Үнэт зүйл ба чадамж хоорондоо ямар хамааралтай вэ?

Бид үнэт зүйлгүй бол сэтгэлээсээ, зүтгэл чармайлттай ажиллаж, мөн аль нэг асуудал тулгарахад оновчтой, бүтээлчээр шийдэж чадахгүй, зүгээр л автомат машины адил байх болно.

Үнэт зүйл ба чадамжийн хамаарлын талаар хэн юу гэв?

Германы эрдэмтэн Жон Эрпенбек “Үнэт зүйлгүй бол ямар ч чадамж байхгүй, тэгэхээр хувийн зохион байгуулалттай, бүтээлч үйл ажиллагаа явуулах боломжгүй” (John Erpenbeck. 2018) гээд "Үнэт зүйл бол чадамжийн цөм юм" гэсэн санааг анх дэвшүүлсэн. Кристиан А.Фишер түүний судалгааг үргэлжлүүлэн үнэт зүйл ба чадамжийн хоорондын уялдаа холбоог тогтоосон нэгэн шинэлэг, боловсролд өндөр ач холбогдол бүхий онолын судалгаагаа  Монтессори сургуулиуд дээрх эмпирик судалгаатай уялдуулан явуулж, “Үнэл зүйл бол чадамжийн цөм юм” гэсэн  бүтээлээ хэвлүүлсэн байдаг (Christian A. Fischer. 2019). Түүний судалгааны ажил нь үнэт зүйл яагаад чадамжийн цөм болох тухай ойлголтыг нарийвчлан судалж, нотлоход төвлөрсөн. Тэрбээр үнэт зүйл ба чадамжийн бүтцийг судалж, чадамж хэрхэн үүсдэг, чадамжийг хөгжүүлэхэд мэдлэг, үнэт зүйл, чадвар, туршлага, хүсэл эрмэлзлэл зэрэг хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөгийг авч үзээд, үнэт зүйл ба чадамжийн хоорондын уялдаа холбоог маш тодорхой, цогц байдлаар тодотгон харуулсан.

Мөн Франц Петер Штаудт үнэт зүйлийг компаний үйл ажиллагааны гүйцэтгэлтэй холбон “Үнэт зүйл + Чадамж = Гүйцэтгэл” хэмээн томьёолж, үнэт зүйл бол чадамж, гүйцэтгэлийн суурь юм гэж тодорхойлжээ (Franz-Peter Staudt. 2018).

Чадамжид үнэт зүйл яагаад цөм нь болдог вэ?

Жон Эрпенбек чадамж нь тодорхой утгаараа мэдлэг дээр суурилж, үнэт зүйл, хэм хэмжээнээс бүрдэж, гадны нөлөөллийн үйл явцад хувь хүнд сууж, ур чадвар болон хувирч, туршлагаар нэгтгэгдэн, хүсэл эрмэлзлээр хэрэгждэг гэжээ (John Erpenbeck. 2018).

Хэчнээн их мэдлэг эзэмшиж, хэчнээн их туршлага хуримтлуулсан ч бидний аливаа үйлдэлд эцсийн дүндээ үнэт зүйл л үргэлж шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Үнэт зүйл бол аливаа үйлийн хөдөлгөгч хүч бөгөөд хүнд ямар шийдвэр гаргах, хэрхэн ажиллах замыг зааж, хувь хүний зан харилцааг удирдан чиглүүлж байдаг. Үнэт зүйлгүй бол тухайн хүнд сурч мэдэх хүсэл эрмэлзэл, үр дүнд хүрэх сэтгэл, зүтгэл дутагдаж, амжилттай суралцах, чадварлагаар ажиллах боломжгүй. Гэхдээ үнэт зүйл нь зөвхөн хувь хүний сэтгэл хөдлөл, сэдэлд шингэж, "дотоод ертөнц”-д суусан тохиолдолд л үр дүнгээ өгдөг ажээ.

Кристиан А.Фишер үнэт зүйл нь хувийн зохион байгуулалт (Selbstorganisation)-ыг тодорхойлдог тул үйлийн гүйцэтгэл буюу чадамжид хүчтэй нөлөөлөгч хүчин зүйл гэдгийг онцолсон байдаг. Тэрбээр юун түрүүнд Монтессори сургуулийн эцэг эх, менежерүүдийн ёс зүйн үнэт зүйл нь тэдний үйл ажиллагааны чадамжийн гол цөм болохыг олж харсан.

Хувийн зохион байгуулалт яагаад чухал вэ?

Хувийн зохион байгуулалт нь ерөнхий боловсролын сургуулиас эхлэн аливаа түвшний сургуульд суралцах, мэргэжлээрээ ажиллах, тулгарсан асуудлыг шийдвэрлэх зэрэг амьдралын аливаа нөхцөл байдалд ач холбогдолтой. Хүн хувийн зохион байгуулалт сайтай байснаар цаг хугацаа хэмнэх, гол зүйл дээрээ төвлөрч зорилгодоо хүрэх, амжилт гаргах зэрэг олон сайн үр дагаварыг хүртдэг.

Хувийн зохион байгуулалт нь хувь хүн тодорхойгүй нөхцөл байдалд бие даан шийдвэр гаргах, шинэ ажил үйлд хариуцлагатай хандахад нөлөөлдөг.

Хувийн зохион байгуулалт гэдэг нь даалгаврыг илүү сайн гүйцэтгэх, асуудал, сорилт бэрхшээлийг шийдвэрлэх үр дүнтэй горимыг гадны нөлөөлөлгүйгээр өөрөө бий болгож, хариуцлагатай­гаар хэрэгжүүлэх үйл явц.

