь нэмэр оруулна уу гэхээс биш хөгжүүлчихгүй. Ийм ерөнхий, том зорилгын хэрэгжилтийг тооцох боломжгүй. Өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны зорилго ч мөн тухайн үйл ажиллагаа явагдаад дуусахад хэрэгжсэн эсэх нь мэдэгдэж байхаар тодорхой томьёологдоно. 

- Нэг, хоёр, гуравдугаар түвшний хүүхдийг тодорхойлоод түвшин бүрт аргачлал боловсруулах хүндрэлтэй байна?

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 46 дугаар цэцэрлэгийн эрхлэгч “Манай бага бүлгийн Б... уг нь 2 настай, гэхдээ их авьяастай, хөгжмийн чадвараараа бараг 3 дугаар түвшинд байгаа юм.” гэж байна лээ. Гэхдээ Б... бусад чадамжаараа 1 дүгээр түвшинд л байгаа болов уу. Тэгэхээр хүүхдүүдийг “1 дүгээр түвшний хүүхэд”, “2 дугаар түвшний хүүхэд” ... гэж шууд ангилахаас зайлсхийвэл зохино. Жишээлбэл, Б... хөгжмийн сургалт явагдахад 2-3 дугаар түвшинд байхад, хэл ярианы сургалтаар 1 дүгээр түвшинд байж болно.

Багш ангийнхаа нийт хүүхдийг бүх чадамжаар үнэлж үзэхэд дийлэнх олонхи нь аль түвшинд байна вэ гэдгийг харгалзан өдөрт нэг л үйл ажиллагааг төлөвлөн, аргачлалыг боловсруулж явуулна. Харин зарим үйл ажиллагааны дасгал, даалгаврыг хувилбартай байлгаад, түүнийгээ илүү чадварлаг, хурдацтай хүүхэд болон тухайн ангийн хүүхдүүдээс насаар бага, мөн чадвараараа сулхан хүүхдэд тохируулан өгч гүйцэтгүүлбэл хүүхэд бүр хийж гүйцэтгэсэн үйлдээ амжилт гаргаснаа мэдэрч, сэтгэл хангалуун байх болно. Мөн нэг ангид буй бусдаасаа насаар бага хүүхдүүд томчуудтайгаа адилхан нэг үйлийг даган дуурайж, өөрийнхөө хэр хэмжээнд гүйцэтгэн хөгжсөөр байдаг. Үүнээс үзэхэд багачуулд нь байнга тусгайлан даалгаврын хувилбар бэлтгэх үү, үгүй юу гэдгээ багш өөрөө шийднэ.      

- Хүүхдүүдийн тогтвортой байдал алдагдаж, дэг журамд баригдах дургүй, дураараа байх байдал давамгайлах хандлагатай байна. Яах вэ?

Хүүхдийг “байгаагаар нь хүлээн зөвшөөрнө, мэдэрч, дагаж ажиллана” гэдгийг хүүхдийг дураар нь байлгана, бүх хэлсэн, хийснийг нь хүлээн зөвшөөрнө гэж ташаа ойлгож болохгүй. Энэ нь тухайн хүүхдийн давуу, сул талыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүүхэд бүрт хүндэтгэлтэйгээр хандана гэсэн ойлголт юм. Хэт хөдөлгөөнтэй, бүрэг, хэл ярианы чадвар сул, эсвэл ойлгож, хүлээж авахдаа удаан гэх мэт ямар нэг сул тал хүүхдэд байж болно. Багш цэцэрлэг дэх өдөр тутмын амьдралын явцад хүүхдийг тэрхүү сул талаар нь “адлах” бус, хөгжлийнх нь тэрхүү онцлогийг мэдэрч, түүнд нь тохируулан эв дүйтэй харилцаж, шаардлагатай дэмжлэг үзүүлж, давуу талыг нь улам батжуулж ажиллана. Мөн тухайн хүүхдэд өөрийнхөөрөө байх, дуртай, сонирхсон зүйлээ хийх орон зай, цаг хугацаа олгоно.   

