Ах/эгч, дүүсийн хоорондын харилцаа

Сайн эрэгцүүлбэл, хамгийн түрүүнд босч, ганц цэнхэр күрткийг амжиж өмсөх нь тааваараа босоод шинэхэн цэнхэр, улаан, ногоон, шар, алаг курткнээс сонгож өмсөхөөс илүү таашаалтай байж ч магадгүй.

Олуулаа өсөхийн ач тус

Гэр бүл бол хүүхдийн хамгийн ойр, хамгийн нээлттэй байж болдог харилцааны орчин. Тэр тусмаа хүүхэд ах/эгч, дүүсийн дунд өсөх нь тэдэнд нийгэмшихүйн томоохон сургуулилалт болдог. Тэд хамтран тоглоно, бас муудалцана, дараа нь “сайндана”, уучлалт хүснэ. Бие биесээс суралцах зүйл их. Ялангуяа багачуул томыгоо дуурайна, тоглоом, хийж буй зүйлд нь оролцохыг эрмэлзэнэ, гуйна, том нь дүүгээ аргалах арга эвийг хайна, олно. Энэ нь ах/эгчид ч асуудлыг зохицуулж сурахад тустай. Заримдаа хамтран тоглоно, энэ үед ах/эгч гол төлөв зааж сургах, зөвлөх, чиглүүлэх ролийг авна. Үүнд дүү нь зөвхөн захирагдаад зогсохгүй, бас суралцсаар байна. Ах/эгчтэй бага насны хүүхэд ганцаараа өсч буй хүүхдээс хөгжлийн төвшингөөрөө илүү байдаг нь тогтоогдсон судалгаа (1) ч байдаг. Амьдрал дээр ч энэ байдаг ажиглагддаг.

Ах/эгч дүүсийн зөрчил

Ах/эгч дүүсийн хооронд тоглоом, эд зүйлээ булаацалдах, өөрийнхөө хүссэнээр байх гэх, эцэг эхийн анхаарал халамжийг хүртэхийн төлөө өрсөлдөх зэргээр  зөрчил тасардаггүй. Ингээд гомдол мэдүүлнэ, биенийгээ ховлоно, маргалдана, цохиж авна, уйлна...  Байн байн муудалцаж, уйлалдах нь танд төвөгтэй байвч, ингэснээр хүүхдүүд хоорондоо илүү дасч, дотносодог ажээ. Цэцэрлэгт хоорондоо ойр ойрхон муудалцдаг хүүхдүүд бие биендээ тун сайн, илүү ойр дотно байсан нь судалгаагаар (2) тогтоогдсон байдаг. Энэ нь танд ч мөн анзаарагдана. Та хоорондоо байн байн муудалцдаг хүүхдээ  бусад танихгүй хүүхдүүдийн дунд оруулаад ажиглаарай. Ялангуяа бусдаас нөлөөтэй ямар нэг асуудал тулгарахад  тэд бие биенийхээ төлөө баттай зогсож, чин сэтгэлээсээ  хандан нэгнийгээ хамгаалж байгааг та харах болно. Тэгэхээр ах/эгч, дүүсийн хоорондын зөрчил тийм ч муу зүйл биш бөгөөд хүүхдүүд хоорондоо ойлголцох, ойртох, дасч дотносоход сайнаар нөлөөлдөг байна.

Зөрчил юунаас үүсдэг вэ?

Эцэг эхийн ялгавартай хандлагаас. Хүүхдүүд эцэг эхийнхээ тэднийг эрхлүүлэх, хайрлах, тэдэнтэй ажиллаж буй арга барилын ялгааг гярхай мэдэрдэг. Бид нэг хүүхдэдээ илүү, нөгөөд хайнга хандаж, гомдоосон үг хэлдэгээ тэр бүр анзаардаггүй. Нэгийг нь магтаад байна гэдэг нь нөгөөг нь муучилж байна гэсэн үг. Илүү хайрлах, хэн нэгнийх нь амжилтыг дахин давтан магтах нь тэдний хоорондох зөрчлийн эх үүсвэрийг тавихаас гадна  тэдний аль алинийх нь хүмүүжилд сөрөг нөлөөтэй. Эцэг эхийн илүү дотно ханддаг хүүхэд эрх дархыг мэдэрч, өөрийгөө ихээхэн үнэ цэнэтэйд тооцож бусдаас дээгүүр тавих, нөгөө дутуу гэж үзсэн хүүхэд нь өөртөө итгэлгүй, дорой болох талтай.

