Хүүхдэд эмээ өвөөгийн оролцоо хэр байвал дээр вэ?

Манай монголчуудын хувьд ач, зээгээ өсгөх, “хүн болгох”-д эмээ өвөө нарын оролцоо, үүрэг хариуцлага их. Эмээ өвөө нар ач, зээгээ харвал амьдралын нэгэн утга учир биелэлээ хэмээн үзнэ, өөрийнх охин, хүү ч тэдний хажууд юу ч биш. Арчилж хамгаалахад нь зааварчилна, боломж муутай ч гэсэн харж хандахаас буцахгүй.

Нөгөө талаас залуу хосууд хүүхдээ арчилж өсгөхдөө өөр өөрийн байр суурьтай. Зарим нь ээж аав нь хүүхдийг нь хараад өгвөл ашгүй дээ гээд л ажил, сургуульдаа харайлгаж гарна. Бүр орхичихоод гадагш дотогшоо яваад өгч ч магадгүй. Гэтэл зарим нь өөрсдийнхөө гараар хүүхдээ өсгөх нь хүүхдэд болон өөрсдөд хэрэгтэй гэж үзнэ. Мөн өөрсдийнхөө хүүхэдтэйгээ ажилладаг арга барилаа орчин үеийнх гэж илүүтэйд тооцно.

Ер нь тэгээд эмээ өвөөгийн оролцоо хэр хэмжээнд байвал зохистой байдаг юм бол?

Эмээ өвөө хэрэгтэй

Эмээ өвөө бол хүүхдүүдэд хэнээр ч сольшгүй нөмөр нөөлөг бүхий  хүмүүс. Эмээ өвөө нар төвөгшөөж цуцахгүйгээр тэдэнтэй тоглоно, энхрийлж хайрлана, сонирхолтой үлгэр, өгүүллэг ярьж өгнө, харж хамгаална. Энэ нь олонхи гэр бүлд байдаг дүр зураг. Эмээ өвөө нарын тэсвэр тэвчээр их. Ач, зээ нар “дахиад нэг үлгэр” гэхэд дахиад нь ярина, хүссэн зураг/номыг нь дахин дахин хамт үзнэ, “гутал үдээд өгөөч” гэхэд уйгагүйгээр үдэж өгнө, “үдэж сурна аа хө” гээд байн байн хамт давтана. Амттан шимтэний хувьд ч алгаа илүүтэйхэн дэлгэж магадгүй. Энэ бүгд бяцхан ач, зээ нарт үнэ цэнэтэй зүйл. Үүнээс хүүхэд өөрсдийнхөө эрэлт хэрэгцээг анхаарч байгааг, өөрийг нь хайрлаж халамжилж байгааг мэдэрнэ. Эмээ өвөөгийн тайван амгалан байдал нь мөн тэднийг аятай тухтай байх нөхцөлийг бүрдүүлнэ. Эмээ өвөө нар тэр бүр бухимдаад байдаггүй. Аливаад амьдралын туршлагаасаа аядуу тайван хандана, болох болохгүйг мэднэ, ноён нуруу нь хайчихав. Тэгээд ч эмээ өвөө нар аав ээжийг бодвол арай завтай улс.