Хүүхэд цэцэрлэгт явснаар хамтын амьдралын хэм хэмжээг мэдэрч, түүнд суралцдаг. Энэхүү асуултад дурдагдсан хүүхдүүдийн харилцааны байдал бол багш тавьсан шаардлагаа тууштай хэрэгжүүлдэггүй, тэдэнд харилцааны хэм хэмжээ ямар байхыг сайн ойлгуулаагүй, хэрэгжүүлж хэвшүүлээгүйтэй холбоотой болов уу. Янз бүрийн арга замаар хүүхдийг дэг журамд сургахад нөлөөлж болно. Жишээлбэл, Ангийн дүрмийг мөрдүүлэх. Ингэхдээ ангийн дүрмийн заалтуудыг хүүхдэд “Болно”, “Болохгүй”-г мэдүүлэхээр ойлгомжтой, тодорхой томьёолно. Нэг цэцэрлэгийн ангийн дүрэмд “Найзтайгаа тоглоомоо хуваалцан хамтарч тоглоно.“ гэсэн заалт  байна аа. Гэтэл хоёр хүүхэд ангид байгаа 1 ширхэг тоглоомыг булаацалдлаа гэж бодъё. Ийм тохиолдол цэцэрлэгт цөөнгүй гардаг. Тэгвэл дүрмийн дээрх заалтаар энэ 2 хүүхдийн хоорондын зөрчил зохицуулагдахгүй. Харин үүний оронд “Тоглоомыг эхлээд авсан хүүхэд нь эхэлж тоглоно.” гэсэн заалт байвал асуудал амархан шийдэгдэнэ. Мөн зарим үйл ажиллагаа, тоглоом тодорхой дүрмээр явагддаг. Багшаас хүүхдийг тэрхүү дүрмийг баримтлахад чиглүүлж, хэрэгжилтийг хянаж, дүгнэж байх нь чухал. Цаашилбал, хүүхдэд зан чанар, харилцаатай холбогдох үлгэр, зохиол уншиж өгөх, ярилцах, сургалтын төвүүд дээр хүүхдүүд хэрхэн ажиллах тэмдэг тэмдэглэгээ хийх, түүнийг нь сануулах, өдөр тутмын амьдралын явцад багш хүүхэдтэй тохироо хийж, харилцан амласнаа биелүүлэх гэх мэт. 

- Цэцэрлэгүүд сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд багш нар цаашид юуг анхаармаар байна вэ?

Багш нар  сургалтын цөм хөтөлбөр дэх сургалтын чиглэлүүдийн хүүхдэд эзэмшүүлэх чадваруудыг сайн судалж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн төлөө идэвх, чармайлттай ажиллаж байна. Гэхдээ хөтөлбөрөө улам сайн судлах шаардлагатай юм уу даа. Тухайлбал, сургалтын цөм хөтөлбөрийн нэгдүгээр бүлгийг сайтар судалж, хамтаараа ярилцаад, дэлгэрүүлэн баяжуулж ажиллах. Сургалтын чиглэл бүрт буй “Багшийн үүрэг, оролцоо” гэсэн хэсэгт заасан зүйлсийг багш бүр хэрэгжүүлэх. Жишээлбэл, “Зан чанар, харилцаа” сургалтын чиглэлийн “Багшийн үүрэг, оролцоо”–ны хамгийн эхэнд “Хүүхдийг нэрээр нь дуудаж харилцана” гэж бий. Гэтэл багш нар хүүхэдтэй харилцахдаа “Миний хүү (хө)” л гээд байгаа юм. “Байгаль, нийгмийн орчин” сургалтын чиглэлийн “Багшийн үүрэг, оролцоо”– нд “Хүүхдийн Яагаад? гэсэн асуултыг хөхиүлэн дэмжинэ, хариултыг хүүхэдтэй хамтран эрж олно” гэж бий. Гэтэл зарим багш хүүхдийн асуусан асуултад шууд өөрөө хариулаад л, хүүхдийн сонирхож мэдэх гэсэн тэр их хүсэл эрмэлзлийг унтраачихаж байгаа юм. Энэ мэт жишээнүүд тааралдаж байна.