Харьцуулалтаас   Бодит амьдрал дээр эцэг эх нэг хүүхдээ нөгөөгөөс илүү мэдэрдэг тал гардаг. “Чи Болдоо шиг томоотой байл даа”, “Манай Мөнхөө ч мөн нямбай шүү”  гэх мэт үгс эцэг эхийн амнаас гардаг. Уг нь та нэгнийх нь үлгэр дуурайллаар нөгөөд нь нөлөөлөхийг зорьж  байгаа нь мэдээж. Гэвч хүүхдүүдийг хооронд нь харьцуулах нь мөн сөргөлдөөний эх үүсвэрийг тавьдаг. “За яахав дээ, би айлын муу хүүхэд” гэсэн сэтгэгдлийг хүүхдэд төрүүлнэ. Иймд юуны өмнө эцэг эх өөрийнхөө хандлагыг өөрчилж, энэ “сул” нөхөрт маань амьдралд хэрэгтэй сайн тал бас бий гэдгийг олж харна, түүнийгээ зориуд дахин давтан хэлнэ. Өнөөдөр нэгэнд нь нааштай хандаж байсан бол маргааш нөгөөд нь илүү сайн хандаж байх жишээтэй амьдралынхаа явцад аль алинд нь нааштай байгаагаа мэдрүүүлнэ. Ингэснээр нэг нь дандаа сайн, нөгөөх нь тааруухан гэж бодохоос сэргийлж болно. 

Хүүхдүүдийн ялгавартай байдлаас  Ах/эгч, дүүсийн насны зөрүүтэй байдлаас тэдний зан ааш, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хөгжил нь өөр өөр төвшинд явагдаж байдаг. Жишээлбэл, дөрвөн настай дүүгийн байнгын яагаад гэсэн асуулт арай өөр тодорхой зүйлийг сонирхох болсон 7 настай ах/эгчид тээртэй санагдана. Нээлттэй, бусадтай тоглох дуртай, дуу шуугиантай ах/эгч нар дуу чимээнд дургүй, ганцаар тоглодог зожигдуу дүүгийнхээ уурыг хүргэнэ.

Зөрчилд хэрхэн хандах вэ?

Хүүхдийн зөрчлийн талаар бид өөрсдөө тодорхой ойлголттой байж, зохих хандлагыг барих хэрэгтэй юм.  Жишээлбэл:

Хүүхэд бүр өөрийн давуу талтай

Хүүхэд бүр өөр өөр ертөнц. Хүүхдийнхээ сул талыг эхлэн харж нэр хоч өгөхгүйгээр сайн талыг нь олж харахыг хичээнэ. Хүүхдээ сайтар ажиглаваас хүүхэд бүр өөр өөрийн давуу талтай байдаг. Хүүхдүүдийн аль алиных нь сайн байсан, сайн зүйл хийснийх нь төлөө баярлаж байгаагаа илэрхийлж байх нь хүүхдүүдийн хоорондын харилцаанд нааштайгаар нөлөөлнө. “Сул” нөхрийн “сайн” талыг хэлэхэд тэрээр зоригжоно.

Өөр өөрсдийнх нь замаар явах боломж олгох

Хүүхэд бүр хайрлуулах, ээж аавынхаа анхааралд байх, хүндэтгүүлэх хүсэл сэтгэлтэйгээр хорвоод мэндэлдэг. Ингээд өсөх тусмаа тэд тэрхүү хайр хүндэтгэлийг ахиухан л авах үүднээс харилцдаг, мэрийдэг. Гэвч ах/эгч, дүү нар харилцан адилгүй хөгжилтэй, мөн сонирхдог зүйл нь бас өөр. Нэг нь илүү зураг зурах дуртай байхад нөгөө нь хөгжим сонирхож байх жишээтэй. Ингээд хүүхэд бүрт өөр өөр дэмжлэг туслалцаа шаардагддаг. Тэгэхээр эцэг эх хүүхдүүдийнхээ давтагдашгүй онцлогийг илрүүлж, тухайн хүүхдэд юу шаардлагатай байна, түүгээр нь тусалж, өөр өөрсдийн замаар явах боломж олгоно.  

Анхаарал бага тавивал муудалцах нь бага байна

Хүүхдүүдээ муудалцахад ээж аав нь оролцоод байвал тэд адилхан нэг зүйлийг бодно. Жишээлбэл, ээж ирж хамгаална эсвэл аав ирж хэн нэгэнд маань тусална гэх. Тэгэхээр хүүхдүүдээ муудалцахад тэр бүр яаран очиж, анхаарал тавиад байлгүй, өөрсдөө асуудлаа хэрхэн шийдэхийг хүлээж харзнах нь тустай. Ингээд чимээгүйхэн хоорондоо зохицон тоглож байвал зөнд нь орхиж, хангалттай цаг хугацаа олгоно.    

