Та хүүхдээ хэрхэн зөв магтах вэ?

Би хүүхдийн тоглоомын талбай дээр эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн магтаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгааг ажиглан хардаг. Элсээр уул босговол: “Сайн байна!”. Гулсуур луу авирвал: “Мундаг!” Гулсуураас буувал бас л “Мундаг!”. Зарим эцэг эх “Үргэлж магтаж бай. Тэгвэл хүүхэд амжилт дагуулна” гэсэн үзлийг баримталдаг нь ажиглагддаг. Эцэг эхчүүдийн заримынх нь хувьд өөрсдөө бага насандаа ямар ч магтаал, сайшаал сонсож байгаагүйгээс хүүхдэдээ үүнийгээ нөхөн дэндүү их магтдаг тал бий.

Байнгын мөн оноогүй магтаал хүүхдэд хортой

Эхлээд эцэг эх бүр магтаал, урамшуулал, дэмжлэг, хүлээн зөвшөөрөлт, эелдэг харьцаа  гэсэн ойлголтуудыг ялгаж салгах хэрэгтэй. Энэ бүгд хоорондоо холбоотой боловч яг ижил утгыг агуулдаггүй. “Мундаг” (молодец) гэдэг үг нь  “Хайртай шүү”, “Ойлгож байна”, “Баярлаж байна”, “Харж байна” гэсэн үгийг орлож чадахгүй гэдгийг тайлбарлах нь илүүц биз ээ. Харамсалтай нь хааяа орлодог.

Америкийн сэтгэл зүйч Альфа Кон “Мундаг” гэж хэлэхгүй байх 5 шалтгаан  гэсэн нийтлэлдээ үүний сөрөг талыг дараах байдлаар тайлбарлажээ.

  1. Хүүхэд магтаалд дасал болно. Бид хүүхдийнхээ үйлдэлд хэтэрхий олон удаа дүгнэлт  (“Сайн байна”, “Мундаг шүү”, “Зөв байна”) өгөөд байвал хүүхэд үүнд дасал болдог. Хүүхэд өөрийн хийсэн ажил, амжилтанд биш харин бидний хариу магтаалыг хүлээдэг болно. Түүнээс гадна том болох тусмаа хүүхэд өөрийн хийсэн үйлдэлдээ үргэлж л сайн үнэлгээ хүсдэг болно.

 

  1. Хүүхдийг хийж буй үйлдэлдээ сонирхолгүй болгоно. Тэдэнд зөвхөн эцэг эхийн дүгнэлт л чухал болж эхэлдэг. Хүүхэд аливааг магтаал, шагнал авахын тулд хийх нь зуршил болсон үед үйлийг өөрийн зорилгоор, сэтгэлээсээ хийхээ болино. Тэд зөвхөн магтаал сонсохын тулд л зурсан зургаа ойр дотныхондоо үзүүлнэ. “Ямар сайн, ямар сайхан сэтгэлтэй хүүхэд вэ?” гэж хэлүүлэхийн тулд өгөөмөр зан, халамж, өрөвдөх үйлдлийг үзүүлдэг болно.

 

  1. Хүүхдийг аргацаах байдалд сургана. “Сайн байна”, “Мундаг”, “Онц” гэдэг үгсийг эцэг эх хүүхдийнхээ сайн үйлдлийг бататгахын тулд хэрэглэдэг. Бид зориуд болон санамсаргүйгээр америкийн бихеворист Б.Скиннерийн онолд үндэслэсэн эерэг хандлагыг бататгах  аргыг хэрэглэдэг. Энэ арга нь Карен Прайорын “Нохой руу битгий дайр” гэдэг нэрт зохиолд тод дүрслэгдсэн байдаг.  Эерэг үйлийг бататгахдаа тухайн обьект (тэр нь хүүхэд, найз, нохой ч байсан)-ын сайн зүйл хийх тохиолдол бүрийг магтах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрвээ муур хумсаа зохих газарт мэрэх үед түүнийг урамшуулаад амттан өгөөд байвал түүний сэтгэхүйд үйлдлийнхээ хариуд сайхан юм авдаг гэсэн ойлголт сууж өгдөг. Яг түүнтэй адил хүнд ч бас эерэг хандлагыг бататгах арга нөлөөлдөг.

 

Асуудлын гол нь тухайн үйлийг балчир-бага насныхнаас шаардах нь ухаалаг зүйл үү, үгүй юү гэдгийг бодолцох хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдийг өрөөгөөр гүйх үед нь нудраад, дуугүй суухад нь магтана. Гэтэл нэг газраа тогтон суух нь хүүхдэд хэцүү, хиймэл, магадгүй бүр тарчлаантай  байдаг талаар бид боддог болов уу? Ихэнх хүүхэд эцэг эхдээ таалагдаж таашаагдахын тулд өөртөө ямар ч золиос хийхэд бэлэн байдаг. Тэгвэл хүүхдийн толгойд “Ээж аавын энэ хүсээд байгаа зүйл бол зөвшөөрөгдөөгүй-тиймээс муу” гэсэн бодол төрдөг ба үнэн хэрэгтээ бодит байдлаас харвал тэрхүү зөвшөөрөхгүй байгаа үйлд муу зүйл юу ч байхгүй байж мэднэ.