- Сургалтын цөм хөтөлбөрийн “Зан чанар, харилцаа”-г цэцэрлэгүүд тусад нь нэг сургалтын чиглэл болгон төлөвлөх үү, эсвэл цэцэрлэгт явагдах сургалт болон бусад үйл ажиллагааны явцад хэрэгжүүлэх үү?

Хүүхдийн зан чанар, харилцаатай холбоогүй үйл цэцэрлэгт нэг ч байхгүй учраас цэцэрлэгт явагдах бүхий л үйл ажиллагааны явцад хүүхдийн зан чанар, харилцаа, хэвшил дадлыг анхаарч ажиллана. Сургалтын цөм хөтөлбөр бол хүүхэд “хүн болж төлөвших”-өд түлхүү анхаарсан хөтөлбөр гэж дээр дурдсан. Хөтөлбөрт хүүхдийн зан чанар, харилцаатай холбогдох агуулгыг тодорхой гаргаж өгсний дээр хүүхдийг үнэлэх ажиглалтын хуудсанд үүнтэй холбоотой цөөнгүй асуулт орсон байгаа. Бага насанд нь дадал хэвшил болсон зүйлс хүнд насан туршид хэрэглэгдэнэ. Тэгэхээр бид ялангуяа сургуулийн өмнөх насанд хүүхэд бүр сайн хүн болж төлөвшихөд хааяа нэг зориуд зохион байгуулсан үйл ажиллагаа явуулчихаад санаа амарч болохгүй.  

Жишээлбэл, хамгийн наад зах нь хүнтэй сэтгэлээсээ сайхан мэндлэх дадал зуршил. Цэцэрлэгийн ангиудаар ороход хүүхдүүд “Та сайн байна уу?”, “Та сайхан амарсан уу?” гээд нийтээрээ мэндэлж байгаа нь сайн. Гэтэл энэ тэнд ганцаарантай нь тааралдахад эсвэл таньдаг хүнээ хараад зарим хүүхэд мэндлэхгүй л байгаа байхгүй юу. Үдээс хойш болж байхад “Та сайхан амарсан уу?” гэж байж ч магадгүй. Үүгээр хүүхдэд мэндлэх эрэлт хэрэгцээ, дадал зуршил суугаагүй, үүнд багш, хүүхэд аль аль нь ёс төдий ханддаг нь харагдаж байгаа юм.  

Аливаа дадал хэвшил олгоход байнгын, уйгагүй, тууштай, цаг зав зарсан ажиллагаа шаардагдана. Иймд багш цэцэрлэгийн өдөр тутмын амьдрал, явуулж буй үйл ажиллагаа бүрийнхээ явцад хүүхдийн төлөвшилд анхаарч, ач холбогдол өгч, нөлөөлж ажиллана. Энэ нь хүүхдэд юм зааж сургахаас илүүтэй цаашдынх нь амьдралд хэрэгтэй.

- Заримдаа хүүхдээсээ суралцах зүйл ч томчуудад бас байдаг ...

Манай багш нар хүүхдээр дамжуулан эцэг эхчүүдийн соёл, харилцаанд нөлөөлөх их боломжтой гэж боддог. Багшийн хэлсэн үг бага насныханд “хууль” шүү дээ.