Өнгөрсөн, өнөөгийн гүүр

Өвөө “Намайг сурагч байхад сурлагын дүн бол хамгийн чухал зүйл байлаа. Багш нар сурагчдаа дүнгээр нь жагсаагаад биччихнэ. Тэр дүн гээч юманд бүгд баригдаж өгнө дөө. Одоо бодоход хүүхдүүдийг арай л чөлөөтэй, тайван амгалан байлгаж болмоор байсан санагддаг юм”  гэх. Эмээ “Намайг бага байхад дэлгүүрээс мах, сүү авахад ховор хэцүү байдаг байсан. Зусланд сүүний машин ирэхийг хүлээж сүүнийхээ савыг очерлуулчихаад тоглож гарна даа... “ гэх. Иймэрхүү зүйлсийг төдийлөн харж, сонсож байгаагүй тул тэдэнд сонин. Тэгээд “Эмээ та сүүгээ яаж авдаг байснаа дахиад  ярь даа?” гэнэ. Хөдөөгийн эмээ нар бол бүр ч их сонин зүйлс ярина. Энэ мэтээр тэдэнд өнөө болон өнгөрсөн үеийн амьдралыг хооронд нь харьцуулах боломж олдоно, мөн ээж аав, эмээ өвөөгийн удам судар, амьдралыг мэддэг болно. Энэ нь тэдэнд амьдралыг ойлгоход тусална.

Үүсэх зөрчил

Эмээ өвөөгийн оролцоо их байх, ялангуяа хүүхэд эмээ өвөө дээрээ өсөх нь дан дардан замаар явдаггүй, зарим сөрөг нөлөөллийг бий болгодог ажээ. Тухайлбал,

  • Ээж аав болон эмээ өвөөгийн үүрэг, роль хэт хутгалдсанаас хүүхэд тэдний дунд самуурч будилна.
  • Эцэг эх болон эмээ өвөөгийн тавьдаг шаардлага бие биесээс ялгаатай зөрөөд байвал хүүхэд аль нь зөв, бурууг ялгахаа больж эргэлзэхэд хүрнэ. Нэг ижил нөхцөл байдалд хүүхэд өөр өөрөөр хандаж харьцах (өөрөөр хэлбэл хүнд нь тааруулан харьцах) зальжин байдалд ч хүрч болзошгүй.
  • Эмээ өвөө нар өмнө нь өөрийнхөө хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлж байх үедээ гаргаж байсан алдаагаа засахыг эрмэлзэхдээ ач/зээ нараа хэт хамгаалан бөөцийлөх, эрхлүүлэх тал руу хэвийдэг.  
  • Хэрэв тухайн гэр бүл муу дадал, зуршилтай бол тэр нь хүүхдэд дамжигдан олгогдоно.
  • Эмээ өвөө нар хэтэрхий настай бол тэд хүмүүжлийн хуучинсаг үзэл бодлоосоо салж чадахгүй, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээнэ.
  • Хүүхэд эмээ өвөө дээрээ ихэнхдээ байгаад байдаг бол өөрийнхөө төрсөн ах, эгч, дүү нараасаа хөндийрнө.
  • Сургуульд элсэх шилжилтийн үеийн асуудлыг давж гарахад хүүхдэд эмээ өвөө нар тэр бүр тусалж чадахгүй.  
  • Эмээ өвөө нар мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар, уулзалт ярилцлагад оролцох нь ховор, тэгэхээр сурган хүмүүжүүлэх талаасаа төдийлөн зохих өндөрлөгт байж чаддаггүй.
  • Эмээ өвөө нар сайн арчилж хамгаалдаг ч оюун ухааныг нь хөгжүүлэх талын нөлөөлөл багатай. 

 

Алтан дундаж

  • Ач, зээгээ  итгэлтэй, баталгаатай орчин нөхцөлд байлгах. Тан дээр байхад төвөгтэй эсвэл бие, сэтгэл тань сайн биш байвал тэд ээж аавтайгаа  л байсан нь дээр. 
  • Гэхдээ эмээ өвөө нар ач, зээтэйгээ хөндий биш, байнгын, тогтмол, ойр дотно  холбоо харилцаатай байх.
  • Эмээ өвөө нар хариуцлагаа ухамсарлах, ач, зээ нарынхаа хөгжил, хүмүүжилд нь мэдрэмжтэй хандах, шаардлагатай зөвлөлгөө өгөх.
  • Эмээ өвөө нар ач, зээгээ ээж аав, ах, дүү нараас нь хөндийрүүлэлгүй, тэдэнтэй нь ойр байлгах.

 

Н.Хорлоо