Гутлаа үдэцгээе

Бид ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд гутлаа үдэж сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд бүрд хүрэлцэхүйц тооны бойтог, тавчигны загварыг үдээсний хамт бэлтгэсэн. Эхний үед хүүхдүүд бойтог буюу тавчгаа сонгон аваад үдэж сурах үйлд суралцана. Үдээсээ сүвлэх, үдэх чадварыг хараахан эзэмшээгүй хүүхэд нэг бүлэгт олон байвал  бусад бүлгийн туслах багш нар тухайн бүлгийн хүүхдийг  хуваарилан авч хүүхдүүдэд туслан хамтран ажилладаг. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүнээ ч мөн зөвхөн нэг ангид байлгаад байлгүй, анги дамжуулан хэрэглэдэг.

Хүүхдүүд үдээс үдэх үйлд дадлагажаад ирэхээр “Гутлаа үдэцгээе” тоглоомыг явуулдаг.  Хүүхдүүд хоёр багт хуваагдана. Багийн гишүүн бүр аль нэг хос бойтог эсвэл тавчгийг сонгон авч өмсөнө. Мөн үдээсээ сонгож авсан байна. Хөгжмийн ая явж эхлэхэд хүүхдүүд зэрэг үдээсээ “гутландаа” зөв сүвэлж үдэж эхэлнэ. Гутлаа үдэж дууссан хүүхэд гараа өргөж, даалгаврыг гүйцэтгэснээ мэдэгдэнэ. Түрүүлж бүх хүүхэд нь гутлаа зөв үдэж өмссөн баг хожно. 

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн туслах багш нарын баг