Нэгэн жишээ: Миний нэг таньдаг эмэгтэй Англи улсад 10 гаруй жил амьдарч байгаад энэ зун гэр бүлийнхээ хамтаар ирж амарлаа. Тэрээр “Манай улс, Улаанбаатар хот маань их өөрчлөгдөж хөгжжээ. Гудамж, талбай, байшин барилга их сайхан болсон байна. Супермарктууд ч гадныхаас ялгагдах юм алга. Ганцхан хүмүүсийн соёл л их дутагдаж байна. Ялангуяа шүлсээ хамаагүй хаяж байгаа, очерлож сураагүй нь их муухай харагдаж байна.” гэж байна. Нээрээ ч тийм дээ гэж бодогдов. Бидэнд дэлгүүр, эмнэлэг, банкаар орох, автобус, онгоцонд суух, хил, гаалиар орж, гарах гээд дараалал хүлээх үе гардаг. Манайхан очерлохдоо шахцалдан зүтгэнэ, “Би түрүүн энд байсан”, “ Очероо захисан юм аа” гээд хүний өмнүүр дайрч орно, урдуур таньдаг хүн харагдвал шууд яваад л орчихно...

Хүүхдэд энэ маань бага байна даа гэхгүйгээр жишээлбэл, “Шүлсээ гудамжинд хаяж болохгүй”, “Очерлохдоо өмнөх хүнээсээ алхам зайтай зогсоно, очерын дундуур орж болохгүй” гээд л ойлгуулаад, хэвшүүлчихвэл тэд томчуудын дээрх зохисгүй үйлдэлд санаагаа шүүмжлэлтэйгээр хэлнэ дээ. Тэд бол үнэнийг нүүр улайтал хэлдэг хүмүүс. Үүнтэй адилхан машинаар явахдаа хүүхэд арын эгнээнд хүүхдийн суудалд сууна, хамгаалалтын бүс хийнэ; гадаа, орцонд хаана ч хогоо хамаагүй хаяж болохгүй, хогийн саванд хийнэ гэх мэт олон зүйлийг тэдэнд эрэлт хэрэгцээ болтол нь эзэмшүүлж хэвшүүлэх шаардлагатай, цаашилбал хүүхдээр нь дамжуулан эцэг эхэд нөлөөлж болох юм.   

Ер нь нийгмийг өөрчлөхөд насанд хүрэгчдийг шинэ зүйлд дасгаж хэвшүүлэх гэснээс багачуудтай ажиллах нь алсдаа илүү үр дүнтэй байдаг гэнэ лээ. 

- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр өөрчлөгдөх үү?

Бид Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг боловсруулахын тулд гадаадын улс орнуудын сургалтын хөтөлбөрүүдээс гадна өөрийн оронд өмнө нь хэрэгжүүлж ирсэн стандарт, сургалтын хөтөлбөр, зөвлөмжүүдэд судалгаа хийсэн. Манайд мөрдөж байсан хөтөлбөрүүдээс 2000 онд Боловсролын хөгжлийн сургуулиас боловсруулан гаргасан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үлгэрчилсэн цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үеэс багш нар сургалтын агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ өөрөө сонгон, бүтээлчээр ажиллах, хүүхдийн эрэлт, хэрэгцээ, сонирхлыг харгалзан үйл ажиллагаагаа явуулах эхлэл тавигдсан байдаг. Энэ үзэл санаа өнөөгийн сургалтын цөм хөтөлбөрт тусгалаа олж,  гүнзгийрээд явж байгаа.   

Сургалтын хөтөлбөрийг өөрчилнө гээд л өөрчлөх юм бол утгагүй. Нийгмийн хөгжил, нөхцөл байдал, бага насны хүүхдийн судалгаагаар шинээр гарч ирж буй ололт нээлт, хэрэгжиж буй тухайн хөтөлбөрийн үр дүнгийн судалгаа, багш, эцэг эх, олон нийтийн санал хүсэлт дээр тулгуурлан тодорхой хугацаанд давтамжтайгаар сургалтын хөтөлбөрийг өөрчлөн сайжруулж байх нь зүйн хэрэг.  Гэхдээ ойр ойрхон биш. Жишээлбэл, Япон улс сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрөө 10 жилийн давтамжтайгаар шинэчлэн сайжруулдаг юм билээ. “Сургалтын хөтөлбөрийн менежмент” гэж тасралтгүй явагддаг процесс бий. Үүнийг бид эзэмшин хэрэгжүүлэх шаардлагатай.

 

Асуултад хариулсан Н.Норжхорлоо