 

  1. Хүүхэд өөрийн амжилтаар бахархахаа болино. Хүүхдийн гаргаж буй амжилтын тухайн мөчид бид “Мундаг байна” гэж түрүүлж хэлээд байвал магадгүй хүүхдийн өөрийнхөө амжилтанд баярлах тэр баяр хөөрийг алга болгох талтай. Үүгээрээ бид түүний сэтгэгдэл, бодол санааг үгүйсгэнэ. Энэ үйлдэл олон давтагдах тутам хүүхдэд өөрийнхөө баяр хөөрийг  бусадтай хуваалцах хүсэл сонирхол багасдаг. Тэртэй тэргүй түүний өмнөөс үүнийг хийх хэн нэгэн байнга дэргэд нь байдаг учраас ямар хэрэгтэй гэж? Түүний ямар нэг хийсэн  зүйл нь сайн болсон тохиолдолд тэр “Би үүнийг хийчихлээ!” гэж бахархалтайгаар хэлэхийн оронд харин бусад руу хандан “Энэ танд таалагдсан уу?” гэж асуух болно.

 

  1. Хүүхдийн сэдэл буурна. Хүүхдийг ямар нэгэн даалгавар гүйцэтгэсний дараа түүний хувийн зан чанарыг “Чи ухаантай шүү”, “Чи мундаг” гэж магтахад дараагийн  даалгавар гүйцэтгэхдээ тэрээр хүндрэлтэй тулгардаг. Америкийн эрдэмтэн Кэрол Двек Нью-Йоркийн 12 сургуулийн 400 сурагчдын дунд явуулсан судалгааныхаа дүнгээр үүнийг баталсан байдаг. Тэрбээр судалгааныхаа явцад сурагчдад “толгойгоо сайтар ажиллуулж байж” гүйцэтгэх тест өгсөн байна. Хүүхэд даалгаврыг гүйцэтгэх бүрт  түүнийг магтаж байсан. Нэг хэсэг хүүхдийг “Чи үүний учрыг сайн олж байна” гэж оюуны чадвар талаас нь, нөгөө хэсэг хүүхдийг  “Чи маш их хичээсэн байх аа” гэж гаргасан хүч чармайлтаар нь магтсан. Дараа нь хүүхдүүдэд хоёр хэсэг тестээс нэгийг нь сонгох санал тавьсан. Эхний тестийг нэлээд хүнд, нөгөө тест нь эхнийхтэй төстэй, гэхдээ арай хялбар гэдгийг хэлсэн. Хүүхдийн сонголтоос харахад хүч чармайлтыг нь магтсан хүүхдүүд хүнд тестийг, харин оюуны чадварыг нь магтсан хүүхдүүд ихэнхдээ энгийн даалгаврыг сонгосон байна.

 

Эцэг эхчүүд магтаалын үгээр дамжуулж хүүхдийнхээ үйлдэлд анхааралтай хандаж байгаагаа илэрхийлэхийг хичээх нь түгээмэл. Заримдаа харахгүйгээр хайнгадуухан хэлсэн “Сайн байна” гэсэн үг нь “За, би чамайг нэг юм зурсныг чинь мэдэж л байна, гэхдээ надад битгий саад бол” гэсэнтэй ижил санагдаж, хүүхэд сэтгэл дотроо насанд хүрэгчдийн энэ “Сайн байна” гэсэн үгэнд итгэхээ больж эхэлнэ.

 

Үүнээс бид магтаал нь сайнаас гадна бас сөрөг үр дагавартайг харж болно. Тэгвэл ээж аав нар хүүхдээ магтахаас бүрэн татгалзах ёстой юу? Мэдээж үгүй! Чин сэтгэлийн таашаалын үг зайлшгүй хэрэгтэй, шаардлагатай. Хүүхдийнхээ амжилтанд баярлаж байгаагаа нууж, биеэ барих нь буруу, харин магтаал, таашаал  нь бодитой, янз бүрийн арга хэлбэртэй байх шаардлагатай.

Сайн үйл хийхэд нь Та хүүхдээ хэрхэн магтах вэ?

  1. Юу ч хэлэхгүй байх. Энэ нь Монтессорийн арга барилтай тун төстэй. Мариа Монтессори хүүхэд өөрийн байдлаараа магтаалыг заавал хүсээд байдаггүй гэж бичсэн байдаг. Хүүхдэд танин мэдэх, бүтээх хүсэл тэмүүлэл аяндаа байдаг ба эцэг эхийн зүгээс үргэлж магтуулах буруу зуршил суулгаагүй л бол тэд өөрийнхөө гаргасанд амжилтад бахархалтай ханддаг.