Тэд асуудлаа ихэнхдээ өөрсдөө шийддэг

Ээж аав нар хүүхдүүдээ муудалцаж байхад нь  аль болох зай барих бөгөөд ялангуяа аль нэгийг нь хамгаалах байдлаар оролцохгүйг хичээнэ. Хэн буруутай байсан, хэн эхэлсэн, хэн нь хамгийн муу болохгүйг хийсэн, хэнийх нь зөв, хэн уучлал гуйх ёстой гээд тэдний асуудал руу яаравчлан орох хэрэггүй. Хүлээзнэж байвал тэд өөрсдөө зохицон асуудлаа шийдэж магадгүй. Хэрэв асуудлаа шийдэж чадахгүй бол эцэг эх тэдэнд асуудлаа шийдэх арга замаа өөрсдөө олохыг сануулна.

Хүүхэд бүр үүрэг хүлээх

Хүүхэд бүр гэр бүлийн дотор тодорхой үүрэг хүлээх нь зөрчлөөс сэргийлэх нэг арга. Хэн юуг сайн хийж чаддаг, хэн хэнийг харж хамгаалах, хэн юу хийж болох, хэн юу хийж хараахан болохгүй гэх мэтийг харгалзан ярилцаж, хүүхэд бүрийн үүргийг тогтооно. Ингээд хүүхдүүд өөрсдийнхөө хийх ёстой зүйлийг сайн хийж чаддаг болоод ирэхээр зарим үүргийг хооронд нь сольж гүйцэтгүүлж болно. 

Яаж нөлөөлөх вэ?

“Одоо чимээгүй байцгаа, наад хэрүүл маргаанаа зогсоо” гэж зандраад нэг хэсэгтээ чимээн шуугианыг намжааж болох боловч энэ нь асуудлыг шийдэж байгаа зохистой арга биш. Тэгэхээр хүүхдийн зөрчлийг шийдэхэд ухаалагаар нөлөөлөх шаардлагатай ажээ.

Дараах тохиолдолд эцэг эх хүүхдийнхээ зөрчил маргаанд оролцоно.

·         Нэг нь хэтэрхий дорд үзэгдэн дарамтлуулж байвал

·         Аятайхан хэрэлдэхгүй нэгэндээ бие махбодын түрэмгийлэл үзүүлвэл

·         Өөрсдөө асуудлаа шийдвэрлэх аргаа олохгүй байвал

Эцэг эх оролцоно гэдэг нь буруутныг олж шийтгэнэ гэсэн үг биш. Хүүхдүүд аль алинд нь өөрсдийн зүгээс санаагаа хэлэх, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх, асуудлыг шийдэх арга замыг эрж олох боломжийг илүү олгоно гэсэн үг. Ээж аав тодорхой саналууд тавьж болно. Дараа нь хүүхдүүд аль алиныхаа санаанд нийцсэн шийдэлд хүрнэ. Үүнд зохистой орчин нөхцөлд учраа ойлголцох ярилцлага хийх нь тустай.

Учрыг олохгүй хэн нэгнийг буруутгах буюу яаран болчимгүй арга хэмжээ авах нь субашидийн үлгэртэй утга адил болно. Үлгэрт эх өлгийтэй үрээ орхиод усанд явах хооронд хорт могой хүүхдийг нь хатгахыг завддаг. Гэтэл муур нь могойтой ан мана үзэлцэж устгаад эзнийхээ өөдөөс бахархалтай очтол эзэн нь муурын нэл цус болсон амыг хараад айн цочирдож хүүгийн минь муур иджээ гэж андуурч муураа хөнөөдөг. Гэртээ иртэл өлгийтэй хүүхэд нь инээмсэглэн нойрсож, харин хажууд нь хэд хэд тасдуулсан могой хэвтэж байдаг. Гэвч бүх зүйл нэгэнт оройтсон байлаа. Энэ нь үнэн учрыг олохгүй асуудал шийдэхийн хор уршгийг сургамжилсан гайхамшигтай үлгэр юм.  

Ямар ч нөхцөл байдалд хэт түрэмгий байдлыг эцэг эх хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хүүхдэд урьдчилан ойлгуулсан байна.

Нэгэн жишээ:  Хүүхдээ мудалцаж байхад ажиглана. Тэгээд хүүхэд тус бүр ямар ямар эерэг байдлууд гаргаж байсан (нэгнийгээ шууд цохиж аваагүй, нэгнийхээ хэлж байгааг сонссон, авууштай санал гаргасан, тэр дороо уйлаагүй гэх мэт)-ыг тэмдэглэнэ. Ингээд дараа нь муудалцсан ч үнэхээр сайн байсан зүйлсийг нь хүүхдүүддээ хэлнэ. Ингэхэд дараагийн удаа муудалцахдаа тэд ээж аавынхаа сайшааж байсан зүйлсийг санаж түүнээс илүү ухаалаг байхыг эрмэлзэж магадгүй.

 

Н.Хорлоо

 

Ном зүй:

1.    http://www.familienhandbuch.de/cmain/f_fachbeitrag/a_kindheitsforschung/s_1483.html