“Үзэл баримтлал”-аа хэрэглээ болгосон нь

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг хангах зорилго бүхий Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад манай хамт олонд тохиолдож байсан олон бэрхшээлийн нэг бол “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн үзэл баримтлал”-аа боловсруулах чиг шугамаа олох байлаа.

Бид үзэл баримтлалаа боловсруулахдаа дараах олон буруу зөрүү ойлголттой учирч байсныг нуух юун. Үүнд:

  • Үзэл баримтлал гэдэг бол нэг өгүүлбэрээр бичсэн уриа, лозун юм байна, түүнийгээ дагаж мөрдөх учиртай гэж ойлгож байлаа.
  • Бусад цэцэрлэгийн туршлагаас үзэж сонирхоод өөрт таалагдсан зүйлээ л хийх юм байна гээд үзсэн харснаа дуурайн хийх явдал ч их байв.  
  • Олон эрдэмтдийн онолыг хэсэг хэсгээрээ хувааж уншаад шалгалт өгөх тохиолдол ч гарсан.
  • Зарим туршлагатай цэцэрлэгүүдийн туршлагаас судлах гэж хичээж, асууж сураглаж байсан ч тэд нуугаад хэлдэггүй, эсвэл бүгд л адилхан үйлчилгээ үзүүлдэг юм чинь ялгарах онцлог гэж хараахан гарч өгөхгүй байгаа гэсэн тайлбар өгч байсан.
  • Өдрийн дэглэмээс эхлээд цэцэрлэгийн дүрэм журамд ордог бүхий л зүйлийн цуглуулга болгон базсан бичиг баримт болгосон зэрэг төөрөгдөл зөндөө байсаан. 

 

ХБНГУ-д 1970-аад оноос зарим холбооны улсын цэцэрлэгүүдийн баримтлан ажиллаж ирсэн "Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах үзэл баримтлалын талаар та бүхэн http://buuvei.mn/ вэбсайтаас олж уншицгаасан биз ээ. Энэхүү үзэл баримтлал нь бидний сонирхлыг ихээхэн татсан. Энэ нь тогтсон хэв загвар, үйл ажиллагаанд баригдах биш, багш нар нь тухайн үеийн нөхцөл байдлыг цэгнэн үзэж, түүнийгээ харгалзан үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой.  

Уг мөн чанартаа тухайн цэцэрлэгийн үзэл баримтлал нь хүүхдүүдийн сурах хөгжихөд чиглэл болохоос гадна гол нь багш ажилчдад хамаатай байх учиртайг бид ойлгосон. Иймээс бид хүүхдийн “БИЕ ДААН ОРШИХ”, “ЭВ НЭГДЭЛ”, “ЧАДАВХ”-ыг сайжруулах гэсэн гурван үндсэн зорилгыг дэвшүүлэн ажиллаад, зарим үйл ажиллагааг нээлттэйгээр зохион байгуулж байгаагаа жишээгээр харуулъя.

БИЕ ДААН СОНГОЛТ ХИЙЖ ЦАЙЛАХ

Энэ үйл ажиллагааг дундаас дээш бүлгүүдэд долоо хоног бүр тогтмол явуулсан.

  1. Тогооч нарын хувьд зорилгоо ухамсарлаж байсан хэдий ч нөгөө л бэлэнчлэх, туслах, авч өгөх сэтгэлгээ нь давамгайлж эхний үед өөрсдөө зөөж аваачиж өгөх, гараас нь барьж туслах зэргээр алдаа гарч байсан. Дараа нь хүүхдүүд өөрсдөө бие дааж цайлах боломжийг бүрэн ойлгож улмаар “Одоо л энэ үзэл баримтлалыг ойлголоо, яг үнэндээ чадвартай хүн болгох гээд байгаа юм байна ш дээ” гэж хэлэхдээ чин сэтгэлээсээ баярлаж байсан нь харагдсан юм.
  2. Хүүхдүүдийн хувьд хэцүү зүйл их байсан. Тэдний зарим нь цай, боорцгоо хамтад нь зөөж ирээд шууд суугаад хооллож байсан бол, зарим нь нэг нэгээр нь зөөх, тэр ч байтугай боорцгоо аваад суудалдаа сууж байгаад идсэний дараа ирж цайгаа авах зэргээр өөр өөрсдийн чадлаараа л цайлж байсан нь бас нэгэн бэрхшээлээ давж сурахад нь дөхөм болсон. Гэхдээ нэг ч хүүхэд цайлж чадалгүй, түүнийгээ асгах, чадахгүй байна гэж уйлах явдал гараагүй нь сайшаалтай.
  3. Багш нарын хувьд мөн л хүүхдүүдэд туслах, тэдний өмнөөс бүгдийг хийх алдааг гаргаж байснаа энэ үед л чөлөөт ажиглалтыг тэмдэглэхэд тохиромжтой байсан гэж, харин эцэг эхчүүд хүүхдийнхээ цайлж байгааг хараад нээрээ бид чинь ингэж өөртөө үйлчлэх газар орж үзээгүй юм байна, бодмоор юм байна гэж хоорондоо ярилцаж байсан нь энэ ажлын үр дүнг илтгэж байна.

 

Чимхүүрээ барьж чадахгүй байгаа хүүхдэд тусалж байгаа нь.

 

Хүүхдүүд өөр өөрийнхөө сонголтоороо цайлав.

 

НЭЭЛТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ БОЛОХ ЭХЛЭЛ

330 хүүхдийн хүчин чадалтай манай цэцэрлэгийн хувьд Монгол улсад байдаг цөөхөн томоохон цэцэрлэгүүдийн нэг билээ. Бидэнд сул чөлөөтэй, зүгээр л хүн яваад өнгөрдөг коридор буюу хонгил гэх талбай нэлээдгүй байна аа. Тэнд хүүхдийн сонирхлыг өрнүүлсэн олон тоглоомыг байрлуулж өгсөн нь бас л сонирхолтой, хөгжлийн нэгэн талбар болж чадлаа. Эхлээд тавьж байрлуулсан тоглоом нь алга болох, дахин хийх зэрэг хүндрэл байсан ч манайхан бэрхшээлийг дажгүй давж чадсан. Өөрөөр хэлбэл нэг тоглоомын хэрэглэгдэхүүнийг олон дахин хийж байрлуулахад огтхон ч шантраагүй. Харин одоо хүүхдүүд, эцэг эхчүүд маань  давгүй сурцгаасан.

 

Багшийгаа хүлээнгээ тоглож байгаа 3 настай хүү

 

Заавал бөмбөгөө хийж байж харина аа...

 

Одоохон дөрвөлжин дүрс хийнэ, чадна аа..    Би одоохон, чи хүлээжээ...

 

Хүүхдийг аль болох өөрөөр нь хийлгэх, өөртөө үйлчлэхийг эрхэмлэж байна.

Бэлтгэл Б бүлгийн жижүүрүүд хүүхэд бүрт амны цаасыг нь “Пуужин” эвхэлтээр эвхэж байгаа нь.

 

Нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн                                                               эрхлэгч Ц.Мөнхтуул, арга зүйч Б.Намжилмаа