 

  1. Өөрийгөө байгааг харц, дохиогоор илэрхийлэх. Заримдаа зүгээр л хүүхдийнхээ дэргэд байх нь чухал, үүнд үг ч хэрэггүй. Хэрвээ хүүхэд тань рүү харцаа чиглүүлэх үед та түүн рүү хайрын харцаар харах эсвэл гараа хүргэх буюу тэврэн авч болно. Ийм үйлдлүүд нь тийм их ажиглагдахаар зүйл биш мэт боловч хүүхдэд маш олон ойлголтыг төрүүлж байдаг. Та хүүхдийнхээ дэргэд байгааг мөн таны хүүхэд юу хийж байгаа нь танд хамаагүй биш гэдгийг хүүхэд мэдэрнэ.

 

  1. Юу харж байгаагаа хүүхдэдээ хэлэх. “Чи ямар гоё олон цэцэг зураа вэ? ”, “Чи өөрөө гутлаа өмссөн үү?”, “Чамайг илэхэд муур их дуртай байна, бүр хүзүүгээ ойртуулаад байна шүү”. Хүүхдэд таны  үнэлгээнээс илүү түүний яаж хичээж байгааг харснаа илэрхийлэх нь чухал. Ийм хандлагыг баримтлагчдын төлөөлөгч болох  нэрт судлаач А.Фабер, Э.Мазлиш нар хүүхдийн сайн үйлийг дараах байдлаар магтахыг санал болгодог. Жишээ нь: Хүүхэд хоолоо бүгдийг идэж дуусгавал “Үүнийг л би сайн хооллолоо гэж бодож байна”, хэрвээ тоглоомоо байранд нь хураавал “Өрөө маш цэгцтэй харагдаж байна!” гэх. Үүгээр та хүүхдийнхээ үйлдлийг таашаагаад зогсохгүй, түүний хичээл зүтгэлийг нь хүндэлж байгаагаа илэрхийлэх болно.

 

  1. Хүүхдийнхээ юу хийж байгааг асуух. “Чамд зурсан зураг чинь таалагдаж байна уу?”, “Хамгийн хүнд нь юу байв?”, “Чи яаж ийм хэцүү дугуй дүрсийг зурж чадав аа?”. Та иймэрхүү асуулт тавьснаараа хүүхэд өөрийнхөө хөдөлмөрийг үнэлэх, бие даан өөрийнхөө хийсэн зүйлийн үр дүнд дүгнэлт өгөхөд тусална.

 

  1.  Өөрийн сэтгэгдлээрээ магтаалаа илэрхийлэх. “Сайн зурсан байна!”, “Чиний зурсан энэ хөлөг онгоц надад маш их таалагдаж байна!” гэсэн хоёр магтаалыг харьцуулаарай. Нэгдүгээрх нь ямар ч хувь хүн байхгүй. Хэн зурсан, юу зурсан нь тодорхойгүй. Хоёрдугаарх нь та өөртөө маш их таалагдсан зүйлээ тодотгож өгснөөрөө хүүхдийнхээ бүтээлд хандах өөрийнхөө хандлагыг илэрхийлж байна.

 

  1. Хүүхдийн  үнэлгээ, хүүхдийн үйлдлийн үнэлгээ хоёрыг ялгах. Хүүхдийн чадварт биш, хийж байгаа үйлд анхаарлаа  хандуулж, үүнийгээ магтаалдаа тусгаарай: “Чи ямар цэвэрч хүүхэд вэ?” гэхийн оронд “Чи тоглоомоо хураагаа юу, одоо өрөө нь их цэвэрхэн болжээ, сайн байна”.

 

  1. Үр дүнг биш, чармайлтыг магтах. Хүүхдийн хичээл зүтгэлийг илэрхийлж хэлээрэй. “Чихрийнхээ талыг найздаа өгөх нь чамд харам байсан ч чи өглөө. Чи маш өглөгч байлаа шүү!”. Үүгээр та хийсэн үйл нь хэцүү байсан ч хүүхдийнхээ гаргасан хүч чармайлтыг үнэлж байгаагаа илэрхийлж байна.
     

Хүүхдийг магтах, таашаах хэлбэр  маш өргөн, олон янз байж болох ба үүнд ямар ч стандарт байхгүй. “Сайн байна”, “Мундаг шүү”, “Онц” гэсэн үгнүүдийг битгий хэрэглэ гэсэн үг огт биш ээ. Таны сэтгэлийг хөдөлгөсөн хүүхдийнхээ хийсэн үйлдлийг хараад сэтгэлээ барьж чимээгүй байх нь буруу. Гэхдээ хүүхдээ магтах оновчтой, өгөөжтэй арга замыг байнга эрэлхийлж, үүнд өөрийнхөө мэдрэмж, сэтгэгдлийг хүүхэдтэйгээ хуваалцаж байх нь чухал.   

 

УБ, Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэгийн эрхлэгч  Ж.Наран

Эх сурвалж: Виктория Виноградова, Как правильно хвалить ребёнка?