Дугуйн наадгай

Бид жаахан байхдаа  чулуу  өрж тоглож, шилбүүр унан давхиж, хөвгүүдтэй байлдаж, дээс резин ашиглан үсэрч дэвхэрч тоглодог байлаа. Одоо харж байхад хүүхдүүд голдуу зурагт үзэж, гар утас, компьютрээр тоглож байх юм. Хүүхдэд хөдөлгөөн хэрэгтэй. Хөдөлгөөн нь хүүхдийн бүх талын хөгжилд нөлөөлдөг.

Ангийнхаа хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор эцэг эхтэйгээ хамтран түрж тоглодог дугуйн наадмыг хийж ашигласан нь үр дүнгээ өгч байна.   

Ашиглах материал: 1ширхэг дугуй, хатуу төмөр утас, гоёл чимэглэл

Хийх аргачлал: 

  1. Хатуу төмөр утсаа хүүхдийн өндөрт тааруулан тасална.
  2. Дугуйг бэхэлж тогтооно.
  3. Осол гэмтэлгүй байдлыг хангах үүднээс хүүхдийн барих хэсгийг дугуйруулах буюу үзүүрийг дарна.
  4. Дугуй чөлөөтэй өнхөрч байгаа эсэхийг шалгаж үзнэ.

 

Дугуйн наадгай нь хүүхэд бүрт хүрэлцэхүйц байна. Дугуйн наадгайгаар гадаа, дотор хаана ч тоглож болно.   

Ач холбогдол

Хүүхдүүд дугуйн наадгайгаа ашиглан чөлөөтэй тоглох, уралдах, “Жолооч” болж тоглох нь дараах ач холбогдолтой.  

  1. Хүүхэд идэвхтэй хөдөлгөөнд байна. Чигээрээ, саадыг давж, сүлжиж уралдах зэргээр янз бүрийн хөдөлгөөн хийнэ.
  2. Өөртөө итгэлтэй, баяр баясгалантай байна.
  3. Хүүхэд бүр өөр өөрийн хүссэнээрээ (шудуун, тойгоргоор гэх мэт) дугуйгаа түрж гүйж, ямар мөр гарч байгааг ажиглаж,  дугуй бүрийн хээ ялгаатайг олж мэднэ.
  4. Зам үүсгэж, замаас гаралгүй явахыг хичээж хөдөлгөөнөө зохицуулна.   
  5. Ээлжээ хүлээж дарааллаараа тоглоно, уралдана.
  6. Анги, зам, талбайд орон зайгаа баримжаална.
  7. Өгсөн дохионы дагуу гарааны шугамнаас хөдөлгөөнөө зэрэг эхэлнэ.

 

Дундговь аймгийн Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн багш Б.Сүнжидмаа