Хувийн зохион байгуулалттай үйл ажиллагаа нь мэргэжлийн болон хувь хүний өсөлт хөгжилд чиглэсэн, өөрийн үйлдэлд хяналт тавих, орчин нөхцөлөө тооцохыг шаардсан нарийн нийлмэл тогтолцооны шинж чанартай үйл явц юм. Үнэт зүйл нь хувийн зохион байгуулалттай үйл ажиллагааны зохицуулагч болохын хувьд нарийн төвөгтэй асуудлыг даван гарах арга замыг олох, чадварлаг ажиллахад тусалдаг.

Хувийн зохион байгуулалт нь мөн багаар амжилттай ажиллах үндэс суурь болдог. Тухайлбал, багт хувийн зохион байгуулалт сайтай хүн ажиллахад манлайллаа харуулж, баг эмх цэгцтэй, үр дүнтэй ажиллах улмаар өөрийн зохион байгуулалттай баг үүсэхэд нөлөөлнө. Өөрийн зохион байгуулалттай багийнхан удирдлагын зааврыг хараад байхгүйгээр хүн бүр өөрийн үүрэг хариуцлагыг хүлээж ажилладаг.   

Үнэт зүйл яагаад өнөө цагт улам үнэ цэнэтэй болов?

Хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэмд бидэнд шийдлээ хүлээсэн ажил, асуудал, урьдчилан таамаглах боломжгүй шинэ нөхцөл байдал байнга тулгарах болов. Ийм тодорхойгүй, төвөгтэй нөхцөл байдал нь хувь хүнээс  хариуцлагатай шийдвэр гаргалт, хувийн зохион байгуулалттай үйлдлийг шаарддаг. Үүнд үнэт зүйл хэрэг болж, чиглүүлдэг. Ялангуяа эргэлзээтэй нөхцөл байдалд үнэт зүйлийн ач холбогдол их. Үнэт зүйлгүйгээр хүн тодорхой сэдэл бүхий зорилготой үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Манай нийгэмд шударга ёс, эрх тэгш байдал, хариуцлага гэсэн үнэт зүйлийг урьд урьдынхаас илүү хүсэмжилж буй нь иргэдийн жагсаал цуглаан, шаардлагаас харагдах болов. Залуучуудын адилаар эрч хүчтэйгээр жагсахгүй ч нийгэмд маань авлигагүй, шударга ёс тогтоосой, уг нь сайхан эх орон юмсан хэмээн санааширсан дунд, ахмад үеийнхэн ч цөөнгүй. Цаашдаа аливаа байгууллага үйл ажиллагаа, нөлөөллөө үнэт зүйл дээр үндэслэн явуулах шахалт, шаардлагатай улам илүү тулгарах болно. Жишээлбэл, үйлчлүүлэгч аль нэг компаниар үйлчлүүлэхдээ тухайн компани нь ёс зүйг хэр баримтлан ажилладаг вэ гэсэн асуултыг тавина.

Хүмүүсийн сэтгэлд нийцсэн үнэт зүйлтэй байж л байгууллага бүр итгэл дааж, урт хугацаанд тогтвортой, амжилттай ажиллана. Компаний хувьд бол ашиг орлого нь ч өндөр байна. Манайд тохиолдсон ойрын жишээнээс дурдахад, 2022 оны 5 дугаар сард нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсныг холбогдох байгууллагууд тогтоож, нийслэлчүүдийг айдаст автуулж, махнаас сэрэмжлэхэд хүргэсэн. Нэрээ өөрчилж хүмүүсийг төөрөгдүүлчихгүй л бол энэ компани нэр төрөө сэргээж, үйлчлүүлэгчдийн итгэлийг авч, тогтвортой үйл ажиллагаа явуулахад чамгүй урт хугацаа зарцуулах болов уу. Бүр дампуурч ч мэдэх юм. Энэ нь тухайн компани үнэт зүйлгүй, үүнийг дагаад ажилтнууд нь ч бусдын сайн сайхны төлөө гэсэн сэтгэл зүрх дутмаг байгааг харуулна. Үнэт зүйл бүхий байгууллага ажилтнууддаа үнэт зүйлийг суулгадаг ажээ. Үнэт зүйл бол компаний ажилдаа хандах зөв хандлагыг илэрхийлдэг алсын хараа, эрхэм зорилгын чухал бүрэлдэхүүн хэсэг  бөгөөд тухайн байгууллагын дүр төрх, чанарын талаарх мэдээллийг өгч байдаг. Үүнтэй холбоотойгоор байгууллагын үнэт зүйлийг тодорхойлох, хэмжих, хөгжүүлэх, үр шимийг нь хүртэх үүрэгтэй үнэт зүйлийн менежмент улам бүр чухал болж байна.

 

Н.Норжхорлоо

 

Ашигласан материал:

1. John Erpenbeck, Werner Sauter. 2018. Wertungen, Werte – Das Fieldbook fuer ein erfolgreiches Wertemanagement. Springer. Berlin, Heidelberg.

2. Christian A. Fischer. 2019. Werte als Kerne von Kompetenzen. Eine theoretische Studie mit einer empirischen Analyse in Montessori-Schulen. © Waxmann Verlag GmbH.

3. Franz-Peter Staudt. 2018. Werte – Grundlage für Kompetenz und Performanz. https://competencehouse.de/2018/02/werte-kompetenz-performanz/